Sunday, May 10, 2020

Хотын усны зөв менежмент (Best Urban Water Management)

Хотын тогтвортой хөгжлийн чухал хэсэг: Хотын усны зөв менежмент


ШУТИС, БАС-ийн багш, Инженерийн ухааны доктор Бадарчийн Аюурзана

Жич: Монголын Хот Байгуулалт, Хөгжил, Судалгааны
Хүрээлэнгийн сэтгүүлд зориулсан нийтлэл

Хураангуй
Дэлхий нийт мянганы хөгжлийн зорилтоо нарийсгаж тогтвортой хөгжлийн 17-н зорилго баталсан. Хот бол хүний амьдрах орчин учир эдгээр зорилтуудын ихэнх нь хотын амьдралтай холбоотой боловч хот болон нийгмийн тогтвортой хөгжлийн тухай 11-р зорилтонд онцгойлон заасан байна. Энэ нь одоогийн болон ирээдүйд бий болох хотуудын талаар онцгой анхаарал хандуулж хамтран ажиллах ёстой гэдгийг харуулж байна. Хотын тогтвортой хөгжлийг илэрхийлэх олон үзүүлэлт байгаагын нэг нь “усны хүртээмжийн уян хатан байдал – Water Provision Resilience” гэх хэмжигдэхүүн юм. Энэ нь тухайн хотод устай холбоотой усны нөөцийн, дэд бүтцийн, үйлчилгээний, санхүүгийн, усны чанарын, удирдлагын ямар нэгэн асуудал бага байгаа бол хот тогтвортой хөгжиж байгааг гэрчлэх индикатор болно. Иймд хотын тогтвортой хөгжлийн чухал хэсэг болох хотын усны асуудлыг зөв хөгжүүлэхийн тулд зөв менежментийн арга хэмжээ төлөвлөж ажиллах нь чухал болно.
Source: http://futurearchitectureplatform.org/projects/0affbb8b-4058-49c2-b98a-e880de3e73e2/


Удиртгал

Хотыг төлөвлөх үндсэн тулгуур нь байгалийн нөөц баялаг болно. Үүний дотор усны нөөц нь тухайн хотын багтаамж, чадамжийг тодорхойлоход чухал үүрэгтэй. Усны нөөцөд тулгуурлан хот төлөвлөлтийг үйлдэх зарчим хүн амын хэт өсөлт, байгалийн хязгаарлагдмал нөөцийг зөв зохистой хуваарилах асуудлаас урган гарч байна. Дэлхийн зарим хотууд, тухайлбал Бразилийн Сао Пауло, Энэтхэгийн Бангалоре, Хятадын Бээжин, Эгиптийн Каиро, Индонезийн Жакарта, Оросын Москва, Туркийн Истанбул гэх мэт хотууд усны нөөцөд тулгуурласан төлөвлөлтгүй хөгжлөөс үүдэж цэвэр усны хомсдолд ороод байна (BBC, 2018). Нэгэнт төлөвлөгсөн хотод усны менежментийг давтамжтайгаар сайжруулан, дэд бүтэцээ хөгжүүлэн, өсөн нэмэгдэх хэрэгцээг ухаалгаар хангах бодлогыг эдгээр том хотууд баримталж байна. Хотыг тэлэх, шинээр хот төлөвлөхдөө “усанд мэдрэмтгий хот төлөвлөлт – water sensitive urban planning” хэмээх зарчмийг баримтлахыг эрдэмтэд зөвлөж байна (Wong & Brown, 2009). Хотод уснаас үүдэлтэй тулгарч байгаа дараах томоохон асуудлуудыг хотын усны менежментийн шийдвэрлэх асуудлуудад зүй ёсоор тооцож байна. Үүнд:
  •       Үер усны аюул (Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой хур тунадасны хуваарилалт өөрчлөгдсөн, хотын хатуу хучилттай болон ус шингээх гадаргуугын харьцаа алдагдсан, үеийн хамгаалалтын найдвартай ситсем байхгүй гэх мэтээс үүдэлтэй үерийн улмаар хүний амь нас, эд хөрөнгийн асар их хохирол учирч байна.)
  •      Хэт хуурайшилт (Мөн л уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө бий боловч зам талбай, ногоон байгууламжийн усалгааны шийдэл байхгүй, хотын ногоон байгууламжийн эзлэх талбай буурсан, ургамалан бүрхэвч талхлагдсан зэргээс үүдэлтэй хуурайшилт, халуун бий болох үүнээс болж салхитай үед шороо тоос босно.)
  •       Усны гачаал гачигдал (Гадаргын болон газрын доорхи усны хангалттай нөөцгүй, эсвэл нөөцийн хэмжээ хэрэглээнээс хэт давсан тохиолдолд усны гачигдалд орно.)
  •       Усны чанар доройтол (Энд хотын хүрээлэн буй орчинд байх усны сан, ус хангамжийн шугам сүлжээн доторхи усны чанарын асуудлыг авч үзнэ. Ус хангамжийн шугам сүлжээнд байх усны чанар муудахад хот даяар эрүүл ахуйн дэглэм алдагдана. Харин хүрээлэн буй орчин дахь усны чанар муудсанаар ивгүй үнэр гарах, нян бактер үржих, аажмаар өвчин дэлгэрэх магадлалтай) гэх мэт асуудлууд байна.

