Tuesday, February 24, 2015

УС+ЭРЧИМ ХҮЧ=НОГООН ХӨГЖИЛ /Water+Power=Green development/

УС+ЭРЧИМ ХҮЧ=НОГООН ХӨГЖИЛ

ШУТИС,  БИАС-ийн Усны барилга байгууламжийн инженерчлэлийн төвийн захирал Н.Насанбаяр /Гидравлик УББ ахлах багш /
УС-ЧАНД-МАНАХ-ЭРДЭНЭ.
            Ус-чандмань эрдэнэ гэдэг. Энэ чандмань эрдэнэ гэдэг нь сайтар чанд манаж хамгаалах эрдэнэ гэсэн үг юм. Бид олон орон,  олон улсын хэл соёл судалж хагас дутуу мэдлэгтэй болж ирээд Монгол хэл соёл харилцан ярилцах эх хэлээ дэмий нэг сэглэж байна. Жишээ татаж үзвэл. СТАНЦ гэдэг сууршмал Монгол үг байна. Эх гарал нь station буюу байр буудал гэсэн үг байна. Энэ үг нь станция гэсэн Орос үгнээс уламжлан станц гэсэн нэршилтэйгээр Монгол хэлэнд орж иржээ. Насосная станция-насос станц угтаа бол бид нар Шахуургат төхөөрөмжийн байр, Ус хөөрөгдөх төхөөрөмжийн байр  эсвэл Усан хөөрөгийн байр гэж Монголчилж сэтгэх байжээ. Насос станц гэвэл зөвхөн энэ талын мэдлэгтэй хүн л сэтгэж санах болно. Гэтэл Шахуургат төхөөрөмжийн байр эсвэл Ус хөөрөгдөх төхөөрөмжийн байр, Усан хөөрөгт байр гэвэл захын Монгол хүн ус хөөрөгдөж өргөх барилга байшин юм байна гэж дор нь сэтгэх болно.
Саяано-Сушенскаяа боомт. Хөвсгөлөөс цааш Шишхид гол хил гарч Енисэй мөрний эх болох ба энэ мөрөн дээр барьсан 6400МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станц

Цаг уур, уур амьсгал гэж юу гэсэн үг вэ. Цаг хугацааны уур амьсгал хэрхэн өөрчлөгдөхийг үзүүлсэн үг байна. Гэтэл уур гэдэг үг энэ үгнүүдэд байдаг нь учиртай юм. Ус ууршин уур манан үүсч үүл болон,  буцаж хур тунадас болон бууж түүнээс бүх амьтан ургамалын амь, амьсгал амьдрал нөлөөлөхийг үзүүлсэн үг байна. Амьсгал гэдэг нь амь+гал махбодь хоёрийг илэрхийлсэн үг болж таарч байна. Амь юутай тэнцүү вэ. Домог ёсоор амь гэдэг нь алагдсан яст мэлхийнээс үүдэлтэй МОД+ТӨМӨР+УС+ШОРОО+ГАЛ МАХБОДЬ гэсэн таван зүйлийн цогц нийлбэр болно гэсэн байна. Энэ нь амьд байсан яст мэлхий төмөр зэвтэй модон сумаар харвуулж үхсэнээс гарсан хариу үр дүн гаргалгаа байна.

