Thursday, May 1, 2014

Усны барилга байгууламжид голын гулдрилын өөрчлөлт, хагшаасны нөлөөлөх байдал

Усны барилга байгууламжид голын гулдрилын өөрчлөлт, хагшаасны нөлөөлөх байдал


Базарсадын Сэнжим
ШУА, Геоэкологийн хүрээлэн

Хураангуй - Өнгөрсөн хугацаанд услалтын системийн зориулалтаар барьсан олон арван гидротехникийн барилга байгууламжууд янз бүрийн шалтгаанаар бүрэн хүчин чадлаар ажиллах боломжгүй болох, эвдэрч, гэмтэн зарим нь ашиглалтаас гарч байна. Ялангуяа услалтын системийн ус татах барилга байгууламж, боомт, усан сан зэрэг болно.
Голын гулдрилын өөрчлөлт, хатуу урсац буюу хагшаасны зөөгдөл, хуримтлал зэргээс ус татах толгойн барилгын хэвийн ажиллагаа алдагдаж, усалгаа тасалдахад хүрсэн олон тохиолдлууд бий.  Иймд Говь-Алтай аймгийн Халиун сумын Ёлтон, Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан, Сэлэнгэ аймгийн Цагаантолгой, Хаяа гийн услалтын системийн боомт бүхий усан сангуудыг зэрэг хэдэн услалтын системүүдийн барилга байгууламжын ажиллагаа доголдоход хүргэсэн үндсэн хүчин зүйлсийг илрүүлж, цаашид гидротехникийн барилга байгууламжийн зураг төсөл боловсруулахад анхаарах асуудлуудаас гадна хэвийн ажиллаж буй зарим услалтын системийн талаар товч дурдав.

Түлхүүр үг

Услалтын систем, урсац, хөндлүүр,        
  

Оршил

Голын урсгалын хүч, угаагдал, хуримтлалын үйл явцын нөлөөгөөр гулдрил байнга өөрчлөгддөж, гулдрилын нэг хэв шинжээс нөгөө шинжид шилжих үзэгдэл бүс нутгийн онцлог, уур амьсгал, геологи, газарзүйн нөхцөл, ус зүйн горим зэргээс хамааран орон зайн болон цаг хугацааны янз бүрийн үе шаттай явагддаг байна. Голын гулдрилын өөрчлөлт, үер усны урсгалын нөлөө, гулдрилын хэсгийн угаагдал хуримтлалын үйл явцын улмаасголоос ус татах гидротехникийн барилга байгууламж руу ус орохгүй болох, эсвэл барилгын суурь, эрэг угаагдаж эвдэрч, гэмтэн бат бэх байдал алдагдах зэрэг сөрөг үр дагаврууд гардаг байна.
Аливаа барилга байгууламжийн хүчин чадлыг бууруулдаг, тэр ч бүү хэл тухайн байгууламжийг ашиглах боломжгүй хаягдахад хүргэдэг нэг хүчин зүйл нь лаг хагшаасны хуримтлал юм. Голуудын хагшаасны өнгөрөлтийн мэдээ нь усан сан, усан цахилгаан станц, услалтын суваг, зам гүүр зэрэг усны барилга байгууламжийн тооцоо хийх, төсөл зохиох, тухайн гол нуурын усны горимыг зөв үнэлж, түүний жигд, найдвартай ажиллагааг хангахад чухал ач холбогдолтой. 
Гол дээр баригдах аливаа гидротехникийн барилга байгууламжийн /ус татах барилга/ зураг төслийг боловсруулахдаа төлөвлөж буй байгууламжийг төслийн бүрэн хүчин чадлаар аль болох урт удаан хугацааны турш тасалдалгүй хэвийн ажиллагааг хангах бат бэх, найдвартай чадахуйц байршил, төрөл, хийцийн хамгийн зохистой хувилбарыг сонгох явдал юм. Үүний тулд тухайн голын гулдрилын шинж, төлөв байдал, тогтворжилт зэргийг урьдчилан нарийвчлан судлах шаардлага тавигддаг. Тухайн голын төрөл, хэлбэрзүйн үндсэн онцлог хэв шинж, төлөв, ус зүй, түүний горим /усны өнгөрөлт, урсгалын хурд, гүн, өргөн, хагшаас, хэвгий, их бага урсац гм/, геологийн тогтоц, мөн тооцоот ус хэрэглээ гэх зэрэг олон зүйлээс хамааруулан ус татах барилгын төрөл, хийц, хэмжээг тодорхойлно.

