Monday, October 14, 2024

Эмгэнэл /Condolence/

 ЭМГЭНЭЛ

ЦАМБЫН БАТДОРЖ

(1953 - 2024)

 

Монгол улсын гавьяат барилгачин, Хүндэт гидротехникч, техникийн ухааны доктор Цамбын Батдорж 2024 оны 10-р сарын 14-ний өдөр зуурдаар таалал төгсөж, үр хүүхэд, төрөл төрөгсөд, Монголын барилгын болон усны салбарт нөхөж барашгүй гарз тохиолоо.

Монгол улсын зөвлөх инженер Боржигон овогт Ц.Батдорж нь 16-р жарны усан могой жил буюу 1953 оны 11 сарын 27-ны өдөр одоогийн Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын “Адгийн сувраа” гэдэг газарт малчин ард Я.Цамбын 4 дэх хүү болон мэндэлжээ.

Ц.Батдорж нь 1972 онд Баянхонгор аймгийн Байдраг сумын 10 жилийн дунд сургууль, 1977 онд Монгол Улсын Их Сургуулийг усны барилга байгууламжийн инженер мэргэжлээр, 1996 онд Оросын холбооны улсын Новочеркаск хотын Усны барилга байгууламж ба мелиорацийн өмнөд бүсийн академийг тус тус төгссөн,  англи, орос хэлтэй, усны барилга байгууламжийн ахмад инженерүүдийн нэг нь байв. Тэрбээр 1977 онд Усны аж ахуйн яамны харьяа Усны хайгуул, төсөл эрдэм шинжилгээний институтэд мэргэжилтнээр хуваарилагдаж усны хайгуулын инженер, хайгуулын отрядын дарга, зураг төслийн инженер, ерөнхий инженерээр тасралтгүй 15 жил ажиллаж байгаад 1992-1996 он хүртэл ОХУ-ын Новочеркасск хотын Усны барилга байгууламж ба мелиорацийн өмнөд бүсийн академид докторын (PhD) зэрэг хамгаалж ирээд одоогийн ШУА-ын Газарзүй, геоэкологийн хүрээлэнд секторын эрхлэгчээр ажиллаж байгаад 1998 оноос хойш усны төрөл бүрийн барилга байгууламжийн хайгуул судалгаа хийх, зураг төсөл зохиох, барилгын ажилд чанарын хяналт тавих зэрэг зөвлөх үйлчилгээ үзүүлдэг тусгай эрх бүхий “Монхидроконстракшн” ХХК-ийг байгуулан өнөөг хүртэл ерөнхий захирлаар нь ажиллаж байв.

Ц.Батдорж  1977 оноос хойш өнөөг хүртэлх  47 жилийн хугацаанд Монгол оронд усны сэргээгдэх эрчим хүч ашиглан Усан цахилгаан станц байгуулах, усалгаатай газар тариалан эрхлэх, хот, аймаг, сумын төвүүдийн ус хангамжийг сайжруулах, ахуйн бохир ус татан зайлуулах ба түүнийг цэвэрлэх, төв суурин газар, онц чухал объектуудыг  хур борооны үерээс болон газрын доорх усны хор хөнөөлөөс хамгаалах, мөн Сэлэнгэ мөрөн, Хэрлэн, Туул, Байдраг, Булган голууд дээр усны урсцын тохируулга хийж алсын зайд далд хоолойгоор дамжуулан говь, хээрийн бүсийн усны хэрэгцээг хангах, цөлжилт хуурайшилтыг сааруулах, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх зэрэг 150 гаруй  усны барилга байгууламжийн томоохон төслүүдийг удирдаж гүйцэтгэсэн байна. Тухайлбал усан цахилгаан станц 3, хот суурин газар, уул уурхайн болон бусад ус хэрэглэгчдийг усаар хангах системийн  50-56000 м3–ийн багтаамжтай 60-аад ус нөөцлөх сан, 800 гаруй км урт ус дамжуулах шугам хоолойн сүлжээ, 20-иод ус өргөх насос станц, 10 аймаг, сумын төвийн  ахуйн бохир ус цэвэрлэх байгууламж, 100 гаруй км урт бохир ус зайлуулах шугам хоолой, 100-аад км урт төв суурин газрыг үерээс хамгаалах байгууламж, 20-оод км урт хөрсний усны түвшин бууруулж, зайлуулах хэвтээ ба босоо шүүрүүлийн системийн байгууламжууд баригдсаны дотор Говь-Алтай аймгийн Тайшир сумын “Улаан боом”-11МВт, Ховд аймгийн “Дөргөн”-12МВт-ийн хүчин чадалтай усан цахилгаан станц,  Говь-Алтай аймгийн Цогт сумын “Хаяа”-ийн 36 м өндөр шороон боомт бүхий 3 сая гаруй м3 ус нөөцлөх сантай 400 га талбай услах услалтын систем, Улаанбаатар хотын “Баянхошуу”, “Чингэлтэй”, “Дамбадаржаа”, “Дарь-Эх” зэрэг гэр хорооллуудыг усаар хангах хэд хэдэн усан сан, насос станцтай 100 км урт ус дамжуулах хоолой бүхий ус хангамжийн систем, “Энержи ресурс” ХХК-ийн “Ухаа худгийн нүүрс баяжуулах болон 18 МВт-ийн ДЦС”-ын автомат ажиллагаатай ус хангамжийн иж бүрэн систем, МАК ХХК-ны “Цагаан сувраг”-ын уурхайн ус хангамжийн систем, Улаанбаатар хотын “Баруун-Уул”-16 км, “Зүүн-Уул”-12 км урттай хур борооны үерээс хамгаалах хоёр тусдаа системийн байгууламж,  мөн Хотын төвийн болон Баянхошууны хорооллуудыг газрын доорх усны хор хөнөөлөөс хамгаалах шүүрүүлийн байгууламжууд, Нийслэлийн бохир ус зайлуулах 32 км урттай “Туул-1” хамгийн том гол коллектор, Байдрагын усан цогцолбор, Хэрлэн тооно төсөл гэх мэт төслүүдийн 95 хувь нь баригдаж одоо үр дүнтэй ашиглагдаж байна.

Монгол улсын зөвлөх инженер, техникийн ухааны доктор Ц.Батдорж нь барилгын болон усны салбарт оруулсан хувь нэмрээ үнэлүүлэн 2006 онд Байгаль орчны тэргүүний ажилтан, 2009 онд Алтан гадас одон, 2016 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одон, 2022 онд Монгол улсын гавьяат барилгачин цолоор тус тус шагнуулсан усны салбарын хамт олондоо үнэлэгдсэн Хүндэт гидротехникч хүн байв.

Гавьяат инженер, хүндэт гидротехникч, усны барилгын шинжлэх ухааны ноён оргил Ц.Батдорж таны хүнлэг энрэнгүй, оюунлаг бүтээлч, хичээнгүй хөдөлмөрч, тууштай зарчимч, нөхөрсөг тусч зан чанар, гэгээн дүр төрх тань таны оюун ухаанаар боссон бүтээн байгуулалтуудын хамт гэр бүл, төрөл төрөгсөд, эрдмийн болон мэргэжил нэгт хамт олон, найз нөхөд, шавь нар болон Монголын ард түмний сэтгэл зүрхэнд үүрд мөнхрөн үлдэх болно.

Усны барилгын инженерүүдээс гэр бүр, үр хүүхэд, ах дүү нарт нь гүнээ харамсал илэрхийлье. Таны үйл хэргийг үргэлжлүүлэх болно. 

No comments:

Post a Comment