Зарим хотууд эдгээр асуудлыг нэгдсэн, хоорондоо уялдаатай байхаар шийдвэрлэхдээ үерийн аюулын нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх, үерийн хамгаалалтын дэд бүтцийг сайжруулах, үерийн эрсдэлд үндэслэж шийдвэр гаргах, усыг дахин ашиглах, хур борооны буюу үерийн усыг нөөцлөх, ашиглах, хиймэл намгархаг газар бий болгох, хотын доторх гол горхины тохижилтыг сайжруулах, усны менежментийн шилдэг туршлагыг (best practice) нэвтрүүлэх, газар ашиглалтын төлөвлөлтийг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох урт хугацааны хөтөлбөр баримтлах зэрэг дэвшилтэт арга технологиудыг ашиглаж мөн санал болгож байна (UNDP, 2010). Энэ нийтлэлд дээрх асуудлуудыг нэгтгэн хотын усны асуудал гэж томъёолоод түүнийг шийдвэрлэх зарим аргуудаас авч үзэхийн сацуу Улаанбаатар хотод бий болж буй хотын усны эрсдэлтэй асуудлуудын талаар хэлэлцэх болно.

Хотын усны нийтлэг асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга зам

Дэлхий дахинд хүн амын өсөлт, хотруу шилжин суурьшах иргэдийн тоо ихсэх явдал нь хотуудын одоогийн нөхцөл байдлаа авч үлдэх, цаашид тогтвортой хөгжих нөхцөлд нь түвэгтэй байдлыг бий болгож байна. Хотод бий болох нийгмийн, эдийн засгийн, технологийн аливаа хүндрэлийг даван туулах, туршлага солилцох үүднээс хотуудын холбоо, олон улсын байгууллага бий болж үйл ажиллагаагаа явуулж байна. Тухайлбал C40 Cities гэх мэт байгууллага ирээдүйн хотыг таатай, эрүүл байлгахын тулд хотууд хооронд технологийн болоод практикийн туршлага судлах, дэмжиж, олон төсөл хөтөлбөрийг чиглэл бүрт хэрэгжүүлэн ажиллаж байна (Leeuwen, et al., 2012). Олон улсын хотуудын эдгээр байгууллагууд, хэрэгжүүлж байгаа төслүүдийн нэг чухал сэдэв нь хотын усны асуудал юм. Үүнээс гадна олон улсын болон үндэсний томоохон судалгааны байгууллагууд хотуудын усны эх үүсвэр, хүрээлэн буй орчны мониторингийн мэдээлэл, ирээдүйн ерөнхий чиг хандлагад үндэслэн ирээдүйд тулгарч болох усны асуудлуудаас хэрхэн сэргийлэх талаар санал зөвлөмжүүдийг боловсруулан ажилладаг байна. Тухайлбал Байгаль хамгааллын байгууллагийн (The Nature Conservancy) судалгаагаар 21-р зууны хагас гэхэд хоногийн дундаж усны хэрэглээг 100 л болгохгүй бол хотуудын усны нөөц хүрэлцэхээ болино гэсэн судалгаа гарсан байна (Lalasz, 2011). Усны хэрэглээг багасгах энгийн логик нь цэвэр байдал юм. Өөрөөр хэлбэл амьдрах, хөдөлмөрлөх орчин цэвэр байснаар усны хэрэглээг бууруулах боломжтой бөгөөд энэ чиглэлийн судалгаа, технологийн боломжийг эрэлхийлэх хэрэгтэй.
Зураг 1. Дэлхийн ихэнх хотуудын усны нөхцөл байдлын мэдээллийн сан (The Nature Conservancy)

