Thursday, June 17, 2021

УСНЫ БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН УГСРАЛТЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТОГТОЛЦООНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ /Construction framework analysis for hydraulic structures/

УСНЫ БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН УГСРАЛТЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТОГТОЛЦООНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ: БАРУУН УУЛЫН ҮЕРИЙН ХАМГААЛАЛТЫН БАРИЛГА УГСРАЛТЫН ЖИШЭЭН ДЭЭР

 

Очийн Өлзиймаа[1], Бадарчийн Аюурзана[2]

 

ШУТИС, Барилга, Архитектурын сургууль

 

ulziimaa0507@gmail.com, ayur@must.edu.mn

Жич: Энэхүү өгүүлэл нь О.Өлзиймаагийн усны барилга байгууламжийн инженерийн магистрын зэрэг горилох судалгааны ажлын нэг хэсэг бөгөөд ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэлд хэвлэгдсэн бүтээл юм. 

Хураангуй

Монгол улсын хэмжээнд жил бүр улсын төсвийн хөрөнгөөр усны барилга байгууламжуудыг барьж ашиглаж байна. Тухайлбал Улаанбаатар хотод одоогийн байдлаар 53 байршилд 142.3 км урт үерийн хамгаалалтын барилга байгууламж байгаагаас дийлэнх нь хуучирч муудан ашиглалтын шаардлага хангахгүй болсон тул жил бүр хэсэгчлэн засвар шинэчлэлтийн ажил хийгдээд явж байна. Улсаас хөрөнгө, хүч зарцуулан хийж байгаа ажил үр ашигтай байх эсэх нь гүйцэтгэлийн чанараар тодорхойлогддог. Гүйцэтгэгч байгууллагуудын дунд явуулсан судалгаагаар гүйцэтгэлийн тогтолцоонд тодорхойгүй олон асуудал байдаг, зарим нэг чухал технологийн процесс, туршилт, шалгалт, түүнийг илтгэх актуудыг үйлдэхгүй байгаагаас чанаргүй барилга баригдаж, цаашлаад ашиглалт, засварын явцад хүндрэл гардаг байна. Судалгаагаар усны барилга байгууламжийн гүйцэтгэлийн тогтолцооны өнөөгийн байдлыг үнэлэх, барилгын эрх зүйн акт баримт бичгийн хэрэгжилтийг судлах, барилга угсралтын ажлын чанарыг хэрхэн хянах зэрэгт өөрийн туршлага, угсралтын компаниудаас авсан судалгаан дээр үндэслэн тодруулга хийж, цаашдаа усны барилга байгууламжийн чанарыг сайжруулахын тулд гүйцэтгэлийн тогтолцоонд оруулах чухал зүйлсийн талаар хэлэлцэв.

Эх сурвалж: https://www.worldconstructiontoday.com/news/japanese-construction-company-to-build-dam-with-automated-robots/

Түлхүүр үгс: гүйцэтгэлийн тогтолцоо, барилгын эрх зүйн орчин, чанарын хяналт, чанарын удирдлагын тогтолцоо, төслийн менежмент

 

Танилцуулга

Үйлдвэр, ахуйн зорилгоор байгаль дээрх усыг олборлон ашиглах, хэрэглэхэд зориулан усны барилга байгууламжийг барьж ашигладаг [1]. Усны барилга байгууламжийн ихэнх төрөл нь ашгийн төлөө бус нийгмийн аюулгүй, ая тухтай байдлыг болгоход зориулагдсан байдаг. Тухайлбал бэлчээр усжуулалтын худаг, хөв цөөрөм, хот суурины үеийн хамгаалалт, борооны ус зайлуулах систем, ус хангамж ба ариутгах татуургын байгууламжууд нь хэрэглэгчийн ая тухтай, эрүүл, аюулгүй, баталгаат орчныг бүрдүүлэхэд зориулагддаг. Усны барилга байгууламжийг барьж байгуулах ажил нь бусад барилга байгууламжийн адил Монгол улсын холбогдох хууль тогтоомжоор зохицуулагдан бүрдсэн гүйцэтгэлийн тогтолцооны дагуу явагддаг. Барилга байгууламжийн гүйцэтгэлийн тогтолцоог төлөвлөлтийн ба угсралтын ажлын гүйцэтгэлийн тогтолцоо гэж ялган үзэж болно. Угсралтын ажлын гүйцэтгэлийн тогтолцоо гэдэг нь барилга угсралтын ажлын дэс дараалал, түүнд баримтлах эсвэл ашиглах хууль тогтоомж, барилгын норм ба дүрэм (БНбД), стандарт, техникийн заавар, барилгын ажлын үед боловсруулсан байх ёстой гэрээ, ил далд актууд, туршилт, шалгалт, төслийн баримт бичгүүд, тавигдах чанар хяналтын цогц үйл ажиллагааг хэлнэ. Уг гүйцэтгэлийн тогтолцоо нь Зөвлөлт холбоот улсын (хуучин нэрээр) барилга угсралтын гүйцэтгэлийн тогтолцоонд суурилсан боловч сүүлийн жилүүдэд олон улсын туршлагуудыг тусгаж сайжирч байна. Барилга, угсралтын гүйцэтгэлийн тогтолцоо нь тухайн барилга байгууламжийн онцлогийг тусгасан дагалдах техникийн зохицуулалтын баримт бичгүүдээр гүйцэт болдог бол усны барилга байгууламжийн угсралтын ажилд хангалтгүй байгааг барилгын чанар, гүйцэтгэлд тулгамдаж буй асуудлууд нотлон харуулна.