Голын гулдрилын өөрчлөлт ба гидротехникийн барилга байгууламж

Говь-Алтай аймгийн Халиун сумын Ёлтонгийн услалтын системийн толгойн барилга /1980-аад онд/, Сэлэнгэ аймгийн Цагаан Толгой /1985/, ус татах барилга байгууламжийн хэвийн ажиллагаа алдагдсанаас усалгаа тасалдахад хүрч байсан.
Тухайн обьектын зураг төслийг боловсруулах, эхний хайгуул судалгааны ажлын явцад цаг уурын болон ус зүйн олон жилийн ажиглалтын мэдээ материал хомс, мөн урьдчилан тогтоох боломжгүй, дэлхийн нийтийг хамарсан уур амьсгалын хуурайшилт, хүний үйл ажиллагааны улмаас ургамлын бүрхэвч талхлагдан багасах, тэдгээртэй холбогдон гарах дам үзэгдэл буюу голын усан дахь хагшаасны агууламж нэмэгдэх, гулдрилын эрчимтэй өөрчлөлт зэргийг урьдчилан нарийвчлан тодорхойлох боломжгүй байсан.    
Ёлтонгийн услалтын систем. Голын гулдрил өөрчлөгдөн шилжсэнээс Говь-Алтай аймгийн Халиун сумын Ёлтонгийн услалтын системийн ус татах толгойн барилга болох дөхүүлэх сувагт ус орохгүй болсноор усалгаа тасалдахад хүрсэн /Зураг 1/. Усны эх үүсвэр болох Уст-Чацрангийн гол нь унал ихтэй, уулын түргэн урсгалтай, гулдрил нь байнга өөрчлөгддөг, хайр хайрган ёроолын хурдастай, тогтворгүй гулдрилтай. Голын гулдрилын ёроолын хурдас, чулуулга үерийн /хур бороо болон шар усны/ хүчтэй турбулент урсгалаар зөөгдөн гулдрил өөрчлөгдөн шилждэг /Хүснэгт 1/. Иймээс уг ус татах дөхүүлэх сувгийн ус орох хэсгийн гулдрил байнга өөрчлөгддөг тул зарим жил дөхүүлэх суваг руу ус орж ирэхгүй усаар тасалдах, эсвэл их үерийн ус барилгын хэсгийг угааж, эвдэн байгууламжийн хэвийн ажиллагаа алдагдуулдаг байна.

Зураг 1. Ёлтонгийн услалтын системийн дөхүүлэх суваг, толгойн барилга руу ус орохгүй болсон байгаа нь

