Tuesday, June 18, 2024

27 дахь удаагийн олон улсын мөсний симпосиумын тойм /27th IAHR international symposium on ice/

Мөсний судалгааны олон улсын хурал (2024)

Ус-хүрээлэх орчны инженерчлэл судалгааны олон улсын холбоо буюу International Association for Hydro-environmental engineering and research - ийн үндсэн үйл ажиллагааны нэг нь 1970 оноос хойш зохион байгуулж буй олон улсын мөсний симпосиум юм. 2024 онд уг мөсний судалгааны олон улсын хурлын 27 дахь удаагийн хурлыг Польшийн Гданскийн Технологийн их сургууль зохион байгуулсан юм. 

Хоёр жилд нэг удаа зохион байгууллагддаг уг арга хэмжээний 2016 оны хуралд оролцож байсан ба тухайн үеийн хурлын тоймыг эндээс үзнэ үү?

2024 оны 27 дахь удаагийн мөсний хурлын веб сайтаас хурлын тухай мэдээллийг авч болно. 

27 дахь удаагийн Олон улсын мөсний симпосиумд оролцогчид

27 дахь удаагийн мөсний хурлын ерөнхий зохион байгуулагч нь Гданскийн технологийн их сургуулийн Усны инженерчлэл, геотехникийн тэнхмийн эрхлэгч Томасз Колерски (тэрээр IAHR -ын мөсний инженерчлэлийн зөвлөлийн даргын албан тушаалыг хашиж байгаа), түүний баг, ерөнхий ивээн тэтгэгчээр Polish Water - төрийн өмчит үйлдвэрийн газар, дэмжигч байгууллагаар Судалгааны их сургуулийн санаачилга, Польшийн шинжлэх ухаан, дээд боловсролын яам, ивээн тэтгэгчээр Шотландын Sams Enterprise компани хамтран ажилласан байна. 

Олон улсын энэхүү том, нэр хүндтэй арга хэмжээ нь зохион байгуулагдаж буй улсын яам, агентлаг, их сургуулийн дэмжлэггүйгээр амжилттай зохион байгуулагдах боломжгүй юм. 

Энэ удаагийн мөсний хурлын гол сэдвүүд нь:

  • River, Lake, and Reservoir Ice - Гол, нуур болон усан сангийн мөс
  • Sea Ice - тэнгисийн мөс
  • Ice Mechanics and Hydraulics - Мөсний механик ба Гидравлик
  • Ice Interaction with Structures - Мөс ба барилга байгууламжийн харилцан үйлчлэл
  • Shipping in Ice - Мөстэй усан замын тээвэр
  • Environmental and Ecological Consequences of Climate Change in the Cryosphere - Цэвдэг бүс дэх уур амьсгалын өөрчлөлтийн экологийн болон хүрээлэн буй орчны нөлөөлөл
  • Baltic Sea Offshore Wind Development – Special Session chaired by Hayo Hendrikse - Балтийн тэнгисийн салхины эрчим хүчний хөгжил

гэсэн ерөнхий сэдвийн дор нийт 300 гаруй хурлын өгүүлэл хүлээн авч хянан магадлагаа хийн хурлын эмхэтгэлд хэвлүүлэхээр болсон байна. Эдгээр өгүүллүүдээс хурлын үеэр 107 гаруй илтгэлийг хэлэлцүүлсэн байна. 

Хурал нийт 4 өдөр үргэлжилсэн бөгөөд олон улсад нэртэй 7 эрдэмтэд хурлын лекц уншсан байна. Бусад илтгэлүүдийг Голын мөс, Нуурын мөс, Тэнгисийн мөс, Мөсний механик, мөс ба хатуу биеийн харилцан үйлчлэл гэх мэт сэдэвт гурван зэрэгцээ хэсгүүдээр зохион байгуулсан. Хурлын хөтөлбөрийг дараах зургуудаас хараарай. 




