Friday, September 15, 2017

Докторын зэрэг хамгаалсан туршлагаасаа /how to complete your Ph.D. in 3 years/

Докторын хөтөлбөрт суралцах зөвлөгөө

Яаж доктор болох вэ?
Докторын судалгааны ажлын сэдвээ яаж сонгох вэ?
Докторын зэргийг хэрхэн амжилттай хамгаалах вэ?
Докторын хөтөлбөрт хэрхэн амжилттай суралцах вэ?
Докторын судалгааны ажлаа яаж хийх вэ?
Яаж эрдэм шинжилгээний өгүүллээ бичиж хэвлүүлэх вэ?
Яаж докторын эрдмийн ажлаа бичих вэ?
гэх мэт асуултын хариултыг эрж буй эрхэм Монгол оюутан таньд өөрийн 3 жилийн туршлагаасаа хуваалцъя гэж бодлоо. Энэ нийтлэлд дээрх асуултуудын хариултыг өөрийн туршлага, ажиллах зарчим дээрээ үндэслэж өгөх учир хүн болгонд тохирохгүй байж магад. 3 жилийн хугацаатай докторын хөтөлбөрт илүү анхаарлаа хандуулсан болно. 4 жилийн эсвэл хичээл заах үүрэгтэй докторын хөтөлбөрийн тухай сайн мэдэхгүй учир тэр тал дээр өгөх зөвлөгөө алга байна. Гэхдээ та доктор оюутан л бол доорхи зөвлөгөө заавал хэрэг болно гэдэгт итгэлтэй байна. 
Инженерийн ухааны докторын зэргээ гардан авах торгон мөч. Энэ мөч та бүхэнд мөн төлөвлөсөн цагтаа ирэх болтугай.

Судалгааны ажлын сэдэв сонгох

Судалгааны ажлын сэдэв сонгох гэдэг бол маш адармаатай асуудал. Зарим оюутнууд докторт элсэх материал бүрдүүлж байхдаа сонгосон сэдвээрээ үргэлжлүүлэх нь бий, зарим нь цоо шинэ сэдэвийг эхний жилдээ олж түүгээрээ судалгаа хийх нь ч бий. Ямартай ч судалгааны ажлын сэдэв тань урьд өмнө хийгдэж байгаагүй шинэлэг бөгөөд хэрэглээтэй байх шаардлагатай. Амьдралын хэрэглээнээс илүүтэйгээр шинжлэх ухааны мэдлэгт хөрөнгө оруулсан сэдвүүд байвал илүү сонирхолтой байдаг. Сэдэв сонгохын тулд өөрийн мэргэжлийн чиглэлийн сэтгүүлүүдэд гарч байгаа өгүүллэгүүдийн сэдвийг ерөнхийд нь харж ажиглаж чиг хандлагыг нь тогтоох хэрэгтэй. Тухайн салбарын судалгааны чиг хандлага ямархуу судалгаа хийвэл эрэлт хэрэгцээтэй, шинэлэг, ач холбогдолтой байх вэ гэдгийг илтгэнэ. Мөн хэвлэгдэн гарсан өгүүллэгүүдийн дунд шинжилгээ хийж үзвэл хаана ямар мэдлэгийн цоорхой байгааг илрүүлж болох ба тэр цоорхойг бөглөх судалгааг хийвэл ихээхэн жинтэй ажил болно. Том сэдэв сонговол 3-н жилдээ амжихгүй, жижиг сэдэв сонговол доктороо хамгаалж чадахгүй байж магад. Эсвэл амьдралд тулгарч буй, нийгмийн ихэнхийг хамарч буй чухал асуудлыг сонгон авч судалгаа хийж болно. Ер нь таны сонгох судалгааны ажлын сэдэв дараах шинж чанартай байвал сайн. Үүнд:
  • Шинэлэг, ач холбогдолтой
  • Ирээдүйд тустай
  • Цагаа олсон буюу цаг хугацаагаа мэдэрсэн
  • Докторт суралцах жилдээ багтаагаад судлаад дуусгачихаар
  • Өөрийн сэтгэлд багтсан, гэхдээ яаж гэдгээ мэдэхгүй тийм сэдэв
  • Хэт их нарийвчлаагүй, бас хэт их дэлгэрэнгүй биш
  • Аль болох нэг чиглэлд чиглэсэн, тодорхой
  • Судлагдахаар сэдэв - судалж болохоор сэдэв
  • Өөрөө маш сонирхох тийм сэдэв - гурваас дээш жил нухаж магадгүй шүү дээ
  • Танай мэргэжилтэй холбоотой боловч хэн бүхний мэддэггүй тийм сэдэв
  • Орчин үеийн технологийн дэвшилтэй холбоотой сэдэв
  • Салбар хоорондын зааг дээрх шинэ сэдэв
  • Шинэ арга аргачлалыг боловсронгуй болгох, шинэ хэрэглээ үүсгэх чиглэлийн сэдэв гэх мэт.
Хэдий докторт элсэхдээ сэдвээ сонгосон байсан ч гэсэн эхний жилдээ олон ном, сэтгүүл уншиж байхад өөр нэгэн сонирхол татсан, илүү чухал мэт санагдсан сэдэв гарч ирж магадгүй. Ер нь докторын эхний семестрийг судалгааны ажлын сэдвээ сонгох, сонгосон сэдвээ баталгаажуулах, энийг л хийе, яаж хийх вэ, ямар үр дүнгүүдийг гаргаж ирэх бол гэх мэт зорилт, зорилгуудын тухай бодож тунгаах хугацаа гэж үзэж болно. Эхний семестртээ сэдвээ сонгоод шийдчихвэл 2 дахь семестрээс судалгааны ажилруугаа ороод эхлэх хэрэгтэй. Яаж эхлэх вэ, юунаас эхлэв вэ гэж бодсоор байгаад цаг хугацаа урсан өнгөрөх тал бий. Шууд л эхлэх нь чухал, эхлэхгүй шээрэгнээд байвал дараа нь харамсана шүү.
Судалгааны ажлаа эхлэнэ гэдэг нь бэлтгэл ажил эхэллээ гэж ойлгох хэрэгтэй. Эхэлчихвэл юу юу хэрэгтэй, ямар төлөвлөгөө боловсруулах гэх мэт тодорхой болно.
Сэдвийн тухай, гарах боломжит үр дүнгийн тухай, сэдвээ сайхан дэлгэрүүлж хэсгүүдэд хувааж системчлээд ирэхэд хаанаас эхлэх, ямар аргаар судлах нь тодорхой болж болно. Сэдэв сонгохоос эхлээд ямар зорилго зорилт тавьж ажиллах, судалгааны ажлын үе шат төлөвлөгөө зэргийг бүгдийг нь удирдагч багшийн оролцоотойгоор хийгээрэй. Удирдагч багшийнхаа мэдэхгүй сэдвийг сонговол таны хувьд маш хүнд байх болно. Сэдвээ сонгочихоод төлөвлөгөөгөө гаргачихвал тэгээд судалгаандаа орно доо. Судалгааны аргачлалын тухай доор дурьдана. 