Уур амьсгал гэдэг нь ус ууршин түүнээс хамааралтайгаар үүл манан үүсэх, агаарын даралтын зөрүүгээс салхи гарах, буцаж бороо цас болон хур тунадас болон буух тэр нь газар дэлхийд шимээ өгч өвс ургамал ургах, амьдралын эх үндэс гэсэн үг болж байна.
Усны ууршилт түүнтэй холбоотойгоор эх газрын бага эргэлт, далай тэнгисээс ууршин эх газарт буух их эргэлт гэсэн хоёр хур тунадасны эргэлт байдаг. Сүүлийн үед далай тэнгисээс ирэх өөрөөр хэлбэл зүүн зүгээс ирдэг долоо арав хоногоор шивэрч ордог байсан бороо алга болжээ. Энэ нь далай тэнгисийн эрэг орчим хар салхи хүчит шуурга нэмэгдэн үер болох нь ихэссэнтэй холбоотой юм. Монгол орны маань гол мөрөн ширгэн хатаж ууршилт нэмэгдэн бороо орохоо бараг больж, орсонч тэрүүхэн тэр газартаа л түр зуурын аадар цохиод өнгөрөх нь элбэг тохиолдох болсон байна. Иймээс одоогийн бороо дүүрэг дүүргээр ордог болсон байна. Энэ нь ууршилт болон эх газрын бага эргэлт буурсантай өөрөөр хэлбэл гаднаас гадаад далайгаас их эргэлтээр ирэх хур тунадас багассантай холбоотой. Усны инженерүүд бид юу хийж чадах вэ?  Бид шинжлэх ухааны үндэслэлтэйгээр бороо хүртэл оруулж чадна.
           
Усан цогцолбор.
Урсгал ус,  гол мөрөнг боож боомт,  далан босгон урсац тохируулага хийх усны барилга байгууламжийн иж бүрдэлийг УСАН ЦОГЦОЛБОР  гэнэ. 
Ø  Усаар цахилгаан  эрчим хүч үйлдвэрлэж ашиглах
Ø  Хүн амын  усан хангамжийг оновчтой шийдвэрлэх
Ø  Усалгаатай газар тариалан эрхлэх
Ø  Усан спорт, амралт сувилал, аялал жуулчлалыг хөгжүүлэх
Ø  Усан тээвэр хийх
Ø  Загасны аж ахуй
Ø  үерийн уснаас найдвартай хамгаалж урсац тохируулага хийх зэрэг олон зорилгоор гол мөрний усыг боож, нөөцлөн хиймэл усан сан үүсгэн ашиглахыг усан цогцолбор гэдэг.
            Усан цогцолбор нь усны төрөл бүрийн зориулалт бүхий барилга байгууламжийн цогцоос бүрддэг. Энд: Усыг хаах боомт, ус хуримтлуулах усан сан буюу хиймэл нуур, ус хаях байгууламж, ус гаргуур, ус авах барилга, далан суваг,  усан онгоц өнгөрүүлэх байгууламж, загас нэвтрүүлэх байгууламж, УЦС-ын барилга байгууламжууд, услалтын сүлжээний байгууламжууд гэх мэт.
Усан цогцолборыг барьж байгуулснаар:
      Усны  найдвартай эх үүсвэртэй болно
      Голын урсацыг гачиг үед нь багасгахгүй, байнгын экологийн урсацтай байлгах боломж олгоно
      Тухайн нутаг дэвсгэртээ агаарын чийгшлийг нэмэгдүүлж бичил цаг уурын таатай орчинг буй болгоно
    Хиймэл усан сангийн орчинд  амьдрах ургамал ба  амьтны аймагт эерэг нөлөөтэй
      Их урсацыг хуримтлуулж үерийн хор хөнөөлөөс хамгаалдаг
      Төвлөрсөн хот суурин газрын агаарын бохирдолт, тоосжилтыг багасгадаг
      Байгалийн чийг дутагдалтай газарт усалгаатай тариалан эрхлэж баталгаатай ургац авах нөхцөл бүрдэнэ
      Экотуризм, түүний дотроос усан спорт, аялал жуулчлал хөгжүүлэх
      Найдвартай хямд эрчим хүч үйлдвэрлэх бололцоотой болно.

