Wednesday, April 16, 2014

ТАРИАЛАНГИЙН УСАЛГААНЫ УСНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ҮР АШГИЙГ ТООЦОХ АСУУДАЛД

ТАРИАЛАНГИЙН УСАЛГААНЫ УСНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ҮР АШГИЙГ ТООЦОХ  АСУУДАЛД


ШУТИС-ийн Барилгын инженер, архитектурын
сургуулийн тэргүүлэх профессор, доктор М.Дугармаа


Ургацад хэдий хэмжээний ус зарцуулснаар бус, харин хэдий хэмжээний ухаан зарцуулснаар үр дүн тодорхойлогддог – уснаас илүү ухаан чухал”  АЛФРЕД ДИКИН. 1890

      Усны  хэрэглээний үр ашиг гэдэг нэр томъёо нь эдийн засгийн бүтээмжийн ойлголтоос үүдэлтэй. Бүтээмж гэдэг нь ямар нэг нэгж бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгоход зарцуулагдах материаллаг болон материаллаг бус орцын  хэмжигдэхүүн юм. Иймээс тариалангийн усалгааны усны бүтээмж нь  нэгж хэмжээний ургацыг  үйлдвэрлэхэд зарцуулагдсан усны хэмжээгээр илэрхийлэгдэнэ.  Нэгж бүтээгдэхүүнд шингэсэн усны хэмжээ ба  үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний  урвуу харьцааны үзүүлэлт хэдий  чинээ  их  байна тэр чинээгээр үр ашиг өндөр байна.

Мөн үр ашгийн тухай ойлголттой хамтад   усны чанарын үзүүлэлтийг авч үзэх шаардлагатай байдаг. Усалгааны усыг үр ашигтай, зохистой хэрэглэхийн хажуугаар усны чанарыг дээшлүүлэх,  нөөцийг бүрдүүлэх, хангамжийн  тогтвортой байдлыг хангах нь чухал ач холбогдолтой.  Өөрөөр хэлбэл усны  чанар болон хэмжээг салангид авч үзэж болохгүй.

Усалгааны ус хэрэглээний үр ашиг гэдэг бол ямар нэг үйл ажиллагааны нэгжид хэрэглэгдэх усны хэмжээг багасгахын тулд болон  түүний  чанарыг хадгалах, нэмэгдүүлэхийн тулд авч буй арга хэмжээ юм. Усны хэрэглээний үр ашгийн ач холбогдол нь бүс нутаг, улс үндэстний хэмжээнд төдийгүй цаг хугацааны хувьд өөр өөр байна. Жишээлбэл,  уур амьсгалын нөхцөл, газар зүйн байршил,  усны хүрэлцээ хангамжийн  байдлаас хамаарч ус хэрэглээний хэв маяг тодорхойлогдож байдаг. Тухайлбал,   хуурай болон гандуу  бүс нутагт  ус чийгийн хангалт сайтай  газрыг бодвол усны хэрэглээний үр ашиг илүү тод илэрч,  үзүүлэлт нь сайн байдаг. 

Мөн эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарч ус  хэрэглээний үр ашгийн хэмжээ өөрчлөгдөж болно. Дэлхийн ихэнхи улс орнуудад  усны аж ахуйн үйл ажиллагааг улсын төсвийн  болон  олон  нийтийн хөрөнгөөр санхүүжүүлдэг байна.  Санхүүжилтийн  үр ашгийн бодит орлого,  зардал нь маргаантай байдаг ч  ус хангамж дээшилсний үр дүнд бий болсон нийгэм-эдийн засгийн  эерэг нөлөөлөл нь  хамгийн гол хүчин зүйлс  юм.  Ялангуяа   хүн ам, хөдөө аж  ахуйн ус хангамж сайжирснаас нийгэмд  үзүүлэх эерэг нөлөөллийг мөнгөөр илэрхийлэх боломжгүй  хэдий ч   усны нөөцийн хэрэглээний үр ашгийг тодорхойлоход чухал  үзүүлэлт болгон  олон талаас нь авч үзэх ёстой .
Монгол Улсад хөдөө аж ахуйн ус хангамжийг шийдвэрлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтын ихэнхи хувийг улсаас санхүүжүүлж байгаа боловч  ус хэрэглээний үр ашгийг хэрхэн тооцох  нэгдсэн аргачлал одоо болтол байхгүй, энэ чиглэлээр хийгдсэн дорвитой судалгааны ажил ч байхгүй байна.