Усны барилга байгууламжийг барих, шинэчлэх, засварлах санаачилга, шийдвэр, холбогдох зөвшөөрөл, техникийн нөхцөл авах, гүйцэтгэгч сонгон шалгаруулах гэх мэт ажлууд Барилгын тухай хууль [2], Усны тухай хууль [1], Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль [3], эдгээр болон бусад холбогдох хууль тогтоомжийг дагалдан гарсан засгийн газрын шийдвэр, сайдын тушаал зэргээр зохицуулагддаг.

Монгол улсын хэмжээнд баригдсан усны барилга байгууламжууд ашиглалтын хугацаандаа хүрэлгүй эвдэрч ашиглах боломжгүй болсон байдаг. Тухайлбал орон нутагт байгуулсан 30 гаруй томоохон боомтуудаас 20 гаруй нь ашиглалтад орсноос 10-15 жилийн дараа эвдэрсэн байна [4]. Үүний жишээ болгон 1954-1958 онуудад баригдаж 1962 онд угаагдсан Ивэн голын боомт [5], 2006-2007 онд баригдаж 2007 онд угаагдсан Хангалын голын боомтуудыг дурдаж болно [6]. Мөн 1990 оноос хойш байгуулсан 60-100 жилийн настай 11 усан цахилгаан станцын 5 станц нь дунджаар 15 жилийн дараагаас ашиглалтаас гарсан байна [7]. Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн хувьд чанаргүй хийгдсэн ажлууд их байна [8]. Тухайлбал Усны эрчим ХХК-иас 2014 онд хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын далангийн системийн 58% нь их засвар шаардлагатай, 22% нь дунд зэргийн засвар шаардлагатай, 16% нь бага засвар шаардлагатай, үлдсэн 4% гаруй нь шинээр баригдсан далан байна [9] гэсэн судалгаа гарчээ. Гэхдээ шинээр баригдсан буюу ашиглалтын хугацаа 20-с дээшгүй жил болж байгаа үерийн хамгаалалтын барилга байгууламжуудын 50 гаруй хувь нь их болон дунд зэргийн засвар шаардлагатай гэсэн үнэлгээ авсан байна [10]. Жишээлбэл 2012 онд Дэнжийн 1000-н 1, 2, 3 дугаар сувгуудад засвар шинэчлэлтийн ажил хийгдсэн боловч 2020 оны судалгаагаар засвар шинэчлэлт хийх шаардлагатай гэж дүгнэгдсэн байна [10]. Дээрх барилга байгууламжийн эвдрэл гэмтэл нь төлөвлөлт, угсралт, материалын чанар, ашиглалтын нөхцөл, арчилгаа гэх мэт олон хүчин зүйлээс хамаарах боловч усны барилга байгууламжийн ашиглалт нь төлөвлөлт болон угсралтын ажлын чанараас ихээхэн шалтгаалдаг. Усны барилга байгууламжийн төлөвлөлт ба угсралтын ажлын чанарыг дээшлүүлэхийн тулд тэдгээрийн гүйцэтгэлийн тогтолцоог судалж боловсронгуй болгох шаардлагатай. Угсралтын гүйцэтгэлийн тогтолцооны бие даасан судалгааны ажил байхгүй боловч барилгын эрх зүйн орчин, тогтолцооны суурь судалгааны ажлуудад тогтолцоог сайжруулах талаар дурдагдсан байдаг. Засгийн газраас баталсан төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлогод хууль, эрх зүйн орчин, норм нормативын баримт бичгийг боловсронгуй болгох, хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, барилгын чанарыг сайжруулах зэрэг олон зорилтууд тусгагдсан байна  [11]. Энэ судалгааны ажлын зорилго нь усны барилга байгууламжийн угсралтын ажлын гүйцэтгэлийн тогтолцоог судалж, тулгамдаж буй асуудлуудыг практикт тулгарах асуудлаар тодруулахад оршино. Өнгөрсөнд гүйцэтгэсэн усны барилгын ажлын нэг жишээг сонгон түүн дээр гүйцэтгэлийн тогтолцооны шинжилгээг хийв. Усны барилга байгууламжийн угсралтын ажил гүйцэтгэдэг томоохон 19-н аж ахуйн нэгжээс гүйцэтгэлийн тогтолцоо, тулгамдаж буй асуудлаар санал асуулга явуулж үр дүнг шинжилгээндээ ашиглав.

