Усны шинжлэх
ухаан ба инженерчлэл – 2024 (Hydroscience and Engineering - 2024) эрдэм
шинжилгээний хурал зохион байгуулагдав.
ШУТИС-ийн Барилга
Архитектурын сургуулийн Инженерийн байгууламжийн салбар, ШУА-ийн Газарзүй,
геоэкологийн хүрээлэн болон ЮНЕСКО-гийн газрын доорх усны тогтвортой
менежментийн тэнхим хамтран Усны шинжлэх ухаан ба инженерчлэл – 2024 эрдэм
шинжилгээний хурлыг 2024 оны 4 сарын 25-ны өдөр ШУТИС -ийн 8-р байрны 12
давхрын Олон улсын хурлын танхимд зохион байгуулав. Хурлын зохион байгуулалтыг
салбарын мэргэжлийн холбоод “Монголын ус хүрээлэх орчны инженерчлэлийн холбоо”,
“Цэнхэр Алт Ногоон Хэрэм усны үндэсний ассоциаци”, “Монголын усжуулагчдын
холбоо”, “Монголын Барилгын инженерүүдийн холбоо” гүйцэтгэж, НҮБ-ийн Хабитат
хөтөлбөрийн Гэр хорооллын иргэдийн үерийн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төсөл
ивээн тэтгэж ажиллав. Хурлын үйл ажиллагааг дэмжин Засгийн газрын хэрэгжүүлэгч
агентлаг “Усны газар” ажиллав.
“Усны шинжлэх
ухаан ба инженерчлэл” эрдэм шинжилгээний хурлын гол зорилго нь Монгол орны усны
нөөцтэй холбоотой эрдэм шинжилгээний үр дүн, усны инженерчлэлтэй холбоотой
шинэ, дэвшилтэт аргачлал, технологийг нэгэн цэгт төвлөрүүлэн солилцох,
хэлэлцэх, түгээн дэлгэрүүлэх юм. Усны шинжлэх ухаан ба инженерчлэл-2024 эрдэм
шинжилгээний хуралд нийт 10 гаруй байгууллагын 60 гаруй судлаачдын 26 эрдэм
шинжилгээний бүтээл ирсэн ба бүтээлийн хуулбарлалт, хянан магадалгаа хийгдсэн
23 бүтээлийг ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэлийн №24(04)328
тусгай дугаарт хэвлэв.