Зарчим болоод Мөн чанар

ORCID iD iconorcid.org/0000-0002-3815-1782

Удиртгал

Байгалиас /бурхан хэрэв оршдог бол бурханаас/ хүмүүн бидэнд сэтгэн бодох уураг тархи харамгүй заяажээ. Маш товчхон шалтаг хэлбэл:

"Тархи өгөгдөл зооглогч бөгөөд тунгаангаа бодлоор бие засагч юм"

Нөгөө талаас орчин нөхцөлийн онцлог хийгээд, танин мэдэхүйн сонирхолын үүднээс зарим зүйлсийн мөн чанарыг шинжилэх шаардлага багагүй тулгарч, тэрхүүд оноогдсон үр дүнг мутарлан хэвлэж бусадтай санаа оноо хуваалцахыг хүсдэг байна. 

Хүн үргэлж үнэн болоод мөн чанарыг ирэлхийлж, өөрийн амьдралынхаа зарчмыг тогтоон баримтлагч амьтан учир даган мөрдөе. 



Хоёр хариуцлага хэмээх нь

Хариуцлага гэдэг бол үүрэг биелүүлэх чадвар юм. Хүлээсэн үүрэг, хариуцсан ажлаа эс гүйцэлдүүлбэл хариуцлагагүй гэдэг нэр хүртэнэ. 
Та хог хаявал, Хэн нэгэн таныг дуурайж хог хаяна. 
Хүн өөртөө хариуцлагатай байхын адил бусдын өмнө хариуцлагатай байх нь чухал. Хүн хүнээсээ хамаарч оршин байдаг учир бусдыг хүндэтгэж тэдгээрийн өмнө шууд болон дам үүрч байгаа хариуцлагаа сахих хэрэгтэй. Иймд өөртөө мөн бусдад хариуцлагатай байх (хандах) нь чухал зарчим юм. 2016.07

Сэтгэлгээний гоо сайхан

Арван жилийн ангийн урд ханан дээр
Математик сэтгэлгээний гоо сайханыг төлөвшүүлнэ.
                                          харин хойт ханан дээр
Орчин үеийн соёлт хүмүүний хэрэглээ бол Англи хэл, Компьютер мөн.
хэмээсэн байдаг нь өдий хүртэл зарчим болж санагдсаар байна. Хүүхэд бүр, хүн бүр суут сэтгэгчдийн хэлсэн мэргэн үгсийг тунгаан бодож амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээх нь хувь хүний ухамсарт нөлөөлж хүмүүжүүлж байдаг гэдэгт би итгэдэг. 
Мэргэн үг гэдэг бол энэхүү сэтгэлгээний гоо сайханы нэг илрэл юм. Мөн Гавъяат багш талийгаач Янжин багшийн хэлж байсан үг үүнтэй үргэлж нийцдэг юм.
Тодорхойлолт хэлнэ гэдэг бол сэтгэлгээний том чадвар юм.
Тодорхойлолт гэдэг бол аливаа юмсын бүх шинж чанарыг товч бөгөөд тодорхой байдлаар дүрслэн хэлсэн ганц өгүүлбэр юм. Мэргэн үгс бол юмсын, амьдралын тухай тодорхойлолтууд юм. Тодорхойлолтоор ярьдаг хүнийг сэтгэгч, философич гэж нэрлэлтэй.
Математикаар сэтгэлгээ төлөвшөх боломж байгаагүй бол нас төлөвшүүлдэг жамтай. Тиймээс нас дагаж ухаан гэдэг болов уу. 
Математик бол уураг тархи хөгжүүлэх дасгал, түүнд авъяастай авъяасгүй гэсэн ойлголт байж болохгүй. Математик бол задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх боломжийг олгож, юмсын мөн чанарыг системтэй хайж олох, тодорхойлох чадварыг эзэмшүүлдэг. 
Сэтгэлгээ тань гоо сайхантай.
Үүнийг төлөвшүүлэх өөр аргууд олон бий. 

Нэг шууд арга бол бодох юм. Юмсын мөн чанар, амьдарлын утга учрын тухай бага залуу гэлтгүй сайн тунгааж бодож тэдгээрийн зүй тогтлыг олж тодорхойлохыг хичээх хэрэгтэй. Өөрийгөө ч хайх хэрэгтэй. Олсон зарчим бодол юугаа үнэнчээр баримтлах хэрэгтэй. 
Монгол хүний сэтгэлгээ наадгай, зүйр сэцэн үгс, оньсого, уул ус, газар шороо, энэрлээр төлөвшиж ирсэн байна. Үнийгээ ч бид сэргээж хэрэглэх хэрэгтэй. Мал дагасан жаалд юмсыг бодох хугацаа элбэг бий. 

