Tuesday, October 12, 2021

Судлагдсан байдлын тоймд зориулан эрдэм шинжилгээний өгүүлэл унших туршлага /Tips for paper reading for literature review/

Өгүүлэл унших туршлага

Эрдэм шинжилгээ, судалгааны ажил нь давтагдаагүй шинэ мэдлэг, туршлага, арга, аргачлал, үр дүн, дүгнэлтийг бий болгох зорилготой байдаг. Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын төгсгөлд уг ажлаас гарсан үр дүнг эрдэм шинжилгээний өгүүлэл эсвэл тайлан хэлбэрээр хэвлэн уншигчдад хүргэдэг. Эрдэм шинжилгээний өгүүлэл эсвэл тайлан нь нэг судалгааны төгсгөл бас өөр нэг судалгааны эхлэл болдог. 

Мөн давтагдаагүй судалгаа хийхийн тулд тухайн сэдвээр өмнө судлагдсан бүх зүйлсийг олж мэдэж яг аль хэсэг эсвэл ямар зүйл орхигдсон бэ гэдгийг олж тодорхойлох шаардлагатай. Иймд судлагдсан байдлын тойм буюу Literature Review гэдэг ажил хийгддэг бөгөөд энэ ажлын үндсэн зорилгууд нь

  • Мэдлэгийн цоорхойг тодорхойлох
  • бий болсон мэдлэг, үр дүнгүүдийг цаг хугацааны болон учир шалтгааны логик дараалалд оруулах 
явдалууд юм. 
Судлагдсан байдлын тойм хийхийн тулд өмнө хэвлэгдсэн хамаарал бүхий маш их өгүүлэл, тайлангуудыг унших хэрэгтэй болно. Харин хаанаас яаж эхлэх вэ? аль аль өгүүллийг унших вэ? Бүх өгүүллийг унших ёстой юу? Хэзээ энэ бүх уншлагуудаа дуусгавар болгох вэ? Ямар мэдээлэл хайх вэ? Яаж судлагдсан байдлын тойм бичих вэ? гэх мэт түмэн асуудал бий. Зарим хүмүүс хялбараар хүлээж авдаг байж магадгүй. Гэхдээ өмнө судлагдсан зүйлсийг орхиж эсвэл үл тоон /санаатайгаар эсвэл уншаагүй бол санамсаргүй/ судалгаа хийвэл судалгааг давтсан болж таны цаг хугацаа, тухайн салбарт нэр хүнд унах магадлалтай. Яагаад гэвэл судалгааг давтах (гэдэг нь арга аргачлал болон гарсан үр дүн яг адил байх тухай ярьж байгаа шүү) нь судлаачийн ёс зүйд хориглосон зүйлүүдийн нэг юм. Ингээд өгүүлэл унших талаар өөрийн туршлагаа хуваалцая. 
Эх сурвалж: https://libguides.reading.ac.uk/food-research-project/literature-review


Мундаг судлаачид өөрсдийн гэсэн арга барилтай байдаг. Залуу судлаачид бол тэдгээрээс санаа авч өөрийн гэсэн арга барилаа хөгжүүлдэг. Тэр нь нийтлэг судлаачидад хялбархан тохирч магадгүй, тохирохгүй ч байж магадгүй. Миний энэ туршлага бол миний хувьд хамгийн боломжийн судлагдсан байдлын тойм хийх арга гэж бодно. Бусад хүнд ядаргаатай, ажилбартай санагдах эсэхийг үгүйсгэхгүй. Тиймээс санал бодлоо сэтгэгдэл байдлаар үлдээж дараа дараагийн уншигчдад тус болоорой гэж хүсье. 
Судалгаа эхлэхийн өмнө судлаач бүрд таамаг "яагаад" гэдэг асуултууд байдаг. Яагаад таамаг гэж байгаа вэ гэхээр судлаач тухайн сэдвийн талаар нарийн мэдэхгүй боловч тухайн сэдвийг шинэлэг, тэнд ямар нэгэн судлууштай зүйл байгаа гэдгийг мэдрээд байгааг хэлж байгаа юм. Тухайлбал миний хувьд энэ удаад автозамын далан үерийн усанд эвдэгдээд байгаа учир шалтгааныг судлах нь чухал, энэ талаар дорвитой судалгаа хийгдээгүй байх, хийчихвэл сайжруулах инженерийн арга хэмжээ авах боломжтой болно гэсэн таамаг байгаад байгаа юм. 
Судлагдсан байдлын тойм хийхэд дараах хэдэн алхамууд байна. Үүнд:
  • Судалгааны материалууд олох
  • Унших, тэмдэглэл хийх
  • Олсон мэдлэг, цуглуулсан мэдээллээ шинжлэх
  • Судалгааны асуултаа тодорхойлох буюу мэдлэгийн цоорхой энэ байнаа гээд гаргах
  • Судлагдсан байдлын тойм бичих
Дээрх алхамууд бол бараг бүх судлаач л хийдэг байх. Алхам бүрийг яаж хийдэг эсэх нь тухайн хүний туршлага, арга барил гэж хэлж болно.
Миний хувьд судлагдсан байдлын тоймд хэрэгтэй судалгааны материал олоход дараах стратегийг баримтлах нь цаг хугацаа хожно, бас гол шугамаасаа салахгүй байхад тустай гэж үзсэн. 
Судлагдсан байдлын тоймд чухал хэрэгтэй эх сурвалжууд олох, унших стратеги