Энэ удаагийн хуралд бид "Ice cover formation, cracks and break-up characteristics of Lake Khuvsgul - Хөвсгөл нуурын мөсний үзэгдлийн хугацаа, мөсөн бүрхүүл үүсэх, мөсний хагарал, мөс ханзрах үзэгдлийн онцлог" гэсэн сэдвээр өгүүлэл илгээн хурлын сүүлийн өдөр Нуур ба голын мөс гэсэн хэсэгт танилцуулсан юм. Танилцуулсан илтгэлийг дахин бэлтгэсэн бичлэгийг дор оруулав. 


Мөн хурлын эхний өдөр мөсний алдарт эрдэмтэн Хун Тао Шэнтэй хурал даргалж онцгой дурсамжийг амьдралдаа үлдээлээ. 

Session chairing with Professor Hung Tao Shen

Хурлыг нээж Гданскийн технологийн их сургуулийн ректор Krzysztof Wilde үг хэлж хуралд амжилт хүслээ. 

Ректор Krzysztof Wilde, профессор Wojciech Majewski, хурлын дарга Tomasz Kolerski

Хуралд оролцсоноор дараах зүйслийг мэдэж сурлаа. Үүнд:

  • Мөсний инженерчлэл, мөсний судалгаа, мөсний үзэгдэл, мөсний мэдлэг асар өргөн цар хүрээтэй бөгөөд бидний мэдэхгүй зүйлс маш их байгааг анзаарлаа. 
  • Мөсний судалгаагаар Канад, Хятад, АНУ зэрэг орнууд тэргүүлэх байр суурьтай ажиллаж байгаа бөгөөд ихэвчлэн томоохон судалгааны баг, институтиуд улсын санхүүжилттэйгээр ажиллаж байна. 
  • Судлаачид судалгааны үр дүнд үндэслэн дүгнэлт боловсруулахдаа үнэхээр сайн байгааг анзаарлаа. Гаргасан үр дүн болгондоо учир шалтгааныг нь товойлгон гаргаж ирж дүн шинжилгээ хийж дүгнэлт гаргасан байгааг нь биширч суулаа. 
  • Эрдэм шинжилгээний хурал нь мэдлэг түгээх, мэдлэгээ нэмэгдүүлэх, тухайн асуудал, үр дүнгийн талаар хэлэлцэх үндсэн үүрэгтэй гэдэг нь хурлын үеэрх бүх зүйлээс харагдаж байсан бөгөөд оролцогчид хоорондоо харилцахдаа хүртэл хэлэлцсэн илтгэлүүдийн талаар ярилцаж, санаа бодлоо хуваалцаж байлаа. 
  • Залуу судлаачдын хувьд орчин үеийн судалгааны чиг хандлага болсон хиймэл оюун, загварчлалын дэвшилтэт аргачлал, технологи, машин сургалтын аргуудыг чадамгай ашигласан судалгааны ажлуудыг хэлэлцүүлж байгаа нь бахархмаар байлаа. 
  • Судалгааны үр дүнг ухаалаг байдлаар харуулсан олон график дүрслэлүүдийг олж харсан ба тоон болон чанарын үр дүнг ойлгомжтой байдлаар харуулах олон боломж байдаг гэдгийг мэдлээ. Үүнд бас дэвшилтэт хэрэгслүүд болох R, python гэх мэт өгөгдлийн шинжилгээний програм, хэл ашиглагдаж байна. 
  • Мөн өөрийн хийж буй мөсний судалгааны ажилтай холбоотой нэмэлт ажлуудыг хийх санаануудыг олж авсан. 
  • Мөсний судалгааны талаар сонирхолтой сэдвүүд илтгэлүүдийг сонсож байхад орж ирж байв. Тухайлбал Мөсөн бүрхүүлтэй үеийн хагшаасны хөдөлгөөн, голын морфологийн өөрчлөлт - энэ талаар өмнө нь боддог байсан ч дахиад бодогдож байв, мөсний ёроолын морфологийн шинж чанарыг голын голдиролын шинж чанараас хамааруулан судлах, Lo хэлбэрийн мөс, зайр өнгөрүүлэх хаалтын шийдэл, LiDAR ашиглан мөсний мониторинг судалгаа хийх санаа, мөсний хэмжилт, мониторинг хийх шинэлэг санаа шийдэл, голуудын мөс ханзрах гидравликийн критериудийг тодорхойлох, мөс зайр барих байгууламжийн (ice boom) санааг Дөргөний УЦС-ын усан сангийн оролтын хэсэгт ашиглаж зэгсийг барих, мөсөн доорх голын уснаас ойх нарны цацаргын хэмжээг усны гэрлийн хурд болог ойлтын шинж чанар дээр үндэслэн тодорхойлох, мөсний хагарлын масштабласан физик загвар боловсруулан турших гэх мэт
  • Эцэст нь судалгааны ажлыг системтэй, мэдлэг бий болгох, асуудлыг шийдвэрлэх зорилгоор хийх нь ямар ач холбогдолтой, үнэ цэнтэй вэ гэдгийг алдартай эрдэмтдийн лекцүүдээс, хийсэн ажлуудын үр дүнгүүдээс, түүхээр харж байлаа. 