Харин тав дахь онч үгийг монгол инженерүүдэд зориулахад:
Орчин үеийн чадварлаг инженерийн хэрэгсэл бол гадаад хэл, програмчлалын хэл, компьютер /тооцон бодох машин/ гурав юм. 2012.01


Хоёр мэдлэг хэмээх нь

Таниас мэргэжилтэй тань холбоотой ерөнхий асуулт асууя гэж бодъё. Жишээ нь би өөрөөсөө "за би өргөн босгот ус халиагуурын тооцоог яаж хийхийг мэдэх бил үү" гэж асууя. Хариуд нь: "би ерөнхий зарчимыг нь бол мэднэ. Яг томъёог нь сайн санахгүй байна. Ямар ч байсан усны түрэлт, зарцуулгын коэффицент гэх мэтээс хамаарсан Q - ийн томъёо байдаг" гэнэ. Үүнийг л дэд мэдлэг гэж нэрлэмээр байгаа юм. Яагаад гэвэл би ерөнхий зарчимыг нь мэдэхээс гадна аль номон дээр, хаанаас дэлгэрүүлж олж сэргээж лавлахаа мэднэ. Энэ бол А.Эйнштэйний
"Боловсрол гэдэг бол өмнө сурсан зүйлээс мартагдаад үлдсэн хэсгийг нь хэлнэ"
гэсэн сэцэн үгтэй дүйж байгаа юм. Тиймдээ ч Ш.Баранчулуун багшийн хэлсэн
"Боловсролтой хүн гэж болосвролын системийн дагуу тасралтгүй суралцаад төгссөн хүнийг хэлнэ"
гэдэгт үнэмшдэг юм. Уг тодорхойлолтоор бол арван жил, бакалавр, магистр, доктор, докторын дараах гэх мэт боловсролын системийн хаана нь ч төгсгөсөн бай өмнөх холбоосууд дээр жил алгасаагүй л бол боловсролтой хүн гэсэн үг юм. 

Нөгөө мэдлэг нь бидний гарцаагүй, баталгаатай мэдэх мэдлэгийн тухай юм. Энэ мэдлэгт ямар ч лавлах материал, нэмэлт ном, сэтгүүл сөхөх, интернэт хэсэх хэрэггүй. Зүгээр л тухайн мэдлэгийн талаар таны ам ярьж, эсвэл гар бичиж, зурж эхэлнэ. 

Иймээс би баттай мэднэ (мэдлэг), эсвэл би баримттай/лавлахтай мэднэ (дэд мэдлэг) гэсэн хоёр мэдлэг хүнд байдаг юм байна аа.

Дуулсаныг хураавал эрдэм, дуслыг хураавал далай гэж.

Энэ бол тухайн үзэгдэл, мөн чанарын нэрүүдийг мэдээд байвал эрдэмтэй хүн болно гэсэн үг биш юм. Үүнтэй адил та тухайн зүйлийг нэр төдийхнөөр мэддэг, түүнд байх шинж чанар, үйлдэл, үйл ажиллагааны зарчимын тухай огтоос дуулж сонсоогүй бол энэ дэд мэдлэг биш юм. Жишээ нь би компьютерийн диск, дэлгэцийн карт, маусны ажиллах зарчим эсвэл улс төрийн онол, эдийн засаг, олон улсын харилцаа, эсвэл таримал эрлийзжүүлэх, эс гэж юу вэ? гэдэг ч юм уу нэрүүдийг нь мэдэхээс цааш үл мэдэх билээ. Харин эдгээртэй холбоотой дуслуудыг олж сонсоод гол сэдэвтэйгээ холбоод аан ийм юм байдаг юм уу гээд хураагаад байвал дээрх хоёр мэдлэгийн аль нэгэнд үл мэдэх зүйлээ шилжүүлж болох нээ. 2016.03

Хувь хүний амжилт
Өндөр боловсрол эзэмшсэн хэрнээ Монголд ажлын байр байхгүй гэсэн нэрийдлээр гадаадад ажиллаж хөдөлмөрлөж байгаа хүмүүст шүүмжлэлтэй хандах нь энэ хувь хүний амжилт гэдэг зарчим/ухагдахуунаас үүдэлтэй. 
Хүний хамгийн том амжилт бол хийх ажлаа өөрөө бий болгох явдал юм.
За та хийх ажлаа өөрөө бүтээж чадсан уу? Аль нэг хүний компани, албан байгууллагийн хаяа түшиж хэлсэн ажлыг нь дургүйхэн гүйцэтгэж явна уу? Тийм бол таныг том амжилтандаа хүрээгүй л байна гэж хэлье. Үүнийг тайлбарлахын тулд хамгийн анхны хэмээх зүйлсийг авч үзэхгүй бол болохгүй. 
Жишээ нь та бод доо:

  • Хүн хамгийн анх яаж гадаад хэл сурсан бол? (багшгүйгээр)
  • Хүн хамгийн анх яаж дугуй сэтгэн бодсон бол? (суурьгүйгээр)
  • Хүн хамгийн анх яаж компьютерын санааг олсон бол? (огт байхгүй байсан зүйл)
  • Хүн хамгийн анх яаж өмнө байгаагүй юмыг яасан юм бол? гэх мэтээр олон хамгийн анхны зүйлсүүд ихэвчлэн хувь хүнтэй холбоотой. 

За тэгээд ихэнх технологийн нээлтүүдийг хувь хүмүүс л бодож олж тэд өөрсдөө өөртөө хийх ажлаа бий болгож дэлхийд нэрээ дуурсгажээ. 
Чингис хаан хүртэл өөрөө улс гэрээ байгуулж, өөрийгөө ажилтай болгож бид одоо оршин байна. Жижиг ч бай өөрийн тань амьдралыг аваад л явахуйц ажлыг та өөрөө бий болгосон бол тэр таны амжилт. Бусдын компани ч бай, албан байгууллага ч бай та өөрийн санаагаа гаргаж байгууллагадаа хэрэгтэй зүйлийг хийж чадаж байвал тэр бас таны хувийн амжилт бас байгууллагын амжилт.
Бусдаас ажил эрэх, зааварчилгаа хүлээхийн оронд өөрөө сэтгэж сэтгэлээрээ хийх нь л амжилт юм. 
Манай улсад одоо хувь хүний амжилт гаргах хялбар /хөгжил буурай орны дутагдал-ард иргэдийн оюун санааны хоосрол энэ хялбар үеийг бий болгоно/ үе дохиочихоод байна. Хүн бүр зорилготойгоор хичээх хэрэгтэй байна даа. Хийх ажлаа өөрөө бий болгохын төлөө хөдөлмөрлөх, санаа олох нь амьдарлын нэг зарчим. 2014.07


Санаа ба технологи

Дээр үед санаа /манайхан шинэлэг санаа гэнэ/ гэдэг бол огт байгаагүй зүйлийг олох, бий болгох явдал байв. Гэвч өдгөө цэвэр санаа олдог хүн ховордож, нөгөө талаас бүх санаанууд илэрчихсэн учир санаа гэдгийг мартагдсан хуучин зүйлсийн сэлгэмэл хэмээх болжээ.
Нөгөө талаас
Санаанаас санаа төрдөг банк бол технологи юм.
Тиймээс санаа олох суурь зарчим бол янз бүрийн технологийн мэдлэгтэй байх, сонирхогч байх, судлагч байх явдал юм. Санаа эргээд технологийг хөгжүүлдэг. Санаанаас технологийг төрүүлэхэд мөнгө хэмээгчийг зөв ойлгох хэрэгтэй. 
Технологийг мөнгө дагах ёстой болохоос,

Мөнгийг технологи дагах ёсгүй.
Эсвэл технологи гэдгийг ш.у-ны судалгаа, шинжилгээ гэж сольж ойлгоход ялгаагүй. 
Хаана мөнгө их эргэлдэж байгаагаар хөрөнгө оруулалтыг тийш хийж болохгүй гэдгийг л дээрхээс ухаж ойлгох хэрэгтэй. Мэдээж санаа маань нийтийн эрх ашигт эерэгээр нөлөөлөгч байх хэрэгтэй. 2016.8