Зураг 2.  Толгойн барилга үерийн улмаас хагшаасанд дарагдсанаас гадна, дөхүүлэх суваг руу ус орохгүй болсон байдал 
Хүснэгт 1. Уст Чацрангийн голын ус зүйн үзүүлэлт
Үзүүлэлт
Тоо хэмжээ
Ус хурах талбай, км2
330
Тогтмол голын сүлжээний урт, км
27
Голын сүлжээний нягт, км/км2
0.082
Тооцоот хөндлүүр хүртэлх хэвгий, %0
18,8
Зарцуулга
1%
93.0
5%
66.0
10%
57.0
25%
42.0
50%
0.150
75%
0.090
Уг услалтын системийг анх 1966 онд түр болон байнгын сувгаас гар аргаар 68 га талбайг услах хүчин чадалтайгаар байгуулж байсан ба гачиг устай үед урсац нь тасалддаг Уст Чацрангийн голын усны хүрэлцээ, услах талбайн хэмжээг нэмэгдүүлэхээр 1972 онд байгалийн хотгорыг ашиглан 1 сая м3-ийн эзэлхүүнтэй усан сан байгуулж, 314,5  га талбайг бороожуулагчаар услахаар өөрчилсөн. 1977 оны их засварын зураг төслөөр усан сангийн ёроолыг ус үл нэвтрүүлэх нийлэг, хальсаар доторлож, гол сувгийг төмөр бетоноор доторлох, 3.3 км урт гадаргын урсацаас хамгаалах, уулын суваг татах, услалтын системийн талбайг голын үерээс хамгаалах 1,4 км далан, ойн зурвас байгуулах ажлыг зураг төслийн дагуу гүйцэтгэсэн байна [1].
Уг систем ашиглалтанд орсноор малын тэжээл тариалж зохих ургац авч байсан боловч, 7- 8-р саруудад Уст-Чацрангийн голын ус багасан усан сан усгүй болж, усалгаа тасалдаж ургац багасах болсон тул дахин 1986 онд толгойн барилга, гол сувгийн ус хүлээн авах чадварыг нэмэгдүүлэхийн тулд их засварын зураг төсөл боловсруулсан. Уг төсөлд ус татах толгойн барилгын хийц, байршлыг өөрчлөн голын гулдрил, татмыг бүхэлд нь хамарсан 65 м өргөн, 50 см өндөртэй түвшин өргөх цутгамал төмөр бетон босго бүхий хажуугийн ус татах байгууламжийн хийцийг сонгосон. Габион бэхэлгээнүүд  хийж, хаврын шар ус,  зуны хур борооны үер ус босгон дээгүүр хальж байхаар тооцож, хоёр талд нь цутгамал төмөр бетон хана төлөвлөж өгснөөр гулдрил хаашаа ч шилжсэн толгойн барилга усыг ямар ч үед чөлөөтэй авч байх боломжтой хийгдсэн. Мөн халиах босгын өмнө тогтсон хагшаасыг угааж байхын тулд 1.5 м өргөнтэй 6 хэсэг угаах шлюз, гол сувагт орох усыг тохируулах хавтгай хаалттай байхаар төлөвлөсөн байна. Хаврын шар усны үерийн үед гол хүчтэй үерлэж /Q=99,0 м3/ гулдрилаар урсан ирэх том бул чулуу болон хогийг оруулахгүй шандор хаалтуудтай. Энэ байгууламж нь тухайн нөхцөлд тохирсон техникийн сайн шийдэл болж чадсан боловч баригдаагүй байна.  