Ердийн ажиллах арга барил

Докторт сурахад цаг бол 110 сорьцитой алт л гэсэн үг. Аль болох толгойгоо үргэлж шинэлэг мэдлэг сэдвээр булж олон төрлийн юм үзэж сонирхож байх хэрэгтэй. Хичээлтэй үед буюу эхний хоёр семестрт 7 хоногын төлөвлөгөөгөө боловсруулж ажиллавал сайн. Хичээлгүй өдрүүддээ судалгаандаа анхаарахаар цагуудаа хуваарилах нь зөв. Хичээлтэй, уулзалттай үед анхаарал маш бага төвлөрдөг учир өгүүллэг, ном унших, янз бүрийн видео хичээл үзэх гэх мэт хурган ажлуудыг гүйцэтгэхэд их тохиромжтой. Цагийг огт дэмий өнгөрүүлж болохгүй. Мэргэжил, сэдвээс хамаарч сонгож авсан судалгааны ажлын суурь болохуйц ерөнхий мэдлэгийн, эсвэл судалгааны аргын хичээл, заавар энэ тэрийг чөлөөт цагаараа үзэж тэмдэглэл энэ тэр хөтлөх хэрэгтэй. Youtube-ээр хичээл, мэргэжилтэй холбоотой техникийн дэвшил, янз бүрийн хурлын бичлэгүүдийг, ted, доктор оюутнуудад зориулсан сайтуудыг үзэж мэдээллийг, ялангуяа эрч хүч, урам зоригыг авч байх нь чухал. Үнэгүй хичээл үзэж, сонирхолынхоо дагуу бичлэг үзэх, зурагт ном үзэх гэх мэт зарим сайтуудыг жагсаавал:
  • Эдэкс (edX) - Онлайн үнэгүй хичээлүүдийн сан
  • Курсера (Coursera) - Онлайн үнэгүй хичээлүүдийн сан
  • Хан академи (Khan Academy) - Мөн л үнэгүй хичээлүүд гэхдээ ерөнхий мэдлэгийнх
  • Чиний суваг (youtube) - Янз бүрийн бичлэгүүд - Жишээ нь судлаачид судалгааны ажлын үр дүнгүүдээ энд ачаалж хүмүүст түгээдэг. 
  • Тээд (TED or TEDX) - Урам зориг авах, шинэ мэдлэг, танин мэдэхүйн
  • Дээш илүү өндөрт хурцлахуй (PHD comics) - Доктор оюутнуудад зориулсан зурагт ном
  • Оюутнуудад зориулсан ШУ-мэдээ
  • Интернэтээр дүүрэн байгаа заавар, зөвлөгөөнүүд г.м
Өглөөгүүр бодож тунгаах ажлуудаа, өдрийн цагаар уулзаж зөвлөлдөх, оройн цагаар бичиж зурах, судлах ажлуудаа хийвэл зүгээр. Бүр орой, оройн хоолны дараа тэр сошиал/нийгмийн ертөнцрүүгээ орж жиргэж лайкдаж байвал аятайхан. Нийгмийн ертөнцрүү өдрийн цагаар аль болох орохгүй байх хэрэгтэй. Гэхдээ нийгмийн ертөнцүү огт орохгүй байх нь зарим нэг чухал мэдээлэл, мэдлэгээс хоцрох тохиолдол бий. Орчин үеийн хамгийн ашигтай хэрэгтэй шинэлэг санаануудыг зарим нэг Interesting engineering, Tech Insider гэх мэт нүүр номын хуудаснаас, эсвэл өөрийн тань чиглэлд нээгдсэн хуудас, бүлэг дотроос аятайхан мэдээллүүдийг авч болно. Ер нь шинжлэх ухааны мэдээллүүдийг цацдаг мэдээний сайтуудыг бол имэйл-ээ шалгадаг шиг л өдөр бүр шалгаж уншиж байх хэрэгтэй. 
Хүн бүрт өөрийн гэсэн үр ашигтай ажилладаг цаг байдаг. Тухайлбал миний хувьд орой 8-аас шөнийн 1 хүртэл яг анхаарал төвлөрдөг цаг. Оюутан байхаас шөнө чимээ намжсаны дараа сууж хичээл хийдэг байсан болохоор тэр чигтээ тархинд суучихсан биологийн цаг юм шиг байгаан. Энэ чухал цаг үедээ л хамгийн чухал болох судалгааны ажлаа хийх хэрэгтэй. Туршилт энэ тэр хийдэг бол өдрийн цагаар ажиллахад болно. Мэдээндээ шинжилгээгээ хийхдээ өглөө эсвэл оюуны оргил ажиллагаа эхэлдэг цагтаа хийх хэрэгтэй. Сэдэв, судалгааны ажлынхаа талаар их юм олж унших хэрэгтэй. Уншсан зүйлсээ хэрэгцээтэйг нь тэмдэглэж аваад хаанаас олж уншсанаа бас бичиж байх хэрэгтэй. Судалгааны ажил хийхэд ноорог маш чухал. аль болох цаасан дээр бус дэвтэр нээгээд түүн дээрээ цэгтэй он цагтай, гарчигтайгаар ноороглож байх хэрэгтэй. Энэ ноорог сүүлд өгүүллэг бичих, эрдмийн ажлаа бичихэд их тус болно.
Миний ноорог дэвтрүүд. Би 2014 оны 9 сард элссэн бөгөөд 2015 оны 6 сар хүртэл бараг судалгаа хийгээгүй. 6 сарыг шинэ тооцооны арга (Гөлгөржүүлсэн эгэл хэсгийн гидродинамикийн арга) судлахад зарцуулж дууссан байгаа юм. Харамсалтай нь энэ аргаараа судалгаа хийгээгүй, ганц вики хуудас л бичсэн юм. 
Ноорог цаас. Ноорог цааснаасаа чухал мэдээллүүд, гаргалгаа, схем энэ тэрээ ноорог дэвтэртээ хуулж байх хэрэгтэй. Юмыг зурж, дүрсэлж, бодож* бодох нь цэгцтэй ойлголтыг олж авахад их тустай учир аль болох зурах, нүдэнд бодит харагдахаар болгож ажиллахыг хичээгээрэй. 
Ноорог дээр миний нэг гаргасан алдаа бол эхлээд цаасан дээр ноороглоод дараа нь цэвэрлэж дээрх дэвтрүүдэд хуулсан явдал юм. Энэ цаг их авдаг ба шууд л ноорог дэвтэртээ л ноороглосон нь дээр юм байна гэдгийг сүүлд ухаарсан. Зарим ноорог цаасаа хэрэггүй байх гээд хаячихаар дараа нь хэрэг болох жишээний.
Ердийн ажиллах зарчим бол цаг хугацаагаа дэмий үрэхгүйгээр ажлын цагтаа тааруулж төлөвлөгөөний дагуу ажиллах явбал юм. Төлөвлөгөөгөө цаг хугацаагаар гаргаад тухайн цаг хугацаануудад амжуулж дуусгаад байх хэрэгтэй. Өөрөө өөртөө дуусах хугацаа (deadline) тогтоож түүнийгээ хатуу баримтлах хэрэгтэй. 
Харин шаргуу ажиллах шаардлага өгүүллийн илгээх хугацаа тулсан, янз бүрийн шалгалт шүүлэгтэй үед тохиолддог. Энэ үед бол ажлын цагаа уртасгасан нь л дээр гэж зөвлөх байна. Хамгийн гол нь эрүүл мэндээ бодож нээх их санаагаа зовоолгүйгээр тайван ажиллах хэрэгтэй. Хийж байгаа ажлаа аль болох тухайн хийж байгаа цаг хугацаандаа шаардлагад нийцэхүйц хэмжээнд гүйцэтгэж дуусгах хэрэгтэй. За дараа нь сайжруулаад засаад болгочихно гэвэл заримдаа худлаа болдог. Тухайн үедээл сайн хийж үр дүнг нь гаргаад энэ ажил дууссан гэж төлөвлөгөөндөө тэмдэглэх хэрэгтэй. 
Сар бүрд төлөвлөгөөндөө үнэлгээ өгч ирэх сарын төлөвлөгөөгөө хаана яаж шахаж ажиллах вэ гэдгээ боловсруулна. Ер нь доктор оюутны төлөвлөгөө жил, жилээр тодорхой томсгосон байдлаар байх хэрэгтэй. Доктор оюутны төлөвлөгөө бол олон хүчин зүйлээс тухайлбал оролцох хурал цуглаан, илтгэл өгүүллэгийн дуусах хугацаа, амжаагүй ажил, хойшлуулсан ажил гэх мэтээс хамаарч байдаг. 7 хоногын төлөвлөгөөгөө тухайн цаг үе, өөрийн ажлын үр ашигаас хамаарч зохицуулан зохиох хэрэгтэй. 

Багштайгаа ажиллах арга барил

Удирдагч багш бол таны судалгааны чухал хамтрагч учир байнга зөвлөлдөх хэрэгтэй. Багштайгаа имэйлээр болон биеэр сайн харилцах хэрэгтэй. Сар бүрийн явцын, ахиц дэвшлийн тухай асуугаагүй байсан ч илтгэж захиа бичиж байх хэрэгтэй. Багшынхаа төрсөн өдрийг тэмдэглэж өг, бэлэг өг, өдрийн хоол энэ тэрд цуг орж байх хэрэгтэй. Багшийнхаа тухай сайн судлах хэрэгтэй. Өмнө ямар судалгааны ажил хийж ямар өгүүллэгүүд хэвлүүлсэн гэх мэт эрдмийн талаас нь сайн судлаарай. Мөн одоо ямар нөхцөл байдалд хэдэн оюутантай, ямар төсөл дээр ажиллаж байгаа гэх мэт. Таны сонгосон сэдэв багшийн судалгааны ажлын сэдэвтэй маш ойролцоо байх нь ихээхэн чухал. Багштайгаа уулзах тогтсон цагыг 7 хоногт 1 эсвэл 2 байхаар тохирчихоод тэр уулзалт, семинар дээрээ судалгааны ажлын асуудлууд, дэвшлүүд үр дүнгийн талаар хэлэлцээд явах бол бүр сайн. Лабораторид өөр багш нар байгаа бол тэдгээртэй бас сайхан харилцаж мэдэхгүй чадахгүй зүйлээ асууж тодруулж санал бодлыг нь сонсож байх хэрэгтэй. Лабын бусад оюутнууддаа тусалж мэдэхгүй чадахгүй зүйлийг нь хэлж өгч бас өөрөө туслалцаа авч байх хэрэгтэй. Хүнд юм зааж өгнө гэдэг бол олж мэдсэн мэдлэгээ улам бататгах ажил болдог. Таны мэдэхгүй зүйлийг асуувал мэдэхгүй гэж буцаахаасаа өмнө хамтдаа учрыг нь олъёо гээд оролдовол таны мэдлэг бас зузаарах л болно.
5 дахь өдрийн орой болгон хийдэг семинар. Магистрын 1-р курсын оюутан надаар сүлжээний Больцманы арга заалгаж байгаа Икэүчи болон удирдагч багш Проф Хосояамада. 
Гадаадад сурах оюутнуудын анхаарах зүйлс.
Багштайгаа болон гадаад хүнтэй харилцахдаа дараах чадваруудыг харуулж харьцаж чадвал тухайн хүнтэйгээ сайн харилцаа тогтоож чаддаг. Энд өөрийн харилцааны чадвар, мэргэжил мэдлэгийн чадвар орно. Удирдагч багшаасаа мэдэхгүй зүйлээ шууд ахуухаасаа урьдаж өөрөө хариултыг нь, шийдлийг нь олохыг хичээж дор хаяж нэг боломжит шийдэлтэй очиж хэлэлцвэл сайн. Юмаа өөрөө хийдэггүй багшаасаа асуугаад мэдээд хийчихнэ гэсэн зарчимтай байвал багш тань залхах магадлалтай. Судалгаанд ийм асуудал тулгараад ингэвэл яах бол гэж бодож байна, та зөвлөөч гэвэл харилцан яриа сайн үр дүнтэй өндөрлөх байх.
Дахин хэлэхэд удирдагч багш бол таны докторын судалгааны ажлыг хамгийн ойрын зөвлөх бөгөөд дуусгалцах хүн учир нягт холбоотой ажиллах хэрэгтэй. Ажлын явцыг байнга дуулгаж зорьж байгаа ажлуудаа байнга танилцуулж байх хэрэгтэй. Таны судалгаатай хамааралгүй багшийнхаа даалгасан даалгаварыг найдвартай цаг тухайд нь гүйцэтгэх хэрэгтэй шүү. Өгөж авахын хууль та хоёрын дунд байх л ёстой.
Мөн оролцох гэж буй хурал зөвлөгөөний талаар зөвшөөрөл авч, болох гэж буй өөрт тань чухал семинар, лекц энэ тэрт сууж байх, харилцан мэдээлэл дамжуулж байх тухайгаа хэлээд авах хэрэгтэй. Багш бол таны хаана ямар хурал, семинарт оролцох эрхийг олгох, төсөв хөрөнгийг шийдэх хүн шүү дээ. Тиймээс хийсэн болгонд нь талархалаа илэрхийлж байхаа тартав аа. Мэдээж багштайгаа бичиж буй өгүүлэл, эрдмийн ажлаа хамтарч сайжруулж засаж ажиллах нь ойлгомжтой. 