            Ус ихтэй үед усан санг дүүргээд ус багатай үед ашигладаг усан санг нөөц усан сан гэнэ. Аж ахуйн нэгж байгууллагын усны хэрэгцээг тасралтгүй хангаж байх зорилгоор ийм усан санг байгуулна.
            Усалгааны зориулалттай усан сангийн хувьд  тухайн жилийн услаг байдлаас хамааран тогтворгүй чийгтэй болон хуурай нутаг сав газрын хувьд тогтмол усаар хангаж байхаар тооцоолон усан санг байгуулна. Усалгааны ус хэрэглээний график нь улирлын хувьд жигд байх ба энэ нь усан сангийн эзлэхүүнийг тооцоход нөлөөлөхгүй. Усалгааны үед нэгж талбайд хязгаарлагдмал эзлэхүүнтэй усыг тодорхой хугацаанд өгөх шаардлагатай байдаг.
            Усны эрчим хүчийг ашиглах зориулалтаар баригдах усан сангийн хувьд усны эрчим хүчний тооцоогоор тодорхойлогдож УЦС-ын түрэлт болон зарцуулгаас хамаарах эрчим хүч өгөлт болон чадал нь гол үзүүлэлт болно. УЦС-ын ажлын горим нь жил, 7 хоног, хоногийн туршид хэрэглээнээсээ хамааран жигд биш байх ба  өвлийн улирал хязгаарлах улирал нь болно.
            Усан тээвэр, сал урсгах зориулалтаар баригдсан усан сангийн хувьд голын гольдрилыг аль болох чөлөөтэй байлгаж тооцоонд хугацаа, урсацын гүн, салхины долгионыг тусгаж өгдөг. Энэ үед зун-хаврын улирал нь хязгаарлах улирал нь болно.
            Усан хангамжийн зориулалтаар ашиглагдах усан сангийн хувьд ариун цэврийн дэглэмийг чанд сахих шаардлагатай. Жилийн туршид ус хэрэглээний график харьцангуй жигд байх ба хоногийн болон 7 хоногийн хэрэглээ  тогтмол буc байдгаараа онцлогтой.
            Усан санг байгуулах явцад тухайн нутаг районы усны урсгалын тэнцвэр эрс өөрчлөгддөг. Усны урсгалын тэнцвэрийн өөрчлөлт нь ус хэрэглэгчид өөрсдийн зүгээс үзэхдээ бага устай үед усан сангаас алдагдах усны улмаас хэрэглэгчид усаар гачигдана гэж үздэг. Усан сангаас алдагдах усны алдагдал нь дараах үндсэн алдагдлуудаас тогтоно. Үүнд:
1.      Нэмэлт ууршилтанд алдагдах усны алдагдал
2.      Шүүрэлтээс үүсэх усны алдагдал
3.      Мөс үүсэхэд гарах усны алдагдал гэж бий.
            Шүүрэлтэнд алдагдах алдагдлын хэмжээг боомтын ёроол болон боомт хана хоёрын хоорондох уулзвар хэсэгт өрөмдлөг хийн цементийн уусмал шахах замаар шүүрэлтийн алдагдлыг зогсоодог.
            Мөс үүсэхэд гарах алдагдлыг боомтын хярын өндрийг нэмэх замаар мөсийг усан санд нь барьж тогтоон ашиглаж болно.
            Зөвхөн нэмэлт ууршилтанд алдагдах алдагдал буюу  усны гадаргуугаас уурших ууршилт болон усан сан байгуулахын өмнөх үеийн усанд автагдсан талбайгаас ууршиж байсан  ууршилт хоёрын ялгавраар илэрхийлэгдэх усны ууршилтын алдагдлаас сэргийлэх арга зам байхгүй бөгөөд энэ нь эргээд тухайн газар нутаг ай савын хэмжээгээр унах хур тунадас хэмжээгээр илэрхийлэгдэнэ.
Нэмэлт ууршилтанд алдагдах усны хэмжээ нь усны гадаргуугаас уурших ус  хуурай газраас уурших усны хэмжээнээс хавьгүй их байдаг нутаг районы хувьд энэ тохиолдол илүү их ажиглагдана.
Эндээс нэмэлт ууршилтанд алдагдах ууршилт буюу усан сан хиймэл нуур байгуулснаар гарах ууршилт хур тунадасны тухай авч үзье.
            Усны гадаргуу дээр орох хур тунадасны хэмжээнээс болж урсац нэмэгдэх боловч хагас ус нь хөрсөнд шингэнэ гэж үзвэл гадаргуугийн урсацын коэффициент нь нэгээс бага байна. Иймд усан сангаас алдагдах усны хэмжээ нь тухайн үеийн уурших усны эзлэхүүнээс орох хур тунадасны эзлэхүүнийг хассантай тэнцүү байна. үүнээс гадна усны гадаргууд налсан хөрснөөс уурших ууршилтын горимд өөрчлөл орох ба мөн түүнчлэн усан санд бий болсон ургамлаас уурших ууршилт гэж бас бий.
            Нэмэлт ууршилтын олон жилийн дундаж нь усны гадаргуугаас уурших ууршилт болон усан сан байгуулахын өмнөх үеийн усанд автагдсан талбайн хоёрын ялгавраар илэрхийлэгдэнэ. Усан сангийн усны гадаргуу болон усанд автсан талбай гэдэг нь усан сангийн байгууламж, голын гольдрил болон хуурай  газрын татмыг багтаасан ойлголт юм.
Татмын ууршилтыг усанд автагдсан бүсийн адилаар өөрөөр хэлбэл усны гадаргуугаас уурших ууршилтын гуравны хоёр 2/3 гэж тодорхойлж болно. Нэмэлт ууршилтанд алдагдах усны хэмжээг усан сангийн дундаж түвшингээр тогтооно. Гүний усны түвшин нь газрын гадаргуугаас 2.5 м-ээс доошгүй байрласан усан санг тулж хашиж байгаа хуурай газрын нэгээхэн хэсгийн усанд  автагдсан талбай гэж ойлгож болно.
            Усан сангийн усны гадаргуу болон усанд автсан талбай гэдэг нь усан сангийн байгууламж, голын гольдрил болон хуурай  газрын татмыг багтаасан ойлголт юм. 