Зураг 3. Ус татах байгууламжийг шинээр дахин төлөвлөсөн байдал
Мөн толгойн барилгаас усан сан хүртэлх 6.4 км урттай бетон доторлогоотой гол суваг нь зарим хэсгээр хүчтэй усны урсгалд идэгдэн бетон доторлогоо нь угаагдан элэгдэж эвдэрсэн бол зарим хэсгээр сувгийн ёроолын хэвгий хэт багассанаас тунасан хагшаасаар дүүрч, сувгийн ус хальж хэд хэдэн газраар хальж сэтэрсэн байна. Ерөнхий хэвгий алдагдсанаас хичнээн засвар хийсэн ч байнга эвдрэл гэмтэл гарч, сэтрэх явдал гардаг байна. Мөн сувгийн бат бэх байдлыг алдагдахад малчдын оролцоо их байдаг. Суваг руу орсон мал бетон доторлогооны улмаас гулгаж унах, гэмтэх явдал гарахаас гадна холуур тойрч бэлчээртээ хүрэхэд цаг их алддаг нь малчдад төвөгтэй болсон. Энэ нь сувгийн цаад талд малаа бэлчээх, морьтой хүн, мал сувгийг гатлан нааш цааш чөлөөтэй явах замаа товчлах, мөн ойрхон газраас мал услахын тулд сувгийн бетон доторлогоог эвдэн авч зайлуулах явдал нэлээд гардаг байна.
Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улааны услалтын систем. Унгарын мэргэжилтнүүдийн 1975-1977 онд боловсруулсан Хэнтий аймгийн Хэрлэн Баян-Улааны услалтын системийн техник-ажлын зураг төсөлд Хэрлэн голоос ус татах барилга байгууламжийн байршлыг тухайн байгууламжийн бат бэх байдал, найдвартай ажиллагааг хангаж чадахуйц, голын хөндийн шахагдсан хэсэгт буюу гулдрилын хамгийн нарийссан хэсэгт сонгосон бөгөөд усны түвшин өргөх босго, хагшаас зайлуулах нөхцөлтэй эргийн ус татах байгууламжийг төлөвлөсөн байна. Толгойн барилгаас 17 орчим км урт гол сувгаар услалтын системийн талбайд усыг хүргэх бөгөөд түүний урт болон түүн дээр баригдах олон арван гарц, сайрын усыг өнгөрөөх байгууламж зэрэг нь тухайн барилгын өртгийг өндөрсгөсөн байна. Харин хоёр дахь зураг төслийг монгол инженерүүд  боловсруулахдаа ус авах толгойн барилгыг услалтын системийн талбайд 4.2 км-т ойртуулан Хэрлэн голын зүүн салаанаас ус авахаар төлөвлөсөн нь зардлыг бууруулсан хэдий ч гулдрилын өөрчлөлтийн улмаас уг салаагаар ус гүйх нь багасаж, харин урсгал усны ихэнхи хэсэг баруун салаа руу шилжсэнээс гачиг устай үед толгой барилгад ус орохоо больж, усалгаа тасалдах болсон байна /Зураг 4/.

Тухайн хэсэгт голын татам дунджаар 1.9-10 км хүртэл өргөсөж ирэх ба голын хэвгий дунджаар 0.0012, тогтворгүй гулдрилтой бөгөөд 1945 оны үед тус хэсэгт үндсэн нэг л гулдрилтай, тасалдсан татуургатай байсан өнөөдрийн байдлаар хэд хэд салаа бий болохын зэрэгцээ гулдрил нь нэлээд шилжиж өөрчлөгдсөн байна. 

    
Зураг 4. Хэрлэн голын зүүн эргийн услалтын системийн ус татах толгойн барилгын байрлалын хоёр хувилбар ба гулдрил шилжсэнээс толгойн барилга усгүй болсон байдал

Зураг 5.  Хэрлэн голын гулдрил өөрчлөгдсөнөөс бага устай жилд толгойн барилгад ус ирэхгүй болжээ.
Сэлэнгэ аймгийн Цагаантолгойн услалтын систем. 1983 онд ашиглалтанд орсон талбай, хүчин чадлаараа дээгүүрт орох Сэлэнгэ аймгийн Цагаан толгойн услалтын системийн толгойн барилгын байршил болон хийцийг сонгохдоо хэд хэдэн хувилбараар хийж, тэдгээрийн хөндлүүр тус бүрийн гулдрилын шинж байдал, өөрчлөлтийн төлөв зэргийг нарийвчлан судалж, хамгийн тогтворжилт сайтай хөндлүүрийг сонгож, толгойн барилгын хөндлүүрийг сонгон барьж ашиглалтанд өгсөн. Гулдрилын өөрчлөлтийн судалгааны ажлын үр дүнгээс харахад тухайн хөндлүүрт гулдрилын ерөнхий хэлбэр бараг өөрчлөгдөөгүй /Зураг 6/, харин бусад хэсгийн гулдрил маш их өөрчлөгдөн шилжсэн байгаа нь тухайн хөндлүүрийг зөв сонгосон болохыг харуулж байна /Зураг 7/. Гэвч Орхон голын ус нь байнгын булингартай урсах тул дөхүүлэх суваг, толгойн барилгын ус хүлээн авах аванкамеруудад их хэмжээний хагшаас тунаж, жил бүр  хуримтлагдсан хагшаасыг лаг шахагч хөвөгч насос станцаар зайлуулж байв /Зураг 8/. Гэвч  дөхүүлэх сувгийн өмнөх хагшаасны хуримтлалаар гулдрилын ёроолын түвшин дээшилж, орох усны хэмжээ багасаж ирсний зэрэгцээ голын усны түвшин  буурснаас 1986 онд толгойн насос станцын аванкамерын тооцоот түвшинд ус хүрэхгүй болж, насосны сорох хоолой ил гаран усалгаа тасалдахад хүрч байв /Зураг 6/.