Судалгаа хийх аргачлал

Судалгаа хийх аргачлал гэдгийг өргөн цар хүрээтэй ойлгоно. Мэргэжил, чиглэл бүрээс хамаарч судалгааны арга өөр өөр байж болно. Туршилтын, онолын, ажиглалтын, асуулгын, тооцооны гэх мэт аргуудаас гадна нарийн ш.ухааны судалгааны аргууд байна. Энд тэдгээрийг дурьдахгүй яаж судалгаа хийх, яаж системтэй дүн шинжилгээ хийх тухай авч үзнэ. Судалгаа хийхийн өмнө судалгааны асуултуудыг зөв тогтоох хэрэгтэй. Судалгааны сэдэв өөрөө танин мэдэхүйн эсвэл яагаад гэсэн асуултыг агуулж байдаг. Судалгааны сэдвээ задрахаар бол задлаад системчилчих ба хэсэг тус бүрийн хоорондын хамаарлыг нь гаргаад судлагдах дарааллыг нь гаргачих. Аливаа ажил алхам алхамаар шийдэгдэх учир төлөвлөгөөтэйгээр том зорилго руугаа алхаж очихоор задлах хэрэгтэй. Аль аль хэсгийн үр дүн өгүүлэл болох боломжтой эсэхийг бас тогтоочих. Судалгаанд шаардагдах хугацаа болон шаардлагатай материалуудыг жагсаачих. Энэ бүгдийгээ өнөөх ноорог дэвтэр дээрээ гүйцэтгэнэ. Ерөнхийдөө бол судалгааны ажлын сайтар нарийвчилсан төлөвлөгөөг эхлээд гаргах хэрэгтэй. Энэ төлөвлөгөө нь хэвлүүлэх өгүүллэг, оролцох эрдэм шинжилгээний хурал энэ тэртэй хугацааны хувьд бас нягт холбогдох ёстой. Судалгаа хийж байхад янз бүрийн л, програмтай, эсвэл мэдлэгтэй, судалгааны аргатай холбоотой мэдэхгүй зүйлс гарна. Тэр бүгдийг багшаасаа асууна гэвэл бас бүтэхгүй. Багшаасаа багшийнхаа мэдэж байж магадгүй гэсэн чухал зүйлсээ л асуухыг эрмэлзэх хэрэгтэй. Бусдыг нь хаанаас асууж мэдэхийг одоо хэлээд өгье. Миний хувьд ихэвчлэн асуулт хариултын сайтуудыг ашигладаг. Жагсаавал:
  • Stack Overflow -  шинжлэх ухааны ахисан түвшний асуулт хариултууд
  • Quora -  мэргэжлийн, танин мэдэхүйн 
  • Google group - судалгааны чиглэл бүрд бараг байгаа
  • Wikipedia or wikihow - програм хангамж, ерөнхий мэдлэгийн мэдээллүүд
  • AskReddit - мэргэжлийн болон танин мэдэхүйн хэлэлцүүлгийн
  • Answer or Yahoo ask - энгийн асуулт хариултын самбарууд
  • Янз бүрийн форумууд, жишээ нь тооцон бодох шингэний динамикийн форум
  • Researchgate - судалгааны асуултууд
гэх мэт сайтуудаас өөрийн мэдэхийг хүссэн эргэлзсэн зүйлээ асуухад хэд хоногын дотор л хариултыг нь олно. Аль эсвэл таны асуух асуултыг аль дээр хэн нэгэн асуучихсан л байгаа.
Судалгааны ажлын үр дүнгээ гаргаад авсан бол түүндээ дүн шинжилгээ хийх шаардлага гарна. Дүн шинжилгээг үр дүнгээ тайлбарлахаас эхэлнэ. Энэ график ийм юм харуулж байна, энд өссөн байгаа нь энэнээс болсон байна гэх мэтээр бодит тайлбарууд хэрэгтэй. Тэгээд энэ үр дүнгийн тайлбар нь ямар дүгнэлтэнд хүргэж байгааг тал талаас нь харж удаан бодсоны эцэст бичээрэй. Нооргон дээрээ толгойд орж ирсэн үр дүнгийн тайлбараа, дүгнэлттэйгээ биччих. Дараа нь эрдмийн ажилдаа эсвэл өгүүллэгтээ засаж сайжруулаад ашиглачихна. Ямар хэл дээр ноорогоо хөтлөхөө тухайн хүн өөрөө мэдэх хэрэг. Гэвч үр дүн дүгнэлтийг эх хэл дээрээ боловсруулаад дараа нь орчуулбал илүү цэгцтэй байдаг. Судлаачын нэг сайн эзэмшивэл зохих чанар бол мэдээллийг тайлж унших, олон талаас нь харж ач холбогдлыг нь тайлбарлах, тэндээс ерөнхий дүгнэлт, нарийн дүгнэлт гаргах зэрэг юм. Дүгнэлт энэ тэр бол яг л мэргэн санаатай адил гялс гэж орж ихээд лавшруулж бодохгүй л бол хийсэн алга болдог эд учир сэжүүрийг нь заавал тэмдэглэж авч байх хэрэгтэй гэж захъя.

Судалгааны үр дүнгээрээ өгүүлэл бичих

Өгүүлэл бичихийн өмнө илгээх сэтгүүлээ олох хэрэгтэй**. Нэг өгүүлэл хэвлүүлэх дундаж хугацаа 1 жил байдаг гэдгийг санах хэрэгтэй***. Сэтгүүл бүр өөр өөрийн гэсэн боловсруулалтын хугацаатай байдаг. Мөн таны илгээсэн өгүүллэгийн агууламж, төвөгтэй байдлаас хамаарч энэ хугацаа янз бүр байж болно. Сэтгүүлийн чанар чансаанаас гадна хүлээж авдаг өгүүллэгийн сэдвүүд өөрийн судалгааны ажлын сэдэвтэй тохирч байгаа эсэхийг шалгаарай. Тэгээд сэтгүүл нь аль болох DOI дугаар өгдөг, онлайн тавигддаг, аль нэг номын цахим санд бүртгэгддэг байвал сайн. ScienceDirect, Web of Science, Scopus, Reuters гэх мэтэд харъяатай бол бүр ч сайн. Та сэтгүүлээ сонгохдоо нөлөөллийн итгэлцүүрийг (impact factor) нь харгалзан үзэхээ мартав аа. Нөлөөллийн итгэлцүүр нь 0.5-аас дээш байхад гайгүй эрэлттэй сэтгүүл гэж үзэж болно****. Сэтгүүлээ сонгочихоод өгүүлэл бичиж илгээх, тэнцвэл засвар хийх хугацаа, хэвлэгдэх боломжит хугацаа энэ тэрээ тооцож үзээд болохоор бол ажлаа эхлэх хэрэгтэй. Докторын зэрэг хамгаалахад хэдэн өгүүлэл бичсэн байх ёстой вэ гэдгээ мөн мэдэж байх хэрэгтэй шүү. Ихэнхдээ 2 эсвэл 3-н олон улсын сэтгүүлийн өгүүлэл докторын зэрэг хамгаалахад шаардлагатай. Тиймээс докторын 2-р жилд бараг хоёр өгүүллэгээ бичиж нэгийг нь илгээсэн нөгөөх дээр нь ид ажиллаж байх хэрэгтэй байгаа биз. Өгүүлэл бичихэд төлөвлөгөө хэрэгтэй. Сэтгүүл бүрээс хамаарч өгүүлэл бичих загвар өөр өөр байна. Түүнийгээ хараад яг заасан загвар форматаар шаардлагатай хэсгүүдээр нь бичиж эхэлнэ. Өгүүлэл хэрхэн бичих вэ гээд маш олон зөвлөгөө интернэтээр дүүрэн байдаг. Зарим хүмүүс өгүүллэгийг шууд бичээд эхлэх хэрэгтэй гэдэг бол зарим нь туршилт, үр дүнгээ гаргаж авсаны дараа бичсэн нь дээр гэдэг. Миний хувьд бол үр дүнгүүдээ гаргаж авчихаад өгүүлэлд оруулах үр дүнгүүдээ сонгоод эсвэл төлөвлөчихөөд, тэгээд бичсэн нь дээр байдаг юм шиг санагдсан. Өгүүллэгийн хураангуй, танилцуулга, арга аргачлал, судалгаа, үр дүн, хэлэлцүүлэг, дүгнэлт гэсэн хэсгүүд ерөнхийдөө бүх сэтгүүлүүдийн шаардлагад байх ба заримдаа нэмэлт хэсгүүд орж ирж магадгүй. Өгүүллийн эдгээр хэсгүүдээс хамгийн түрүүнд арга аргачлал, судалгаа, үр дүн гэсэн хэсгүүдийг бичээд дараа нь хэлэлцүүлэг дүгнэлтийг гаргаад, тэгээд танилцуулга, хураангуйг бичих хэрэгтэй. Өгүүллэгийн гарчгийг хамгийн сүүлд өгсөн ч болно. Өгүүллэг юуны тухай өгүүлж байгааг гарчиг, хураангуй хоёроос уншигчид мэддэг учир эдгээрийг маш зөв бичих хэрэгтэй. Мөн өгүүллэгийн гарчиг давтагдашгүй, өгүүллэгийн агуулгыг товчоор харуулсан байх ёстой учир өгөх гэж буй нэр өмнө ашиглагдсан эсэхийг хайж үзэх хэрэгтэй. Хамгийн сайн хайлтын систем бол google scholar учир түүн дээр бичиж хайж үзэж байгаад давтагдашгүй нэрийг сонгож өгүүллээ нэрлээрэй.
Өгүүлэлд давтагдашгүй нэр өгөхийн тулд өгөх гэж байгаа нэр ашиглагдсан эсэхийг тодруулах хайлт хийх жишээ.
 Өгүүллэгийг өөртөө бус бусад хүмүүст хэрэг болгох үүднээс бичих хэрэгтэй. Янз бүрийн мэдлэгтэй хүн уншихад ойлгогдохоор байх хэрэгтэй ба эшлэл, ашигласан материалуудыг сайтар тусгаж өгөх хэрэгтэй. Хэрэв өгүүлбэрт таны бий болгосон мэдлэг агуулагдаагүйл бол бараг өгүүлбэр бүхний ард ашигласан материал байхгүй бол болохгүй. Тэгэхгүй бол зохиогчийн эрх зөрчсөн энэ тэр гээд явж өгнө. Зохиогчийн эрхийн зөрчил, хуулалт зэргийг илрүүлдэг системийг сэтгүүлүүд өөрсдөө ашигладаг учир та болгоомжтой л байх хэрэгтэй. Өгүүллэгийн introduction буюу оршил эсвэл танилцуулга хэсэг маш төвөгтэй. Энд та жижиг хэмжээний судлагдсан байдлын товчлол, судлаж байгаа асуудлын шинэлэг тал ач холбогдлыг бичдэг учир сүүлд эсвэл эхэнд нилээд юм уншиж, орчин үеийн өгүүллэгүүдийг судалсаны дараа бичих хэрэгтэй. 

Сэтгүүлийн өгүүллэгнээс гадна хурлын өгүүллэг гэж байгаа. Хурлууд янз бүр байх ба ихэнх нь бүрэн өгүүлэл илгээхийг шаарддаг. Энэ хурлын өгүүллэгийг дээрхийн л адил үйл явцтай бичнэ. Гэхдээ хурлын өгүүллийн агуулга нь цоо шинэ мэдлэг байх албагүй бөгөөд шинэ хэрэглээг үзүүлсэн маягтай байж болно.

** (Австралийн Аделаиде Их сургуулийн доктор Б.Мөнхбаярын зөвлөмжийг найруулан бичив.) Эхлээд богино өгүүллэг (communication) эсвэл бүрэн өгүүллэгээ (full paper) шийдээд өгүүллэгээ бичнэ. Бичсэнийхаа дараа аль сэтгүүлд явуулахаа сонговол дээр байх гэж бодож байна. 
*** Өгүүлэл хэвлүүлэх хугацаа мэргэжилээс хамаараад өөр байх ба хими, материалын шинжлэх ухаан, энерги, эрчим хүч, нано технологийн чиглэлийн сэтгүүлүүдийн хэвлэх хугацаа нь харьцангуй богино байдаг.
**** Нөлөөллийн итгэлцүүр нь 2 -оос дээш бол гайгүй эрэлттэй сэтгүүл гэж үзэж болох байх. Ерөнхийдөө судалгааны чиглэл хамаагүйгээр хамгийн том бөгөөд судлаач бүр ажлаа хэвлүүлэхийг хүсдэг сэтгүүлүүд болох Nature нь 40.1, Science нь 37.2 гэсэн нөлөөллийн итгэлцүүртэй байгаа учир эдгээрийг жишиг болгож үнэлэх хэрэгтэй болов уу. (Монгол улсын Шинжлэх ухааны Академи нүүр номын группээс авав.)

