Tuesday, May 24, 2016

Өгүүллийн шүүмжээс суралцсан нь /Learning from revision and comments on your submitted paper/

Өгүүллийн шүүмжээс суралцах нь

Оюутан бүр л их сургуульд бакалавр, магистрт сурч байхдаа эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж түүнийгээ хэвлүүлэхээр илгээдэг. Гэхдээ хэвлэж байгаа эсвэл зохион байгуулж байгаа тал нь өгүүлэлд хэр шаардлага тавьж байгаагаас их юм хамаарна. Зарим тохиолдолд бичлэгийн формат тохирсон байх ёстой гэнэ. Зарим тохиолдолд доторхи агуулгад хяналт тавьна. Заримдаа хяналтгүйгээр шууд ч хэвлэх тохиолдол байна.
Эрдэм шинжилгээний ажил олон талыг хамруулсан аль аль талаас салхи оруулсан байх нь түүний чанарт нөлөөлнө. Тиймдээ ч өөр үзэл бодолтой, өөр өнцгөөс харж болох хүмүүсээр өгүүллээ шалгуулж сайжруулаад эцсийн хувилбараар хэвлэлд өгөх нь зүйн хэрэг. Нөгөө талаас цэвэр судалгааны ажил, янз бүрийн зохиогчийн эрхийн зөрчилгүй, хуулбарлаагүй, шинжлэх ухааны үндэстэй гэдгийг бататгахын тулд өгүүллээ шүүлгэх нь чухал. Иймийн тулд хянан магадлагаа (peer-review) гэдгийг сэтгүүл, эрдэм шинжилгээний ажил хэвлэх байгууллагууд хийдэг бизээ. 
Эрдмийн зэрэг хамгаалах, тухайн салбарт өөрийн оруулж буй эрдмийн хувь нэмрийг үнэлүүлэх, дэлгэрүүлэхийн тулд судлаачид хийж буй ажлаараа өгүүлэл, тайлан, ном бичиж хэвлүүлнэ. Эрдмийн ажлын үр дүнг хамгийн түрүүнд түгээдэг нь өгүүлэл юм. Өгүүллийг хэвлүүлэхэд өгүүлэлд хянан магадлагаа, шүүмж хийгдэнэ. Ихэнх судлаачид хянан магадлагаа хийх процессийг сөрөгөөр хүлээн авдаг юм шиг санагддаг. 
Үнэндээ таны хийсэн ажил маргаангүй үнэн бөгөөд таны өөрийн бүтээл мөн л бол хянан магадлагаа нь таны бүтээлийг улам сайжруулах өгүүлэл бичиж хэвлүүлэх ажлын чухал үе шат юм.
Хянан магадлагаа нь өгүүллийг судлаачын хамт чанаржуулах нэг шат юм. 
Олон өгүүлэл бичиж байгаагүй ч саяхан бичсэн өгүүллийнхээ шүүмжээс ихийг сурч, зарим нэг туршлагыг хуримтлуулсан учир та бүхэнтэй хуваалцая гэж бодлоо. Ингэхдээ шүүмжийг, няцаалтын хамт нийтэлж байна. Уншигч та аль альнаас нь өөрт хэрэгтэй мэдлэгийг олж авна гэдэгт итгэлтэй байна. Сайн судлаач байхын тулд сайн бичээч байх хэрэгтэй. Өгүүлэл нь таны санааг бусдад хүргэх үүрэгтэй ба та бусдад зориулан бичиж байгаагаа үргэлж санах хэрэгтэй. 

Миний өгүүлэл "Монголын Шинжлэх ухааны академийн мэдээ" сэтгүүлийн 2016 оны дугаар 1 - д хэвлүүлэлхээр илгээгдсэн юм. Илгээсний дараа редактор шалгалт хийж өгүүлэлд тавих шаардлагыг хангасан эсэхийг магадлана. Сэтгүүл бүрийн өөрийнх нь формат, бичиглэлд тавих шаардлагыг судлаачид маань ягштал биелүүлэх ёстой. Өгүүлэл нь тооцон бодох шингэний динамикийн тухай юм. Хэрэгтэй бол өгүүллийг энд дарж үзээрэй.