Дээрх зургийн дагуу бол:
  1. Эхлээд маш зөв түлхүүр үгээр дурын хайлтыг Google Scholar, Web of Science Core Collection, Scopus, Dimensions ч юм уу ШУ хайлтын сайтуудаас хайна. Дээрхээс өөр маш олон хайлтын системүүд байгааг эндээс хараарай. 
  2. Олж үзсэн өгүүллүүдийн Гарчиг сонирхол татаж байвал, хураангуйг гялс гүйлгэж үзнэ. Давхар бас өөрийн санаархаж байгаа сэтгүүлд хэвлэгдсэн байгаа эсэхийг анхаараад явчихна. Хураангуй болж байвал бюу сэдэвтэй хамаарч байвал татаж авна. Гарчиг, Хураангуй таарахгүй бол орхино. За ингээд цаг хугацааны хувьд өргөн хүрээнд олон өгүүлэл олно. Тэдгээрээс тухайн сэдвийн дагуу бичигдсэн хамгийн сүүлийн үеийн тойм өгүүллийг (review paper) олж авах хэрэгтэй. За энэ бол маш чухал өгүүлэл. Бусад өгүүллийг нь хамааралтай өгүүллүүд гэсэн жагсаалтад оруулаад хадгалсан байна. 
  3. Хамгийн сүүлд бичигдсэн уг тойм өгүүллийн ном зүй хэсгээс маш чухал эх сурвалжуудыг толгой дараалан олох болно. Тэдгээр дунд хамгийн анхны өгүүлэл, хуучин тойм өгүүлэл, саяханы буюу өмнөх тойм өгүүлэл, сүүлд хийгдсэн маш чухал ажлууд иржийгээд байж байх нь тэр. Тэр дундаас дээрх зурагт үзүүлсэн 3. Хуучин тойм өгүүлэл, 4. Саяханы тойм өгүүлэл, 5. Бусад чухал өгүүллүүдийг татан авч байршуулсан байна. Тэгэнгүүт 4. Саяханы тойм өгүүллийг сонгож аваад Google Scholar эсвэл sCite_, эсвэл эшлэл үзүүлэх чадвартай хайлтын системийн тусламтай уг өгүүлэл хэвлэгдсэнээсээ хойш ямар ямар өгүүллүүдэд эшлэгдсэн байна вэ гэдгийг хайж олоод гарчиг, хураангуй, дүгнэлтээр нь шүүгээд хэрэгтэйг нь аваад, хэрэггүйг нь орхиод явна. Ингээд бий болсон өгүүллийн санг 6. Тухайн сэдвээр бичигдсэн сүүлийн үеийн өгүүллүүд гэнэ. Энэ дотор манай нөгөө 1. Хамгийн сүүлийн тойм өгүүлэл бас байх нь гарцаагүй. 
  4. Өгүүллээс өгүүлэлрүү шилжих энэ үйл явц яг нь мөрдөн байцаагч хэрэг илрүүлэхтэй адил - за за мөрдөн байцаагч яг юу хийдгийг амьдрал дээр мэдэх биш. Зүгээр төсөөлбөл ийм санагдана. Дээрх төрлийн өгүүллүүдээс л судалгааны асуулт, сэдэв, мэдлэгийн цоорхойгоо гаргана даа. 4, 5, 6, 1 -д байгаа өгүүллүүдийг бүгдийг нь уншаад авах зүйлсээ системтэйгээр аваад ойлгоод ирэхлээр аяндаа энэ зүйл, эсвэл энэ хэсэг үнэхээр мэдэгдэхгүй, эсвэл хүмүүс орхисон байна гэдгийг тодорхой болгож чадна. 