Ингээд мөсний хурлын үеэр авсан зургуудыг тайлбарын хамт хүргэж байна. 

Wojciech Majewski - Гданскийн усны зангилаан дахь мөстэй холбоотой инженерчлэл ба судалгааны асуудлууд сэдэвт илтгэл

Hung Tao Shen - Голын мөсний судалгааны ахиц дэвшил - тэрээр сүүлийн 2 удаагийн хуралд голын мөсний судалгаанд гарсан ахиц дэвшлүүдийн талаар ярив.

Jiajia Pan - Хятадын Өмнөдөөс умардруу ус дамжуулах төлсийн 2011-2022 онуудад хийсэн өвлийн үеийн ажиллагааны үр дүн, түүнийг сайжруулах боломжийн талаар судалгааны ажлаа танилцууллаа. Өмнөдөөс Умардруу ус дамжуулах төсөл Тианжин хотын ус хангамжийг 100 хувь, Бээжин хотын ус хангамжийг 80 хувь хангаж байгаа юм байна. Өмнөдөөс Умардруу ус дамжуулах төсөлд 3-н том шугам байгаа бөгөөд дунд шугам нь хамгийн урт 1700 гаруй км үргэлжилдэг, задгай сувгаар усаа дамжуулдаг. Ус сувгийн хойт хэсэгт өвлийн улиралд мөсний үзэгдэл үүсдэг бөгөөд өвлийн ажиллагааны горимыг сайжруулах судалгааг хийжээ. Мөс үүсэхэд гол нөлөөлж буй энергийн эх үүсвэрийг судалж тодорхойлсон байна. 

Sean Boyd - Голоос ус авах барилгын мөс үүсэх, мөс хайлах үзэгдлийг урьдчилан тодорхойлох ус цаг уурын босго утгуудын хэрэглээний үнэлгээ сэдэвт илтгэл

Өдрийн хоол - ойчирлож ойчирлож будаа, төмстэй үлдсэн байдаг юм. 

Christian Haas - Тэнгисийн мөсний судалгааны ус-хүрээлэх орчны асуудлууд ба сүүлийн үеийн ахиц дэвшил сэдэвт илтгэл

Amirhossein Salimi - Мөсөн хахаанаас бий болох үерийн хиймэл оюуны загварчлал дээрх өгөгдөл хэсэгчлэл ба нормчлолын нөлөөлөл: Чаудиере голын жишээн дээр гэсэн судалгааны илтгэл

Alyssa Sandeman - Канадын Хая голд болсон 2022 оны хаврын цөн түрэх үеийн үер: үйл явцлын тайлбар нэртэй илтгэл

Abdul Azi Jalali Shahrood - Киминкиёоки болон Кемиёоки голуудын мөс ханзрах үзэгдлийн шинжилгээнд RiTiCE-г ашиглах нь сэдэвт илтгэл

Martin Jasek - Энх тайваны голын мөсний үзэгдлийг хянах, урьдчилан тодорхойлох 1 хэмжээст загварын сайжруулалт сэдэвт илтгэл