 Зураг 6. Орхон гол дээрх толгойн барилгын байрлал дахь гулдрилын өөрчлөлтийг 1945, 1961, 1977, 2002 оны агаарын фото зураг болон GoogleEarth-ийн зургуудын харьцуулсан харуулсан байдал

Зураг 7. Орхон голын толгойн барилгын байрлалаас өөр хэсгийн гулдрил маш ихээр өөрчлөгдсөн байгаа нь 


Зураг 8. Дөхүүлэх сувагт хуримтлагдсан хагшаас зайлуулах лаг шахах хөвөгч насос станц.
Нийгэм эдийн засгийн шилжилтийн үед тус услалтын систем тоногдон бүрэн устсан бөгөөд өнөөдрийн байдлаар толгойн барилгын дөхүүлэх сувагт хэдийнээ ус орохоо бүрэн больсон байна /Зураг 9/.
Энэ байдлаас харахад голуудын хагшаасны горимын судалгааг цаашид нарийвчлан явуулах шаардлагатай байгааг харуулж байна.

Зураг 9. Орхон гол, услалтын системийн толгойн барилгын дөхүүлэх сувагт голын ус орохгүй болсон байдал

Голоос ус татах толгойн барилгын төрөл, байршлыг зөв сонгож хэвийн ажиллаж ирсэн зарим  байгууламжуудаас Хархираа, Хархорингийн услалтын системийн толгойн барилгуудыг нэрлэж болно. Увс аймгийн Хархираагийн услалтын системийн толгойн барилгын ус татах байгууламжийг хийцийг сонгохдоо уулын түргэн урсгалт /голын хэвгий 0.025/ Хархираа голын хамгийн тохиромжтой байрлалд /хөндлүүрт/ гулдрилын ус татамж бүхий /ёроолын ус татах/ барилгын төрлийг сонгон байгуулсан нь хэвийн, найдвартай ажиллагааг хангасан байна /Зураг 10/.

Зураг 10. Увс аймгийн Хархираагийн услалтын системийн
гулдрилынёроолын ус татах байгууламж
Өвөрхангай аймгийн Хархорины услалтын системийг 1961 онд Хятадын засгийн газрын хүч хөрөнгөөр байгуулахдаа толгойн барилгыг Орхон голын татмыг бүхэлд нь хамарсан түвшин өргөх босготой хажуугийн ус татах байгууламж барьсан нь өнөөг хүртэл хэвийн ажиллаж чадаж байна /Зураг 11, 12/. Энэ нь хөндлүүрийн байрлал, ус татах барилгын хийцийг зөв сонгосон болохыг  харуулж байна. Гэтэл толгойн барилгын дээд хэсгийн гулдрил нь байнга өөрчлөгддөг болох нь судалгааны дүнд харагдсан ч энэ тус хөндлүүрт ноцтой нөлөөлөөгүй одоог хүрсэн байна.

