Газрын доорхи усыг ЛБА-аар загварчилах үндэс
Газрын доорхи усны урсгалыг энгийнээр /бүхнийг энгийнээр бодитоор гэдэг бол зөв бодох үндэс/ авч үзвэл өмнөө маш олон хөрсний үрлэн саадтай шингэний урсгал гэсэн үг. Урсгалын хурд маш бага байх ба гол хөдөлгөгч хүч нь хүндийн хүч, капиляр хүч байна. Газрын доорхи усны хөдөлгөөн бүх л шингэний урсгалыг илэрхийлэгч Навьер-Стокесийн тэгшитгэлд захирагдах ба үүнд эсэргүүцлийн илэрхийллийг оруулахад л хангалттай. Дарсийн хууль бол энэ эсэргүүцлийн нэг ойролцоолол юм. Сүвэрхэг орчны урсгал нь усны барилгад ихээхэн тохиолдоно. Шороон боомтын /аливаа шороон байгууламж/ дотуурх болон бууриар шүүрэх шүүрэлтийн урсгал бол энэ төрлийн барилгын тооцооны болоод аюулгүй ажиллагааны чухал хэсэг юм. Бетон байгууламжийн дотуур ч хүртэл шүүрэлт явагдаж байдаг. Бетоны ан цавд ус орж хөлдөн түүнийг эдвэх нь судлах, сэргийлэх ёстой асуудлуудын нэг юм. Уснаас мөс үүсэх процессийг бодчихвол монголд тулгамдаж байгаа нилээд хэдэн асуудлыг шийдчих боломж бүрдэнэ. Тухайлбал асфальтан замын хагарал, хөөлт, хотойлт гэх мэт.
За тооцон бодох ухаан бол хөгжөөгүй орны мэддэггүй цоохор, хөгжиж буй орны мэргэн цоохор боловч улсаа хөгжихыг нь хараад сууна гэж юу байхав. Чаддагаасаа чаддаггүй хүртэл монгол хэл дээр мэдлэг үйлдвэрлээд л байх нь мөхөс миний зарчим.
Доорхи илтгэлийн pdf хувилбарыг эндээс авна уу.
Тэкстэн дунд байгаа одууд бол томъёоны аль нэг гишүүдийн тайлбар гэдгийг анхааруулъя. Завгүй болхоор оруулж амжихгүй юм.
СҮВЭРХЭГ ОРЧИН ДОТУУРХ ШИНГЭНИЙ
УРСГАЛЫГТООЦОН БОДОХ
Бадарчийн Аюурзана,
Эрдэнэбаярын Тунгалагтамир
Япон улсын Нагаока Технологийн их сургууль
ХУРААНГУЙ
Шинжлэх ухааны ихэнхи салбар тэр дундаа инженерчлэлийн
салбарын судалгааны чухал чиглэл бол тооцон бодох ухаан юм. Ус, шингэнтэй
холбогдсон инженерчлэлийн салбарт уг ухаан нь тооцон бодох шингэний динамик
хэмээн нэрлэгдэж салбарын чухал асуудлуудыг шийдэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж
байна. Энэхүү илтгэлд харьцангуй шинэвтэр шингэний хөдөлгөөнийг тооцон бодох
арга болох Латтис Больцманы аргыг (цаашид ЛБА гэх) сүвэрхэг орчин дундуурх
шингэний урсгалд хэрхэн ашиглаж байгаа тухай дурьдах юм. ЛБА нь бусад уламжлалт тооцон бодох аргуудтай
(төгсгөлөг аргууд) харьцуулбал сүвэрхэг орчныг загварчлахад маш тохиромжтойн
дээр, хэд хэдэн ялгаатай замаар тооцон бодох боломжийг бүрдүүлж өгч байгаа нь
хэмжээсийн янз бүрийн түвшинд газрын доорхи усны хөдөлгөөн, түүнд ууссан
бодисын тархалт/дисперси зэргийг загварчлах боломжтойг харуулж байна. Энэ
илтгэлийн үр дүнд гарсан тооцооны тохирол болон өмнөх ижил төстэй судалгааны
материалуудаас үзэхэд ЛБА нь сүвэрхэг орчин дотуурх урсгалын динамик шинж
чанарыг загварчлах өндөр бүтээмжтэй, нарийвчлалтай арга гэдгийг баталж байна.
Түлхүүр
үг: Тооцон бодох шингэний динамик, Латтис Больцманы
арга, сүвэрхэг орчин дотуурх шингэний хөдөлгөөн.