Martin Jasek - Энх тайваны голын мөсний үзэгдлийг хянах, урьдчилан тодорхойлох 1 хэмжээст загварын сайжруулалт сэдэвт илтгэл - Энэ график их сонирхолтой учир оруулав. Энхтайваны голын эхэнд Беннет хэмээх том усан цахилгаан станц байдаг бөгөөд уг станц нь олон жилийн тохируулгатай. Усан сангаас гарах ус бүлээн байдаг учир доод хашицдаа мөс үүсгэдэггүй олон км урсдаг байна. Харин өвлийн үед голын доод хэсгээс эхлэн мөс үүсэж УЦС-ын доод хашицад хэдэн 10 км хүртэл дөхөж ирээд буцаад хайлдаг байна. Үүнтэй ижил үзэгдэл Эгийн голын УЦС-д ажиглагдах магадлалтай учир оруулав.

Гданскийн политехникт Барилгын факултет үүсэн хөгжсөн түүх. 1952 онд Усны барилгын факултетийг Барилгын инженерийн факултетээс салган шинээр байгуулжээ. Улмаар 1969 онд Гданскад Усны барилгын хүрээлэнг Гданскийн политехникийн харьяанд байгуулсан байна. Улмаар Усны барилгын хүрээлэн нь бие дааж Усны инженерийн хүрээлэн болж ШУА-ийн дэргэд очиж Гданскийн их сургуульд Ус ба хүрээлэн буй орчны инженерийн факултет 2004 он хүртэл ажиллажээ. 2004 оноос хойш бүгдийг нь нэгтгэн Барилга ба хүрээлэн буй орчны нэг факултет болгосон байна. Уг факултетэд одоо Усны барилга, геотехникийн тэнхим үйл ажиллагаа явуулдаг байна. 

Hung Tao Shen - Доод Мохавк голын мөс хадаалах үеийн мөсөн хахааны үерийн тоон загварчлалын судалгаа сэдэвт илтгэл

Jiajia Pan - Хятадын Өмнөдөөс умардруу ус дамжуулах төлсийн дунд тушамын дагуух өвлийн усны дулааны алдаглын тоон загварчлал

Abolfazl Jalall Shahrood - Киминкиёоки голын мөсний бодит хугацааны мониторингийн системийн хэрэгжүүлэлт сэдэвт илтгэл

Samantha Wilson - Канадын Хойт Манитоба дахь Кларк нуурын ёроолын мөс үүсэх, мөс ханзрах үзэгдлийн хээрийн мониторингийн ажил нэртэй илтгэл 

Хурлын хоёр дахь өдрийн хурлын лекц болон нэг илтгэлийг онлайн уулзалттай байсан учир сонсож чадалгүй өнгөрсөн болно. 

Dylan Blaskey - Сентитик апертур радарын буцах ойлтыг ашиглан бүсийн голуудын мөсний зузаан болон мөсний үзэгдлийн хугацааг тодорхойлох аргачлал нэртэй илтгэл

Karl-Erich Lindenschmidt - Мөс хадаалах үеийн мөсөн хахааны үерийг урьдчилан тодорхойлох, аюулын үнэлгээ, эрсдэлийн зураглал хийх тухай илтгэл. Энэ хүн голын мөсний үзэгдлийн загварчлалд томоохон байх суурь эзэлдэг нэрт эрдэмтэн юм. 

Rouzbeh Hoghooghi Esfahani - агаарын LiDAR ашиглан мөсний дээд ирмэгийн өндөржилтийг үнэлэх нь сэдэвт илтгэл

Maria Tikanmaki - Ботниа булангийн мөсний чиг хандлага: Сувгийн тэмдэглэгээг ашигласан жишээ судалгаа нэртэй илтгэл

Shunying Ji - Салангад элементийн аргад суурилсан онгоцон дээрх мөсний ачааллын тоон загварчлал

Paulina Budner - Польш улсын голуудын өвлийн үе буюу мөстэй үеийн усны менежментийн туршлага нэртэй илтгэл

Stefan Iwicki - Одра голын доод хэсэг болон хил орчмын мөс хагалах үйл ажиллагааны тухай илтгэл

Tomasz Kolerski - Төлөвлөгдөж буй Сиарзево усан сангийн мөсний динамикийн математик загварчлал

Boguslaw Pawlowski - Влоклавек усан сангийн дээд хэсэгт 2021 оны 2 сард болсон мөсөн хахааны шалгаан

Ханын илтгэл - Zuzanna Cuban - Вистула хажуугийн нуурын мөсний зузааны шинжилгээ

Ханын илтгэл - Aboldazi Jalall Shahrood - Киронёоки голын хаврын цөн түрэх үеийн усны түвшнийг тохируулах үерийн далангийн хаалтны ажиллагааны судалгаа

Ханын илтгэл - Wendkudni Jude Benin - Давхар камерын системийг ашиглан цөн түрэх үеийн мөсний хуримтлагдах шинж чанарыг тодорхойлох судалгаа

Ханын илтгэл - Marilou Beland - Бүтээцийн хэв гажилтыг ашиглан мөс тохируулах барилгад үйлчлэх мөсний ачааллыг тооцоолох

Lingxiao Yan - Хагарсан мөсөн дундуур онцгоцны замыг төлөвлөх симуляцийн судалгаа

Ханын илтгэлүүд танилцуулж дууссаны дараа ханын илтгэл хэлэлцүүлэх, бас нийгмийн харилцаагаа нэмэгдүүлэх хэсэг эхэлсэн. Энэ үйл ажиллагаанд цаг хугацааны хязгаар байхгүй учир ханын илтгэгч ирсэн зочидтой маш сайн ярилцах боломж олгодог.

Польшийн ШУА-ийн Усны инженерчлэлийн хүрээлэнгийн хамт олонтой

Selda Oterkus - Перидинамик загварчлал гэж шинэ төрлийн Лагранжийн аргын хэрэглээг Мөс-байгууламжийн харилцан үйлчлэлийг тооцоход ашигласан туршлагуудаар тайлбарлалаа. Перидинамик загварчлалын судалгааны төв байгуулан эрдэмтдийн баг ажиллаж байгаа юм. Перидинамик нь нил орчны механикийн байрын бус томьёолол бөгөөд ан цав, хэв гажилтыг загварчлахад нэн тохиромжтой хөгжиж буй аргачлал гэнэ. 

Hung Tao Shen - Голын мөсний ханзрах, цөн түрж үерлэх үеийг урьдчилан тодорхойлох тухай илтгэл - Тэрээр мөс ханзрах, цөн түрэх критерийг голуудын усны зарцуулга болон мөсний зузааны хамаарлаар тодорхойлсон байна. Гол бүрд өөр өөр критери байх боломжтой гэдгийг гаргасан байна. 

Faezeh Fooladimahani - Мөс чиглүүлэх байгууламж буюу мөс хаших байгууламжийн (Ice boom) ажиллагааг өндөр энергитэй урсгалд болон чөлөөт зайн нөлөөлөлд туршсан судалгааны үр дүнгээ танилцуулав. 

Paul Barette - Мөсний физик үзэгдэлд суурилсан 25 гаруй загварчлалд хийсэн шинжилгээ нэртэй илтгэл танилцуулав. Түүний баг одоо байгаа мөсний загваруудын ажиллагаанд үнэлгээ өгөх ажлыг эхэлсэн бөгөөд энэ ажилдаа оролцох эрдэмтдийг урьж байлаа. 

Laurance Charbonneau - Голын уулзвар хэсэгт мөс ханзрах үеийн хээрийн судалгааны ажлын үр дүн

Chuankang Pei - Зайр болон зайрны бөөгнөрөлийн шинж чанарын хамаарлын лабораторын туршилтын үр дүн

Гданскийн их сургуулийн оюутнууд сургуулиа тойроод геодезийн дадлага хийж байна. 

Гданскийн Мартва голын ам, Балтийн тэнгисийн чиглэлд усан онгоцтой аялал хийв.

Усан онгоц дээр

Хурлын дарга Томасз Колерскитэй зүгээр л гар барьж юунд ч биш тохиролцов. 

Алдарт Нептуны усан оргилуур бүхий хөшөө

Brovarnia Gdańsk - Хурлын хүндэтгэлийн хүлээн авалт - Гданскийн амттай шар айрагтай газар

Нуур, тэнгисийн мөс судлалаар нэрт эрдэмтэн Matti Lepparantta - Нуурын мөсний хайлах, нимгэрэх, ханзрах шинж чанарын тухай хурлын лекц уншив. Нуурын мөсний талаар нэлээд их мэдлэг олж авав. 

Matti Lepparantta - д хүндэтгэл үзүүлэн дурсгалын зүйлс гардуулав. 
Хурлын сүүлчийн өдөр Гол ба нуурын мөсний судалгаа загварчлал гэсэн хэсэгт Нуурын болон голын мөсний судалгааны үр дүнгүүдийг хэлэлцсэн бөгөөд энэ хэсэгт миний бие илтгэлээ танилцуулсан болно. Хурлыг Matti Lepparantta удирдан явуулав. Тэрээр бидний судалгааны ажлыг ихэд сайшааж байсныг тэмдэглэхэд таатай байна. 

Arash Rafat - 27 дахь удаагийн мөсний хурлын шилдэг илтгэгч оюутнаар шалгарсан тэрээр Нуурын мөсний хайлах буюу нимгэрэх үеийн термединамикийн хээрийн хэмжилтийн үр дүн сэдвээр илтгэл хэлэлцүүлэв. Тэрээр SAMS -ийн SIMBA төхөөрөмжөөр ажиглалт хэмжилтийн ажлыг хийж, түүн дээрээ боловсруулалт хийсэн байлаа. 

Vincent MCFarlane - Албертагийн их сургууль эртнээс мөсний судалгаагаар алдартай. Эдний багаас голын мөсний загварчлалын River1D загварчлалыг боловсруулсан. Энэ удаа Пембина голын ёроолын дулаан солилцооны хээрийн судалгааны үр дүнг танилцууллаа. 

Ziwang Chen - Хавтан болон хагарсан мөснүүдийн харилцан үйлчлэлцэлийг гөлгөр бус салангид элементийн аргаар загварчилсан үр дүнг танилцууллаа. Мөс хагалж явдаг усан онгоцнуудын хувьд мөс зүсэгч урд ирмэгээс гадна хажуу бөөр мөсний ачаалалд ихээхэн өртдөг байна. 

********************************************
********************************************

Ингээд хурлын хаалт болж хурлын дарга хурлын зарим статистикуудыг танилцууллаа. Хуралд 7 лекц, 137 оролцогч, 9 зохион байгуулагч, 13 онлайн оролцогч байсан байна. 

Хуралд оролцогчдын тоог улс бүрээр гаргавал Хамгийн их оролцогчтой нь Канад, удаах нь Хятад байгаа бол хамгийн бага оролцогчтой нь Монгол байлаа. 

Оролцогчдыг улсаар нь газрын зурагт харуулсан байна. 

Энэ удаагийн хуралд хамгийн их давтагдсан үгсийг харуулж байна. 

Хуралд хэлэлцүүлэгдсэн илтгэлүүдийн хоорондын хамаарлын зураглал

2026 оны 28 дахь удаагийн хурлыг Хятадын Шанхайгийн Жиа Тонг их сургууль зохион байгуулахаар шалгарч танилцуулгаа хийв. Хятадын Шанхай хотод 2026 оны 6 сарын 21-26-ны хооронд зохион байгуулагдана. 

Хурлын уламжлал болох шилдэг илтгэгч оюутны уралдаанд шалгарсан хоёр оюутанд шагнал гардуулав. 

Буцах замдаа Martin Jasek (Principle Engineer, Generation System Operations) - тэй таарч хэсэг зуур судалгааны ажлын талаар хэлэлцэв. 

Ирэх зам 2024-6-15: Баруун аймгуудын нутгаар маш сайхан үүлшсэн байна. Энэ үүлнүүдийг хур тунадас болгоод авчихвал сайхан зун болохнээ. 



No comments:

Post a Comment