Сэтгүүлд тэнцсэн өгүүлэлтэйгээ ажиллах

За тэгээд өгүүллээ бичээд дууссан бол дахин дахин уншиж алдаа мадагыг нь засаж ном зүй энэ тэрд алдаа гарчуу үгүй юу гэдгийг дахин дахин шалгах хэрэгтэй. Зураг схем, үр дүнгээ бас сайтар шалгах хэрэгтэй. Судалгааны ажлын үр дүнгийн чухал хэсэг нь үр дүнгийн зургын ажлууд байдаг. График, зураг, схем энэ тэр маш чамин ойлгомжтой байх хэрэгтэй. Өгүүллэгээ багшаараа шалгуулах хэрэгтэй, багштайгаа ярилцаж өгүүлэл дээрээ ажиллах хэрэгтэй.


Нэг өгүүллэгийг маань багш зассан байдал. Өгүүлэлд үгийн сонголт энэ тэр маш чухал. 
Багшаас гадна лабын оюутнуудаасаа тусламж авч уншуулж ойлгомжтой эсэхийг нь асууж зөвлөгөө, санал энэ тэр авч өгүүлэлдээ тусгаарай.
Өгүүлэл илгээхэд зарим нэг сэтгүүлүүд боломжит гурван шүүмжлэгчийн нэрсийг өг гээд байдаг. Тэдгээрт харж байгаад судалгааны чиглэл ижилэвтэр тийм хүмүүсийн нэрийг олоод явуулах хэрэгтэй. Сэдэвтэй огт хамааралгүй хүн бол ойлгохгүй, тэр чигээрээ няцаах хандлагатай байдаг. Өгүүлэл илгээгдээд тэнцээд ирвэл шүүмжлэгчийн санал, зөвлөмжийг сайтар анхаарч өгүүлэлээ сайн засаарай. Энэ тухай хоёр нийтлэл бий. 
Өгүүллийн шүүмжээс суралцах нь 1
Өгүүллийн шүүмжээс суралцах нь 2
Үнэхээр сайн өгүүлэл байвал засваргүйгээр тэнцэх ч бий. Гэхдээ засвартай л байвал сайн гэсэн үг. Юм сурна, өгүүлэл улам сайжирдаг жамтай. 

Олон улсын хуралд оролцох

Олон улсын хуралд оролцох үйл явдал бас л дунджаар жил шаардана. 2018 оны хуралд оролцох гэж байгаа бол 2017 онд зар гарсан, хураангуйг илгээх зар тавигдсан байгаа гэсэн үг. Тиймээс докторын 2 ба 3-р курст хуралд оролцох бол 1-р курсын 2-дахь семестрээс эхний хурлаа олж сонгох нь байна. Нэгэнт судлаач болж байгаа учир ямар нэгэн судалгааны олон улсын холбоонд элсэх хэрэгтэй. Судалгааны олон улсын холбоонууд хурлуудыг судалгааны чиглэл бүрээр зохион байгуулдаг. Ихэнх хурал жил болгон, зарим нь 2 жилд нэг удаа болно. Оролцох хурлаа маш зөв сонгох хэрэгтэй. Өмнө болж өнгөрсөн хурлуудын талаар мэдээллийг үзэж хурлын өгүүллэгүүдэд ямар анхаарал тавигддагыг үзэх хэрэгтэй.
Тухайлбал тухайн хурлын вэб хуудсан дээр өмнөх хурлуудын хуучин хуудсууд байгаа. Тэдгээрийг үзээд үнэлгээ өгөхөд амархан. Онцгүй үйлчилгээтэй хурал бол яваад хэрэггүй. 
Хурлуудыг үнэлэх аргачлал:
  • Өгүүллэгийг онлайн хэвлэдэггүй бол онцгүй
  • Зочдын тоо хэт их бол онцгүй
  • Байр хоолоор хангахгүй бол онцгүй
  • Олон салбар хуралдаантай бол онцгүй
  • Танилцах аялалгүй бол онцгүй
  • Үнэ ихтэй бол онцгүй
  • Залуу судлаачдыг урамшуулах шагналгүй бол онцгүй
  • Уригдаж байгаа болон уншигдах илтгэгч нарын алдар нэр муу бол бас онцгүй гэх мэт байна. 
Хурлуудыг үнэлээд зөв хуралдаа оролцвол сэтгэлд сайхан ба олон хүмүүстэй уулзаж мэргэжлийн холбоог тогтоох болно. Хуралд оролцохдоо илтгэл заавал тавих хэрэгтэй. Тухайн сурч байгаа улсад, хотод, сургуульд тань олон улсын хурал болж байгаа бол очоод сайхан үзээд туршлага хуримтлуулах хэрэгтэй. Хуралд аман болон ханын илтгэл тавихаар оролцох ба туршлага муутай гээд айгаад байвал эхлээд ханын илтгэл тавих хэрэгтэй. Ханын илтгэлд өөрийн гэсэн давуу тал бий. Олон цаг шаарддаг учир сайн ярьна, сайтар тайлбарлана, тэндээс та ирээдүйн хамтрагчаа олж авах магадлалтай. Харин аман илтгэл бол 10-20 минутын хооронд л болоод өнгөрнө. 2-3 асуултанд хариулаад л дуусна. Гэхдээ туршлагтай өөрөө чадна гэсэн итгэлтэй байвал аман илгэл тавьж байхыг зөвлөе.
Ингээд ханын илтгэл хэрхэн бэлтгэхийг эндээс уншаарай. 
Хуралд оролцох зардалыг их сургууль, харъяалагдах лаб хариуцах учир зардалд санаа зоволтгүй аль болох олон хурал, семинарт оролцож байх нь чухал шүү.
Миний оролцсон зарим хурлуудын нэрийн хуудаснууд
Аман илтгэлийн хуудсууд буюу манайхны пресентацийг бэлдэхдээ аль болох өгүүлбэргүй, түлхүүр үгнүүдтэй зурагтай, хөдөлгөөнтэй байдлаар хийх хэрэгтэй. Хүнд маш ойлгомжтой байх нь маш чухал. Математик ажил ихтэй бол томъёо тэгшитгэл энэ тэр оруулаад хэрэггүй. Зөвхөн тайлбар төдийхнөөр оруулаад гол үр дүнгээ, гаргаж авсан дүгнэлтүүдээ л сайн дамжуулж ойлгуулж өгөхөөр илтгэлийн хуудсуудыг бэлдэх хэрэгтэй. илтгэлийн хуудсуудыг маш сонирхолтой бэлдэх нь маш чухал шүү. Хэдий 20 хон минутын илтгэлч гэсэн үзэгчдийн анхаарал хоромхон зуур алдагдах аюул элбэг байх тул анхаарал татахуйцаар хуудсуудаа бэлдэх хэрэгтэй. Ихэнх үзэгчид өгүүлэл эхлэхэд, төгсөхөд анхаарлаа аймар хандуулдаг учир тэр хэсгүүд дээрээ жинтэй яриагаа, өгөх гээд байгаа санаагаа хэлэх хэрэгтэй. Мэдээж хуралд оролцохын өмнө яаж илтгэл тавих вэ гэдэг дээрээ сайтар бодож ярих өгүүлбэр бүрээ бичиж түүнийхээ дагуу бэлтгэл хийх хэрэгтэй. Илтгэлийн бэлтгэлийг бараг 7 хоног хийх хэрэгтэй. Өдөрт 2-3 удаа ярианы бэлтгэл хийгээд байхад аманд ороод ирнэ.
Илтгэлийн хуудасны доор тухайн хэсэгт ярих зүйлсийг нэг нэгэнгүй бичиж түүгээрээ бэлтгэл хийх жишээ.
Ханын илтгэл тавихад хэрэглэгдэх ярианы ноорог. 
Бэлтгэлийн ач холбогдлыг энэ өгүүлбэр яруу тод харуулна.
Бэлтгэл бол амжилтын үндэс гэдэг шүү дээ.
За хуралдаа явлаа гэхэд бусдын илтгэлийг сайн сонсох хэрэгтэй. Та өөрийн илтгэлээ сайн бэлдчихсэн бол санаа зовох зүйлгүй бусдын илтгэлийг үзэх боломжтой болно. Хэрэв бэлтгээгүй бол өөртөө санаа зовсоор зарим нэг чухал илтгэлүүдээс хоцрох нь бий. Бусдын илтгэлийг харж шинэ мэдлэг олж авахаас гадна хүмүүсийн ерөнхий байдал, хэлдэг үг, илтгэл тавих байдал, илтгэлийн хуудас бэлдсэн байдал гэх мэтийг олж мэдэж туршлага, санаа хуримтуулаарай. Бас нэг чухал зүйл нь таны өмнө тавигдсэн илтгэлүүдтэй сүлэлдүүлж өөрийнхөө илтгэлийг эхлэвэл хүмүүст их аятайхан байдаг. Үүнийг аажим шилжилт гэж нэрлэнэ. Илтгэлийн хуудас бзр өөр хоорондоо холбогдож аажмаар шилжилж явах ёстой. 
Олон улсын хуралд оролцохдоо олон хүнтэй танилцаж холбоо тогтоох хэрэгтэй шүү. Хаягыг нь ав, сайхан хөөрөлд. 

Аялах амрах

Ихэнх их сургуулиуд жилдээ 2 амардаг байх. Амралтаар амрах хэрэгтэй ч аль болох судалгааны ажлаа хийж л байвал болох юм шүү. Докторын сургалт хугацаатай учир өөрт тань нөөц хугацаа гарч ирж л байвал судалгаандаа зориулаад байх хэрэгтэй. Амрах үедээ харин ч сайн амраад авах хэрэгтэй. Үүнд: хоол ундаа сайн идэх, сайн унтах, сайн аялах гэх мэт орох ба амралтаа гэртээ өнгөрөөж болохгүй. Амралтыг тархиа сэргээх, шинэ зүйлээр цэнэглэх гэж ойлгоно. Хүний тархи эс амрах учир тархиа сэргээх нь л чухал. 2013 онд ФБ-дээр:
Тархийг зовоох тусам та хүчирхэг болно. Амралт гэдэг нь тархины ажиллагааг тохируулах үйлдэл юм.
 гэж бичиж байсан маань үнэн мэт.
Судалгаанд ямар нэгэн асуудалтай зүйл тулгарч, шийдэж чадахгүй, олон хоног нухсан ч учрыг нь олохгүй бол та амрах хэрэгтэй. Тэр чадахгүй байгаа асуудлаа 7 хоног хаяаад өөр зүйл хийгээрэй. Жаахан мартаад ирэхлээрээ дахин харж эхнээс нь системтэй үзвэл асуудлынхаа учрыг амархан олох тохиолдол бий. Жишээ нь миний хувьд шингэний чөлөөт гадаргууг тооцох кодыг бичээд ерөөсөө амжилттай болохгүй бараг сар нухсан. Тэгээд болохгүй болохоор нь орхиод 14 хоног Японы Хирошима, Осака, Киото, Гифү гэх мэт газруудаад аялаад, аялах зуураа нэгч судалгаатай холбоотой юм хийгээгүй, бодоогүй явж ирээд кодоо хартал юу хийж байсанаа, хаана ноцолдож байсанаа бараг мартаж. Тэгээд 2 өдөр ноцолдоод хаятал хаана асуудал үүсэж байснаа олоод кодоо бүрэн дуусгаад ерөнхий бодлогод зориулсан програм болгоод авсан. Бидэнд заримдаа асуудадтай юмсаа шинэ нүдээр харах, шинэ тархиар бодох боломж хэрэгтэй юм шиг. Судалгааны ажил алгуур яваад л байвал хийгээд л байх хэрэгтэй. Докторын ажлаа хамгаалчихаад эсвэл олон услын хуралд оролцож явахдаа сууж ажилласаны үр шим болох амралтаа утгаар нь эдлэнэ шүү дээ.