     Зураг 11. Хархорины услалтын системийн ус татах барилгын хэсэг     

Зураг 12. Өвөрхангай аймгийн Хархорины услалтын системийн Орхон гол дээрх ус татах толгойн барилга, түвшин өргөх босго

Усан сангийн хагшаажилт

Гидротехникийн барилга байгууламжид хагшаас баригч нэн шаардлагатай байгааг дараах жишээнүүдээс харж болно.
Монгол орны хэмжээнд 60 гаруй том жижиг усан сан, боомт байдгаас хэмжээгээрээ эхний аравт орох томоохон усан сангууд 0,9-8,3 сая м3 ус хуримтлуулах хүчин чадалтай. Эдгээрээс хамгийн ихээр хагшаажиж, лагшсан нь Говь-Алтай аймгийн Цогт сумын Хаяагийн услалтын системийн боомт юм. Тус боомтын өндөр 33 м, 346 м урт, хярын өргөн 10 см, усан сангийн НПУ /1422.0м/ түвшний эзэлхүүн 2.8 сая м3,   ФПУ /1427.5м/ түвшний эзэлхүүн 3,9 сая м3 .
Говь-Алтайн нурууны Бурхан буудай уулнаас эх авч урссаар Дэл хайрханы хавцалд нийлдэг Төгрөг Сагсайн голын усыг усан санд хуримтлуулан услалтын системийн талбайг усалдаг.
Тэдгээр голууд нь хад асга ихтэй хөндийгөөр урсах уулын түргэн урсгалтай гол /Зураг 13/. Голын урт 150 км, олон жилийн дундаж зарцуулга 0,134 м3/с.4-р сарын сүүлчээр 5-р сарын эхээр цас мөс хайлж, урсац нь нэмэгдэх боловч 6-р сараас эхлэн хур борооны тэжээл зонхилно. Гол нь 8 км орчим яваад элсэнд шургах ба цааш хуурай гулдрил, сайр ба садарга салаалсан байдаг. 1981 оны 5-р сард хэмжсэн хэмжилтээр 0,108 м3[2].
Хүснэгт 2. Татруу устай жилийн урсацын хуваарилалт
сар
IV
V
VI
VII
VIII
IX
X
Жил
Зарцуулга, м3
0,228
0,324
0,177
0,129
0,17
0,17
0,189
0,116
Хүснэгт 3. Янз бүрийн хангамшил дахь голын зарцуулга
Хангамшил, %
1
5
10
25
Зарцуулга, м3
28,5
18,39
14,04
8,57

Говь-Алтай амйгийн Цогт сумын Хаяагийн услалтын системийн боомт бүхий усан сангийн эзэлхүүний ихэнхи хэсэг хагшаасаар дүүрч НПУ түвшинд /1423.5 м/ бараг хүрсэн байна. Хуримтлагдсан хагшаас нь НПУ түвшинд харгалзах эзлэхүүний 92.5 хувь хүртэл дүүрсэн бөгөөд хагшаасны нийт хэмжээ 1.849 сая м3 байна /Зураг 14/. Усан санд хуримтлагдсан хагшаасыг цэвэрлэж зайлуулахын тулд 18 м3–ийн багтаамжтай 20 самосвал тус бүр нь өдөрт 30 удаагийн тасралтгүй рейсийг хийхэд нийт 150 хоног буюу 5 сар тасралтгүй ажиллах ба хагшаасыг ухаж ачих экскаватор болон тээвэрлэх самосволуудын зогсоол, хөдөлгөөний шилжилт хийхэд маш хүнд нөхцөлтэйгээс гадна энэ нь шинээр боомт байгуулахаас бараг илүү зардал, хүч хөрөнгө шаардагдахаар байна /С.Цэрэнпил 2009/.