  5. За мэдлэгийн цоорхой буюу бидний судлах эсвэл ажиллах сэдэв тодорхой болсон гэж үзээд судлагдсан байдлын тойм бичихээр болъё. Энэ тохиолдолд дээрх зургийн дагуу Сэдвийн тухай ерөнхий мэдлэг, онол, арга, аргачлал, үзэгдлийн талаарх мэдээллийг 2,3,4-р төрлийн өгүүллүүд өгнө. Тэдгээрийг сайхан системтэйгээр судлагдсан байдлын тоймны эхэн хэсэг энэ нь ийм учиртай, энийг ингэж нэрлэдэг, ийм үзэгдэлээ, ийм юманд хэрэгтэй, тэр тэдэн онд анх тэгсэн, түүний дараа тэр нь тийм аргаар тэгсэн, тэгж байтал тэр тийм юм дэвшүүлсэн гээд түүхэрхүү зүйл л бичигдэнэ. Дараа нь сүүлийн үед эвсэл тухайн сэдвээр нэлээд чухал ажлуудыг дурдана. Мөн өөрийн тань сэдвийн хувьд чухал нээлтүүд, үр дүнг агуулсан ажлуудыг логик дарааллаар нь дурдана. Эдгээрийг 1,2,3,4,5-р бүлэг өгүүлүүд бий болгоно. Маш их мэдээллийг цэгцлэх найруулах нь байна л даа. Заримдаа тийм ч хэцүү биш байж болно. За ингээд уншигчийн анхаарлыг өөрийн сэдэврүү аажмаар татаад ирмэгцээ май энэ зүйлийг судлахгүй бол болохгүй болжээ, энэ ерөөсөө судлагдаагүй байна, эсвэл тийм тийм оролдлого хийгдсэн ч үүнийг гаргаагүй байнаа гээд л мэдлэгийн цоорхой буюу судалгааны сэдэвээ танилцуулна. Үүнийг мэдээж 1, 4, 5, 6-р төрлийн өгүүллүүдээс гаргаж ирнэ.
Заримдаа боддог юм. Монголд яг эрдэм шинжилгээний соёл бүрэн нутагшаагүй юм байна. Маш энгийнээр хэлбэл судлаач гэдэг бол судалгаа хийгээд олсон мэдлэгээ түмэнд түгээдэг хүн. Түгээхдээ эрдэм шинжилгээний баримт бичиг буюу өгүүлэл, тайлангаар, дараа нь лекц, семинар гэх мэтээр түгээнээ. Энэ энгийн мэт үйл ажиллагаа маш нарийн соёл, арга, аргачлалын дагуу хийгддэг юм байна. Үүнийг үе дараасан сургаснаар соёл нутагших байх. Энэ нарийн логиктой үйл ажиллагааг яаж сурах вэ гээд л.....
Маш олон өгүүлэл олж хадгалаад түүнийг системчлэх, шинжлэх, дахин мэдээлэл авах, дараа нь судлагдсан байдлын тоймдоо ашиглах гээд л файлуудтай ажиллах хэрэг болно. Үүнийг хялбарчлах үүднээс янз бүрийн номын сангийн менежментийн программ хангамжуудыг зохиогоод ашигладаг байна. Хамгийн түгээмэл нь Mendeley, Zotero, End Note, JabRef гэх мэт байна. Би Mendeley -г дээрх стратегидаа ашиглаж үзлээ (ШУТИС, Нээлттэй боловсролын төвийн багш нарын судалгааны чадавхийг дээшлүүлэх сургалтын дараа ер нь ашиглая гэж шийдсэн). Өмнө нь файлуудаа төрлөөр нь хавтаслаж хадгалаад MS Word -ийн өөрийнх нь Master List-ийг ашигладаг байсан. 
Өгүүлэл олж авах, хадгалах, ангилах, нарийвчлан уншихдаа Mendeley-г ашиглахад боломжийн юм. Дараах зурагт үндэслэн тайлбарлая.
Менделейгийн үндсэн цонх. Ком дээрх нь энэ. Вебд суурилсан нь бий. Хоорондоо шууд мэдээллээ солилцоно.