Доктор хамгаалах бусад шаардлагууд

Докторын зэрэг хамгаалахад хэвлүүлсэн өгүүллэг, оролцсон хурал, зөвлөгөөнөөс гадна үзэж судалсан хичээлийн кредит их чухал шүү. Үзэх ёстой хичээлүүдээ бүгдийг нь үзээд эхний 2 семестртээ жин тан болгоод тавчих хэрэгтэй. Зарим оюутнуудын хувьд хичээл заах үүрэг энэ тэр байдаг бол түүнийгээ бас жин тан болгоод дуусгачих хэрэгтэй. Янз бүрийн хурган жижиг ажлуудыг бол эртхэн дуусгачихаад гол ажил болох судалгаагаа хийх, өгүүлэл бичих, эрдмийн ажлаа бичих гэх мэт ажлууддаа л санаа амар хийгээрэй.

Докторын эрдмийн ажлаа (диссертаци) бичих

Ямарч байсан энийг эхлээд уншчих. Монгол хэл дээрх диссертаци бичих, хэвлүүлэх тухай энэхүү журам дэлхийн альч улсад хүчин төгөлдөр. Гэхдээ сурч буй сургуулийнхаа журам энэ тэрийг байвал баримтлаарай. Энд би нийтлэг, жижигхэн мөртлөө чухал зөвлөгөөнүүдийг өгнө. 
Докторын эрдмийн ажил гэдэг бол гурван жил хийсэн судалгааны ажлуудын тайлан гэж ойлгож болно. Эрдмийн ажлыг 2-р жил дуусаж байхад бараг бичиж эхлэх хэрэгтэй. Манай удирдагч бол бичиж болохуйц онолын хэсгүүдийг бол аль эрт бичээд бэлэн болгочихвол амар шүү дээ гээд захиад л байсан. Тэр нь ч амар юм шиг байна лээ. Үгэнд нь орохгүй байсаар байгаад эрдмийн ажилаа бичиж эхлэхэд бөөн онол энэ тэрийг дахин сөхөж ойлгож бичих гэж бас их цаг зарцуулсан. Ер нь бол эрдмийн ажлыг эрчимтэй бичвэл дор хаяж 3 сар зарцуулдаг юм. Үр дүн, график, зураг, схем бэлэн, ерөөсөө Ворд дээр шивэх хугацаа л хамгийн багадаа 3 сар шүү дээ. Тиймээс амжихаа байлаа гэхэд л диссертацийн урьдчилсан хамгаалалтаас 5 сарын өмнө эрдмийн ажлаа бичиж эхлэх хэрэгтэй. Миний хувьд 2017 оны 5 сарын 8-нд урьдчилсан хамгаалалт байсан ба 2016 оны 11 сараас эрдмийн ажлаа бичиж эхэлсэн. Маруухан амжсан учир цаг хугацааны сайн тооцоотой байгаарай гэж захих байна.
Эрдмийн ажлаа эхлэхийн өмнө төлөвлөгөө гаргах хэрэгтэй. 
Эрдмийн ажлын төлөвлөгөө гаргах, ворд дээрх үсэг, үгний загваруудыг тохируулж тааруулах гэх мэт
Төлөвлөгөөг бол эрдмийн ажлын бүлэг, дэд гарчиг маягаар гаргаад биччихнэ. Тэгээд төлөвлөгөөний дагуу чадахаасаа боломжтой хэсгээсээ эхлээд бичнэ. Сайн санаж байгаа мэдэж байгаа хэсгүүдээ эхлээд бичээд байх хэрэгтэй. Ер нь эрдмийн ажлаа бичиж эхлэхээс өмнө Ворд дээр бичихээр бол үг, үсгийн загвар, форматуудыг нарийн сайхан тохируулчих хэрэгтэй. Мэдээж эрдмийн ажлаа бичиж дууссаны дараа тэдгээрийг тохируулж болох ч алдаа мадаг гарах магадлалтай учир хамгийн эхэнд формат энэ тэрийн асуудлаа зохицуулчихаарай. Бүлгийн нэр, дэд хэсгийн гарчиг, энгийн өгүүлбэр энэ тэрийн загвараа гаргаад тэдгээрийгээ мөрдөөд бичээд байвал ихээхэн амар байдаг. Эрдмийн ажлаа өөр програм дээр тухайлбал ЛаТеХ дээр бичих бол тухайн кодоороо янзлагдаад явчихна. ЛаТеХ-ийн тухай
ЛаТеХ дээр ажиллаж сурах нь
ЛаТеХ-аар өгүүлэл бичих гэсэн хоёр нийтлэл байгаа сонирховол үзээрэй. ЛаТеХ-ийн онлайн талбараас янз бүрийн их сургуулиудын докторын ажил бичих форматыг олж авах боломжтой ба хаанаас ч тэр эрдмийн ажлаа бичих боломжтой учир ашиглаарай гэж зөвлөх байна. Сайт нь:
ЛаТеХаа хуваалцах (ShareLatex) юм. Ер нь ЛаТеХ-дээд сурчихвал их тустай дээрээс нь Вордийн хулгайн програм суулгахгүй амар байх нь тэр. 
Ворд дээр эрдмийн ажлаа бичих гэж байгаа бол дараах хэдэн зөвлөгөөг өгье.

  • Үг болон томъёоны үсгийн хэлбэр адил байх хэрэгтэй. 
  • Мөр хоорондын зай жигд байх ба гарчигтай тохиолдолд өөр байж болно. 
  • Шинэ эх эхэлж байгаа бол заавал догол мөрөөр эхлээрэй. 
  • Томъёо болгоныг автоматаар дугаарлагддаг болгож тэдгээрийг өгүүлбэртэй холбож иш татаж болдог байх
  • Иш татсан, ашигласан материалын санг үүсгэж автоматаар иш татаж байх
  • Нэгэнт үгний загвараа бий болгочихсон бол Гарчиг энэ тэрээ автоматаар үүсгэнэ. 
  • Зураг, хүснэгтийг мөн автоматаар дугаарлах
  • Зургийн доторхи үсэгний хэлбэр мөн өгүүлбэрийн үсэгний хэлбэртэй адил, зохих өндөртэй байх
  • Аль болох бүх ажлаа өөрөө хийх, энэ тэндээс зураг хуулахгүй байх. Хуулсан ч өөрөө зурж боловсруулж иш татсан байх.
Эрдмийн ажил гэдэг бол маш дэлгэрэнгүй олон бүлэгтэй том судалгааны өгүүллэг гэж ойлгоход болно. Эрдмийн ажлын өгүүлбэр бүр таных биш л бол хаанаас ирсэн болохыг заасан ишлэл хийх хэрэгтэй. Мөн батлагдаагүй бодол, таамаг энэ тэрийг үр дүнгийн болон дүгнэлтийн хэсэгт бичихийг хориглоно. Эрдмийн ажлын нэг чухал хэсэг нь удиртгал (motivation) хэсэгт энэ сэдвийг судлах болсон шалтгаан, шаардлагын тухай бичих юм. Энэ бол маш чухал хэсэг бөгөөд та өөрийн санаа бодол, хүсэл мөрөөдөл, онол баримтлалаа чөлөөтэй бичих боломжтой. Гол нь энэ хэсэг хөдлөшгүй, сонирхолтой, сэдвийг яагаад судлах болсон бэ гэдгийг яруу тодоор дүрслэн харуулсан тийм хэсэг байх ёстой. Дараагийн чухал хэсэг нь өмнөх судлагдсан байдлын тухай дэлгэрэнгүй хураангуй (Review) бичих юм. Зарим сэтгүүлүүдэд судлагдсан байдлын хураагуйнууд (Review papers) хэвлэгдсэн байх ба тэдгээрийг сайн уншиж ашиглаарай. За тэгээд бусад хэсгүүд нь бол өгүүллэлтэй бараг ижилхэн явна. Эрдмийн ажлын үндсэн хэсгийг бичээд дууссаны дараа танилцуулга, удиртгал, зарим дүгнэлт, нүүр хуудас, хураангуй гэх мэт ажлуудыг бичих хэрэгтэй. Нэг эх, нэг сэдвийн тухай бичиж байгаа бол аль болох нэг суултаар бичихийг зөвлөж байна. Өнөөдөр эхлүүлчээд, маргааш жаахан биччихээд 7 хоногын дараа үргэлжлүүлнэ гэвэл найруулга, утга санааны дарааллын алдаа үүсэх магадлалтай. Яалтчгүй сэдэв дундуур завсардах шаардлага гарвал санаануудаа хурдхан ноорог дээр буулгачихаад дараа нь бичихдээ өмнөх бичсэн хэсгээ уншиж ноорог санаатайгаа уялдуулж бичих хэрэгтэй. Эрдмийн ажлаа дахин дахин уншиж үг үсэг, дүрэм, утгын алдаа, үгийн сонголтын алдаа байгаа эсэхийг шалгаарай. Хамтрагч найз нөхөддөө өгч уншуулж болно. Эрдмийн ажил хуудас олонтой учир амар засагдах ажил биш учир сайтар анхаарлаа төвлөрүүлж ажиллаарай. Эрдмийн ажлыг ер нь интернэтэд албан ёсоор хэвлэгдэх хүртэл нь засаж сайжруулах ёстой шүү. Эрдмийн ажилдаа Талархал энэ тэрээ тус дэм болсон хүн бүрийг багтааж сайхан бичээрэй гэж зөвлөе.
Тухайлбал миний эрдмийн ажилд гүн туслалцаа, нөлөө үзүүлсэн хүмүүст зориулсан талархалын хэсэг. Хүн орхисон байх вий гэж их айж байна. 

