Тохирол ба нарийвчлал
Тохирол гэдгийг ярихын өмнө нарийвчлалын тухай жаахан өгүүлье. Нарийвчлал гэдэг бол бодит утгатайгаа ойртож буйг илэрхийлж байгаа хэмжүүр юм. Нарийвчлал сайтай жин гэвэл бараг л яг таг хэмжиж тэдэн кг, тэдэн грамм байна гэдгийг үзүүлдэг жин байж таарна. Тооцон бодох математик талаас авч үзвэл, дифференциал тэгшитгэлийн аналитик шийд ба ойролцоолон бодсон шийдийн хоорондын зөрүүн дээр илрэх хэмжүүр юм. Хоорондын зөрүү бага байх тусам нарийвчлал сайжирч, зөрүү ихсэх тусам нарийвчлал муудаж ойролцоолох аргыг сайн эсхүл муу арга болохыг илтгэнэ. Гэхдээ ямар нэгэн ойролцоолох /төгсгөлөг ялгавар, төгсгөлөг элемент, чөлөөт арга гэх мэт/ аргын хувьд нарийвчлал гэдэг үгний оронд тохирол гэж ярих нь зөв мэт. Нарийвчлалын зэрэг хэмээх эхийг Википедиад орчуулж тавьсаныхаа дараа энэ эргэцүүллийг олсон юм. Бид тооны орон, таслалын арын тооны хэмжээг оронгийн нарийвчлал гэж ярьдаг. Өшөө нарийвчлалтай хариу гарга гэвэл таслалын ард 5, эсвэл 10 оронг гаргаж ирнэ. Иймд тооцон бодох аргын нарийвчлалыг цифрийн нарийвчлал гэдэг ухагдахуунаас салгамаар ч юм шиг. Пи тоог барилгын инженерүүд ихэнхдээ 3.14 гэж хэрэглэдэг бол шинжлэх ухаанчид илүү нарийвчлалтайгаар 3.14159265 гэж хэрэглэх жишээтэй. Фортран дээр код бичиж байхад бодит тооны нарийвчлалыг үр дүнгийн нарийвчлалаас хамааруулж авдаг. Тооцон бодох аргын нарийвчлал буюу тохирол сайн байж болох ч оронгийн нарийвчлал муу бол худлаа л үр дүн гарна гэсэн үг. Тиймээс салгаж ойлгох нь чухал бөгөөд англи /англи хэл бол шинжлэх ухааны хэл/ дээр хэрхэн авч үздэгийг сонирхвол:
- Тохирол - Accuracy /term of systematic error/
- Нарийвчлал - Precision /term of random error/
![]() |
| Инженерийн зурагзүй, үйлдвэрлэлтэнд м-ээр тэмдэглэж байгаа бол таслалаас хойш 2 орон хангалттай, илүү нарийвчлалтай гэвэл мм-ээр тэмдэглэхэд болно. Учир нь бид мм-ээс илүү нарийн харж чадахгүй. |