Шүүмж (2016.3.29)
  1. Уг өгүүлэлд яригдаж буй шингэний динамикийг тооцон бодох арга, түүний хэрэглээ нь шинжлэх ухааны өндөр ач холбогдолтой сэдэв мөн. Гэвч зохиогч ажлын үр дүнгээ тайлбарлах тал дээр нэлээд дутагдалтай байна. Өгүүлэл бүхэлдээ үг, өгүүлбэр, тайлбарууд ойлгомжгүй, ямар нэгэн хэлнээс орчуулсан мэт бөгөөд орчуулахдаа монгол хэлний үгийн сонголт, найруулгыг нэлээд хангалтгүй хийжээ. Тухайлбал, single relaxation time-ийг дан тайвшралын хугацаа, particle-ийг эгэл хэсэг, double relaxation scheme-ийг хос тайвшралын схем, multi-relaxation time-ыг олон тайвшралтын хугацаа, component-ыг бүрдүүлэгч гэх нь оновчгүй бөгөөд relaxation time нь тэнцвэрт орох хугацаа, particle нь бөөм, component нь байгуулагч гэж орчуулагддаг. Иймэрхүү маягаар өгүүллийн бараг бүх өгүүлбэр оновчгүй үгээр бичигдсэн учраас хүн уншиж ойлгоход нэн төвөгтэй болжээ.
  2. Мөн эрдэм шинжилгээний өгүүлэл бичих бичгийн соёл зарим тал дээр дутагдалтай байна. Тухайлбал, дугуй хаалтан дахь тайлбарыг хэт олон хэрэглэсэн, тэгшитгэл, томъёонууд нь эхлэл, төгсгөлөөрөө өгүүлбэртэйгээ зохицож уусаагүй, латтис гэдэг үгийг латтис, сүлжээ, тор гэж гурван янзаар өгүүллийн туршид сольж хэрэглэсэн, зургийг заахдаа заримдаа хаалтанд, заримдаа өгүүлбэрт оруулсан гэх зэрэг засч сайжруулах шаардлагатай зүйлс их байна.
  3. Дугуй хаалтан дахь нэмэлт тайлбарыг зайлшгүй, цөөхөн тохиолдолд хэрэглэж, ихэнхдээ өгүүлбэр дотроо оруулж тайлбарлах нь зүйтэй. Тэгшитгэл, томъёо бичихэд тэгшитгэл, томъёо нь хэдийгээр шинэ мөрөнд, голлуулан бичигддэг хэдий ч өмнөх ба хойтох мөрөн дэх үгстэйгээ нийлж нэг өгүүлбэрийг бүтээж байх учиртай. Өөрөөр хэлбэл, тэгшитгэл, томъёо нь өгүүлбэрт орохгүйгээр дангаараа салангид явж байх ёсгүй буюу томъёоны яг өмнө өгүүлбэр дуусч, яг ард нь өгүүлбэр эхэлж байх ёсгүй. Тэгшитгэл, томъёоны урд, хойно хэрэглэх цэг, таслал бүр нарийн утга учиртай. Үүний нэгэн адил зургийн зүүлт нь хаалтан дотор тусдаа байх биш, харин хаалтгүйгээр өгүүлбэртэйгээ зохицож найруулагдсан байх хэрэгтэй.