Урьдчилсан хамгаалалт

Урьдчилсан хамгаалалтаар эрдмийн ажлыг бичээд бараг их биеийг нь босгоод ирсэн байхад болно. Эхний ноорог байдлаар дуусгачихсан байвал бүр сайн. Урьдчилсан хамгаалалтаар бүрдүүлэх бичиг баримт гэж зүйлс тухайн сургууль бүрт байгаа учир тэдгээрийг бүрдүүлж хамгаалуулах зөвлөлийн гишүүдийн тоогоор хэвлэж бэлдэх хэрэгтэй. Миний сурсан Нагаокагийн Технологийн их сургуульд бол урьдчилсан хамгаалалтаар докторын зэрэг хамгаалах өргөдөл, эрдмийн ажлын хураангуй, зохиогчийн эрх зөрчөөгүй гэсэн баталгаа, эрдмийн ажлын ноорог, хэвлүүлж нийтлүүлсэн өгүүллэгүүдийн жагсаалт гэх мэт бичиг баримтууд байсан. 
Урьдчилсан хамгаалалтын хэд хэдэн удаа хийж болно. Хамгаалуулах зөвлөлийн гишүүдийг нэг өдөр нэг цагт цуглуулна гэдэг амаргүй. Миний хувьд жинхэнэ товлосон урьдчилсан хамгаалалт 2017 оны 5 сарын 8 байсан ба 2 гишүүн ирж чадахгүй болсон учир 5 сарын 12-нд дахиад нэг хийх болсон. Хэдэн удаа хийсэн ч ялгаагүй, урьдчилсан хамгаалалтаас олж авах, туршлагжих нь бидний хувьд маш чухал. Урьдчилсан хамгаалалтыг ойролцоогоор 40 минутын илтгэл 20 минутын асуулт хариулттай байна гэж ойлгоод илтгэлийн хуудсуудаа (пресентаци буюу slide) бэлдэх хэрэгтэй. Урьчилсан хамгаалалт маш чухал учир хойрго бүү хандаарай. Таны бэлдсэн илтгэлийн хуудсууд яг л жинхэнэ хамгаалалтанд орох гэж байгаа юм шиг алдаа мадаггүй, утга санааны уялдаа хооронд нь оршсон байх хэрэгтэй. Ер нь илтгэлийн хуудас яаж бэлдэх талаар олон зөвлөгөө, хичээлүүдийг үзээрэй. Хамгийн чухал зүйл бол илтгэлийн хуудсууд, ярих гэж буй яриа хоорондоо уялдаатай байхын сацуу, илтгэлийн хуудас хоорондын шилжилт алгуур байж үзэгчийн анхаарлыг алдахааргүй өнгө үзэмжтэй ойлгомжтой байх хэрэгтэй. Урьдчилсан хамгаалалт хийж байгаа бичлэгүүдийг youtube энэ тэрээс олж харж болно. Эсвэл өөрийн тань сургуульд болж байгаа бусад оюутны урьдчилсан хамгаалалтанд сууж анхаарах, чухал зүйлсүүдийг бичиж тэмдэглэж өөрийн хамгаалалтанд дээрээ анхаарч, хэрэглэж үзэж болно. Ер нь илтгэлийн хуудсуудаа урьдчилсан хамгаалалт болохоос 7 хоногын өмнө дуусгасан байх хэрэгтэй. урьчилсан хамгаалалтаас өмнөх 7 хоногыг бэлтгэл, сургуулилтын хоногууд болгож бэлтгэлээ өдөрт 2-3 удаа хийж байгаарай. Нэг бэлтгэл хийхэд л 1 цаг шахуу шаарддаг учир залхуутай ажил. Ярих зүйлс болгоноо илтгэлийн хуудасны доор бичиж хугацаагаа сайтар төлөвлөх хэрэгтэй. Илтгэлийг яг л хугацаандаа өмнө төлөвлөж бэлдсэний дагуу л ярьж тавих хэрэгтэй. Заримдаа яг илтгэл тавьж байхад илтгэлээ бэлдэж байсанаас өөрөөр яриад эхэлдэг. Энэ үед аль болох төлөвлөгөөндөө бэлдсэн яриандаа буцаж орохгүй бол алдаа үүсэх магадлал өндөр байдаг. Гацах, сандрах тохиолдол үүсгэхгүйн тулд аль болох төлөвлөгөөгөө л баримтлах хэрэгтэй. Илтгэл тавих бэлтгэл хийж байхдаа өөрийнхөө дуу хоолойг бичиж дараа нь сонсож болно. Ер нь нэг илтгэл тавьж дуугаа хураагаад завтай үеэрээ нөгөөхөө сонсож байвал чихэнд хоногшино. Өөрийн яриа, дүрсээ бичиж үзэх нь элдэв янзын сул үг, хөдөлгөөн байгаа эсэхийг олж мэдэж түүндээ хяналт тавих боломж олгоно. Заримдаа хөдөлгөөнгүй зогсох нь таагүй, хэт гараа хөдөлгөж ярих нь таагүй. Тиймээс яаж голдочийг нь олж илтгэл тавих вэ гэдэг дээрээ сайн ажиллаарай.
Урьдчилсан хамгаалалтын бэлтгэлээ хийж байгаа байдал.
Урьдчилсан хамгаалалтаар хамгаалуулах зөвлөлд эрдмийн ажлын агуулгыг бүрэн танилцуулсан тийм илтгэлийг тавиарай. Юу хийсэн, ямар арга ашигласан, ямар тооцоо, туршилт явуулсан, ямар үр дүнг гаргаж авсан, ямар дүгнэлтэнд хүрсэн бэ гэх мэтийг маш нарийн байдлаар илтгэх хэрэгтэй. Энэ хамгаалалтаар хамгаалуулах зөвлөлийн гишүүд таны ажилтай, таны судалгааны чиглэлтэй дөнгөж танилцаж байгаа, нээх сайн мэдэхгүй чиглэлийн тухай мэдээлэл мэдлэг олж авах үе гэж ойлгож болно. Шууд л Сүлжээний Больцманы аргаар тооцоо хийсэн гээд эхэлвэл нөгөө хэд чинь сүлжээний больцманы арга гэж юу юм болоо гээд бодоод эргэлзээд эхэлнэ. Тиймээс сүлжээний больцманы арга гэдэг нь тийм учиртай, тийм юманд хэрэглэгддэг, ийм онолтой арга байгаамаа. Тэгээд үүнийг энэ бодлогод ашиглалаа гэх мэт бараг хичээл зааж байгаагаас ялгаагүйгээр илтгэлээ бэлдэж тавиарай. Зарим том сургуулиудад хамгаалуулах зөвлөлийн бүх гишүүд таны судалгааны ажлын сэдвийн тухай мэддэг түүгээр судалгаа хийдэг бол ингэж нарийн суурь мэдээллийг олгох шаардлагагүй, товч танилцуулгаас шууд үр дүнгийн хэсгийг хэлэлцээд явж болох байх. 
Урьдчилсан хамгаалалтын илтгэлийг тавьж дууссаны дараа асуулт хариултын хэсэг маш чухал учир та анхаарлаа дээд цэгт нь байлгаж бүх асуулт, санал зөвлөмжийг бичиж тэмдэглэж аваарай. Танай удирдагч багш бас нэг нэгэнгүй тэмдэглэж авах ч та бас тэмдэглэж авч дараа нь түүн дээр ажиллах юм. 
Урьдчилсан хамгаалалтаар л таны илтгэлээ хэрхэн сайжруулах, эрдмийн ажлаа яаж сайжруулах вэ, гарч байгаа үр дүн, дүгнэлтээ яаж илүү ойлгомжтой, жинтэй болгох вэ гэдгийг олж авна. Урьчилсан хамгаалалтын дараа өөрийн илтгэл тавьсан байдалдаа дүгнэлт хийж жинхэнэ хамгаалалтанд юу юуг ярих, ямар байдлаар илтгэлээ тавих вэ гэдэг төлөвлөгөөгөө гаргаарай. Тэгээд мэдээж хамгаалуулах зөвлөлийн гишүүдийн асуулт, санал зөвлөмжийг харгалзан эрдмийн ажлаа болон жинхэнэ хамгаалалтанд ашиглах илтгэлийн хуудаснуудаа бэлдэж эхэлнэ. Урьдчилсан хамгаалалтын үеэрх асуултанд бүгдэнд нь хариулт олж жинхэнэ хамгаалалтын үеэр хүмүүст харуулахаар хуудсуудыг бэлдээрэй.  
PhD comics. Хаана ч тэр илтгэлийг яг л төлөвлөсөн бэлдсэн чиглэлийн дагуу л тавих хэрэгтэй. Үгүй бол илтгэл амжилтгүй дуусна. Иймд хуралд, урьдчилсан болон жинхэнэ хамгаалалтанд илтгэл тавих төлөвлөгөөгөө сайтар баримталж заншаарай. 
Урьчилсан хамгаалалтаа хүчээ хаяж байгаад сайн хийгээрэй гэж зөвлөе.

Жинхэнэ хамгаалалт

Жинхэнэ хамгаалалт бол сүүлчийн том шалгалт л гэсэн үг. Жинхэнэ хамгаалалт ихэнхдээ 1 удаа л болж өнгөрнө. Зарим тохиолдолд хамгаалуулах зөвлөл нэг өдөр боломжгүй бол 2 удаа хийгдэж магадгүй. Миний хувьд 2017 оны 6 сарын 23 болон 29-нд хоёр удаа хийсэн. Жинхэнэ хамгаалалтын үеэр таны эрдмийн ажил ноорог байдлаар бүх хэсгүүд нь дууссан байх ёстой. Нүүр, хураангуй, танилцуулга, гарчиг, талархал, бүлэг хэсгүүд, дүгнэлт, ном зүй, хавсралт гээд л бүгд л бичигдсэн байх ёстой. Харин эрдмийн ажлаа засаж сайжруулах хугацаа хэр байгаа эсэхийг барагцаалж ажиллаарай. Ихэвчлэн эрдмийн ажлаа сургуулийн академийн хэлтэст жинхэнэ хамгаалалт болсоны дараа 1 сарын дараа бэлэн байдлаар хураалгаж их сургуулийн интернэт агуулахад хадгалуулна. Эцсийн байдлаар илгээх хүртлээ эрдмийн ажлаа сайжруулж алдаа мадагыг нь засаж жинхэнэ хамгаалалтын санаа оноонуудыг тусгах нь байна.
Жинхэнэ хамгаалалтанд орохдоо дараах зүйлсийг хэвлэсэн байна. Үүнд:

  • Эрдмийн ажлын ноорог
  • Илтгэлийн хуудсууд
  • Хэвлүүлсэн өгүүллэгүүд
  • Өөрийн товч намтар буюу CV
  • Бусад тарааж болох материалууд