Усыг аль болох хэмнэж,  бага хэмжээгээр  хэрэглэх нь жинхэнэ үр ашигтай байдал гэсэн ойлголт  манайд давамгайлж  байгаа нь өрөөсгөл юм.  Сүүлийн үед  ус хэрэглээний  эдийн засгийн үр ашигтай байдал гэдгийг  аж ахуйн үйл ажиллагаанд  оруулсан  усны хэмжээгээр  бус нийгэм-эдийн засгийн хувьд хамгийн ашигтай нөхцлөөр нь  авч үздэг боллоо. 
Нийгмийн хувьд олон нийтийн хэрэгцээг хангаж байж үр ашигтай байх бол экологийн хувьд байгалийн нөөцийг хадгалах  зорилгод нийцэж байх учиртай.  Харин эдийн засгийн хувьд бодит  баялаг бүтээж, орлогыг бүрдүүлж байхыг шаардана.  Иймээс  эдгээрийг нэгэн зэрэг тэгш хангах боломжийг бүрдүүлэхийн тулд  нийгмийн, эдийн засгийн болон байгалийн хүчин зүйлсийг хамтад нь харилцан уялдаа холбоонд нь  авч үзэх  шаардлагатай.

Манай улсад жилд хэрэглэсэн усны 36.0 хувь нь  хөдөө аж ахуйд ноогдож байгаа бөгөөд  үүний дотроос усалгаатай газар тариаланд 11.8 хувийг  хэрэглэж байна.  Газар тариалангийн үйлдвэрлэлд   усыг хамгийн ихээр хэрэглэдэг боловч ус  хэрэглээний үр ашиг сул,  нэгж бүтээгдэхүүний гарц  бага байдаг гэсэн  шүүмжлэл байнга гарч байдаг. Дэлхийн бусад оронд ч нөхцөл байдал адилхан байна.

Манай улсын хувьд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны захиалгаар услалтын системийн ашиглалтын байдалд мониторнг хийх ажлыг 2014 оноос эхлэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.  Харин 2010 онд услалтын системийн гидротехникийн барилга, байгууламжийн чанар, ашиглалтын үзлэгийг мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн байна. Сүүлийн жилүүдэд  шинээр байгуулагдсан голын сав газрын захиргаад өөрийн харъяалах нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа услалтын системийг ашиглагч нараас усны төлбөр нэхэх болсонтой уялдан тариалангийн усалгаанд хэрэглэсэн усны хэмжээг зөв тооцох, түүний үр ашгийг тодорхой болгох асуудал олон нийтийн анхаарлыг татаж,  маргаан  дагуулж  эхэллээ.

Маргааны эх үүсвэр нь  тариаланд хэрэглэсэн усны хэмжээг тариаланч, голын  сав газрын захиргаа  өөр өөрийнхөөрөө тодорхойлж байгаад оршиж байна. Ялангуяа байгаль орчны байгууллагын зүгээс усалгаатай тариалан бол усыг үр ашиг муутай хэрэглэдэг хэмээн шүүмжлэх хандлага давамгайлж байна.  Энэ нь   тариалангийн ус хэрэглээний үр ашгийн талаар  нэгдсэн ойлголт үгүйлэгдэж байгаагийн илрэл юм. 

Тариаланд хэрэглэсэн усны үр өгөөжийг талбайд өгсөн ус (орц) болон газар тариалангийн бүтээгдэхүүний  (гарц) хоорондын холбоо хамаарлаар  тайлбарлахад  ойлгомжтой хялбар байдаг.   Энэхүү хамаарлыг  ус хэрэглээний үр ашиг  ба  усны хэрэглээний индекс гэсэн   хоёр үзүүлэлтийн аль нэгээр илэрхийлдэг юм.   Ихэнхидээ  ус  хэрэглээний үр ашиг  гэдэг ойлголтыг  усалгааны усны  хангамж,  түүний хэрэглээний үр ашигтай байдлыг илэрхийлэхэд  ашигладаг байна.
Ус хэрэглээний үр ашиг нь олон янзаар тодорхойлж болдог, нэгжээр илэрхийлэгддэггүй тоон хэмжигдэхүүн байдаг. Жишээлбэл,   усалгаанд хэрэглэсэн усны хэмжээг (гарц) услалтын системд өгсөн нийт усны хэмжээнд  (орц) харьцуулсан харьцааг ус өгөлтийн  үр ашиг  гэнэ.  Харин өгсөн  усны хэмжээнд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг харьцуулсан  харьцаа  бол  ус хэрэглээний индекс юм.