  4. Шинжлэх ухааны үр дүнгийн тухайд, онолын хэсгийг тодорхойлж өгсөн боловч тооцон бодолтын хэсэгт чухам аль хэмжигдэхүүнийг, юуг шийдвэрлэх зорилгоор, яаж тооцон бодсоныг гаргаж өгөөгүй. Саад тойрч урсах шингэний бодлого гэсэн хэсэгт [11] ажилтай харьцуулж буй даралтын эсэргүүцлийн коэффициент ба Струхалын тоо 1.27, 0.15 гэсэн утгууд уг ажлын хаана гарч ирж буй нь тодорхойгүй, мөн хурдны утга босоо бүрдүүлэгчийн хувьд хамгийн ихдээ 5.99x10-2, хэвтээ бүрдүүлэгчийн хувьд 2.24x10-2байгаа нь хүлээн зөвшөөрөхүйц утгууд юм гэсэн дүгнэлтийг хийхдээ эдгээр утгууд эхлээд хаана харагдаж байгаа, дараа нь юутай харьцуулж хүлээн зөвшөөрөгдөхүйц гэж үзсэнээ тодорхой зааж тайлбарлавал ойлгомжтой болох болов уу. Мөн үр дүнгийн хэсэг дэх зургууд дээрх физик процессыг тайлбарласан тайлбар хангалтгүй гэж үзэж байна.
  5. Шингэний динамикийг тооцон бодох Латтис Больцманы арга нь сүүлийн хорь гаруй жилд эрчимтэй хөгжиж буй, судлаачдын сонирхлыг ихэд татаад байгаа, харьцангуй орчин үеийн шинэ арга техник бөгөөд хүчтэй компьютер, өндөр түвшний алгоритм хэрэглэдгээрээ өмнө шийдэгдэх боломжгүй байсан шингэний олон динамик үзэгдлийг шийдэх боломж олгодог арга юм. Тиймээс энэ аргыг хэрэглэн шингэний динамикийг тооцон бодох ерөнхий онол, суурь алгоритм нэлээд дэлгэрэнгүй, тодорхой болсон байдаг учраас зохиолч өөрийн судалгааны ажлын бусдаас ялгарах онцлог ялгаа, шинээр дэвшүүлж буй санааг тодорхой гаргаж өгөх шаардлагатай. Мөн түүнийгээ гарчгандаа тусгаж өгөх хэрэгтэй. Тухайлбал, өгүүллийн нэр (дээр дурьдсан) хэдийнэ бэлэн болсон онол, мэдлэгийг илэрхийлэх хэтэрхий ерөнхий нэртэй байна хэмээн үзэж байна. Эцэст нь, дүгнэлтийн хэсэгт юу юу хийснийг нэгтгэх (Summary) биш, гарган авсан үр дүн, зургууд дээр үндэслэсэн физикийн дүгнэлт (Conclusion) байх ёстой болов уу.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------
Дээрх шүүмжид гарч байгаа зөвлөгөө, ойлголт, тайлбарлалт нь өгүүлэл бичиж буй залуу судлаачидад маш чухал. Тийм ч учраас энд хуваалцаж байгаа юм.  Шүүмжид санаа нийлж байвал шүүмжийн дагуу алдаагаа засаж сайжруулд өгүүлэлтэйгээ дахин сайн ажиллах ёстой. Өгүүлэл бичихдээ түүхий бичвэрийг сэтгүүлд өгч болохгүй. Өөрийн, эсвэл хамтрагчийн шаардлагад нийцтэл дахин давтан ажиллаж, одоо нэг боломжийн болчихлоо гэсэн үедээ илгээх хэрэгтэй. Хэрэв шүүмжийн санаатай огт нийцэхгүй бол яагаад санал нийлэхгүй байгаагаа батлах хэрэгтэй. Миний бие дээрхийн дагуу өгүүллээ засан сайжруулж зарим зүйлд няцаалт өгсөн юм. 
--------------------------------------------------------------------------------------------------------------------------


