Wednesday, August 23, 2023

Зам талбайн борооны ус зайлуулах системийн шийдэл ба төлөвлөлт /Plan and design of the Urban storm water drainage system/

Зам талбайн борооны ус зайлуулах системийн шийдэл ба төлөвлөлт

Б.Аюурзана – ШУТИС, Барилга, Архитектурын сургуулийн ахлах багш, инженерийн ухааны доктор PhD

Г.Батзориг – Гидродизайн Инноваци ХХК-ийн ерөнхий захирал, Монгол улсын мэргэшсэн инженер

Удиртгал

Энэхүү нийтлэл нь Барилга МН сэтгүүлийн 2021 оны 07 сар №134 дугаарын 43-50-р хуудсанд хэвлэгдсэн “Зам, талбайн борооны ус зайлуулах шийдэл, төлөвлөлтийн асуудлууд” гэсэн нийтлэлийн үргэлжлэл юм. Энэхүү нийтлэл нь зам, талбайн борооны ус зайлуулах техникийн шийдлүүд, тэдгээрийн инженерийн төлөвлөлт, тооцооны асуудлуудыг агуулна.

Зам, талбайн борооны ус зайлуулах зарчим

Ус зайлуулах системийн (үүнд үерийн ус, дээврийн ус, зам, талбайн ус зайлуулах асуудлууд багтана) төлөвлөлтийн үндсэн гурван практик зарчим бий. Үүнд:

  • Тухайн талбай ямарч борооны үед усанд автдаггүй байх;
  • Тухайн талбайгаас зайлуулах ус нь хөрш зэргэлдээ талбайг усанд автуулдаггүй байх;
  • Тухайн талбайн усыг найдвартай, аюулгүй зайлуулдаг байх гэсэн зарчмууд бий.

Энэ гурван зарчмыг зам, талбай төлөвлөхдөө сайтар анхаарах хэрэгтэй. Эхний зарчим нь тухайн талбайн зэрэглэл, өмчийн төрөл, аюулгүй байдал гэх мэт олон хүчин зүйлээс хамаарч тооцоот хангамжтай хур тунадас сонгох, түүнээс бий болох усны хэмжээг тооцоолох үндэслэлийг бий болгоно.

Харин хоёрдугаар зарчим нь аюулгүй зайлуулах, системийн нэгдсэн байх үндэслэл болдог бол сүүлийн зарчим нь зам, талбайн борооны ус зайлуулах системийн техникийн тохирсон шийдлийг гаргах нөхцөлийг бий болгоно. Зам талбайн борооны ус зайлуулах систем нь зөвхөн тухайн зам, талбайн усыг зайлуулах биш ойролцоо барилгуудын дээврээс, ногоон байгууламжаас, явган зам талбайгаас ирэх усыг зайлуулах нөхцөлтэй байх бөгөөд усыг байгальд (гол, жалга, цөөрөм, үерийн суваг г.м эзэмшил, суурьшлын бус) нийлүүлэх гаргалгаа буюу төгсгөлтэй байх хэрэгтэй. Олон улсын практикт хот, суурин газраас зайлуулах усны чанар муу, бохидолтой байх учир байгаль орчинд сөрөг нөлөөгүй чанарын болон тоо хэмжээний стандартын дагуу цэвэрлэж байгальд нийлүүлдэг. Манайд “MNS 4943 : 2015 Хүрээлэн байгаа орчин. Усны чанар. Хаягдал ус. Ерөнхий шаардлага”-ын дагуу нийлүүлэхээр төлөвлөвөл хараахан биелэдэггүй сүүлчийн зарчим хангагдаж олон улсын жишигт хүрэх нь тэр.



Tuesday, August 22, 2023

Зам, талбай бол усны барилга байгууламж биш /Roads are not storm drainage system/

Зам, талбайн борооны ус зайлуулах шийдэл, төлөвлөлтийн асуудлууд

Б.Аюурзана – ШУТИС, Барилга, Архитектурын сургуулийн ахлах багш, инженерийн ухааны доктор PhD

Г.Батзориг – Гидродизайн Инноваци ХХК-ийн ерөнхий захирал, Монгол улсын мэргэшсэн инженер

Уг нийтлэл нь Барилга.мн сэтгүүлийн 135 дахь дугаарт анх хэвлэгдсэн болно.

Хотын ус судлал (Urban hydrology)

Байгаль дээрх усны эргэлтийн үйл явцыг чухамдаа ус зүйн салбар шинжлэх ухаанаар судалдаг. Усны эргэлтийн үйл явцад хур тунадас орох, орсон хур тунадас уурших, хөрсөнд шингэх, ургамалд ашиглагдах, гадаргуугийн шууд урсац болж урсан өнгөрөх зэрэг үйл явцууд хамаарагдана. Хот байгуулж, суурьшлын бүс бий болгож эхэлснээр байгаль дээрх усны эргэлтийн үйл явц эрс өөрчлөгддөг. 1960 – аад оны үеэс хот суурин газрын усны эргэлтийн талаар шинжлэх ухааны ул суурьтай судалгаа эхэлж хотын ус судлалын талаарх мэдлэг, туршлагууд системтэйгээр хуримтлагдаж эхэлжээ. Эдгээр мэдлэг туршлагад үндэслэн зам талбайн борооны усыг байгаль орчинд нөлөөгүй байхаар зайлуулах ажлуудыг хийж гүйцэтгэж байна.

Ус судлалын хувьд гадаргууг ус шингээх байдлаар нь ус шингээх (pervious) болон ус үл шингээх (impervious) гадаргуу гэж авч үзнэ. Ус шингээх гадаргууд ургамалан бүрхэвчтэй болон бүрхэвчгүй хөрс, тагтаршаагүй хөрс, зарим сийрэг материалууд орох бол ус үл нэвтрүүлэх гадаргууд хад, цардмал зам талбай, барилгын дээвэр зэрэг орно. Хот суурин байгуулаад ирэхэд ус шингээх болон ус үл шингээх гадаргуунуудын харьцаа өөрчлөгдөж орсон хур тунадасны ус хуваарилагдах үйл явц эрс өөрчлөгддөг байна. Өмнө хийгдсэн судалгааны үр дүнд үндэслэн орсон хур тунадасны хуваарилагдах зүй тогтлыг ус үл нэвтрүүлэх талбайн хувиас хэрхэн хамаарахыг гаргасан байна (Зураг 1).

Зураг 1. Байгалийн болон хот, суурин газрын ус зүйн онцлогууд (Эх сурвалж: US EPA)