Зураг 13. Хаяагийн боомтын дээд бьефийн байдал. Усан сан хагшаасгүй байх үеийн.
Зураг 14. Хаяагийн  боомтын усан санд хуримтлагдсан хагшаасны түвшин НПУ түвшинд хүрэхэд их ойртсон байдал, усан сангийн ус булингар ихтэй
Зураг 15. Боомтын хөндлөн зүсэлт- хагшаасны хуримтлагдсан байдал


Ихэнхи усан сангууд  хагшаасаар дүүрч, хүүчин чадал нь нэлээд буурсан бөгөөд үүнд заримаас нэрлэвэл Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримтын услалтын системийн усан сан, Борнуур гм.


Дүгнэлт

Судалгааны үр дүнгээс үзэхэд цаашид монгол орны бүх гол мөрний гулдрил, татмын  өөрчлөлтийг нэлээд өндөр түвшинд нарийвчлан судлах шаардлага тавигдаж байгааг харуулж байна. Цаашид хийгдэх ажлын талаах санал:
  1. Ус татах аливаа барилга байгууламжийг төлөвлөхдөө гулдрилын өөрчлөлтийн судалгааг нарийвчлан хийж, түүнд тохирох барилгын хийц, төрлийг туршилтаар батлан шалгах
  2. Одоогоор ашиглагдаж усны бүхий барилга байгууламжийн /усан хангамж, усалгаатай тариалан гм/ ашиглалтын байдал, тэдгээрт гарч буй доголдол зэргийн нарийвчлан судалж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөн тусгай заавар, стандарт боловсруулах
  3. Төрөөс баримтлан хэрэгжүүлж буй усалгаатай тариаланг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд услалтын системийн зураг төслийг боловсронгуй болгох, нарийвчилсан хайгуул судалгааны ажлыг сайжруулах үүднээс зураг төсөл боловсруулах үнийг нэмэгдүүлэх, мөн услалтын системийн ашиглалтын найдвартай ажиллагааг хангахын тулд түүнд шаардагдах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээнүүд шаардлагатай болох нь харагдаж байна.
  4. Хагшаасны горимын судалгаа, гулдрилын өөрчлөгдөх үйл явцыг судлахдаа уур амьсгалын олон жилийн мэдээ материалд тулгуурлан уур амьсгалын өөрчлөлт хэтийн хандлага, хуурайшилт, гандуу болон усжилттай жилүүдийн зааг ялгаа, давтамж, их бага циклийг тогтоон, холбож өгөх
  5. Сургалтын тал дээр практик дадлагын ажлыг биетээр үзүүлж, лабораторийн нөхцөлд жижигрүүлсэн бодит загвар дээр туршилт судалгааг хийж, үр дүнд үнэлэлт дүгнэлт өгөн сайжруулах, дадлага туршлагатай мэргэшсэн инженерийн багийн бүрэлдэхүүнтэй зөвлөл, хэлтсээр оруулан хэлэлцүүлэх
  6. Сургалтын материаллаг бааз, инженерийн тооцоо судалгаа, зураглалын орчин үеийн програм хангамж, бага хэрэгслээр бүрэн хангах
  7. Эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудыг дараах чиглэлүүдээр гүйцэтгэх
·         Голын гулдрилын онцлог , хэв шинж, тэдгээрийн өөрчлөлтийн төлөв байдлын судалгаа
·         Хагшаасны горимын судалгааг, газарзүйн өөр голллох бүс, голуудын өөр бүсээр судлах
·         Барилга байгууламжийн хийц, зохиомж, туршилт судалгааны ажил

Ашигласан материал:

[1]. Техно-рабочий  проект оросительной системы “Ёлтон” сомона Халиун, Гоби-Алтай аймака, Проектно–Изыскательный и Научно Исследовательский Институт, УБ, 1977

[2]. Говь-Алтай аймгийн Цогт сумын Хаяа-д хийгдсэн хайгуулын ажлын тайлан, УХТЭШИ, УБ, 1982

No comments:

Post a Comment