Шүүмжинд дурьдагдсан зүйлсийг тодруулах нь /3 сарын 29-ны шүүмжийн хариу, засагдсан өгүүллийн хамт илгээгдсэн./
1.    Нэр томьёоны сонголтын тухай
Relaxation timesТооцон бодох схемийн савалгаа буурч тэнцвэрийн төлөвт орох хугацааг хэлэх ба шүүмжид дурдсанаар нэрлэх боломжтой гэж үзэн өгүүлэлд дараахаар залрууллаа.
·         Single relaxation time scheme – тэнцвэрт орох нэг хугацаатай схем
·         Two relaxation times scheme – тэнцвэрт орох хоёр хугацаатай схем
·         Multiple relaxation times scheme – тэнцвэрт орох олон хугацаатай схем
Particle Физик, хими, эрүүл мэндийн шинжлэх ухаанд бөөм (атом, молекул гэх мэттэй ижил тодорхойлолттой зүйл) гэж орчуулагдах нь гарцаагүй байх. Гэхдээ шингэн ба хатуу биеийн механикт бөөм гэх нь утга зүйн хувьд таарамжгүй гэж үзэж байгаа юм. Аливаа загварчилалд “particle гэдэг нь загварчилах гэж буй материйн өчүүхэн жижиг хэсгийг төлөөлөх бөгөөд энэ үг нь төсөөллийн элемент гэсэн санаан дээр хэрэглэгддэг. Гидравликийн үндсэн сурах бичигт [1] шингэний өчүүхэн жижиг хэсгийг элементар хэсэг хэмээсэн байдаг. Тиймээс элементар гэдгийг эгэлээр сольж “эгэл хэсэг” хэмээсэн болно. Тухайлбал, soil particle гэдгийг хөрсний бөөм гэхээс илүүтэйгээр хөрсний мөхлөг, хэмхдэс эсвэл ширхэглэл гэвэл зохино. Иймд тухайн хэрэглээний чиглэлээс хамаарах нь зүйтэй болов уу гэж бодож бөөм гэхийг няцааж байна. Загварчилалтай холбоотой жишээ дурьдахад, аваарын үед хүмүүсийн аюулгүй газарлуу зугатаах хувилбарыг загварчилах үед мөн л тооцооны нэгж нэг хүнийг (human particle) бөөм гэж үзэх нь хэцүү юм.
2.    Үгийн сонголтын тухай
Латтис, сүлжээ, тор хэмээх үгсийг тус бүрийн үүрэгтэй байдалд бичсэн болохыг тайлбарын хамт хүргье.
Латтис – тоон аргын оноосон нэр дурьдагдах үед “Латтис Больцманы арга” гэх маягаар хэрэглэгдсэн.
Сүлжээ – ЛБА-ын авч үзэж байгаа сүлжээний тухай өгүүлэхэд хэрэглэгдэнэ. Сүлжээ гэдэг нь торны нэг зангилаанаас эхтэй адил өнцгөөр гадагш чиглэсэн векторуудыг дүрсэлсэн тооцооны геометр схемийг хэлнэ. Сүлжээг тооцооны тортой ялгаж ойлгуулахын тулд дараах зурган дээр хоёр хэмжээст квадрат тооцооны торон дээр гурван янзын сүлжээг дүрслэн харуулав.
Тор – Уг өгүүлэлд гарч буй тооцоонууд нь бүгд хоёр хэмжээстэд бодогдсон ба тооцооны квадрат тор ашиглагдсан юм. Өгүүлэлд эдгээр гурван үгсийг утгын хувьд хольж ашигласан зүйл үгүй.