Эдгээрийг хэдэн хувь хэвлэх нь таны хамгаалалтанд ирж суух хүний тоо, тэдгээрт аль нь илүү хэрэгтэй вэ гэдгээс хамаарна. Мэдээж жинхэнэ хамгаалалт болохоос өмнө эрдмийн ажлын ноорог, илтгэлийн хуудсуудыг нэг нэг хувийг хамгаалуулах зөвлөлийн гишүүдэд хүргэж өгсөн байх ёстой. Хамгаалуулах зөвлөлийн гишүүд таны ажилтай нарийн танилцаж, шүүж, алдаа мадагыг тань олоод жинхэнэ хамгаалалтанд дээр асуух учиртай. Тиймээс эрдмийн ажлын нооргыг 2 хувь хэвлүүлээд нэгийг нь өөртөө ашиглахаар, нөгөөг нь хамгаалалтанд ирж суух оюутнуудын дунд тойрох материал болгон ашиглаж болно. 
Жинхэнэ хамгаалалтын илтгэлийн хуудсууд (presentation slides) урьдчилсан хамгаалалтынхаас өөр байх нь илүү сайн. Агуулга бүтцийн хувьд ч мөн өөр байх хэрэгтэй. Жинхэнэ хамгаалалтаар та онол, аргачлалын талаар цухас дурьдаад үр дүн, олж авсан, гаргаж авсан шинэ мэдлэгүүд, тэдгээрийн ач холбогдолын талаар сайн нухацтай ярьж илтгэх юм. Нэгэнт хамгаалуулах зөвлөлийн гишүүд таны ажилтай танилцаад нэг удаа илтгэлийг тань сонсчихсон учир арай өөр мэдэж аваагүй хэсгээ сонсох, үр дүн, судалгааны ач холбогдлын талаар дэлгэрэнгүй мэдэхийг хүсэж байгаа. Тийм учраас илтгэлийн хуудсуудыг дахин шинээр зөвхөн жинхэнэ хамгаалалтанд зориулан хийх хэрэгтэй гэж зөвлөх байна. Ихэнх оюутнууд урьдчилсан хамгаалалтынхаа илтгэлийг сайжруулаад жинхэнэ хамгаалалтанд ашигладаг. Энэ зүгээр боловч энэ хоёр хамгаалалт нь хоёр өөр утга агуулгатайг сайн ойлгож тэр чанарыг нь ашиглан ажиллах хэрэгтэй гэж бодож байгаа юм. Илтгэлийн хуудаснууд дотор байх нэг чухал зүйл бол болзошгүй болон өмнө асуугдсан асуулт тэдгээрийн хариултуудыг оруулж өгөх юм. Урьдчилсан хамгаалалтаар гишүүдийн асуусан асуулт, таны бодож байгаа ирж магадгүй гэсэн асуултуудыг жагсааж бүгдийнх нь хариултыг бичих хэрэгтэй. Ингэвэл яг асуугдсан асуултанд илтгэлийн хуудсаа ашиглан хариулах, илүү ойлгомжтой хариулт өгөхөд туслана. Илтгэлд тань тодорхой цаг хугацаа үлдсэн бол урьдчилсан хамгаалалтанд гүйцэт хариулт өгч чадаагүй асуултынхаа хариултыг өгч болно. Энэ асуултыг та асуусан гишүүн бүрт хариулт нь ийм байна гэх мэтээр тайлбарлаж өгөх хэрэгтэй. Ер нь илтгэлийн төгсгөл хэсэгт ирж болзошгүй асуултуудыг хариулттай нь бичиж бэлдсэн байдаг нь нийтлэг ажиглагддаг. Мөн шаардлагатай онолын хэсгийг илтгэлийн төгсгөлд лавлах байдлаар оруулж өгч болно. Заримдаа хамгаалуулах зөвлөлийн гишүүд онол томъёоны талаар асуудаг тул бэлтгэлтэй л байх хэрэгтэй. 
Асуулт болон хариултыг харуулсан жишээ. Хамгаалалтан дээр энэ асуулт ирвэл энэ хуудсаа харуулаад хариултаа өгнө. 

Асуултанд хариулах гэдэг нь нэг төрлийн чадвар юм. Хүн асуулт асуухад товч тэмдэглэл хийж авах хэрэгтэй. Нэг хүн хэд хэдэн асуулт асуух учир орхигдуулахгүй, мартахгүй байх ганц арга бол тэмдэглэж авах юм. Тэгээд эхлээд асуусан асуултаас эхлэн дараалуулан маш тодорхой шууд хариултуудыг өгөхийг хичээгээрэй. Хэрэв асуултанд шууд хариулт бууж ирэхгүй бол бодоодхоё гэж хэлээд хэсэг бодож байгаад хариулт өгч болно. Асуулт хариултыг илтгэлийн хуудас эсвэл эрдмийн ажлынхаа ноорогыг ашиглаж өгөх хэрэгтэй. Зүгээр хариултаа яриад өгчихвөл ойлгомжгүй, баталгаагүй, албан бус шинжтэй болно. Хамгаалалтын өрөө самбар энэ тэртэй бол тэрийг ашиглан зурж тэмдэглэн асуултан нь хариулт өгөх хэрэгтэй. Таны хариулт аль болох 100 хувь батлагдсан бөгөөд жинхэнэ байх хэрэгтэй. Та өөрийн хариултанд итгэлгүй байгаа бол би тэгж бодож байна, тийм байх болов уу гэх мэтээр хариулт өгч болно. Угаас шинжлэх ухаан, судалгааны асуултууд тодорхой судалгаа боловсруулалтын үр дүнд хариуллагддаг учир мэдэж байгаа, бодож байгаа бүхнээ л хэлнэ. Жинхэнэ хамгаалалтаар таньд ирж байгаа асуулт, санал зөвлөмж бүхнийг бичиж аваад, эрдмийн ажлын засвартай холбоотой санал хүсэлтүүдийг тусгаж ажиллах хэрэгтэй. 
Жинхэнэ хамгаалалтын өмнө таньд дор хаяж 7 хоногийн бэлтгэл хэрэгтэй. Бэлдсэн илтгэлийн хуудсууд дээрээ сайн ажиллаарай. Жинхэнэ хамгаалалтын хугацаа ихэвчлэн 30-40 минут, асуулт хариулт 20 мин, нийтдээ 1 цаг орчим байх учир илтгэлийн хуудсууд дээр хаана нь их цаг авах, хаана нь бага цаг авахаа тохируулах хэрэгтэй. Бэлтгэл хийхийн хажуугаар бусад хүмүүсийн хамгаалалтыг очиж үзэх, интернэтээр янз бүрийн сургуулиудыг хамгаалалтыг үзэж санаануудыг авч ашиглах хэрэгтэй. Өөрийн илтгэл тавьж байгаа хэсгээ бичиж авч түүнийгээ үзэж өөрийн алдаа дутагдлаа засаж сайжруулж болно. Ингээд санаа аваарай гээд өөрийн жинхэнэ хамгаалалтын бичлэгийг толилуулж байна.

Эрдмийн ажлаа засварлах

Жинхэнэ хамгаалалтын дараа 1 сарын хугацаанд докторын эрдмийн ажлаа засах хугацаа олдох байх. Гэхдээ сургууль тус бүрээс хамаарч өөр өөр байж болох учир хэзээ хамгийн сүүлд сургуульдаа эцсийн байдлаар эрдмийн ажлаа хүлээлгэж өгөх эсэхээ мэдсэн байх хэрэгтэй ба түүнтэйгээ уялдуулж эрдмийн ажлаа засна. Урьдчилсан болон жинхэнэ хамгаалалтын үеэрх хамгаалалтын зөвлөлийн болон удирдагч багшийн санал зөвлөмжийг эрдмийн ажилдаа тусгаж засварлах хэрэгтэй. Эрдмийн ажлыг засварлана гэдэг их хугацаа ордог ба хүнээс туслалцаа авахад илүүдэхгүй. Лабораторынхоо оюутнуудад өгч уншуулан санамсаргүй алдаануудаа олж засах нь чухал. Янз бүрийн үсгийн алдаа засдаг програмуудыг ашиглаж үг үсгийн алдаагаа засаарай. Докторын эрдмийн ажил уншигдахуйц, ойлгомжтой байх ёстой учир үг үсгийн болон дүрмийн алдаа байж болохгүй. 
Эрдмийн ажлаа дахин дахин уншиж утга зүйн, логикийн хувьд ойлгомжтой байгаа эсэхийг шалгаж зарим нэг шаардлагагүй өгүүлбэрүүдийг хасахад гэмгүй. Эрдмийн ажлаасаа ямар нэгэн алдаа олохгүй байвал 7 юмуу хэд хоног түр орхиод өөр зүйл хийж байгаад дахин шалгаж үзнэ. Алдаа мадаг заавал гарч л таарна. Эрдмийн ажилд нийтлэг гардаг дутагдлуудын тухай интернэтээс олж уншиж тэр алдаанууд байгаа эсэхийг шалгаарай. 
Эрдмийн ажлаа эцсийн байдлаар засварлаж байгаа бол удирдагч багшийнхаа саналыг эцсийн байдлаар авч эрдмийн ажлаа нэг шалгуулах хэрэгтэй. Энэ засварын дараа сургуулийн цахим агуулахад оруулахаар илгээх учир дахин засах боломж олдохгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Мөн таны эрдмийн ажил засагдсан энэ хэвээрээ хэвлэгдэн гарах болно. Санаа зовмоор алдаа эрдмийн ажилд үлдсэн бол насан туршдаа харамсах хэрэг гарна. Алдарт зохиолч Хэмингуэйн хэлсэн: Дотоод чимэглэл бус өгүүлбэрийн утга зүйн гоо нь жинхэнэ архитектур юм шүү гэсэн үг яг л тохирно доо. Тиймээс өгүүлбэр бүрийг, тэдгээрийн өөр хоорондоо холбогдох холбоог сайн болгоорой.
Докторын эрдмийн ажлаа онцлог дурсгалтай байлгахын тулд зарим нэг шинэлэг санаануудыг хэрэглээрэй. Миний хувьд хураангуй болон талархалын хэсэгт Монгол хэлээрээ бичсэн юм бий. Монголчууд гадаад оронд эрдмийн өндөр цол хамгаалахдаа Монголоороо юм бичдэггүй нь Монгол хэл дээрх шинжлэх ухааны мэдлэг удаан хөгжихийн нэг шалтгаан юм. Ядаж гадаад хэл сайн мэдэхгүй мөртлөө сурах хүсэл сонирхолтой залуус уг ажлын Монгол хураангуйг уншаад юуны тухай өгүүлж байгааг мэдэх боломжтой. Мөн Монгол хүн болж төрсөндөө бахархаж явах тэр сэтгэгдэлийг бусдад төрүүлэхийн тулд зарим нэг чухал хэсгүүдийг Монгол хэлээр бичиж байх нь зүйтэй. Үүнээс гадна график зургийн үр дүнгийн хажууд QR код байх ба уг кодууд нь вутүбэ сувагт байх хөдөлгөөнт зурагтай холбогдоно. Эрдмийн ажлыг уншиж байгаад ямар үр дүн гарсаныг өнөөх QR кодоо уншуулан үзэх боломжтой юм. 
Миний эрдмийн ажлыг эндээс уншаарай.
Application of macro and mesoscopic numerical models to hydraulic problems with solid substances

Докторын зэргээ гардан авах

Энэ тухай ч нээх зөвлөөд байх зүйл байхгүй ч дипломоо авахдаа духан дээрээ хүргэж хөдөлмөрийнхөө үр шимээс адис авахаа мартаваа.
Сургуулийн захирлаас дипломоо авч байгаа нь. Японд дипломоо авахдаа заавал бөхийж ёслох ёстой ба түүн дээр нь Монгол уламжлалаа нэмж адис авсан хэрэг. 

Идэвхитэй байх

Янз бүрийн академик хуудсууд өөрийн нэр дээрээ нээж, өөрийн хийсэн ажлаа сурталчлах ажлуудыг хийж интернэт орчинд идвэхитэй байх нь судлаач хүний нэг үүрэг юм. Судлаач хүн бол мэдлэг бусдад түгээхийн тулд мэдлэг үйлдвэрлэдэг юм. Тухайлбал судлаачидад дараах сайтуудад нэр нээж өөрийн судалгааны ажлаа сурталчилах хэрэгтэй.
- researchgate
- ORCID
- ResearcherId
- googlescholar
- academia
- facebook/twitter
- stack overflow
- github
- ask
- PhDtree
- quora
- reddit гэх мэт. 