Жишээ: болгон Эгийн голын УЦС баригдах үед үүсэх хоёрдох Хөвсгөл нуур буюу хүний гараар бүтээгдэх хиймэл нуураас уурших ууршилт түүний орчиндоо буюу газар тариалангийн бүс нутагт үзүүлэх эерэг нөлөөллийг авч үзье.

            Эгийн голын УЦС баригдсанаар 65 км урт 167,72 км2 талбай усанд автагдах бөгөөд энэ хэмжээний нуурын толио үүснэ гэсэн үг.

            Энэ талбайгаас уурших ууршилт нь
      Усны гадаргаас уурших ууршилт:
Еусан сан=600-800мм
      Газрын гадаргаас уурших ууршилт: 260-317мм
      Нэмэлт ууршилтанд гарах усны давхарга:
Енэмэлт=Eусансан-Eөмнөх=340-480мм
      Жилийн хур тунадасны хэмжээ: 300-400 мм
Эндээс харахад нэмэлт ууршилтанд алдагдах алдагдал нь 340-480мм жилд орох хур тунадасны хэмжээ 300-400 мм нээс илүү байгаа нь харагдаж байна. Энэ нь ийм хэмжээний хур тунадас орох бололцоотой гэсэн үг юм. өөрөөр хэлбэл Эгийн голын УЦС баригдсанаар гарах аялал жуулчлал, нийгэм эдийн засгийн ашиг дээр нэмэлт хур тунадас оруулах боломж байгааг үзүүлж байна.
Бусад төрлийн эрчим хүчний нөөцийг (нүүрс, нефть, хий гэх мэт) ашигласнаас усны эрчим хүчний нөөцийг ашиглах нь техникийн ба эдийн засгийн хувьд илүү давуу талтай байдаг. үүнд:
1.      Усны эрчим хүч цаг хугацааны турш багасаж дуусахгүй, нарны эрчим хүчний нөлөөгөөр үргэлж сэргээгдэж байдаг. Өөрөөр хэлбэл хур тунадасаар эргэн тэтгэгдэж байдаг.
2.      Усны эрчим хүчийг ашигласнаар суурин хөдөлгүүрийг ажиллуулах түлшний хэрэгцээг багасгах боломжтой.
3.      Усан цахилгаан станцаар (УЦС) үйлдвэрлэн гаргаж буй 1 квт.цаг эрчим хүчний өртөг нь дулааны цахилгаан станцынхаас дундажаар 4-5 дахин хямд байдаг бөгөөд УЦС-ийг барихад оруулсан хөрөнгө оруулалтын зардлыг 5-10 жилд нөхөж болох боломжтой.
4.      УЦС-д эрчим хүчийг үйлдвэрлэн гаргахад ажиллах хүчний хэрэгцээ нь дулааны станцад мөн тийм хэмжээний эрчим хүчийг үйлдвэрлэхээс бараг 10-20 дахин бага байдаг.
5.      УЦС-ийн төхөөрөмжийг ажиллуулахад хугацаа бага шаардагдах, маневрлах чадвар хамгийн сайн ба станцийн өөрийн хэрэгцээнд эрчим хүчний хэмжээ нь дулааны станцийнхтай харьцуулахад бага байна.
6.      УЦС-ийг барьж байгуулахад голын урсацыг иж бүрэн цогцолбороор ашиглан аялал жуулчлал, загасны аж ахуй, ус хангамж, усалгаатай газар тариалан, эрчим хүч, үерээс хамгаалах зэрэг олон  асуудлыг шийдвэрлэх боломж олгоно.