Газар тариалангийн ус хэрэглээний индекс нь ургац эсвэл эдийн засгийн ашиг зэрэг системийн гарцыг  нийт хэрэглэсэн усны хэмжээнд харьцуулсан харьцаагаар илэрхийлэгддэг.  
Харин  ус хэрэглээний үр ашиг    (зарим хэвлэлд усжуулалтын индекс гэж бичдэг)   нь ургац, эдийн засгийн ашиг зэрэг гарцыг  талбайд өгсөн, эсвэл хэрэглэсэн  усны хэмжээнд харьцуулсан харьцаагаар тодорхойлогддог.

            Усны хэрэглээний индекс   нь ерөнхийдөө   усалгааны ажлын бүтээмжтэй, ашигтай байдлыг илэрхийлдэг. 

Тариалангийн ус хэрэглээний  индекс (УХИ)
[Баррет Пурсел Ассошиэйтс (1999) болон Скюес (1997)]

Индекс
Гарц : орц
Хэмжих нэгж
Газар тариалангийн эдийн засгийн индекс    ГТЭЗИ
Нийт орлого : нийлбэр ус хэрэглээ

Төг/мм
Усалгааны эдийн засгийн индекс УЭЗИ
Нийт орлого : услалтын норм
Төг/мм
Газар тариалангийн ус хэрэглээний индекс    ГТУХИ
Ургац : нийлбэр ус хэрэглээ
Кг/мм
Усалгааны индекс   УИ
Ургац : услалтын норм
Кг/мм

Газар тариаланд  усалгааны усны үр ашиггүй зарцуулалт нь усан хангамжийн тогтвортой байдлыг алдагдуулдаг  гол хүчин зүйл нь байдаг. Усны алдагдлын ихэнхи нь усыг дамжуулах, түгээх явцад гардаг бөгөөд түүний хэмжээ нь услалтын системийн хийц, зохиомжоос  гадна  хөрс, уур амьсгалын нөхцөл, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа зэрэг олон нөхцлөөс хамаарч өөрчлөгддөг. 

            Тариалангийн  усалгааны усны үр ашгийн  эерэг үр дагавар нь дараах байдлаар илэрч гардаг. Тухайлбал, ус хэрэглэгчдийн хоорондын өрсөлдөөн багасах, ус хомсдсоноос  үүдэн гарах сөрөг үр дагавар буурах, усны хүртээмж  сайжрах, усны зарцуулалт хэмнэгдэж нөөц нэмэгдэх, усны бохирдол багасч эрүүл ахуй, ариун цэврийн үзүүлэлт дээшлэх, эрчим хүч хэмнэгдэх зэрэг олон зүйлсийг дурьдаж болно. 
            Усны үр ашгийг нэмэгдүүлэхэд  тариалан эрхлэгчийн эдийн засгийн чадавхи голлох нөлөөтэй.  Тодруулбал, услалтын системийн засвар, шинэчлэлт хийхэд шаардагдах хөрөнгө оруулалтыг  эхэлж гаргах чадвартай байх ёстой. Үр ашгийн өгөөж нь гаргасан зардлыг эргэж нөхөх хэмжээнд тооцоологдвол зохино.
            Усалгааны ус хэрэглээний үр ашгийг нэмэгдүүлэх боломжийг судлахдаа нэн түрүүнд услалтын системийн усны балансын бүрэлдэхүүн хэсгүүдийг зөв олж тогтоох нь чухал.  Ингэснээр үр ашиг нэмэгдэх эсэх, хэрхэн, хаана нэмэгдэх  магадлалтайг эхэлж тодорхойлоод, шийдлээ гаргана. Хэрэв энэ судалгаагаар эерэг үр дүнд хүрэх боломжтой гэж тогтоогдвол  үр ашигт хүрэх зорилтуудыг  тодорхойлж,  тэдгээрийг хэрэгжүүлэх  арга хэмжээг төлөвлөнө.  Эцэст нь үр дүнг үнэлэх  шаардлагатай. 

Канадын тариалангийн усалгааны усны үр ашгийн судалгааны талбай

Микро усалгааны систем


http://www.fao.org/nr/water/aquastat/water_use_agr/index.stm

No comments:

Post a Comment