Усны чиглэлээр сурах гэж буй оюутнуудад

Усны чиглэлээр гадаадад сурах боломж өргөн бий. Усны чиглэлийн судалгааны цар хүрээ маш өргөн бөгөөд одоо байгаа дэлхий дээрх судалгаа эрдэм шинжилгээний бааз хангалттай байгаа учир чадвартай хүн болгонд боломж өндөр байна. Ялангуяа усны чиглэл нь байгалийн ухаан, хүрээлэн буй орчны салбарт багтаж байгаа бол зарлагдаж байгаа тэтгэлэгнүүд элбэг бий. Усны барилгын салбарт идэвхитэй судлагдаж байгаа гол сэдвүүд нь:

  • Хагшаасны загварчлал
  • Үер, цунами, далайн эргийн давалгаа
  • Гадаргын ба газрын доорхи усны харилцаа холбоо
  • Голын голдиролын процесс, морфодинамикийн загварчлал
  • Гол мөрөн нуурын усны динамик, чанарын загварчлал
  • Усны зарим барилгын физик загварчлал, математик загварчлал
  • Экогидравлик, экогидрологи
  • Усны менежмент, эдийн засаг
  • Хур тунадас, уур амьсгалын загварчлал
  • Турбулент урсгал
  • Усны нөөц, газрын доорхи ус
  • Зайн тандан судлалын хэрэглээ
  • Боомт, усан сантай холбоотой судалгаанууд
  • Ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээний шинэчлэл, оновчлол
  • Ус цэвэрлэх шинэ техник технологи
  • Том мэдээний шинжилгээ
  • Зэрэгцээ тооцооллын технологиуд
  • Тооцон бодох гидравлик гэх мэт олон салбар байна. 

Нийт оюутнууддаа 

Их юм уншиж. сайн тунгаан бодож, эрдэм шинжилгээний ажлаа хугацаа тухайд нь сайн гүйцэтгэж сайн судлаач эрдэмтэн болоорой гэж ерөөж байна. Амжилт хүсье.

Доктор болсоны дараа

(Энэ хэсгийг доктороо төгссөний дараа ажиллаж байхад төрсөн бодлуудаасаа товчлон бичив.)
Доктор болсоноор эрдмийн оргилд хүрээд учир зүггүй сургааль айлдаж, зөвлөгөө өгдөг болно гэж ойлгож болохгүй. Доктор болно гэдэг бол эрдэм судлалын амьдралаар амьдрах эрхээ олж авлаа гэсэн үг. Энэ тухай саяхан Фэйсбүүк дээр:
PhD гэдэг хавтас чинь эрдмийн оргилд гарчлаа гэдгийн батламж биш судлаачийн түлхүүрээ гардаж авлаа, цаашаа эрдмийн хаалгаа онгойлгоод яваарай гэсэн гэрчилгээ ш дээ. PhD-нүүд эрдмийн ажил хийгүй бол улсын ШУ яаж урагшлахав дээ.
гэж бичиж байснаа санаж байна. Тиймээс та PhD яг хамгаалах даваан дээр, хамгаалсан шинэхэн доктор, аль дээр хамгаалсан архаг доктор бол судалгааны ажлаа тасралтгүй үргэлжүүлэхийг хичээгээрэй. Таны судалгаа нийгэмд болоод эдийн засагт шууд ба шууд бусаар нөлөөлнө. Таны судалгаа цэвэр мэдлэгийн шинж чанартай ч байж болно. Аль нь ч бай хэрэггүй судалгаа гэж үгүй тус та хичээгээрэй.
Монгол ихэнх докторууд докторын дараа судалгаагаа орхиж мөнгө хөөж, сургалтын хувьд удаашралтай болдог. Иймд улсаар дүүрэн хийсэн бүтээлгүй докторууд олширч байна. Бидний ажил томъёолоход хялбар хийхэд хэцүү. Ажлаа томъёолбол:
Судалгаа хийх --> Өгүүлэл бичих --> Хэвлүүлэх

Гэтэл дээрх гурван хялбархан үгнүүд маш их хөдөлмөр цаг хугацаа зарцуулдаг учир төлөөс нь өндөр байх хэрэгтэй. Судалгаа хийх орчин бүрдсэн байх шаардлагатай. Үүнийг бүрдүүлэхийн тулд та бид ажиллах л ёстой. 


Усны барилгын инженер, Доктор Б.Аюурзана



30 comments:

  1. bayar hurgie! Tevcheertei mundag baina!

    ReplyDelete
  2. Үнэн гоё нийтлэл бичжээ. Амжилт

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа. Таньд бас амжилт хүсье.

      Delete
  3. Сайхан нийтлэл байна. Докторт сурах эрмэлзэл төрчихлээ. Баярлалаа танд.

    ReplyDelete
  4. Estoi mundag. Ooriin turshlagaa ingej goy nariin delgerengui temdeglej oruulsand bayarlalaa

    ReplyDelete
  5. Сайхан өгөөжтэй нийтлэл байна. Баярлалаа. Цаашдын эрдэм судлалын ажилд нь арвин их амжилт хүсье

    ReplyDelete
  6. Wow, Сургуулиа амжилттай төгссөнд нь юуун түрүүнд баяр хүргэе^!^ Тэгээд маш их ажлын хажуугаар нойр хоолоо хагаслан байж бусдад тус ийнхүү хүргэдэгт нь үнэхээр баярлаж байна. Дөнгөж, сайн мэдэхгүй салбартаа магистрт сурах гэж ирсэн надад таны нийтлэлүүд маш их нэмэр, урам болж байгаа шүү! Өөрийг чинь үлгэрлэн чанартай судлаач болох гээд үзнэ ээ. Монголд тань шиг СУДЛААЧ БАГШ нар олон болох болтугай=D Дараа дараагийн судалгаа, шинжилгээнд нь амжилт хүсье!

    ReplyDelete
  7. Баярлалаа, таныг ийм сайхан блог хөтөлдөгт талархдаг шүү.

    ReplyDelete
  8. Сайн байна уу?

    Юун түрүүнд таньд докторын зэргээ амжилттай хамгаалсанд баяр хүргэе!
    Мөн бусад судлаач нартаа өөрийн мэдсэн сурсан бүх зүйлээ зөвлөн тусалж байгаад маш их баярлалаа.

    Миний хувьд, би мастерынхаа зэргийг хамгаалаад жил болж байгаа ба цаашид үргэлжлүүлэн судлаач болох хүсэлтэй юм л даа. Таниас нэг зүйл дээр зөвлөгөө авах гэсэн юм. юу вэ гэхээр:

    - Профессортой анх удаа ярилцлаганд ороход урьдчилаад юун дээр анхаарах хэрэгтэй вэ
    - Ярилцлагыг хэрхэн амжилттай болгох тал дээр
    - Мөн тэтгэлэгтэй холбоотой асуудлыг хэдийд ярих вэ
    зэрэг зүйл дээр өөрийн үнэтэй зөвлөгөөгөө өгнө гэдэгт итгэж байна.

    Баярлалаа.

    ReplyDelete
    Replies
    1. Сайн уу. Профессортойгоо ярих яриануудаа урьдчилан сайн бэлдэх хэрэгтэй. Тэгээд яг ярилцлагын үеээр байдал төлөвлөсөнөөс өөрөөр явах байх. Гэхдээ аль болох өөрийн хүсэл эрмэлзлэл, зорилго энэ тэрээ сайн ойлгуулж өөрийгөө мэдрүүлэх тал дээр ажилларай. Ярилцлага бол энгийн байх тусмаа л гоё болох байх. Анхны сэтгэгдэлд нь л сайн юм үлдээгээрэй гэж хэлэх байна. Тэтгэлэгний тухай профессортойгоо ярилцаад үзэх хэрэгтэй. Янз бүрийн тэтгэлэгний боломжууд их бий. Өөрийн тань судлаачийн чанар, бүтээл сайн бол тэтгэлэг олдох байхаа.

      Delete
  9. Санхүүжилт / Хөрөнгө оруулалт ба хувийн зээл


    Зээлийн үйлчилгээ нь хувь хүний хооронд санал болгодог
    Та зээл, зээл (хэрэглэгчид, гэрийн сайжруулалт, үл хөдлөх хөрөнгө, бизнес гэх мэт) хайж байна. Бид та бүхэнд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг жилийн 2 хувийн өрсөлдөх хүүний түвшинд зарчмын тохиролцоонд оруулна. 48 цагийн дотор нотариатын гэрээний түлхүүрийг баталгаажуулсан байна. И-мэйлээр надад шууд холбоо барина уу: financiranju382@gmail.com

    ReplyDelete
  10. Sain bn uu? Mash heregtei medelel huvaaltssand bayarlalaa. Doctort surhiinhaa hajuugaaar tsagiin ajil hiih ni her tohiromjtoi ve bayarlalaa.

    ReplyDelete
    Replies
    1. Цагийн ажил хийвэл сурах хугацаа л уртасах байх. Түүнээс бол болохгүй юм байхгүй байх. Анхаарал хэт төвлөрөхгүй бол судалгааны ажил сайн явахгүй байх талтай.

      Delete
  11. Bayarlalaa, mash saikhan zovolgoo bailaa.

    ReplyDelete
  12. Маш их баярлалаа. Ямар агуу сэтгэл вэ? Чин сэтгэлээсээ бичсэн нь өгүүлбэр бүрээс нь ажиглагдах шиг болж байна. Нуулгүй хэлэхэд Монгол хэл дээрээ таны тууривсан шиг дэлгэрэнгүй, тодорхой зөвлөмж мэдээллийг урьд нь уншиж байгаагүй юм байна. Ажилд нь өндөр амжилт хүсье. Дипломоо амжилттай, сайн бичээд, сайн хамгаална. Зөндөө урам авлаа.

    ReplyDelete
  13. Sain bnu? reference herhen hiij baij turshlagasaa huvaaltsanuu bayrlalaa

    ReplyDelete
    Replies
    1. MS Word ашигладаг бол Reference - Insert citation ашиглах хэрэгтэй. Эсвэл Zotero, EndNote, Mendeley ашиглаж болно. Энэ талаар нэг бичлэг хийсэн. Сонирхоорой. https://www.youtube.com/watch?v=08snQEIovdQ&t=2437s

      Delete
  14. Маш гоё өгүүлэл болжээ! Энэ блогийг тууштай хөтөлдөгт баярлалаа!!

    ReplyDelete
  15. Olon oyutan sudlaachdad heregtei unetei zovlogoo ogsond mash ih bayarlalaa.

    ReplyDelete
  16. Iim blogiig ert medej bhgui yasan yum boloo gej bodoj suuna. uneheer setgel shingeej bichjee. Bayarlalaa

    ReplyDelete
  17. Баярлалаа. Маш их сэтгэл гаргажээ.

    ReplyDelete
  18. Докторын хамгаалалтын явцыг нэг бүрчлэн ойлгомжтой тайлбарласан танд баярлалаа. Судалгааны салбарт минь чанартай удирдагч олдохгүй байгаа тохиолдолд хэрхэн удирдагчаа сонгох вэ?

    ReplyDelete