Хотын ус гэдэг ойлголтонд хотын хил хязгаарт багтаж буй газар нутагт унаж, зайлж байгаа хур борооны ус, хот дотуурх гол горхины ус, хүн ам, үйлдвэрийн хэрэглээний ус, ахуйн болон үйлдвэрийн бохир ус, хотын ногоон байгууламжийг тэтгэх ус зэргийг оруулна. Хотыг тогтвортой хөгжүүлэх, хүн амьдрахад таатай орчин болгохын тулд дээрх хотын усны тоо хэмжээ, чанарт анхаарал хандуулж, хянаж, мэдэрч ажиллах ёстой гэдгийг олон улсын эрдэмтэд сануулж байна (Milman & Short, 2008). Хотын усны чанар болон тоо хэмжээг хотын усны менежментийг сайжруулсанаар тогтвортой, хангалттай, аюулгүй байлгах боломжтой. Байгаль дээр ус эргэлтээрээ тоо хэмжээ болон чанараа зохицуулж байдаг. Иймд хотын усны менежментийг төлөвлөхдөө усны эргэлтийн зарчмыг, эсвэл түүнтэй адилтгах санааг баримтлах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл дахин ашиглах боломжтой усыг тохирсон салбарт ашиглах шаардлагатай. Ингэснээр чанар сайтай усыг хэмнэж зөвхөн унд ахуйд хэрэглэх боломж бүрдэнэ. Ахуйн цэвэрлэсэн усаар хотын ногоон байгууламж услах, хот доторх гол горхины тэжээлийг бий болгох, зарим үйлдвэрийн технологид хэрэглэх шаардлагатай. Гэхдээ дамнуулан ашиглах зарим тохиолдолд өндөр технологи, өртөг ихтэй ашиглалт шаардлагатай учир эдийн засгийн нөхцөл байдлыг үндэслэж шийдвэр гаргах хэрэгтэй. Хүн ам өсөж, эдийн засгийн чадамж нэмэгдсэнээр өндөр технологи хэрэглэх нөхцөл аяндаа бүрддэг жишиг бий. Аль ч эдийн засгийн нөхцөлд хотын усны үндсэн дэд бүтэц болох ус хангамжийн шугам сүлжээ, ариутгах татуурга, үерийн хамгаалалт, хур борооны ус зайлуулах сүлжээг бичигдсэн дарааллаар бататгаж бэхжүүлэх ажлыг ямагт хийж байх хэрэгтэй.
Хотын хатуу хучилттай ус үл нэвтрүүлэх гадаргуугын хэмжээ ихсэж, ногоон байгууламжийн талбай буурсанаар хур борооны усыг зайлуулах “нэмэлт” шаардлага гардаг. Шигүү барилгажиж байгаа хотуудад тулгарч буй томоохон асуудал нь энэ бөгөөд орон зай хэмнэх, усны чанарт хяналт тавих үүднээс хур борооны усыг зайлуулах сүлжээг ариутгах татуургын шугамтай холбож хосолсон ариутгах татуургын сүлжээг төлөвлөх явдал ихэсч байна. Энэ тохиолдолд төлөвлөлт, технологийн горимыг сайтар баримтлахгүй бол ариутгах татуургын шугам дүүрч халих, цэвэрлэгээний горим алдагдах зэрэг асуудлууд гардаг.
Хотын усны дэд бүтэц, чанар, тоо хэмжээ муу байснаар хотын экосистемийн чанар муудаж бохир хот болох нэгэн нөхцөл бүрдэнэ. Үнэндээ ус хангамж болон ариутгах татуургын шугам сүлжээний дэд бүтэц сайн, бохир усыг сайн цэвэрлэдэг бол хотын эрүүл ахуй сайн байна. Үүнээс гадна хур борооны усыг зайлуулах, хөрсний усыг доошлуулах, үерийн усыг зайлуулах, хотын байгалийн үзэмжийг дээшлүүлэх гол горхины сүлжээг сайжруулсанаар амьрах орчин илт сайжирна. Хотын усны чанар, тоо хэмжээг дээшлүүлэх, хотын зохиомол болон байгалийн хүрээлэх орчны нөхцлийг сайжруулах, бүхэлдээ “хотын усны хүртээмжийн уян хатан байдлын үзүүлэлтийг” сайжруулах дараах арга хэмжээг зайлшгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай (Milman & Short, 2008). Үүнд:
  •         Усны нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч байх
  •         Хотын усны дэд бүтцийг сайжруулах, эрдэм шинжилгээний судалгааг хөгжүүлэх
  •        Мэдээллийн технологийг ашиглах, шинэ, дэвшилтэт технологийг нэтврүүлэх - Reducing, reusing, recycling (хэмнэх, дахин ашиглах, дахин боловсруулах зарчмаар ажиллах)
  •        Ойжуулах, ойн хамгаалалтыг бэхжүүлэх
  •        Хотын ногоон орчныг нэмэгдүүлэх, намгархаг, уст орчин шинээр бий болгох
  •        Хотын дотуурх гол горхийг сэргээх, тэжээгдлийг бий болгох зэрэг байна.