            Нэмэлт ууршилтанд гарах алдагдал буюу хуримтлуулсан усан сангаас гарах ууршилтаар Хангайн, Саяны нуруу түүний өндөрлөг уулсад ууршилтаар туугдан очих уур манан нь эргээд тариалангийн бүс нутгийн зуны хур тунадас бороог нэмэгдүүлэх нь харагдаж байна. Салхины нөлөөллөөр ууршсан ус алдагдах боловч энэ нь харьцангуй бага байх ба зонхилох чиглэл нь хойноос байх учир Бүрэнгийн нуруунд ууршсан усыг хүргэж өгөх таатай нөхцөл бүрдэнэ. Мөн агаарын даралт Эг-Сэлэнгийн бэлчир нь нам доор газар агаарын даралт 900гПа-аас дээш байх ба Бүрэн, Хантайн нуруунд 850гПа байх учир ууршсан ус маань дурьдсан болон хангайн нурууны өндөрлөг хэсэгрүү даралтын зөрүүгээр нүүгээд тэндээ үүл болж бүрэлдээд эргээд хур тунадас болж бууна. Монгол орон Төв Азийн өндөрлөгт орших учраас Хойд талаас Сибирийн намгархаг газраас  ирэх хур тунадас, зүүн талаас Номхон далайгаас ирэх далайн хур тунадасаар их эргэлтээ авч орсон хур тунадас нь газрын гадарга болон гол нуур цөөрмийн уснаас ууршин дотоодын бага эргэлтийг үүсгэдэг билээ.
            Хаврын шар усны үер болон зуны хур борооны үерээр хойд зүгт урсан гарах  энэ үерийн ус ба их эрчим хүчийг нутагтаа тогтоон барьж хямд үнэтэй эрчим хүч цахилгаан гарган авч Оросоос авах оргил ачааллын цахилгаан эрчим хүчээ өөрсдөө үйлдвэрлэн ард түмнээ хямд өртөгтэй цахилгаанаар ханган үйлдвэрлэл үйлчилгээ ард түмнийхээ аж амьдралыг дээшлүүлэх нь төр засгийн бодлого байх ёстой.
            Баруун Монголд Толбо , Хар-Ус, Хар, Хяргас, Увс нуур зэрэг нь тухайн баруун Монголын уур амьсгалын чухал холбоос болон байж байдаг.
Хар-Ус нуурт жилдээ 5 орчим тэрбум урсац Ховд голоор дамжин ирэх бөгөөд үүний 1/3 нь газрын доорхи усны тэжээгдэлд, 1/3 ууршилтанд, 1/3 цааш Чоно харайхын голоор урсан Хар нуурт цутгадаг тооцоо бий. Хар нуураас эх авч урсах Тээлийн голын урсац нь Ховд голын урсацын 6-7% байдгийг Оросын эрдэмтэн тогтоосон байна. үлдсэн их ус хаачсан бэ?
Энэ их урсац нь Хар-Ус нуураас ууршин буцаад Алтайн нурууг тэжээн тэтгэх хур тунадас болон  амьдралын эх булаг болдог байна.
Туул голын дагуу хэд хэдэн хиймэл усан сан байгуулж газрын доорхи усны нөөцийг нэмэгдүүлж Улаанбаатарчуудаа ундны усны гачаалд оруулахгүй байх нь нэн түрүүний асуудал болж байна. Мөн өвлийн улиралд уур манан үүсгэн хотын утааг дарах хамгийн энгийн шийдэл энэ л чандмань эрдэнэд маань байна. Өөрөөр хэлбэл хиймэлээр үүсгэх нуур усан сангаас уурших уур манан болон зохиомлоор нэмэгдүүлсэн  гүний усны нөөцийг өвлийн хоногт ашиглаж манан үүсгэж чадвал тэр нь эргээд агаарт байгаа утааг шингээн авч конденсацлагдан хяруу болон бууж агаар цэвэршүүлэх болно.
            Хотын утааг УЦС-ын хямд эрчим хүч цахилгаанаар ханган айлуудыг орчин үеийн агаар сэлгэх air conditioner той болгож болохоор байна. Баян ядуу гэхгүйгээр бүгд л агаар амьсгалж байгаа. Зундаа хүйтнээр үлээлгэн, өвөлдөө халуунаар үлээх агаар сэлгэгчтэй болчихвол хотын утаа гэж айх аюулгүй болно. Үүний тулд маш хямд цахилгаан эрчим хүч хэрэгтэй.
