THESIS-2016
Хагшаасны динамикийн хоёр фазат загварчилал /Two-pHase modEling for Sediment dynamIcS/
THESIS гэдэг бол хагшаасны динамикийн хоёр фазат загварчлал хэмээх зорилгын товчилсон нэр юм. Олон улсын ус ба хүрээлэн буй орчны судалгааны холбоо болон Францын Гидротехникчдийн холбооны хамтын санаачлагаар энэхүү эрдэм шинжилгээний хурлыг 2011 оноос хойш зохион байгуулах болжээ.
Хамгийн эхний хурал THESIS 2011 болон удаах хурал THESIS 2013 нарыг Францын Гидротехникчдийн холбооноос Францын Чатоу хотноо амжилттай зохион байгуулсан байна.
Голын ёроолын манхан/атираажилтын хэлбэршилт, тооцонгийн үр дүн. эх сурвалж: Яасугийн сайт |
THESIS - ийн зорилго:
- Геофизикийн урсгал дахь хагшаасны хөдөлгөөн, түүний динамикийг судлах, түүнийг хоёр фазат байдлаар загварчилах судалгааг дэлгэрүүлэх, боловсронгуй болгох
- Судлаачдын санал бодол, үр дүнгээ хуваалцах боломжийг бүрдүүлэх, судалгааны эрчмийг түргэсгэх г.мэт юм.
Хоёр фазат гэдгийн учир нь уламжлалт тооцон бодох аргачлалд Эйлэрийн хандлага давамгайлсан, Эйлэрийн координатад тасралтгүйн орчиноор судлагдахууныг төлөөлүүлдэг байсан нь зарим тохиолдолд үнэнд нийцэхгүй, хийсвэрлэлтэй байдаг юм. Тухайлбал хагшаасыг эзлэхүүнээр нормалчилж концентраци байдлаар авч үзэн түүний динамикийг конвекци-тархалтын тэгшитгэлээр тооцоолох нь Эйлэрийн аргачлал юм. Конвекци-тархалтын тэгшитгэлийг бодох хэлхээст аргын (төгсгөлөг ялгавар, төгсгөлөг элемент, төгсгөлөг эзлэхүүн г.м) нарийвчлалаас хамаарч ялгаатай үр дүнг үзүүлэх боловч хагшаас гэдэг нь өөрөө хатуу эгэл хэсгүүдээс тогтох учир тасралтгүй орчин мэтээр авч үзэх нь өрөөсгөл юм. Иймд Лагранжийн аргачлалыг Эйлэрийн аргачлалтай хослуулах эсвэл дан Лагранжийн аргачлалаар хагшаасны динамикийг судлах нь хагшаасны физик шинж чанарт дөхөх маягтай юм. Хоёр фазанд ус ба хагшаас нь шингэн ба хатуу гэсэн фазаар тооцогдох ёстой болж байна.
Орчин үеийн комьпютерийн чадал, техникийн дэвшилтэй зэрэгцэн тооцон бодох аргачилал хэлхээст (торлож бодох) болон чөлөөт (эгэл хэсэг ашиглах) байдлаар өргөжин дэлгэрч байна. Энэ нь THESIS -ийг зохион байгуулах үндсэн нөхцөл нь болж байгаа юм. Энэ удаагийн хурал нь Японы Чой их сургууль дээр THESIS-2016 нэртэйгээр зохион байгуулагдах юм.
THESIS-ийн ерөнхий хамрах сэдвийн хүрээ (Хоёр фазат шинж агуулагдсан байх ёстой):
- Суурь ухагдахуун: Хагшаас болон шингэний урсгалын физик фроцесс, математик томъёолол, параметрийн судалгаа болон аналитик шийдлүүд
- Загварчлал: Тоон загварчлал, алгоритм, тооцооны шийдлүүд, турбулент загварчилал
- Хэмжилт, туршилт, судалгаа: Хээрийн судалгаа, мэдээллийн дүн шинжилгээ, лабораторийн туршилт, хэмжилт, үр дүнгийн баталгаажуулалт
- Бодит байгаль буюу хүрээлэн буй орчин дахь хэрэглээ: Хавтгай урсгал (sheet flow), өндөр консентацитай урсгал, хагшаасаар зөөгдөх бодис болон эрдэс тэжээл, дотоод урсгал (шүүрэлт, выпор, суффози), газар доорхи усны урсгал (сүвэрхэг орчны урсгал), урсгамалжсан голдиролын урсгал, голын эргийн морфологи урсгалын хамаарал, хөрсний гулсалт болон хатуу урсгал, далангийн нуралт, угаагдлын процесс, цунами ба хагшаас гэх мэт юм.