 

Усны барилга байгууламжийн угсралтын гүйцэтгэлийн тогтолцоо

Усны барилга угсралтын ажил гүйцэтгэх дараалал нь Барилгын тухай болон бусад холбогдолтой хуулийн дагуу тодорхойлогдох бөгөөд усны барилга байгууламжийн ажлын онцлог, үйлдвэрлэлийн технологи, горимоос хамаарч бусад төрлийн барилга байгууламжийн гүйцэтгэлийн тогтолцооноос ялгаатай байна. Барилга байгууламжийг чанартай барьж байгуулахад төлөвлөгөө, барилгын төсөв үндсэн нөлөөлөх хүчин зүйлс болдог. Чанар, хөрөнгө, төлөвлөгөө нь төслийн менежментийн алтан гурвалжин гэгддэг [17]. Усны барилга байгууламжийн угсралтын ажлын ерөнхий тогтолцооны өнөөгийн байдлыг Зураг 1-д, эрх зүйн хүрээнд байвал зохих тогтолцоог Зураг 2-т харуулав. Зураг 1-д байх усны барилга байгууламжийн гүйцэтгэлийн тогтолцоо нь зохиогчийн өөрийн ажлын туршлага дээрээ үндэслэн боловсруулсан бөгөөд усны барилга байгууламжийн угсралтын ажил гүйцэтгэх судалгаанд хамрагдсан компаниудаас авсан саналаар баталгаажсан учир өнөөгийн бодит байдлыг тодорхой хэмжээгээр илтгэнэ. Схемд байгаа барилгын ажлын дараалалд байх үе шатны ажил бүрд баримтлах техникийн баримт бичиг, бусад шаардлагатай материалын нэмэгдлээр гүйцэтгэлийн тогтолцоо гүйцэт бүрдэнэ. Ажилбар бүрд зарцуулах төсөв болон хугацаа нь чанарыг тодорхойлно. Гэхдээ тогтолцоо нь зөв бөгөөд инженерийн практикт суурилсан байж хөрөнгө, төлөвлөгөө нь барилгын чанартаа зарцуулагдах болно. Барилгыг чанартай гүйцэтгэхийн тулд хяналт байх шаардлагатай бөгөөд хяналтыг захиалагч (ЗА) [12], зохиогч (ЗО) [13] тодорхой хязгаарт тавьдаг.

Гүйцэтгэлийн тогтолцооны одоогийн бодит байдал нь хүчин төгөлдөр буй эрх зүйн баримт бичгүүдийг гүйцэт тусгаагүй байгаа нь салбарын эрх зүйн баримт бичгийн мөрдөлтийг хянах тогтолцоо хангалтгүй байгааг илтгэнэ. Мөн хяналт байхгүй учир аж ахуйн нэгжүүд мөрддөггүй, мэддэггүй байдал их байна. Усны барилга байгууламжийн угсралтын хувьд одоогийн бодит тогтолцоонд барилгын ажлын бэлтгэл ажилд ямар нэгэн хөндлөнгийн хяналт байхгүй, зөвхөн гүйцэтгэгч чанарыг хянаж байна. Харин байвал зохих гүйцэтгэлийн тогтолцоонд худалдан авах бараа, материалд зохиогч болон захиалагч хяналт тавих жишээтэй. Энэ нь зохиогчийн зүгээс ажлын зурагт заасан материалыг авч байгаа эсэхэд, захиалагч нь хөрөнгө оруулалтын дүнд нийцэх чанартай материалыг ашиглах эсэхэд хяналт тавих боломжийг бүрдүүлнэ. Үүнээс гадна уг ажил хөндлөнгийн байгууллагын материалын чанарт хийсэн шалгалтын дүнгээр чанар баталгаажих ёстой.

Одоогийн бодит схемд барилга угсралтын үе шатны ажлууд тухайлбал буурийн ажил, газар шорооны ажлуудад зөвхөн ЗА хяналт тавьж байгаа нь барилгын чанарыг гүйцэт үнэлж дараагийн ажлыг эхлүүлэхэд учир дутагдалтай байна. Харин байвал зохих тогтолцоонд ухлагын ажлаас бусад бүх үе шатны ажилбар бүрд ЗА болон ЗО хяналт тавих учиртай. Үүнээс гадна зарим ажилд хөндлөнгийн хяналт (Х) байх ба энэ хяналтад төрийн байгууллагын хяналт, хөндлөнгийн байгууллагаас хийсэн хяналт, чанарын баталгаажуулалт хамаарагдана. Усны барилга байгууламжийн угсралтын ажил нь хөрөнгө их шаардах бөгөөд түүний чанараас хамаарч үр ашиг тодорхойлогдоно. Дээрх хоёр тогтолцооны схемээс харвал усны барилга байгууламжийн угсралтын хувьд гүйцэтгэлийн тогтолцоо хангалтгүй байгаа нь барилгын чанар, хөрөнгө оруулалтын үр ашигт сөргөөр нөлөөлөх нэг нөхцөл болж байна.

Олон улсын жишигт барилгын чанар аюулгүй байдлыг хангана гэдэг нь боломжит бүх хяналтыг нэгдсэн байдлаар хэрэгжүүлэхийг хэлдэг [17]. Төрөөс барилга угсралтын чанарын хяналтын тогтолцоог “Барилгын үйлдвэрлэлийн зохион байгуулалт” БНбД 12-01-09-ийн Барилгын үйлдвэрийн чанарын хяналтын тогтолцоо гэсэн 8-р зүйлд иж бүрнээр томьёолсон байдаг [14]. Энэ нь барилгын ажлын чанарт тавих хяналтын 70 хувь нь дотоодын буюу гүйцэтгэгчийн хяналт, 20 хувь нь захиалагч болон зохиогчийн хяналт, 10 хувь нь хөндлөнгийн буюу төрийн байгууллагын хяналт байна гэж үзвэл одоогийн манай угсралтын тогтолцоонд дотоодын хяналт гэдэг зүйл бараг байхгүй болох нь дээрх схемүүдээс харагдаж байна. Цөөн тооны томоохон аж ахуй нэгж байгууллага дотоодын нэгдсэн удирдлагын тогтолцоо ISO стандартыг боловсруулж хэрэгжүүлж байна. Энэ нь тухайн байгууллагын үйл ажиллагааны чанарыг батламжлах бөгөөд байгууллагын үр ашгийг нэмэгдүүлдэг. Төрийн хяналтаар барилгын явц дахь үйлдвэрлэлийн болон захиалагчийн хяналтын үр дүнгийн баталгаажсан баримт бичигт хяналт, шинжилгээ хийх, үнэлэлт дүгнэлт гаргадаг [14]. Усны барилга угсралтын компаниуд Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлд үндэслэн Барилга хот байгуулалтын сайдын баталсан дотоод хяналтын тухай жишиг дүрмийн [15] хүрээнд чанарын хяналт гүйцэтгэх ёстой. Гэтэл ихэнх гүйцэтгэгч нарт уг чанарын хяналтын хэрэгжилт дутмаг цаасан дээр үлдэж байна. Усны барилга байгууламжийн угсралтын гүйцэтгэлд дотоодын хяналтыг сайжруулах шаардлагатай байгааг дараах үерийн хамгаалалтын барилгын гүйцэтгэлээр жишээ болгон авч үзье.

 

Баруун уулын үерийн хамгаалалтын барилгын засвар шинэчлэлтийн ажил (2015 он)

Баруун уулын үерийн суваг нь Дэнжийн 1000-н сувгуудын усыг Ногоон нуураар дамжуулан авч замд дайрах жалгуудын усыг цуглуулж 1-р хорооллоос урагш Дунд голд нийлнэ. Уг үерийн суваг 1967 онд баригдаж 2005 онд хэсэгчилсэн засварт орсон боловч эвдрэл гэмтэл их байжээ. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас 2013 онд сувгийг бүхэлд нь шинэчлэх зураг төслийг боловсруулж улсын төсвөөс жил бүр 1 тэрбум орчим төгрөгөөр хэсэгчлэн тендер зарлаж засвар шинэчлэлтийн ажил хийж байна [16]. Судалгаанд 2015 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэсэн Гэсэр сүмийн уулзвараас Төмөр замын сургууль хүртэл 2 км үерийн сувгийн шинэчлэлтийн ажлыг авч үзэв. Ашиглалтад ороод 6 жилийн болж байгаа үерийн хамгаалалтын сувгийн өнөөгийн байдлыг дараах зураг болон тайлбаруудаар оруулав.

Зураг 4. Сувгийн хана дотогш 4~8 см хазайсан (4 байрлалд) байна.

Зураг 5. Сувгийн хананд хийсэн төмөр тулаас хэв гажилтад орсон.

Зураг 6. Цутгамал төмөр бетон сувгийн хана элэгдсэн байдал (0.7 ~ 1.2см) Бетоны марк-М250

Зураг 7. Хэд хэдэн газарт 2-3 см бетоны ирмэгүүд эмтэрсэн

Зураг 8. Сувгийн хана уртын дагууд 30 орчим м дотогш хазайсан

 

Зураг 9. Сувгийн дотор өргөн 3.6 м байх ёстой боловч 3.46 м байв.

Зураг 10. Сувагт хог хаягдал, хагшаас тогтсон байдал

Судалгааны сувагт бий болсон эвдрэл гэмтлүүд нь байрын хэв гажилтууд (Зураг 4), ерөнхий хэв гажил (Зураг 5, 8, 9), бетоны элэгдэл, гэмтэл (Зураг 6, 7), хагшаажилт (Зураг 10) зэрэг байсан бөгөөд ерөнхий хэв гажилтууд нь засвар шаардлагатай болсон байв.

Судалгааны объектын барилга угсралтын ажлын үед 7-8 дугаар сард 4 удаагийн их хэмжээний устай бороо орж үер бууж байсан. Хотын төв хэсэгт хийгдэж буй зай талбай багатай байсан учир үерийн усны чиглэл өөрчлөх боломжгүй, дутуу барьсан үндсэн сувгаар өнгөрүүлж байсан. Үүнээс болж үерийн суваг усаар дүүрч сувгийн ул хөрс хатахгүй засварын ажил удааширч байсан. Энэ нь угсралтын онцгой нөхцөл, магадалшгүй ажил зэргийг тооцсон төслийн менежмент байх шаардлагатайг харуулсан бөгөөд ихээхэн хугацаа, хохирол амссан туршлага байв. Мөн төмөр бетон сувгийн ажил гүйцэтгэх зургийн хийц төвөгтэй, цутгалтын технологи, арчилгааны талаар гарын авлага байхгүй байсан тул гүйцэтгэгч өөрийн дураар сувгийн суурь болон ханыг тусад нь цутгасан нь суурь хана хоорондын зааг үүсгэх үндэс болсон. Дээр нь үерийн сувгийн хойд хэсгийн хагас нь битүү барилгажсан талбайд машин механизм орох боломжгүй байсан учир сувгийг давуулж овоолго хийн гар нягтруулагчаар нягтруулсан нь хангалтгүйгээс болж сувгийн гадна хөрс устай нийлж ачаалал өгч Зураг 4, 5, 8, 9-д харагдаж буй сувгийн хана хазайх нөхцөл бүрдсэн байна. Мөн тэгш өнцөгт сувгийн хөрсний усыг шүүрүүлж даралт бууруулах нүхийг зургийн дагуу тусгаж өгөөгүй нь нэмэлт даралтаар хэв гажилтад орох нөхцөл болсон гэж үзэж байна. Үүнээс үзэхэд төвөгтэй хийцлэлтэй ажилбарт гүйцэтгэгч нар технологийн аргачлал, горим боловсруулалгүй зохиогчтой зөвшилцөж хялбар аргаар гүйцэтгэх өөрчлөлтийг хийдэг байна. Энэ нь барилгын чанарт муугаар нөлөөлж байгааг дээрх зургуудаас харж болно. Угсралтын тогтолцоонд зохиогч хяналт тавьж зураг төслийн дагуу хийгдээгүй бол захиалагч ажлыг хүлээж авахгүй байх үүрэгтэй. Гэвч зургаас тусгагдаагүй ажлуудыг хүлцэж орхиж болох ажлуудад тооцож үерийн сувгийг ашиглалтад хүлээн авсан байдаг. Мөн ашиглалтын үед бетоны ангийн нарийн туршилт хийгээгүй, бетон хольсон, хөрсний нягтруулгыг технологийн горимын дагуу явуулаагүй гэх мэт олон зөрчлүүд гаргасан байна.

2015 онд ашиглалтад өгсний дараа 2016 оны хаврын шар усны үерийн улмаас сувгийн төмөр бетон хана 6 м уртаар буюу температур суултын заадсаар дотогш нурж унасан байдаг. Үүний дараагаар зургийн зохиогч, захиалагч, гүйцэтгэгч нар зөвшилцөж тэгш өнцөг төмөр бетон сувгийн ханыг дотор талаас Зураг 5-д  үзүүлснээр тулаас хийсэн. Гэвч 5 жилийн дараа буюу одоогийн байдлаар тулаас төмөр хэв гажилтад ойролцоогоор 10 ~ 20 см орж гулзайсан нь зурагт харагдаж байна. Мөн төмөр тулаас хийснээр сувагт механизм орж ажиллах боломжгүй болж хагшаас хог хаягдлыг гараар цэвэрлэх нь хөдөлмөрийн бүтээмж буурч, цалингийн зардал өсөх шалтгаан болсон байна.

Үерийн хамгаалалтын байгууламжийн ашиглалтын хугацаа 60-80 жил байхад засвар шинэчлэлтийн ажил хийгээд зургаахан жилийн дараа сувгийн эвдрэл гэмтэл нэлээдгүй гарсан, ашиглалтад ч хүндрэл учирч байгаа харагдаж байна. Улсаас жил бүр тодорхой хэмжээний хөрөнгө, хүч зарцуулан үерийн эрсдэлтэй байгууламжуудыг бүрэн шинэчилж, засварлах ажил үргэлжилсээр байхад өмнө нь хийгдсэн ажил чанаргүй байвал зарцуулсан хөрөнгө үр ашиггүй болно. Баруун уулын далангийн угсралтын ажлыг гүйцэтгэсэн тогтолцоог Зураг 11-р харуулав. Зураг 11-г үзвэл захиалагч байгууллагаас голчлон хяналтыг гүйцэтгэсэн бөгөөд манай гүйцэтгэгч байгууллагуудад өөрийн дотоодын хяналт чухал хэрэгцээтэй байсан [15]. Хөндлөнгийн байгууллага болох захиалагч, зохиогч ажлын талбайн өдөр тутмын гүйцэтгэлийг хянах боломжгүй тул ажлын чанарт нөлөөлөх хүчин зүйл болсоор байна. Гүйцэтгэгч байгууллагуудад ЗА, ЗО болон Х хяналт сул байхад дуртай байдаг. Мөн одоогийн гүйцэтгэлийн системд ашиглаж байгаа ажлын журнал хөтлөх, ил далд ажлын акт батлуулах ажил цаг хугацаандаа хийгдэхгүй хоцорч хийгдсээр байна. Үүнийг засаж сайжруулах арга хэмжээ авч ажлын гүйцэтгэлийг чанартай байлгахад анхаарч гүйцэтгэгч дотоод хяналтын ажилтан  ажиллуулж, дээрх баримт бичгийн бүрдлийг цаг тухайд хийхээс гадна үе шатны ажилбар бүрд дотоодын шалгах хуудас гаргаж хянаж ажиллавал үр дүнд хүрнэ гэж үзэж байна.  

Тулгамдаж буй асуудлуудын хэлэлцүүлэг

Зураг 12-с үзвэл [14]-ийн дагуу барилга угсралтын ажлын ухлагын ажлаас бусад бүх шатанд ЗА, ЗО хяналт, зарим ажилд Х хяналт шаардлагатай харагдаж байна. Учир нь ажилбар бүр уялдаа холбоотой, нэг ажлын гүйцэтгэлийн чанар дараагийн ажилд нөлөөлөх гол хүчин зүйл болж байдаг. Гэтэл энэ тогтолцоог Баруун уулын үерийн хамгаалалтын сувгийн угсралтын ажилд (Зураг 12) мөрдөөгүй нь өнөөгийн ашиглалтын нөхцөл байдлыг үүсгэхэд нөлөөлсөн гэж үзэж байна. Иймд хууль эрхзүйн баримт бичигт тусгагдсан дотоодын чанарын хяналтыг байгууллагууд дотооддоо нэвтрүүлж ажиллавал зохилтой байна.

Зураг 13-д Баруун уулын үерийн хамгаалалтын далангийн үргэлжлэл болох 10-р хорооллын хойно 2019 оноос гүйцэтгэж буй ажлын овоолго болон нягтруулалтын ажлыг харуулав. Ус тусгаарлагч түрхлэг нь төмөр бетон сувгийг хөрсний чийгээс хамгаалах зорилготой хийдэг байтал, нүдэнд энэ мэт ил будсан болоод булж байгаа нь төмөр бетон хийц өгөршиж муудах цаашлаад үерийн далангийн насжилтыг богиносгох нөхцөл болж байна. Энэ мэт ажилд хяналт тавьж зохих технологийн аргачлалын дагуу ажил гүйцэтгэхгүй байгаа нь практикт үргэлжилсээр байна.

Усны барилга угсралтын гүйцэтгэгч байгууллагуудаас угсралтын тогтолцоо, тулгамдаж буй асуудлаар авсан санал асуулгын үр дүнг Хүснэгт 1-д нэгтгэн оруулав.

Хүснэгт 1. Усны барилга байгууламжийн угсралтын компаниудаас авсан санал асуулгын үр дүнгийн нэгтгэл

БНбД, техникийн баримт бичгийн тогтолцооны хувьд

1.      Барилгын ажлын ил далд ажлын акт усны барилгын ажилд зарим талаараа тохирдоггүй

2.      Угсралтын ажлын норм дүрэм, технологийн аргачлал, баримт бичиг хангалтгүй, тодорхойгүй

3.      Ажлын журнал, ил далд ажлын актын бүрдүүлэлт дутуу

4.      Захиалагчаас эсвэл гүйцэтгэгч дотооддоо үе шатны ажилбар бүрд шалгах хуудас гаргаж ашиглах хэрэгтэй

Чанарын хяналт ба баталгаажуулалтын хувьд

1.      Чанарын хяналтыг улаан журнал, ил далд ажлын актаар баталгаажуулах нь хангалтгүй байна.

2.      Захиалагч байгууллагаас гүйцэтгэгчээс өдөр тутмын гүйцэтгэлийг тайлан хэлбэрээр фото хавсралттай авч байх нь зүйтэй. Учир нь барилгын ажлын тэмдэглэлийг уншаад тухайн өдрийн гүйцэтгэсэн ажлыг тодорхой мэдэх боломжгүй байдаг.

3.      Газар олголт хийгдээгүй эсвэл хийцийн төвөгтэй хийцээс болж зохиогчтой зөвшилцөж зураг төслөөс өөрөөр гүйцэтгэх тохиолдлууд байна.

Гаднын хүчин зүйлс

1.      Цаг уурын нөхцөл байдал (цас, бороо, үер)-аас үүсэх эрсдэл. Үүнд:

a.      Зуны улирлын бороо ихтэй үеэр бетоны ажил гүйцэтгэхэд хөрс хатахгүй хугацаа алдах, бетон бэхжилтэд нөлөөлөх

b.      Үргэлжилсэн бороонд ажиллах хүч суларч цалингийн зардал өсөх

c.      Хүйтний улиралд бетоны ажил хийснээр технологийн горим алдагдах

2.     Төсөв, үнэ бүрдэлт хангалтгүй, хэт бага

Барилга угсралтын үед тулгардаг асуудлууд

1.      Газар чөлөөлөх асуудал

2.      Сувгийн трассад орсон хашаа, гэрлийн шон нүүлгэлт г.м төсөвт тусгагдаагүй зардал

3.      Төв суурийн газарт ажлын зай талбай бага, зохион байгуулалт хийхэд төвөгтэй

4.      Усны барилгын төсвийн суурь норм бага байдгаас ухлагаас гарсан шороог зайлуулах, буцаан дүүргэлтийн нэмэлт материал татах зардал хүрэлцдэггүй.

5.      Төслийн төлөвлөлт хангалтгүйгээс төлөвлөсөн хугацаандаа ажил амждаггүй.

 

Санал асуулгын дээрх багцалсан үр дүнгүүд болон баруун уулын үерийн хамгаалалтын сувгийн угсралтын үед тулгарсан асуудлууд, одоогийн ашиглалтын нөхцөл байдлаас дүгнэж үзвэл усны барилга байгууламжийн гүйцэтгэлийн тогтолцоог боловсронгуй болгоход

·       Эрх зүйн нөхцөлийг сайжруулах, үүнд шаардлагатай байгаа техникийн зохицуулах баримт бичгүүдийг боловсруулах

·       Баримт бичгийн бүрдэл, хоорондын уялдааг хангах

·       Чанарын хяналт болон баталгаажуулалтын тогтолцоог нэвтрүүлэх

·       Төслийн менежментийг сайжруулах

·       Угсралтын ажлын технологийн горим, түүнтэй холбоотой баримт бичгүүдийг боловсруулах зэрэг байна гэдгийг

тодорхой болгов. Гүйцэтгэлийн тогтолцоо нь барилгыг чанартай гүйцэтгэхэд зориулагдсан байх ёстой [17]. Тэгэхээр гүйцэтгэлийн тогтолцоонд чанар дээшлүүлэх олон хүчин зүйлүүд орсон байх хэрэгтэй. Тухайлбал төслийн менежментийн үйл ажиллагаа, төслийн процесс, гадаад хүчин зүйл, төсөлтэй холбоотой хүчин зүйлүүд, хүний нөөцтэй холбоотой хүчин зүйлүүд орно [18].

 

Дүгнэлт

Барилгын тухай хууль [2], түүнтэй холбогдох сайдын тушаалаар гүйцэтгэгч дотоод хяналыг [15] хэрэгжүүлж ажиллана гэсэн байгаа ч хэн хэзээ яаж мөрдөх нь тодорхойгүй, хууль дүрмийн хэрэгжилтэд тавих хяналт сул байна. Гүйцэтгэгч байгууллагууд захиалагчаас шаарддаг барилгын ажлын тэмдэглэл, ил далд ажлын акт, үе шатны ажлын гүйцэтгэлийн тайлан зэрэг баримт бичгийг л бүрдүүлэхэд анхаарч чанарын хяналтыг орхигдуулсаар байгаа нь судалгааны объектын одоогийн төрх байдлаас харагдаж байна. Иймд хөрөнгө оруулалтыг үр ашигтай зарцуулахын тулд барилга угсралтын гүйцэтгэлийн чанарт тавих дараах хяналтын арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай. Үүнд:

1.     Гүйцэтгэгчийн усны барилгын ажлын чанарт тавих дотоодын хяналтын стандарт боловсруулж мөрдүүлэх,

2.     Захиалагч өдөр тутмын гүйцэтгэлийг тайлан мэдээ хэлбэрээр фото хавсралтаар хүлээн авах,

3.     Усны барилга угсралтын үе шатны ажилбар бүрийн гүйцэтгэлийн стандарт боловсруулж шалгах хуудсаар баталгаажуулж хэрэглэх,

4.     Угсралтын төвөгтэй хийцлэлтэй ажилбарт технологийн карт боловсруулж мөрдүүлэх г.м байна.

Гүйцэтгэлийн тогтолцоонд тулгамдаж буй асуудлуудыг сайжруулах арга зам, боломжууд, гарах өөрчлөлтүүд, эрсдэлүүдийн талаар нэмэлт судалгааг өргөн цар хүрээнд гүйцэтгэх шаардлагатай байна.

 

Нэр томьёоны тайлбар:

“гүйцэтгэлийн тогтолцоо”- барилгын ажлын дэс дараалал, түүнд баримтлах эсвэл ашиглах хууль тогтоомж, БНбД, стандарт, техникийн заавар, барилгын ажлын үед боловсруулсан байх ёстой гэрээ, акт, төслийн баримт бичгүүд, чанар хяналтын цогц үйл ажиллагаа;

“барилгын эрх зүйн орчин”- барилгын ажлын гүйцэтгэлд хэн нэгний хувийн эрх ашиг, тэгш бус байдлыг зохицуулах тэгш эрх, эрх үүрэг, шударга ёсыг бүрдүүлэгч баримт бичиг;

“чанарын хяналт”-чанарын удирдлагын төлөвлөгөөний дагуу холбогдох стандарт, журам заавар, маягт, бүртгэл зэргийн хангалтыг хэлнэ;

“чанарын удирдлагын тогтолцоо”-хэрэглэгчийн шаардлагад нийцүүлэн төслийг төлөвлөх, үйл ажиллагааг хянах, гүйцэтгэлийг үнэлэх, сайжруулалт хийх цогц үйл ажиллагаа;

“төслийн менежмент”-төслийн хугацаа, төсөв, нөөц, эрсдэлийг нарийн төлөвлөж, үр ашигтай байх мөн захиалагчийн шаардлагад нийцэхээр хамгийн оновчтой шийдлийг боловсруулах үйл ажиллагаа;

Ном зүй:

      I.          Монгол хэлээр хэвлэгдсэн зохиол бүтээл

1.           УИХ, "Монгол улсын хууль. Усны тухай," Улсын их хурал, Улаанбаатар, 2012.

2.           УИХ, "Монгол улсын хууль: Барилгын тухай," Улсын их хурал, Улаанбаатар, 2016.

3.           УИХ, "Монгол улсын хууль: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай," Улсын их хурал, Улаанбаатар, 2005.

4.           ШУА, "Томоохон суваг, усан сан ба орон нутгийн хөгжил," Шинжлэх ухааны академи, Геоэкологийн хүрээлэн, Усны нөөц ус ашиглалтын салбар, Улаанбаатар, 2004.

5.           Б. Аюурзана, "Ивэн голын боомтын ус хаях барилгын гидравлик загварчлал," ШУТИС хэвлэлийн газар, Улаанбаатар, 2013.

6.           ЖП, "Хангалын голын боомтыг сэргээн засварлах ажлын зураг төсөл," Жишиг проект ХХК, Улаанбаатар, 2013.

7.           БОАЖЯ, "Байгаль орчны төлөв байдлын сүүлийн 30 жилийн хувьсал, өөрчлөлт: Усны нөөц, түүний хамгаалалт, зохистой ашиглалт," Байгаль орчин аялал жуулчлалын яам, Улаанбаатар, 2017.

8.           Т. Энхжаргал, Л. Жанчивдорж, Б. Сэнжим and Б. Мөнхтөр, "Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын байгууламж: зохистой ашиглалт, усны чанар, бохирдлын асуудалд," Монгол орны гидрогеологи, инженер геологи, геоэкологийн асуудлууд, vol. 24, no. 1, pp. 152-162, 2016

9.           НЗДТГ, "Улаанбаатар хотын үеийн эрсдэлийн үнэлгээ хийх, эрсдэлийн менежментийн стратеги боловсруулах төсөл," МТЭСТ ТББ, ЖЭМР ХХК, Усны эрчим ХХК, Улаанбаатар, 2015.

10.        ХОТ, "Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн одоогийн байдлын суурь судалгааны тайлан," Усны эрчим ХХК, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газар, Улаанбаатар, 2020.

11.        МУЗГ, "Монгол улсын засгийн газрын 2019 оны 70-р тогтоол: Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого батлах тухай," Монгол улсын засгийн газар, Улаанбаатар, 2019.

12.        МУЗГ, "Монгол улсын засгийн газрын 2017 оны 170-р тогтоол: Барилгын ажлын захиалагчийн дүрэм," Монгол улсын засгийн газар, Улаанбаатар, 2017.

13.        БНбД11-04-16, "Барилгын ажилд зураг төсөл зохиогчийн хяналт тавих дүрэм," Барилга, хот байгуулалтын яам, Улаанбаатар, 2016.

14.        БНбД12-01-09, Барилгын үйлдвэрлэлийн зохион байгуулалт, Улаанбаатар: Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, 2010.

15.        БХБСайд, Барилгын үйл ажиллагаанд оролцогч байгууллагуудын дотоод хяналтын жишиг дүрэм, Улаанбаатар: Барилга, хот байгуулалтын яам, 2019.

16.        НХОГ, "2019 онд хэрэгжиж буй барилга угсралт, их засварын ажлын мэдээлэл," 22 9 2019. [Online]. Available: http://invest.ub.gov.mn/userfiles/files/09-r%20sar(1).pdf. [Accessed 30 4 2020].

 

    II.          II. Гадаад хэлээр хэвлэгдсэн зохиол бүтээл

17.        K. N. Jha and K. C. Iyer, "Critical factors affecting quality performance in construction projects," Total Quality Management and Business Excellence, vol. 17, no. 9, pp. 1155-1170, 2006.

18.        A. P. Chan, D. Scott and A. P. Chan, "Factors affecting the success of a construction project," Journal of construction engineering and management, vol. 130, no. 1, pp. 153-155, 2004.



[1]Очийн Өлзиймаа, ШУТИС, БАС-ийн магистр оюутан, усны барилга байгууламжийн төслийн гүйцэтгэлийн тогтолцоог боловсронгуй болгох чиглэлд судалгаа хийдэг.

[2] Бадарчийн Аюурзана, ШУТИС, БАС-ийн ахлах багш, инженерийн ухааны доктор (PhD), гидравликийн загварчлал чиглэлд судалгаа хийдэг.

No comments:

Post a Comment