Дээрхээс усны нөөцийг нэмэгдүүлэх нь нилээд төвөгтэй асуудал болж байна. Ихээхэн хүн амтай мега хотууд усны хэрэглээгээ хангахын тулд сав газар хооронд олон зуун километр зайд ус шилжүүлэн ашиглаж байна. Манай улсын хувьд Алтай хот энэхүү туршлагыг хэрэглэхээр ажиллаж байна.

Улаанбаатар хотод бий болсон устай холбоотой зарим асуудлууд

Улаанбаатар хотод хүн амыг найдвартай цэвэр усны болон ариутгах татуургын сүлжээнд холбох, хуучин шугам сүлжээг солих, доторлох гэх мэт маш олон асуудлууд бий боловч зарим нэг жижиг боловч эрсдэлтэй асуудлуудыг хөндөе. Төлөвлөлтгүй шинэ суурьшлын болон үйлдвэрийн газарт ус хангамжийн шугам сүлжээг өргөтгөхдөө системийн нэгдсэн ажиллагаанд хэрхэн нөлөөлөх талаар тооцоогүй зөвшөөрөл олгож өргөтгөл хийж байгаа нь ус хангамжийн системийн горим алдагдах, зарим тохиолдолд ус хүрэлцэхгүй болох зэрэг хүнрэлтэй асуудлуудийг үүсэж байна. Үнэндээ цэвэр болон бохир усны шугамд шинээр ашиглалтанд орсон барилгыг холбох ажил нь хэт бизнесийн нөлөөнд автаж төлөвлөлт, аюулгүй ажиллагааг умартаж олон сөрөг үр дагаварыг араасаа дагуулж байна. Аажимдаа эдгээр асуудал бөөгнөрч дэд бүтцийн томоохон мухардалд хүргэх магадлалтай.
Ус хангамж, ариутгах татуургыг төвлөрүүлэх, эсвэл бие даасан бүтэцтэйгээр төлөвлөх талаар орон зайн болон бусад нөлөөлөх хүчин зүйлийг хамааруулж сайтар тунгаан шийдвэрлэх хэрэгтэй. Манай Улаанбаатар хотын хувьд усны 8-н эх үүсвэртэй, 6 гаруй жижиг том бохир ус цэвэрлэх байгууламж байдаг боловч тэдгээрийн төлөвлөлтийг тухайн нөхцөл байдалд тулгуурлан хийсэн байдаг. Орон зайн болон чадамжийн зөв төлөвлөлтгүй тохиолдолд удирдан зохион байгуулах, ашиглалтын явцад хүндрэлүүд бий болдог. Иймд ус хангамж, ариутгах татуургын сүлжээг төлөвлөх, түүний ашиглалтыг хариуцах ажлыг дүүрэг, засаг захиргааны нэгжээр төлөвлөх, гэхдээ улс төрөөс ангид байлгах, засаг захиргааны нэгжийг орон зайн хувьд аль болох дугариг дүрстэй төлөвлөх шаардлагатай. Ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээний алба сайн менежменттэй байх хэрэгтэй. Мөн ус хангамж, ариутгах татуургын ажлыг хэт хувьчилсанаар үнийн өрсөлдөөн бий болох магадлалтай ч менежментийн хэсгийг хувьчлах нь үр ашигтай ажиллах нөхцлийг бүрдүүлнэ (Barraqué, 2011).