Дээрхээс харвал хагшаасны чиглэлд өнөөгийн дэлхийн судалгааны сэдвийн хүрээг барагцаалж болохоор байна. THESIS-2016 нь 2016 оны 9 сард зохион байгуулагдах ба энэ үйл ажиллагааны хүрээнд 2015 онд сургалт, хэлэлцүүлэг гэх мэт олон ажлуудыг хийж байна. Түүний нэг болох Хагшаасны тээвэрлэлт зөөгдөлтийн загварчлал хэмээх хэлэлцүүлэг сургалтанд очиж хамрагдахдаа буулгасан зураг, бичлэгийг ойлгож авсан зүйлүүдийн хамт хүргэж байна. Хэлэлцүүлэг нь Япон хэл дээр байсан учир ойлгоход үнэхээр хэцүү байсан. Слайд харж гөрдөхөөс өөр ажил хийгээгүй гэхэд болно.
Хагшаасны тээвэрлэлт, зөөгдөлтийн загварчилал
Хагшаасны судалгаа нилээн эртнээс эхлэлтэй бөгөөд Эйнштэйний томъёолол хүртэл хэрэглэгддэг гэнэ. Хагшаасны судалгааны эцэг нь бол А.Багнолд хэмээн нэрлэж байв. Эйнштэйн болон түүний хүү Ханс Альберт нар хагшаас, голын морфологийн судалгаанд олон үнэтэй судалгааг үлдээсэн байна. 1958 оноос Японы судлаачидын бүтээл хагшаасны судалгаанд онцлох байр суурийг эзэлж эхэлсэн түүхтэй юм байна. |
сул ёроол, хагшаасны гидравликийн тухай |
Хагшаасны ширхэглэл, тэдгээрийн харилцан үйлчлэлийг загварчилах /хатуу фаз/ |
Даралтын тооцооллыг сайжруулсан үр дүнг харуулжээ. |
Хэлхээст аргын хөгжлийн шугамууд. |
Бүрэн хэлхээст аргаар шингэн ба хагшаасыг хоёр фазат байдлаар тооцсон байдал. |
Өшөө олон сайхан зураг дарах байсан боловч камерны дуунаас болоод зураг дарж чадаагүй болно. Мөн мартхаасаа өмнө эдгээр зургийг нийтэлсэн бол овоо их зүйл бичих байлаа. |
Зарим сонирхолтой судалгааны ажлуудын үр дүнг бичлэгжүүлэн эмхэтгэв.
Зарим сонирхолтой судлаачдын хуудсууд
Гидравликийн лекцүүд /мастер оюутнуудад/
Энэхүү хэлэлцүүлгийн төгсгөлд цаг гаруй хугацаанд эрдэмтэд санал солилцсон юм. Хэлэлцүүлэгт нийт 10 гаруй их сургуулийн усны инженерчлэл, тэр дундаа хагшаас, тооцон бодох аргачилалаар судалгаа хийдэг профессорууд өөрсдийн судалгааны ажлын үр дүн явцаа танилцуулж санал солицсон ба их сургууль, компанийн төлөөлөл болсон 300 гаруй инженерүүд оролцсон юм.
Усны инженерчлэлийн судалгааны гол чиглэл тооцон бодох ухаан болсон бөгөөд тооцонгийн аргуудын хөгжлийг үнэхээр хошуучилж ажиллаж байгааг дээрх эмхэтгэсэн бичлэгээс тод харах байх. Гэхдээ Европ, Америкийн судалгааны чанар бол аргагүй сайн байдаг.
Дээр үзэгдэх судалгааны ажлууд нь ихэвчлэн усны менежментийн суурь судалгаа болж байна. Төгсгөлд явагдсан санал солилцоонд эрдэмтэд судалгааны өнөөгийн төвшнийг дүгнэж ирээдүйн хандлагыг тодорхойлж, судалгааны чиглэл, тулгамдаж буй асуудлуудын гарцыг ярилцлаа. Үүнд ойлгохгүй ч гэсэн тодорхой мэдрэгдэж байсан зүйл нь THESIS-2016 хурлаар Япон судалгааны чанарыг өндөр түвшинд харуулж таниулах, гадагш цар хүрээг тэлэх, чадваржуулах гэх мэт байв.
No comments:
Post a Comment