Зураг 1. Сүлжээний чиглэлийг ойлгомжтой байлгах үүднээс 1-ээс эхлэн дугаарлав. Тооцооны тор нь хэвтээ ба босоо чиглэлд зангилаан дээрээ дугаартай байна. Торны зангилаан дээр сүлжээ байрлах ба сүлжээний чиглэл нь хөрш сүлжээрүүгээ чиглсэн байна.
3.    Зарим тайлбар
Даралтын эсэргүүцлийн коэффициентыг олох, Струхалын тоог яаж тодорхойлох гэх мэт жишиг бодлогын тодорхой зүйл дээр нэмэлт тайлбар хийгээгүй. Эдгээр нь тооцооны алгоримтын зохих байрлалд тодорхойлогддог. Тооцоолол дүрслэн харуулсан алгоримтын дагуу бидний зохиосон фортран кодоор үйлдэгдэх ба энэ талаар ойлгомжгүй өгүүлбэр өгүүлэлд оруулсан бололтой. Түүнийг ойлгомжтой байхаар засав.
Монголчууд ховорхон судалдаг зарим нарийн шинжлэх ухаан, инженерчлэлийн сэдвүүдийн онолыг орчуулж уншихгүйгээр мэдэх боломжгүй. Судлагдаж, яригдаж байгаагүйн улмаас анхлан судалж байгаа хүн зарим тодорхой нэр томьёог бусадтай зөвшилцөн нэр оноох шаардлага их гардаг. Энэ судалгааны ажилд гарах тэгшитгэл, томъёо, иш татсан материалуудаас бусад нь бидний үйлдсэн, боловсруулсан, бичсэн (орчуулгын бус) ажил болохыг баттай хэлье.
Анх төлөвлөсөн байсан өгүүллийн агуулга хуудасны тооноос хамаарч танагдсан учир өгүүллийн нэр ерөнхий шинжтэй болжээ. Хуучин төлөвлөгөөнд өгүүллийн нэртэй тохирохуйц шингэний динамикийн олон төрлийн бодлогууд багтаж байсан юм. ЛБА болон тооцон бодох шингэний динамикийн чиглэлийн өгүүлэл монгол хэл дээр бараг байхгүй (баталгаатай биш ч олж харж байгаагүй) учир анхдагч утгаар өгүүллийн нэрийг сонгосон байсан юм. Нэрний өөрчлөлт тохирохгүй бол дахин ажиллаж болно.
Шүүмжинд дурьдагдаагүй зүйл: Тухайлах (discretize) гэдэг үгийг дифференциал тэгшитгэлийг өгөгдсөн тооцооны схем дээр ойролцоолж (approximation) томьёолох ажиллагаанд ашигласан юм. Мөн эгэл хэсгүүдийн хөдлөх хурдыг сүлжээний чиглэлүүдэд задалж илэрхийлсэнийг (discrete velocity) тухайлсан хурд хэмээн нэрлэсэн болно. 
--------------------------------------------------------------------------------------------------------------------------
Аливаа зүйлийг сайн тунгааж олон талаас нь авч үзэх хэрэгтэй. Бушуу туулай Боривондоо баастай гэдэг шиг өөрийн буруугаар зүтгэж болохгүй. Энэ миний нэг дутагдалтай тал юм. Олон хүний санаа бодлыг асууж байж өөрийн бодлоо бататгаж, худал бол засах хэрэгтэй. Шүүмжийн дагуу өгүүллээ засаж илгээснээр шүүмжийг хэр тусгасан байдлаас хамаарч дахин шүүмж хийгдэх магадлал бий. Шүүмж олон хийгдэх нь муу зүйл биш бөгөөд энэ нь таны өгүүллийг чанарыг эсвэл таны муу байгаагынх гэж ойлгож болохгүй. Эхний шүүмжинд орхигдсон, эсвэл дахин засварлагдахад нэмж орж ирсэн санаа байж болзошгүй. Гол нь шүүмжийн дагуу маш нарийн нямбай ажиллах хэрэгтэй. Миний өгүүлэлд хоёр дахь шүүмж ирлээ. 
--------------------------------------------------------------------------------------------------------------------------

