Thursday, January 10, 2013

Ус халиагуур

Ус халиагуур

Ус халиагуур буюу илүүдэл ус хаях барилга нь үндсэн барилга байгууламжийн найдвартай ажиллагааг хангаж ажиллах ба байнгын бус ажиллагаатай барилга байгууламж юм. Ус халиагуур нь олон төрөл зүйл байх ба материалаар нь, ажиллах нөхцлөөр нь ангилдаг.
Ер нь гол, мөрөн дээр баригдаж байгаа усны барилга болгон Ус халиагуур буюу Ус хаях барилгатай байна. Ус хаях барилгыг үндсэн барилгын ангиас хамааруулан тооцох ба гидравлик тооцоогоор барилгын үндсэн хэмжээсүүдийг тодорхойлж улмаар бүтээц, буурь суурийн тооцоог хийж ажлын зургыг үйлдсэнээр дуусгавар болно. 1 ангийн барилгын хувьд Ус хаях барилгын тооцоот зарцуулга нь 0.1% - ийн магадлалтайгаар хийж, 0.01% - ийн магадлалаар шалгадаг. 0.1% гэдэг нь зуун жилд нэг удаа тохиолдох хамгийн их үерийн усны хэмжээ юм. Ус халиах барилгын төрлийг сонгож авах үндсэн үзүүлэлт нь үндсэн барилгын зориулалт, шийдэл, голын ус зүй, инженер геологийн нөхцөл байх боловч ус хаях барилгыг үндсэн барилгатай архитектурын хувьд зөв шийдэлтэй байхаар цогцоор нь хийвэл илүү оновчтой байдаг.
Ус халиагуурын үндсэн гидравлик тооцоо хийсний дараа итгэл үнэмшил баталгаа авахын тулд магадлах тооцоог хийдэг.
Ус хаях барилгын зарим нь автомат ажиллагаатай байхад зарим нь хаалтаар тохируулагдсан байдаг. Ихэвчлэн голдиролын болон бетон боомтын ус хаях барилгууд хаалтаар тоноглогдсон байдаг. Хаалт нь мөн автомат болон механик удирдлагатай байж болно.
Дээрх зурганд Ус халиах бетон боомтууд байх ихэнх нь практик профилтой байна. Практик профиль (хэлбэр) гэдэг нь усны урсгалын шугам, боомтын гадаргуу хооронд вакуум үүсэхээргүй байхаар траекторыг нь бодож гаргасан муруй шугаман гадаргуу юм. Ус халиах бетон боомт нь цул болон хөндийтэй байх ба цул боомт нь материалын орц ихтэй, зарим хэсгийн бүтээц ямар ч ачаалалд ажилладаггүй учир дутагдалтай. Хөндийт боомт нв материал хэмнэх боловч барилгын үйлдвэрлэлийн өртөг өндөртэй, ур чадвар илүү их шаарддаг. Орчин үед ус халиах бетон боомтын устай харьцахгүй дотор хэсгийг RCC бетоноор, устай харьцах өнгөн хэсгийг 0.5 - 2.0м - ийн зузаантайгаар CVC бетоноор хийдэг болсон. Боомтын дагуу болон хөндлөн барилгын заадсууд байх ба тэдгээрт 0.3 - 0.6м - н урттай хуванцар түгжээг хийдэг. Металл, мод, Асбестоцементэн түгжээ байх боловч хуванцар түгжээнд дүйцэхүйц насжилттай байдаггүй юм байна.
Шороон боомттой үед эргийн, траншейн, шахтны, ковший гэх мэт ус халиагууруудыг ихэвчлэн хэрэглэх ба зарим тохиолдолд практик профилтой, RCC бетонон шаталсан ус хаюурыг барьж ашигласан туршлага байна.
Усны барилгын шинээр хийх тооцооны онцлох зүйл нь гэвэл өмнө барьж байгуулсан барилгын ашиглалт, туршилт судалгааны материал ихээр шаардах ба нэг барилга дахин давтагдах нөхцөлгүй байдаг. Өөрөөр хэлбэл Усны барилга дэлхий дээр нэг л хувилбартай байна гэсэн үг юм. Зарим жижиг услалтын системийн тохируулах зангилааг нэг загвараар барьдаг.
Нэн ялангуяа ус халиах барилгыг тооцохдоо зарим хүмүүсийн боловсруулсан хүлээн зөвшөөрөгдсөн аргаар хийхээс гадна 3 - аас дээш ангийн барилгын хувьд заавал лабораторын туршилт хийж баталгаажуулсан байдаг.

No comments:

Post a Comment