Бид Хэрлэн голын урсац тохируулах барилга байгууламж барин түүний урсацыг жилийн турш тогтмол дундаж урсацтай урсгах, Хэнтийн нуруунаас хаврын хаварт урсах шар усны үер болон зуны хур борооны их хэмжээний үерийн урсацыг тогтоон авч говийн ард түмнийг сайн чанартай усаар хангах талаар хангалттай маргалдаж байсан. Энд 20-30м3/с зарцуулагатай урсацыг шилжүүлэх тухай ярьж байна. Гэтэл Хятадууд өмнө зүгийн хур бороо их ордог далайн шуурга их болдог газраас ус муутай Бээжин хот руу 14760 м3/с буюу Сэлэнгэ мөрнөөс 20 дахин их урсацыг хойш нь татаж байна.
Улаанбаатар хот өвлийн утааны улирлаас салж түүнийгээ мартаад одоо шорооны улиралдаа ороод байна.
            Гадаадын ус ихтэй орчинд хийгдсэн хотын ногоон байгууламжийн норм стандартийг хур тунадас багатай өөрийн орны нөхцөлд тааруулан хур тунадасаа гадагш урсгах биш тосож аван усалгаа хийгдэж байхаар өөрчлөх нь чухал байна.
             Эгийн голын УЦС баригдсанаар үүсэх хүний гараар бүтээгдэх хиймэл нуур 65 км урт 168 км2 мандлын талбай бүхий 7 тэрбум. м3 багтаамж бүхий усан сан үүснэ. Энэ УЦС ашиглалтанд орсноор эрчим хүчний импортоос бүрэн ангижрах бөгөөд үүнийг дагаад хоёрдох Хөвсгөл нуур үүсч аялал жуулчлал хөгжих сайхан боломж гарч ирнэ.
Хямд эрчим хүч улс орны хөгжилд,  ард түмэнд ус агаар шиг хэрэгтэй байна.
НҮБ-ийн  дээд хэмжээний уулзалт COP18 (2012-12-4) хурлаар Дэлхийн дулаарал уур амьсгалын өөрчлөлтийг зөөлрүүлэх, түүнд  дасан зохицоход   УЦС онцгой үүрэгтэйг хүлээн зөвшөөрч мэдэгдэл хийсэн. Дэлхийн хэмжээнд  УЦС-аар  3045 тэрбум  кВтц  үйлдвэрлэдэг. Нийт УЦС-ын  нийлбэр  хүч чадал 850000 МВт  болсон. Усны эрчим хүчний үйлдвэрлэлтээр  Канад, АНУ, Бразил,  БНХАУ, ОХУ  тэргүүлдэг. 
Эгийн гол дээр баригдах УЦС, Эрдэнэбүрэн УЦС, Орхоны УЦС, Сэлэнгэ мөрөн дээр баригдах Шүрэнгийн УЦС, Хэрлэн УЦС, Туул УЦС, Чаргайт  УСЦ-ыг барьж томоохон бүтээн байгуулалтыг хийснээр баруун бүсийн  болон төвийн бүсийг усны эрчим хүчээр хангах, оргил ачааллын үед гаднаас импортлож авдаг эрчим хүчний хараат байдлаас гарч харин илүүдэл эрчим хүчээ гадагш хоёр хөршдөө экспортлох бодлогыг баримтлах ёстой.
Хятадын хөгжлийг Ус зогсооно гэж ерөнхий сайд Вэнь Зябао хэлсэн байдаг учир нь хятад улс ашиглаж болох бүх усны эрчим хүчний техникийн нөөцөө ашиглаж байгаа...Манай орны усны эрчим хүчний техникийн нөөц нь нийт потенциаль нөөцийнхөө 50-60%-ийг эзлэх ба 3200мВт байна.
БНХАУ-ын хөгжлийн гол нууц нь хямд эрчим хүч болон хямд ажиллах хүч бөгөөд эндээс гарах хямд бүтээгдэхүүн нь бүх дэлхийн бизнесменүүдийг өөрсдийн үйлдвэрлэлийн технологио бариад энэ улсад бүтээгдэхүүнээ үйлдвэрлүүлэх үйлдвэр байгуулах Хятадын хөгжлийн цувааг үүсгэн зогсоход хүргэж байна.
Харин бид энэ хөгжлийн цуваанд өөрсдийн үйлдвэрлэсэн усны эрчим хүчийг экспортлон хөгжил дэвшлийн замд гарах болно.
Усны эрчим хүчийг ашигласнаар бид
  •  Хэрэглэгчдийг хямд үнэтэй цахилгаан эрчим хүчээр найдвартай хангах
  •  Агаарын бохирдлыг бууруулах
  • Дэд бүтэц, аялал жуулчлалыг хөгжүүлэх чухал ач холбогдолтой
  • Хүн амын шилжилт хөдөлгөөнийг багасгах
  • Байгаль орчинд ээлтэй ногоон эрчим хүчний үйлдвэрлэлт
  • Агаарын бохирдлыг багасгана.
  • Жилд олон сая тонн нүүрс хэмнэж, хүлэмжийн  хийг бууруулна.


Хямд эрчим хүч улс орны нийгэм эдийн засгийн хөгжлийн гол үндэс болж эдийн засгийн олон чухал асуудлыг шийдвэрлэж чадна.

No comments:

Post a Comment