Шүүмж (2016.05.31)
Зохиогч шүүмжийн дагуу нэлээд засвар хийжээ. Хийгдсэн засвар болон тайлбарыг боломжийн гэж үзэж байна. Бага зэрэг засвар үлдсэн нь:
  • Тэгшитгэл 9, 10, 11, 12, 13, 14, 15-ийн эхлэл, төгсгөл өгүүлбэртэйгээ найруулагдаж засагдаагүй урьдынхаараа үлдсэн байна.
  • Зураг 6 ба түүн дээрх утгууд өгүүллийн анхны хувилбар дахь Зураг 6 ба түүн дээрх утгуудаас бүтнээрээ өөрчлөгдсөн атлаа зургийн текстэн тайлбар, тайлбар доторх утгууд хэвээрээ байгааг үл тооцон хэлбэл: Зураг 6-д хэвтээ ба босоо тэнхлэг дэх хурднуудыг харьцуулж харуулсан гэсэн атал Зураг 6 дээрх хоёр зураг хоёулаа босоо тэнхлэг дэх хурдны хэвтээ ба босоо байгуулагчуудыг дүрсэлжээ.
  • Үсгийн алдаа нэлээд их ажиглагдлаа.
Эдгээр бага зэргийн засваруудыг хийчихвэл хэвлэгдэх боломжтой болсон гэж үзэж байна. 
--------------------------------------------------------------------------------------------------------------------------
Хоёр дахь шүүмжийн дагуу дахин засвар хийж ажиллаад дараах хариуг өгсөн юм. 
--------------------------------------------------------------------------------------------------------------------------
Хоёр дахь шүүмжийн тайлбар
1.    Томьёо, тэгшитгэлийн тухай
Томьёог зааврын дагуу засаж оруулав. Боломж байвал эргэлзээг тайлж өгнө үү хэмээн өөрийн санаа, хүсэлтээ доор сийрүүллээ.
“Зарим эрдмийн зөвлөлийн хурлаар батлагдсан монгол хэл дээрх ш.у-ны, инженерчлэлийн [1], [2], [3] зэрэг номнуудыг унших үед зарим томьёо дангаараа байх агаад түүнийг дурьдсан өгүүлбэр томьёо тэгшитгэлийнхээ өмнө эсвэл хойно нь орших нь мэр сэр байх юм. Таны томьёог хэрхэн бичих тухай өгүүлсэнийг маш сайн ойлгож байгаа боловч яагаад томьёо дангаараа байж болохгүй гэж гэсэн асуулт гарч хариултыг нь ухаж эс чадна. Монгол хэл бол Англи (барууны) хэлнээс ялгаатай, онцлогтой. Англи хэлэнд томьёо ихэвчлэн object – ийн байранд өгүүлбэрт гарах ба түүгээр өгүүлбэр дуусаж болно. Харин томьёо дангаараа байхыг үзээгүй. Бүтэц ижил Япон хэл дээрх ш.у өгүүлэлд томьёо дангаараа байх нь элбэг (жишээг [4]-өөс харж болно) юм байна. Томьёоноос гадна олон мэдэхгүй зүйл байгаа учир Монгол хэлээр өгүүлэл бичих тусгай заавар зөвөлгөө, академик болон инженерчлэлийн бичвэр, тайлан, ном хэрхэн бичих, үйлдэх тухай зохих гарын авлага, ном байвал зааж, хэлж өгнө үү. Уншиж сурах туйлын хүсэлтэй байгаагаа нуух юун. “
2.    Зураг 6-ын тухай
Өмнөх төлөвлөгөөнд (өгүүлэл бичиж эхлэхийн өмнөх төлөвлөгөө) зураг 6-д 4-н график орох ёстой байсан бөгөөд өгүүллийн эхний хувилбарт завсар зайн шалтгаанаар “босоо” тэнхлэг дээрх босоо ба хэвтээ хурдны байгуулагчуудын графикууд (нэг талбарт байх 2 график – А гэе) багтаж “хэвтээ” тэнхлэг дахь босоо ба хэвтээ хурдны байгуулагчуудийн графикууд (нэг талбарт байх 2 график – Б гэе, өмнөхтэйгээ нийлээд 4 болно) багтаагүй зөвхөн зөрүүний тухай өгүүлсэн өгүүлбэр орсон юм. Өөрөөр хэлбэл А – г зургаар оруулаад Б – гийн тухай ганц өгүүлбэр оруулсан нь тайлбаргүй А зураг, Б зураггүй тайлбартай хэлтгий юм болжээ. Гэхдээ зургийг заавал тайлбарлах гэж оруулддаггүй, зураг өөрөө уншигч авхайд тайлбарын тусламжгүйгээр олон мэдээллийг дамжуулдаг гэдгийг бодох ёстой. Ингээд шүүмжийн дагуу засахдаа А – гаа бүр хасаад оронд нь Б – гээ оруулаад Б – ийн тухай ганц байгаа