Мөнгөнд базуулагчид ба мөнгө базагчид

Хүмүүний шунал хэмээх нүдэнд үл үзэгдэгч араншингаас үүдэлтэй хөрөнгө хэмээх ойлголт гарч ирсэн. Энэхүү хөрөнгийг мөнгөнд базуулагчид мөнгөөр утга нэг хэмээн ойлгожээ. Чухамдаа сэтгэлгээ нь мөнгөндөө баригдаж байдаг хүмүүсийг /төр, эсвэл байгууллага ч байж болно./ мөнгөнд базуулагчид бөгөөд мөнгөний мөн чанарыг мартагсад хэмээн ойлгож болно. 
Мөнгө базагчид гэдгийг мөнгийг хүүдий хүүдийгээр нь ологчид гэж ойлгож болохгүй бөгөөд мөнгөөр бүхнийг хэмжидэггүй, мөнгөнд баригдаж шийдвэр гаргадгүй хүмүүсийг хэлж байгаа юм. Монгол хүний тэн хагас нь мөнгөнд базуулагчид болсон нь ухамсар болоод сэтгэхүйн муудалтаас хамааралтай байх. Цалин гологч хийгээд цалин бага тавигчид хүртэл мөнгөндөө базуулжээ. 
Гол санаа маань мөнгө бол бидний арилжаа наймаа хийх хэрэгсэл болохоос шийдвэр гаргах, санаа бүтээх, бусадтай харьцах, их үйлсийг цогцлооход нөлөөлдөг хүчин зүйл биш гэдгийг ухаарах хэрэгтэй.
Мөнгөнөөс өмнө мөн чанар, хүн чанарыг эрхэмлэ.
Хүн гэдэг ухамсарт араатан юм. Ухамсараа алдвал цэвэр араатан. Ухамсарт үйлдлийг л хүн чанар гэж байгаа юм.
"Манай төр мөнгөнд базуулсан байна." 2018.5

Бизнес санаа

Дээр санаа гэдгийг сайтар мартагдсан зүйлсийн эвлүүлэг, байсан зүйлсийн цуглуулга гэж тодорхойлсон. Мөнгө олох санааг бизнес санаа гэе. Ямар нэгэн аргаар л мөнгө олох нь л дээ. Бизнес санаа гэдгийг наймаа хийх гэж ойлгож болохгүй. Мөнгөөр мөнгө олох санааг бизнес санаа гэж ойлгомооргүй байна. Түүхий эдээр матер баялаг (бүтээгдэхүүн) бүтээж түүнийгээ хүсээд байгаа цаасаараа арилжаалахыг бизнес санаа гэе.
Монгол газрын баялагаа бизнес санааны матер баялаг гэж андуурч байна.
Монголын баялаг бүтээгч бол монгол хүн ба мал хоёр юм. Газар нутаг бол эх үүсвэр. Дамын наймааны Монгол орны түүх хэзээ дуусаж үйлдвэрлэгч, бүтээгч Монгол орны түүх эхлэх юм бол дооооо! 2017.04

Шаргуу ажиллах ганцхан шалгаан бол "эх орон".

Залуучуудын ихэнх нь дотроо бас гаднаа байр, машин, мөнгөний төлөө шаргуу ажиллах урам зориг эрч хүч, эсвэл ташуур авч байна. Хэрэв тэд эдгээр зорилгодоо хүрээд байртай, машинтай, мөнгөтэй болчихвол шаргуу ажиллахаа больж унтарч эхлэх юм байна л даа.
Үүний оронд тэд төрүүлж өсгөсөн ижий аавынхаа төлөө гэсэн сэтгэлээс шаргуу ажиллах урам зориг, эрч хүчийг авч байгаасай. Монгол хүмүүний нандин чанар бол эр бие өссөний дараа ижий ааваа асрах ухаан билээ. Үүнийгээ ч өдийд олон хүү умартаж дээ.
Их сургуульд байхдаа ижий аавынхаа төлөө шаргуу хичээллэж, сайн сурах шаардлагатай гэж бодож зоригждог байсан ч сүүлд үүнийгээ дутуу гэдгээ ойлгосон юм. Эх оронд ижий аав бас багтдаг юм. Эх оронд байгаль дэлхий, амьд бүхэн багтдаг юм. Тэдний төлөө л ажиллая! 2015.06

Хүний амьдралын эцсийн зорилго

Хүний амьдралын эцсийн зорилго бол баян болох, нэр хүндтэй болох, хувийн компанитай болох эсвэл тусламжын байгууллага байгуулах гээд маш олон зорилгуудын аль нь ч биш. Эцсийн зорилго гэж байгаа бол тайван нас барах юм болов уу? Үгүй, бас л биш. Энэ эцсийн зорилго амьрдалын төгсгөлд биелэх албагүй. Энэ бол маш энгийн зорилго. 
Үр удмаа үлдээх нь хүний амьдралын эцсийн зорилго юм.

Харин гурваас дээш хүүхэд төрүүлж сайн хүмүүжүүлбэл та иргэний хувьд улсдаа жинхэнэ хувь нэмэрээ оруулжээ. Чухамдаа хүний амьдрал тасралтгүй үргэлжлэх, оюун санаа мөнх байж зөвхөн махан биеийг дамжин оршдог юм шиг. 2009.04

Хүний амьдралын туйлын зорилго

Эцсийн болон туйлын гэдэг үгсийг ялгаатай авч үзэхийг бодлоо. Эцсийн гэдэг бол ямар ч байсан амьсгаа хураахаасаа өмнө гүйцэтгэсэн байх зорилгыг хэлнэ. Үүнийг хүн бүр хийж чадна. Харин туйлын зорилго бол хүн болгон хийж чадахгүй ч мөрөөдөж болох зорилго юм. Энэ туйлын зорилго бол
"Үйл хэргээрээ* мөнх амьдрах"
юм. Модунь Шаньюй, Чингис хаан, Хубилай хаан, Ситтарда, Догшин хутагт Данзанравжаа, Ньютон, Эйнштэйн гэх мэт хүмүүс үйл хэргээрээ, оюун санаагаараа бидний дунд үргэлж амьд байж домог болон яригдана. Тэдгээр хүмүүсийн үйл хэрэг t хугацаанд нийгэмд болоод хүнд үйлчлэх, дурсагдах, ашиглагдах шинж чанартай байна. Энэ таны туйлын зорилго биш гэж үү? Ерөнхийдөө бусдын төлөө, нийтийн төлөөх үйл хэрэг, гавъяа уг t хугацааны туршид эзэнтэйгээ оршдог байна.  2009.04

Амьдрал бол асуудал, асуудал цаанаа сонголттой.

Амьдрал сонголт дээр тогтдог. Сонголт цаанаа өөрийн гэсэн жимтэй. Сонголт тулгарвал сайн бодох хэрэгтэй. Энэ бол асуудал.
За таныг зовоосон хүнд асуудал таньд тулгарчээ гэж бодъё. Энэ хүнд асуудлыг шийдчихвэл тэгээл боллоо гэж бодвол эндүүрэл, үүний дараа өөр нэг асуудал таныг хүлээж л байна. Тэр үед та дахиад л за үүнийг л давчихвал амарлаа гэж бодно. Давлаа, дахиад л асуудал. Асуудал янз бүрийн хэлбэртэй байж болно доо. Асуудалтай л байвал амьдрал болоод л байна гэж бодоорой. 2010.10

Монгол орны хөгжлийн гол түлхүүр 

"Монгол хүн бүхнийг хийж чадах ёстой" гэсэн зарчим Монгол хүн бүрт үйлчилж байх ёстой. Тэгвээс Монгол орон мандан бадарна. 2014.12

Хүмүүний гайхалтай бүтээлээс үлгэрлэх нь

Би бага байхдаа хэн шиг болохыг хүсдэг байсан юм болоо?
Ойлгомжтой кинон дээр гардаг баатар.
Би одоо хэн шиг болмоор байгаа билээ?
Надад тэр гэх хүн алга. Надад тэрийг хийж чаддаг болох юмсан гэсэн "сэдвүүд л" байна. 

Хүмүүст эсвэл хүүхдүүдэд үлгэр жишээ болдог хүмүүс, киноны баатар дүрүүд олон бий. Яг түүн шиг болох юмсан, яг энэ хүн шиг болох юмсан гэж хүүхдүүд, хүмүүс үргэлж л боддог, түүнийхээ төлөө зүтгэдэг. Үүнийг үлгэр жишээ хүн (Role model) гэж нэрлэдэг гэнэ. Том болоод ирэхээр зарим хүмүүс би өөрөө яг хэн юм бэ? би өөрөөрөө байж сурмаар байна гэх мэтээр ухаажиж ирдэг бол ихэнх нь яг л хэвээрээ би тэрэн шиг болмоор байна гэж хүссэн хэвээр байдаг гэнэ. Бид өөрийн баримжаагаа мэдэж авах ганц арга нь бусадтай өөрийгөө харьцуулах явдал юм. Харьцуулаад өөрөө доогуур байвал ухаантай хүн өөрийгөө хөгжүүлэх арга зам хайж, урагшгүй хүн өнөөх нөхөртөө атаархаж явна (энэ буруу). Энэ харьцуулах арга чухал боловч өөр нэг чухал зарчим санал болгох гэсэн юм. Хэрэв та өөрийгөө бусдаас өөр гэж бодож байвал:
Өөрийгөө бусадтай харьцуулж хэрхэвч болохгүй. 

Гэхдээ та бусдын л адил хүн мөн учир:



Хүмүүний ажиллах, сэтгэх чадвартай өөрийн ажиллах, сэтгэх чадвараа л харьцуул.


Хүний ажиллах, сэтгэх чадварын үр дүнд биднийг хүрээлэн буй орчин, хэрэглэж буй технологиуд бүтсэн байна. Улс орны соёл, ёс заншил бий болж. Та уншиж буй дэлгэцээ бүтээж чадах уу? Та ашиглаж буй интернэтээ яаж ажилладагыг нь мэдэх үү? Та хиймэл оюун ухаан бүтээж чадах болов уу? Та 2-ын язгуур хэд вэ гэдгийг олж чадах уу? Эдгээрийг нэр нь үл мэдэгдэх хүн бүтээжээ. Хөгжлийг нэрсүүдийг нь тогтоож үл барах, өөрийгөө тэдэнтэй харьцуулж үл дуусах олон хүн бүтээж байна. Та хөгжиж дэвшиж оюун ухаант хүн болмоор байвал хүнд тустай ямар бүтээлийг (бодит ба оюуны) хийж чадах вэ? Таны ажиллаж буй салбарт тэргүүлэх нээлт, бүтээл юу байна. Түүнийг та хийж чадах уу? гэдэг л таныг хэн бэ гэдгийг хэлж өгнө. Бусад хүмүүс гайхан бишрэх тэр бүтээлийг (зан чанарыг) хийж чаддаг хүн болохын төлөө хичээж хөгжих хэрэгтэй. Тиймээс:


Хүнээс бүү үлгэрлэ, хүмүүний гайхалтай бүтээлээс үлгэрлэ.


Уулаасаа төгс үлгэр жишээ хүн байхгүй учир төгс болно гэж байхгүй. Харин төгс гэдэг хэмжүүрийг доош нь чирж авчраад төгс болж болох юм.  Өөрийгөө ерөөсөө л харьцуулмаар санагдаад байвал:


Сэдэвтэй өөрийнхөө мэдлэгийг харьцуул

Ингэснээр та үлгэр жишээ хүн (Role model) болох боломжтой. 2017.10

Нэршилд учир бий.

Гадаад хэл дээр анхлан ш.ухааны үзэгдэл, юмсын тухай сурж байгаа бол нэр томъёоллыг нь ухаж сайн ойлгоод хүний нэрнээс бусдад аль болох Монгол нэрийг нь олж өгөх хэрэгтэй. Монгол нэр аль хэдийнэ олгогдсон бол түүнийг олж ашиглах хэрэгтэй.
Гадаад нэршлийг нь ашиглаж ярьдаг хүмүүс, чухам үнэндээ уг үзэгдэл, юмсын мөн чанарыг сайн ойлгоогүй байгаа гэсэн үг.
Алберьт Эйнштэйний хэлсэн:
Хэрвээ та үүнийг энгийнээр тайлбарлаж чадахгүй  л бол та яг сайн ойлгоогүй байна гэсэн үг.
гэдэгтэй утга нэг юм.
Яагаад гэвэл юмс, үзэгдлийн нэршилд нарийн утга, ялгаатай шинж чанар нь агуулагдсан байдаг. - 2015.06

Алдар нэр, нэр хүнд үүрд байх зарчим.

Дуудах нэрийг эцэг эх, Дуурсах нэрийг ард түмэн өгдөг. Таныг дуурсах нэрийг таны хандлага, хүн чанар, үйл хэрэг надад бий болгоно. Таныг дуурсах нэр, алдар, нэр хүнд үргэлж өөдөө байх зарчмыг би баримтлана. Та анх надтай багшийн үүднээс хандсан бол миний сэтгэлд багш болон үлдэж хожим уруудсан ч багш хэвээр л байх болно. Харин таны алдар нэр өсвөл миний таныг гэх хүндлэл мөн дагах болно. Гэхдээ алдар нэр, нэр хүнд буруу үйлдлийг цагаатгахгүй. 2018.12


Асуулт ба хөгжил

Эрдэм шинжилгээ, шинжлэх ухааны уулзалтанд хүмүүс хоёр төрлийн асуулт асууна. Үүнд:
Шалгах асуулт, Сурах асуулт гэж байна. Шалгах асуултыг асууж буй хүн өөрөө хариултыг мэдэх ба асуугдаж буй хүний мэдлэгийг сорих зорилготой асуулт учир шинжлэх ухааны чиглэлтэй уулзалтанд тохирохгүй бөгөөд үүнийг тэнэг асуулт гэж үзэж болно. Асуултанд хариулт өгөхгүй бол сайн. Тэнэг асуултанд сайн үр дүн гэж үгүй. 
Харин сурах асуулт нь асуугч эргэлзээтэй, эсвэл бүрэн ойлголт аваагүй, мэдэхгүй тохиолдолд асууж буй асуулт ба энэ асуултын үр дүнд хүн шинэ юм сурч, мэддэг ач холбогдол өндөртэй асуулт юм. Энэ асуултанд утгагүй асуулт гэж үгүй. Асуулт бүр хөгжил дэвшилд хүргэнэ. Тиймээс шинжлэх ухааны уулзалт хуралд оролцож асуулт асуухдаа мэдэхгүй, эргэлздэг зүйлээ л асуу. 2017.10

Өөрийгөө зүгшрүүлэх
Хүн өөрийн амьдралдаа баримталж байх зарчмуудтай байх ёстой. Харин таны зарчим зөв эсэх, хэр олон хүний зарчимтай нийцэж байгааг бусдыг /ахмад үе/ сонсож байж мэдэх бөгөөд амьдралын зарчмуудаа зүгшрүүлж, бурууг зөв болгож явахыг хичээгээрэй. Алдаа онооноосоо суралцах нь Өөрийгөө зүгшрүүлэх зарчмын энгийн ил хэлбэр болно. 2017.11

Цаг хугацаа
Цаг хугацаа өөрийн урсгалаар өнгөрөн одоход би баярладаг. "Юм бүхэнд өөрийн цаг буй" гэсэн зарчим зарим үед айдсыг, баярыг, хүлээлтийг даван туулахад туслана. - 2019.05.05

Шийдэлдээ үнэнч байх
Хүн энгийн амьдралын болон ажилдаа холбоотой олон шийдлүүдийг гаргадаг. Гэтэл шийдлээ тохиол болгонд өөрчлөх хүмүүс маш их. Яагаад? Үүнд хүний тогтворгүй зан байдлаас үл хамаарах ганцхан шалтгаан бий. Гаргасан шийдэл (инженер хүний хувьд техникийн шийдэл) нь ямар ч бодлогогүй, үндэслэлгүй, эрсдэлийг авч үзээгүй, төлөвлөлтгүй байгаагын шинж. Магадгүй санаанаасаа урвамтгай, тогтворгүй хүн юмсыг огт боддоггүй байж болох юм. Иймд
"Олон санаат оргож эс чадна"
гэж аав минь сургадаг. Энэ зарчмыг ямар ч шийдэл ашиглаж болно. Энд олон санаа гарга, тэдгээрийгээ шинжил, тэгээд нэгийг нь барь гэсэн санаа давхар явж байна. Таны гаргасан, бодсон хамгийн зөв шийдэл ямар ч хүнд эрсдэлтэй тулгарсан бай тэр шийдлээрээ л явах хэрэгтэй. Энэ чинь өөртөө үнэн ч байх нэг жишээ шүү. Мөн та гаргасан шийдлээсээ няцлаа гэхэд бусдад яаж нөлөөлөхийг сайн бодоорой. Хоёр дахь хариуцлага хаана байна? 2020.08

Инженерийн ухаарал
Инженер хүнд гэгээрдэг болов уу? гэсэн бодол гэнэт орж ирэв. Инженер гэж хэн бэ? яах гэж бэлтгэгдсэн бэ? гэж өөрөөсөө асуугаарай. Харин би
Инженер хүн ёс зүйтэйгээр асуудлыг шийдвэрлэх гэж бэлтгэгддэг юм
гэсэн хариултыг оллоо. Инженер хүний ямар мэргэжилтэй, ямар салбарых байх нь үл хамаарч үндсэн ШУ мэдлэгээ ашиглан, түүнийг баяжуулж дэлхий дээр эсвэл гагцхүү хүний нийгэмд тулгарч байгаа аливаа асуудлыг шийдвэрлэхийн тулд бэлтгэгдэг ажээ. Тухайлбал 1980 оноос өмнө авто үйлдвэрлэлийн бараг 90 хувийг цэвэр механик инженерүүд гүйцэтгэдэг байсан бол одоо 20 хүрэхгүй хувийг гүйцэтгэж байна. Цахилгаан-механик, электроник, мехатроник, трибологи, мэдээллийн технологи, шинэ технологийн мэдлэг (AI, IoT) гэх мэт чиглэл шаардлагатай болж цэвэр механик инженер олон талын мэдлэгтэй эсвэл багаар ажиллах чадвартай болох шаардлага гарчээ. Дэлхий, технологи өөрчлөгдөж байна. Инженерийн ажил байдлын тодорхойлолт мөн өөрчлөгдөх ёстой. Европ, Америкт усны инженер цэвэр бүтээгч барилгын инженер байсан бол одоо илүү байгалийн шинжлэх ухаан ч талруугаа орж байна. Энэ бол бас л өөрчлөлт. Тэд үгүй бид юу хийж байсан түүнийгээ хийх байсан гээд гэдийгээд суудаг нөхдүүд биш ажээ. 2019.06

Зөвхөн өөрийн дүрмээр ....
Хэрэв та уг ажлыг өөрөө гүйцэтгэж, хариуцлагыг өөрөө үүрэх бол өөрийн дүрмээр ажлаа гүйцэтгэх хэрэгтэй. Та зөвөлгөө, санал бусдаас авч болох ч эцсийн шийдлийг өөрөө үндэслэл сайтаагаар гаргах хэрэгтэй. Хүний амаар шийдэж хийсэн зүйлийг та хамгаалах хэцүү. 2020.09

Эцгийн гавъяа хүүд хамаагүй ч
Эцгийн ач хүүд хамаатай.
Эцэг эх нь ямар ч мундаг хүн байлаа гээд үр хүүхэд заавал тийм байх албагүй. Мундаг хүний хүүхэд мундаг байна гэсэн магадлал байхгүй ч байж болно. Харин Эцэг эхийн ямар нэгэн ачийг тэдний үр хүүхдэд хүргэх шиг буянтай зүйл гэж үгүй. 2019.06


Өөрийгөө эхэлж сорь
Танд нэг сэдэв өгөөд түүний талаар судал гэж даалгавар оногдох, эсвэл та өөрөө энэ зүйлийн тухай мэдэж сурмаар байна гэж зорьж байгаа бол тэр зүйлийнхээ (сэдэвийн) тухай өөрийн өмнөх амьдралын туршлага, өөрийн төсөөллийг ашиглан таньж мэдэхийг хичээх нь өөрийгөө эхэлж сорих арга барил юм. Жишээ нь хэн нэгэнд Smoothed Particle hydrodynamic гэдэг зүйлийг мэдэх шаардлага гарчээ. Энэ сэдэвийн тухай номнууд, ЭШ өгүүллүүд олон байх нь ойлгомжтой. Гэвч тэрээр ном сурах бичиг сөхөлгүйгээр нэрнээс нь (гогцоо үг) эхлэн өөрийн явуулж чадах хязгаар хүртэл нь эрэгцүүлэн бодож өөрийнхөө боломжийг шавхан томъёолохыг хичээнэ. Эцэст нь тухайн сэдвийн талаар өөрийн ойлголт, үзэлтэй болонгуутаа албан ёсны эх сурвалж, сурах бичгийг уншиж судлана. Уншиж судлах явцдаа аан би ингэж бодож байсан нь буруу байж, энэ тал дээр би оносон байна гэх мэтээр илүү таньж мэдэх боломжтой юм. Нөгөө талаар өөрийн боломжинд тулгуурлан өөрийгөө сорих нь өмнөх мэдлэгээ үргэлж сэргээж байх боломжийг олгодог. Огтоос шинэ зүйл байдаггүй учир нэгэнт таны хүсэж байгаа сэдэв таны чиглэлийнх мөн л бол ямар нэгэн тайлал танд байх л ёстой. (2014 оны ФБ постыг засварлан оруулав.) 2014.08

Жинхэнэ хүч бол бусдыг (амьд бодгаль) энэрэх юм.
Мөнгө, эрдэм мэдлэг, чадал тэнхээ, технологийг хүч гэж томьёолбол эдгээр нь бусдын нөхцөл байдлыг ойлгон энэрэхэд зарцуулагдах ёстой. Хүч бол хүн төрөлхтөнд ингэж л зориулагдсан. Хүчээ хэрхэн ашиглах нь тухайн хүний мөн чанарыг илтгэнэ. Хүчээ өөрийн эрх ашигт нийцүүлэн ашиглах нь ёс зүйгүй үйлдэл болно. 

үргэлжлэл бий..........

4 comments:

  1. Replies
    1. Баярлалаа хо. Хамгын ойр Азума багшийн хэлсэн, тэгээд ер нь хүмүүсийн хэлсэн үгнүүдтэй тойруу утгаараа нийцээд байдаг учир хүний амьдралд мөрдөж болох зарчимуудтай хүн юм байна гэж өөрийгөө урамшуулаад байгаа ш дээ.

      Delete
  2. This comment has been removed by a blog administrator.

    ReplyDelete
  3. Good Day Our Esteem Donor
    This is to notify every interested kidney donor Male and Female,
    that Venkata specialist hospital India has started buying kidneys
    again @ $800,000USD as a result of the high demand of kidney for some
    of their patients in the hospital located at No: 29B Saint Stev
    Medical Road, Bangalore INDIA, Please interested donor that is above
    21yrs should contact Doctor Lucien via his email:
    DR.LUCIENPYE.CLINIC@GMAIL.COM or you can call +447031967810 or
    917050494622, Please we urge you that this is not a child play, is
    about saving life and your reward is the money the patient has already
    deposited, so please we need healthy and serious donor Thank you
    We await your prompt response!
    Regards Dr. Lucien

    ReplyDelete