Өгүүллүүдээ олоод хавтаслаж хадгалсаны дараа Менделей програмруугаа татаад оруулаад ирнэ. DOI дугаар нь байвал Lookup хийхэд шаардлагатай мэдээллийн талбарууд бүгд бөглөгдчихнө. Өгүүллийг pdf - ээс дуудаж оруулсан бол тэр нь холбоотой байгаа учир шууд pdf ээ нээгээд ажиллаж болно. Дээрх стратегид хэрэгтэй зүйлсийг Менделейд яаж хийх вэ гэхээр Notes гэсэн хэсэгт тухайн өгүүллээс ямар мэдээллүүдийг шүүж авах хэрэгтэй байгаагаа тэмдэглэж авах боломжтой. үүнийгээ дараа нь эксэлрүү оруулаад шинжилгээ хийж болно, судлагдсан байдлын тоймоо бичихдээ дахин харж тухайн өгүүллийн тухай ойлголтуудаа сэргээнэ. Миний хувьд сэдвийн дагуу дараах мэдээллүүдийг өгүүллээс мэдэх нь чухал байв. Тухайлбал
  • Онцлог - тухайн өгүүллийн яг юу нь онцгой санагдсан, ямар сэдвийн дагуу хийгдсэн тухай тэмдэглэнэ. 
  • Судалгаа хийх үндэслэл - Яагаад энэ судалгаа хийх болсон эсвэл судалгааны асуулт, таамаг нь юу байсаныг тэмдэглэнэ. 
  • Арга: Физик туршилт - ямар физик туршилт хийж, ямар зүйлсийг судалсан тухай мэдээлэл
  • Арга: Тоон загвар - ямар тоон загвар бүтээж, ямар зүйлсийг судалсан тухай
  • Гол үр дүн - судалгаа хийгээд яг ямар үр дүнг гаргасан тухай тэмдэглэнэ. 
  • Дүгнэлт - Юу гэж дүгнэсэн тухай бичнэ. 
  • Цаашдын судалгаа - Цаашид юу юу судлана, эсвэл ямар хязгаарлалтууд, дутагдалтай талууд байгаа талаар тэмдэглэнэ. 
  • Гол эх сурвалж - Энэ өгүүлэлд олон удаа ашиглагдсан маш чухал өгүүллийг хайж олох
Дээрх мэдээллийг тэр Notes гэсэн хэсэгт тухайн өгүүллийг уншиж байхдаа бөглөнө. Чухал хэсгүүд, өөр тэмдэглэх хэсгүүдээ өгүүлэл дээрээ өнгөөр ялгаж, тэмдэглэх боломжтой. Дээрхээс гадна тухайн өгүүллийг уншиж байхдаа зурс гээд орж ирсэн чухал санаа, тухайн өгүүллээс ойлгохгүй, ойлгомжгүй байгаа зүйлсийг тэмдэглээд авах хэрэгтэй. 
За ингээд дуусашгүй мэт олон өгүүллээ уншиж дуусгаад /ер нь дээрх стратегиэр өгүүллүүдээ уншаад дууссан бол зоригтойгоор уншлагаа дуусгаад цааш явсан нь дээр. Тэгэхгүй бол уншлага дуусахгүй, ШУ-ны өгүүллийн задгай далай бол улам л задгай болж байна/ шинжилгээгээ хийж эхэлнэ дээ. Шинжилгээ хийхдээ өөрийн таамаглаж байгаа сэвдээ жанжин шугам болгоод түүний аль аль хэсгийг аль аль өгүүлэл хийж, аль хэсгийг хийгээгүй байгааг илрүүлэх байдлаар хийнэ.
Менделейд цуглуулсан мэдээллийг эксэлрүү оруулсан байдал. Энд том зургаар харж шинжилгээ хийх боломжтой. 

Мэдээллүүдээ цуглуулаад нэг эксэлийн дэлгэц дээр бөөгнүүлээд том зургаар харахад за энэ л миний судлах ёстой сэдэв байна даа гэдэг нь тодорхой болно. уг сэдэв таны өмнө бодсоноос өөр байж болно. Ягаад гэвэл та одоо тухайн сэдвээр нэлээд ул суурьтай мэдлэгтэй, юу хаана нь яаж орхигдсоныг бараг гадарладаг болсон байгаа. 
За нэг иймэрхүү л юм болж байна даа. Танд ямар туршлага байна вэ? Хуваалцаарай. 

Усны барилгын инженер, Доктор Б.Аюурзана



1 comment:

  1. Bayarlalaa, mash avuushtai oilgomjtoi tailbarlaj bichjee.

    ReplyDelete