өгүүлбэрийг засаж бичсэн болно. Харин тайлбарын хувьд зургууд босоо юу хэвтээ тэнхлэг дээрх үү гэдэг нэг л үгийн ялгаатай учир яг хэвээр бичигдсэнийг үл тооцъё гэжээ. Засагдсан өгүүллэгийн хувилбарт бодлогийн хэвтээ тэнхлэгийн дагуу босоо ба хэвтээ хурдны байгуулагчуудын утгаар байгуулсан хоёр график (Б) орсон нь зөв. Шүүмжлэгч үүнийг “босоо” тэнхлэг дэх хурдны хэвтээ ба босоо байгуулагч байна хэмээн эндүү харжээ. Зургийн тайлбарт байх алдаагаа засаж дан ганц “хэвтээ тэнхлэг” гэдгийг үлдээв.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ингээд өгүүлэл маань хэвлэгдэхээр зөвшөөрөгдсөн юм. 
Одоогоор Англиар гурван өгүүлэл бичиж хянан магадлагаа хийлгэсэн боловч энэ Монгол өгүүлэл шиг сайн шүүмж ирээгүй юм. Энэ нэг талаас би өөрийн эх хэлээ муу эзэмшсэн, өөрийн санаагаа бичгээр сайтар илэрхийлж чаддагүйн жишээ юм. Нөгөө талаас Монгол хэл дээр эрдмийн ажил, бичлэг боловсруулах чиглэлийн хичээл дутагдалтай байгааг илтгэнэ. Хичээлээс гадна ном, гарын авлага чухал хэрэгтэй. Энэ чиглэлийн Англи хэл дээр төрөлх Англи хэлтэнгүүдэд, хоёрдогч хэлтэнгүүдэд зориулсан гээд маш олон ном байна. Япон гэхэд орчуулгын болоод зохиолын маш олон номтой. Хятадуудын ойрын арван жилд олон улсын сэтгүүлд эзлэх байр суурь нь өссөний нэг хөшүүрэг нь Англиар сайн өгүүлэл бичих заавар, ном, гарын авлага гэж хэлж болно. Техник технологи, инженерчлэлээ хөгжүүлэхийн тулд гарч байгаа эрдмийн ажлын чанар, чансааг өсгөх хэрэгтэй. Бусад услуудын түвшинд хүрэх, судалгааны чиглэл, чигийг атгахын тулд олон улсад бүтээлээ хэвлүүлэх хэрэгтэй. Олон улсын хэл нь Англи хэл учир энэ хэл дээр хэрхэн сайн өгүүлэл бичих тухай эрдэмтэй боловсролтой туршлагатай ахмадууд минь ном хэвлэж өгөхгүй юм байхдаа гэж их бодно. 
Мэдлэг хадгалагдах суурь нь бичвэр юм. Бичигдэж үлдээгүй эрдэм хожим хойно шинэ мэт санагддаг. Монголчуудын мэдлэгийн сан бүрэлдэхгүй байгаагийн гол шалтгаан нь системтэй бичвэрийн сан байхгүй байгаагийнх юм. Зарим мэргэжилд сурах бичгийн ном байхгүй байх нь элбэг. Хуучин оросын номнуудыг багш нар барьсаар байна. Хамгийн түрүүнд эх хэл дээрээ суурь мэдлэгүүдийг буулгах хэрэгтэй юм. Эх хэл дээрээ үндсээ сайн ойлгосон судлаач хоёрдогч хэл дээр дэвшин судалгаа хийх боломжтой. Түүнээс шууд хоёрдогч хэлээр ойлгоод толгойдоо суулгаад явбал тэр мэдлэг залгамжлагдахгүй. Өөрөөр хэлбэл Монголд мэдлэг болж үлдэхгүй гэсэн үг юм.
-------------------------------------------------------------------------------------------------------------------------
Доорхи ном зүй нь шүүмжийн няцаалтад ашиглагдсан юм. 

[1]
П. Болд, Б. Жамбалдорж, Ш. Даваажамц and Ч. Пүрэвдорж, Гидравлик, Аэродинамик, Улаанбаатар хот: Артсофт ХХК, 2013 он, Хоёр дахь хэвлэл.
[2]
О. Лхагва, М. Батмөнх, Тооцон бодох математик, Улаанбаатар хот: Битпресс ХХК, 2009.
[3]
Ж. Баасандорж, Т. Бавуудорж, Д.Батхуяг, А. Лошщнко, Ө. Цэрэн, Р. Энхбат, Г. Яргай, Инженерийн математик 1, Улаанбаатар хот: Техникийн их сургууль, 1999.
[4]
J. S. o. C. Engineering, Annual journal of coastаl engineering, VOL. 52, Tokyo: Japan Society of Civil Engineering, 2005.

2 comments:

  1. маш сайхан нийтлэл байна. Танд баярлалаа.

    ReplyDelete
  2. Сайхан зөвлөгөө авлаа, их баярлалаа. Танд амжилт хүсье

    ReplyDelete