Улаанбаатар хотын хувьд гэр хорооллын нүхэн жорлон, айл өрхийн угаадаснаас үүдэлтэй хөрсний болон газар доорхи усны бохирдол олон арван жил үргэлжлэн бий болж байгаа (Батхишиг, 2013) бөгөөд эдгээр бохирдол ундны усны эх үүсвэрлүү нэвчих магадлалтай тул хяналтын ажлыг сайжруулах шаардлагатай. Ундны усны эх үүсвэрийн аюулгүй байдлыг сайтар хангаж ажиллах, бохирдлыг багасгах, түүнээс хамгаалах шаардлагатай байна. Энэ бохирдлыг бууруулах үүднээс зөв зохистой дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлэх, гэр хорооллын ариутгах татуургын дэвшилтэт технологийг нэвтрүүлэх шаардлагатай. Бохидлоос үүдэлтэй агаарын замын өвчлөл хүйтний улиралд дэгдэх өндөр магадлалтай. Энэ асуудал Монгол орны бүхий л хот суурин газруудад холбоотой, Монгол орны онцлог асуудал учир сэргийлэх, шийдвэрлэх асуудлыг бид өөрсдөө олохоос өөр аргагүй.
Ус хангамжийн шугам сүлжээний ажлын доголдолоос үүдэлтэй шугам хоолой зэврэх, улмаар зэвтэй ус хэрэглэгчдэд хүрэх болсон нь эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж байна. УБ хотын хувьд эх үүсвэр дээр усны чанарыг хэмждэг ба эдгээр нь стандартад нийцсэн байх боловч шугам сүлжээгээр дамжин эцсийн хэрэглэгчдэд очихдоо чанаргүй болсон байдаг. Иймд эцсийн хэрэглэгчидэд очих усны чанарын хяналтыг сайжруулах хэрэгтэй. Ер нь ундны усны шугам доторх усны чанар муудсанаар айл өрхийн эрүүл мэндийн зарлага нэмэгддэг. Энэ чинээгээрээ шаардлагагүй бизнес эрчээ авч эдийн засгийн доголдолыг бий болгодог. Үүний жишээ нь усны шүүлтүүр, цэвэр ус үйлдвэрлэх газрууд болно. Манай орны хувьд аль ч крантнаас гоожих ундны ус цэвэр бөгөөд унд ахуйн стандарт хэмжээнд байх бүрэн боломжтой.
Нийтийн ногоон талбай (үүнд хүүхдийн тоглоомын талбайг үл тооцно), нийтийн бие засах газрын хүрэлцээ муу, байгалийн устай орчин байхгүй, хот дотуурх голын тохижилт муу зэрэг нь хотын өнгө үзэмжийг олон дахин бууруулж байна. Хатуу хучилт хэт ихэссэн, борооны ус зайлуулах сүлжээ сайн ажилладаггүй зэргээс үүдэлтэй хот доторх зам талбай, барилга байгууламжийн усанд авталт сүүлийн жилүүдэд хэт их болж байна. Иймд төлөвлөлийн болон технологийн зөв арга хэмжээ авах шаардлагатай болж байна. УБ хотын нөхцөл байдлыг сайжруулах ажлыг үр дүнтэй явуулахын тулд улс төрөөс нийтийн үйлчилгээний удирдлагыг салгаж мэргэжлийн удирдлагатай, санхүүгийн бие даасан системтэй болгох хэрэгтэй.

Төгсгөл

Хотын усны асуудлыг шийдвэрлэх, ашиглалтыг хариуцах, удирдан зохион байгуулах ажил нь ашгийн төлөө бус боловч үйл ажиллагааны зардлаа нөхөж өөрийгөө санхүүжүүлэх бүрэн механизмтай, эрүүл, ая тухтай хотыг бий болгох нэг хөшүүрэг нь байх ёстой. Мөн хотын усны асуудал нь нийт оршин суугчидтай холбоотой, хамааралтай учир тэдгээрийн оролцоог шаардаж “үйлчлэгч – хэрэглэгчийн” холбоогоор хөгжиж байдаг.
Хот бол хүний амьдрах зохиомол байгаль гэж үзэн байгаль дээрх бүхий л процесс яаж явагддаг яг тэр байдалд дөхүүлсэн шийдлүүдийг гаргах, төлөвлөлтийг хийх хэрэгтэй. УБ хотын хувьд хотын усны талаар нарийн эрдэм шинжилгээний судалгааг сайжруулах, үр дүнг амьдралд хэрэгжүүлэх, үйлчлүүлэгчдийн санал хүсэлтийг сайтар харгалзан тэдгээртэй хамтран ажиллаж байх хэрэгтэй байна. Хотын устай холбоотой бий болж буй, бий болох эрсдлийг сайтар таньж цаашдаа анхаарч ажиллах нь хот төлөвлөгч, түүний оролцогч талуудад маш чухал асуудал юм.

Ном зүй

Barraqué, B., 2011. Urban Water Conflicts: UNESCO-IHP. Paris: CRC Press.
BBC, 2018. The 11 cities most likely to run out of drinking water - like Cape Town. [Online]
Available at: https://www.bbc.com/news/world-42982959
[Accessed 11 February 2018].
Lalasz, B., 2011. New Study: Billions of City Dwellers in Water Shortage by 2050?. [Online]
Available at: https://blog.nature.org/conservancy/2011/03/28/pnas-billions-city-urban-water-shortage-2050-nature-conservancy/
[Accessed 23 February 2019].
Leeuwen, v. et al., 2012. City blueprints: 24 indicators to assess the sustainability of the urban water cycle. Water resources management, 26(8), pp. 2177-2197.
Milman, A. & Short, A., 2008. Incorporating resilience into sustainability indicators: An example for the urban water sector. Global Environmental Change, 18(4), pp. 758-767.
UNDP, 2010. Cities coping with water uncertainties: Media brief. s.l.:UNDP.
Wong, T. H. & Brown, R. R., 2009. The water sensitive city: principles for practice. Water science and technology, 60(3), pp. 673-682.


2 comments: