Wednesday, August 11, 2021

Improving framework of project completion procedure for hydraulic structures

 УСНЫ БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН УГСРАЛТЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТОГТОЛЦООГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДАЛД: БАРУУН УУЛЫН ҮЕРИЙН ХАМГААЛАЛТЫН БАРИЛГА УГСРАЛТЫН ЖИШЭЭН ДЭЭР

 

Очийн Өлзиймаа[1], Бадарчийн Аюурзана[2]

 

ШУТИС, Барилга, Архитектурын сургууль

 

ulziimaa0507@gmail.com, ayur@must.edu.mn

Жич: Энэхүү өгүүлэл нь О.Өлзиймаагийн Усны барилга байгууламжийн магистрын зэрэг горилох ажлын 2 дах өгүүлэл бөгөөд Улаанбаатар-Ус-Цэвэр орчин 2021 ЭШХурлын эмхэтгэлд хэвлэгдсэн бүтээл болно.  

Хураангуй

Усны ихэнх барилга байгууламжуудыг улсын төсвийн хөрөнгөөр барьж, ашиглаж, засвар үйлчилгээ хийдэг бөгөөд угсралтын ажилд ихээхэн хөрөнгө оруулдаг. Орон нутгийн болон төрийн өмчлөл хэлбэртэй байдаг тул засвар үйлчилгээ муу хийгддэг учир аль болох чанартай барилга байгууламж барих шаардлагатай байдаг. Усны барилга байгууламжийн угсралтын ажил гүйцэтгэж байгаа өнөөгийн тогтолцоонд дутагдалтай, гажуудалтай зүйлс олон байгаа нь барилгын чанарт сөргөөр нөлөөлөх хүчин зүйл болж байна. Ялангуяа сүүлийн жилүүдэд баригдаж байгаа үерийн хамгаалалт, борооны ус зайлуулах барилга байгууламжийн хувьд чанарын шаардлага бүрэн хангахгүй ажлууд хийгдэж байна. Усны барилга байгууламжийн угсралтын тогтолцоонд хийсэн судалгаагаар чанар хяналтын тогтолцооны эрх зүйн нөхцөл бүрдсэн боловч практикт нэвтрүүлэн ашиглах техник зохицуулалтын баримт бичгүүд дутагдалтай, хэрэгжилтийг хянах төрийн тогтолцоо сул байгаа зэргийг сайжруулах боломжтой байна. Угсралтын гүйцэтгэлийн тогтолцоонд чанарын хяналтын тогтолцоог нэвтрүүлснээр гарах өөрчлөлтийг 2015 онд шинэчилсэн Баруун уулын үерийн хамгаалалтын сувгийн угсралтын ажил дээр туршиж шинжилгээ хийж, төлөвлөлт бодит байдал ямар зөрүүтэй байдаг, түүнийг хэрхэн сайжруулах шаардлагатай, сайжруулахын тулд чанарын хяналтын тогтолцоонд дутагдаж байгаа зүйлсийг тодруулав.

SINOP dam (Brazil): Powering 1 600 000 households using hydroelectric energy (https://asia.edf.com/en)

Түлхүүр үгс: усны барилга байгууламж угсралт, үе шатны ажил, барилга байгууламжийн норм, нормативын баримт бичиг, чанарын хяналтын тогтолцоо


Танилцуулга

Усны барилга байгууламж нь байгаль цаг уурын болон усны байнгын үйлчлэлд өртөж байдаг онцгой объект юм. Усны барилга байгууламжийг барьж байгуулах ажил нь бусад барилга байгууламжийн угсралтын нэгэн адил Монгол улсын барилгын тухай [2] болон бусад холбогдох хууль [1] тогтоомжоор зохицуулагддаг. Барилга байгууламжийг төлөвлөх, барьж байгуулахад баримтлах эрх зүйн дараалал, баримт бичгүүдийн цогцолборыг нийтэд нь гүйцэтгэлийн тогтолцоо гэж хэлж болох бөгөөд түүнийг төлөвлөлтийн ба угсралтын гэж ангилж болно. Угсралтын ажлын гүйцэтгэлийн тогтолцоо гэдэг нь барилга угсралтын ажлын дэс дараалал, түүнд баримтлах эсвэл ашиглах хууль тогтоомж, барилгын норм ба дүрэм (БНбД), стандарт, техникийн заавар, барилгын ажлын үед боловсруулсан байх ёстой гэрээ, ил далд актууд, сорилт, шалгалт, төслийн бусад баримт бичгүүд, тавигдах чанар хяналтын цогц үйл ажиллагааг хэлнэ. Усны барилгын хувьд угсралтын гүйцэтгэлийн тогтолцоо нь Зөвлөлт холбоот улсын (хуучин нэрээр) тогтолцоонд тулгуурлан, түүний СНиП-үүд, техникийн баримт бичгүүдийг хэрэглэдэг байсан бол сүүлийн жилүүдэд олон улсын туршлагуудыг тусгаж ашиглаж байна [3]. Угсралтын гүйцэтгэлийн тогтолцооны үр ашиг нь барилга байгууламжийн чанараар тодорхойлогдоно. Барилга байгууламжийг чанартай барихын тулд тохирох технологи, горим, аргачлалын дагуу барьж угсарсан байх хэрэгтэй ба тэдгээрийг ил ба далд ажлын актуудаар баталгаажуулдаг. Барилга угсралтын ажилд ашиглагдах ил далд ажлуудын актуудыг 2003, 2006 онуудад тус бүр шинэчлэн барилгын асуудал эрхэлсэн сайдын тушаалаар [4] батлан ашиглаж байгаа боловч усны барилга байгууламжийн угсралтын ажилд зарим талаар тохирохгүй байгааг усны барилгын чанар, гүйцэтгэлд тулгамдаж буй асуудлууд нотлон харуулсаар байна. Тухайлбал Улаанбаатар хотын хувьд үерийн хамгаалалтын барилга байгууламжийн чанаргүй хийгдсэн ажлууд их байна [5]. Усны эрчим ХХК-иас 2014 онд хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын далангийн системийн 58% нь их засвар шаардлагатай, 22% нь дунд зэргийн засвар шаардлагатай, 16% нь бага засвар шаардлагатай, үлдсэн 4% гаруй нь шинээр баригдсан далан байна [6] гэсэн судалгаа гарчээ. Гэхдээ шинээр баригдсан буюу ашиглалтын хугацаа 20-с дээшгүй жил болж байгаа үерийн хамгаалалтын барилга байгууламжуудын 50 гаруй хувь нь их болон дунд зэргийн засвар шаардлагатай гэсэн үнэлгээ авсан байна [7]. Жишээлбэл 2012 онд Дэнжийн 1000-н 1, 2, 3 дугаар сувгуудад засвар шинэчлэлтийн ажил хийгдсэн боловч 2020 оны судалгаагаар засвар шинэчлэлт хийх шаардлагатай гэж дүгнэгдсэн байна [6]. Дээрх барилга байгууламжийн эвдрэл гэмтэл нь төлөвлөлт, угсралт, материалын чанар, ашиглалтын нөхцөл, арчилгаа гэх мэт олон хүчин зүйлээс хамаарах боловч угсралтын гүйцэтгэлийн тогтолцоо, чанарын хяналт чухал нөлөөтэй [24]. Гэтэл угсралтын гүйцэтгэлийн тогтолцооны чухал хяналтын баримт бичгүүд болох ил ба далд ажлын актууд дутуу, тэдгээрийг ижил төстэй баримт бичгээр орлуулан хийж байгаа нь ажлын чанарыг шалгаж хүлээн авахад учир дутагдалтай нөхцөл байдлыг үүсгэж байна. 2000 оноос өмнө усны барилга байгууламжийн угсралтын ажилд Усны аж ахуйн ил болон далдлагдсан ажлын актууд гэсэн багц баримт бичгүүдийг мөрддөг байсан ч 2003, 2006 онуудад шинэчилж баталсан тушаалд багтаагүй байна. Мөн усны барилга угсралтын ажилд ашиглах мэргэжлийн техникийн дүрэм, заавар, ном товхимол цөөн байгаа зэргээс шалтгаалан усны барилгын зураг төсөл зохиох, угсралтын ажил гүйцэтгэхэд залуу инженерүүд практик дээр тулгуурласан мэдлэг дутмаг болж алдаа дутагдал их гарч байдаг. Бусад салбарууд тухайлбал автозамын салбарынхан угсралтын ажилд ил далд ажлын актыг халж лабораторийн туршилт болон хэмжилтээр баталгаажих шалгах хуудаснуудыг боловсруулан практикт ашиглаж байгаа нь сайн туршлага болж байна [8].

Олон улсын төслүүдийн зураг төсөл, угсралтын ажлын гүйцэтгэлд тавих хяналт өндөр, тодорхой хэмжээний стандарт дүрэм журмын дагуу явагддаг. Үүнд усны барилгын чанарын хяналтын судалгаанууд [25], тэр дундаа тусгай ажлуудад хийгдэх чанарын сорилтын аргуудын талаарх судалгаанууд 1970 – 1980 онд идэвхтэй хийгдэж практикт нэвтэрсэн байна [26], [27]. Гэтэл Монголд усны барилга байгууламжийн ихэнх ажлууд эрх зүйн дутуу орчинд, мэргэжлийн арга зүй, техникийн заавар, бичиггүй гүйцэтгэгдэж байгаа нь чанаргүй барилга байгууламж бий болох нөхцөлийг бүрдүүлж байна.

Усны барилга байгууламжийн төлөвлөлт ба угсралтын ажлын чанарыг дээшлүүлэхийн тулд тэдгээрийн гүйцэтгэлийн тогтолцоог судалж боловсронгуй болгох шаардлагатай. Угсралтын гүйцэтгэлийн тогтолцооны бие даасан судалгааны ажил байхгүй боловч барилгын эрх зүйн орчин, тогтолцооны суурь судалгааны ажлуудад тогтолцоог сайжруулах талаар дурдагдсан байдаг. Засгийн газраас баталсан төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлогод хууль, эрх зүйн орчин, норм нормативын баримт бичгийг боловсронгуй болгох, хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, барилгын чанарыг сайжруулах зэрэг олон зорилтууд тусгагдсан байна [9]. Энэ судалгааны ажлын зорилго нь усны барилга байгууламжийн угсралтын ажлын гүйцэтгэлийн тогтолцоог судалж, сайжруулах хувилбарыг дэвшүүлж, улмаар сайжруулсан тогтолцоог практикт нэвтрүүлэхэд гарч болох өөрчлөлтүүдийг бодит жишээн дээр симуляци хийж харуулахад оршино. Бодит жишээгээр зохиогчийн өнгөрсөнд хийж гүйцэтгэсэн Баруун уулын үерийн хамгаалалтын барилга угсралтын ажлыг сонгон авч ажил гүйцэтгэсэн хугацаа, хөдөлмөр зарцуулалт, барилгын чанар ба төсөвт өртөгт шинжилгээг хийв.

 

Усны барилга байгууламжийн угсралтын гүйцэтгэлийн өнөөгийн тогтолцоо

Усны барилга байгууламжийн ажил нь бусад барилга байгууламжаас онцлог чанаруудтай. Уг онцлог чанарууд нь гүйцэтгэлийн тогтолцоонд нөлөөлдөг. Усны барилга байгууламжийн ихэнх ажлыг улсаас хөрөнгө гаргаж барилга угсралтын ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулж гүйцэтгүүлж байна. Гүйцэтгэгчийг ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлага, ажиллах хүчний нөөц, машин техник, санхүүгийн тогтвортой байдал, санал болгож буй төсвийн үнэ гэх мэт олон шалгуур үзүүлэлтүүдийг [10] үндэслэн шалгаруулдаг. Гүйцэтгэгч тендерт шалгарсан тухай мэдэгдэл авснаас хойш 30 хоногийн дотор ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, захиалагч ажил эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас авснаар ажилдаа орно. Мөн гүйцэтгэгч нь захиалагч байгууллага болон зураг төслийн байгууллагатай барилгын ажилд хяналт гүйцэтгэх гэрээг тус тус байгуулж ажилладаг байсан бол 2016 оноос захиалагч зураг төсөл зохиогчтой барилгын ажилд хяналт хийх гэрээ байгуулан, гүйцэтгэгч нь гүйцэтгэлийн явцад захиалагч, зохиогчоос өгсөн санал зөвлөмжийг мөрдөж ажиллах үүрэгтэй ажилладаг [11] болсон байна. Гэвч одоогийн бодит тогтолцоонд захиалагчийн болон зохиогчийн хяналт дүрэм журмын дагуу биш, гүйцэтгэгчийн дотоод хяналт сул, түүнд чанарын баталгаажуулалт хийгддэггүй, барилгын ажлыг хугацааны графикт шахаж чанаргүй гүйцэтгэж байна [12], [13]. Судлаачийн зүгээс угсралтын гүйцэтгэлийн тогтолцоог боловсронгуй болгох эхний алхам нь чанарын хяналтын тогтолцоог сайжруулах гэж үзэж байна [14].

 

Барилгын ажлын хяналтын өнөөгийн боломж

БНбД 12-01-09-ийн [15] дагуу барилгын ажлын техникийн хяналтыг дотоодын болон хөндлөнгийн (захиалагч, зохиогч, төрийн) гэж ангилсан байдаг.

Барилгын ажилд захиалагч “Барилгын ажлын захиалагчийн дүрэм”-ээр [16] тогтоосон хяналтуудыг гүйцэтгэх бол зураг төсөл зохиогч [17] захиалагчтай хийсэн гэрээний дагуу хяналтыг байнгын, тогтмол хуваарийн дагуу, үе шат бүрд гэсэн 3 төрлөөр гүйцэтгэнэ. Харин төрийн зүгээс Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн [18] дагуу Мэргэжлийн хяналтын байгууллагаас төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, гүйцэтгэлийн гэсэн 3 хэлбэрээр хяналт тавьдаг. Энэ нь ихэвчлэн ашиглалтад орсон байгууламжид хяналт тавих бөгөөд цөөн тохиолдолд иргэдийн санал гомдлын дагуу гүйцэтгэлийн явцад төлөвлөгөөт бус шалгалт хийдэг. Харин захиалагч [16], зураг төсөл зохиогч [17] нар өдөр тутмын ажлын гүйцэтгэлд үргэлж хяналт тавих бололцоо муутай байдаг тул Гүйцэтгэгчийн дотоод хяналт [19] маш чухал үүрэгтэй байдаг. Зураг 2-т Гүйцэтгэгч байгууллага дотоодод хэрэгжүүлэх хяналтын схемийг үзүүлэв [19].

Зураг 2-т гүйцэтгэгч нь чанарын хяналтын ажилтан эсвэл баг бүрдүүлж ажиллах бөгөөд орцын, явцын, хүлээж авах гэсэн хяналтуудыг хэрэгжүүлж ажиллана гэсэн байна. Гэтэл манай гүйцэтгэгч байгууллагуудад дотоодын хяналтын ажилтан гэх албан тушаал, хяналтын хуудас, журам, заавар огт байхгүй ажиллаж байна. Өөрөөр хэлбэл тухайн төслийг гүйцэтгэсэн инженер захиалагч, зохиогчоос өгсөн үүрэг даалгавар, зөвлөмжийг дагаж засах, сайжруулахаас хэтрэхгүй. БНбД 12-01-09 [15]-д чанарын хяналтын тогтолцоог иж бүрнээр томьёолсон байна. Одоогийн ихэнх гүйцэтгэгч байгууллагын хувьд 1-р түвшний хяналтыг тодорхой хэмжээгээр хэрэгжүүлэн ажиллаж байгаа бол цөөн тооны томоохон аж ахуй нэгжүүд 2-р түвшний хяналт болох өөрийн байгууллагын чанарын стандарт, журам, гарын авлага боловсруулж түүнийгээ мөрдөж ажиллаж байна. Энэ нь тухайн байгууллагын үйл ажиллагааны чанарыг батламжлах бөгөөд байгууллагын үр ашгийг нэмэгдүүлдэг. Харин 3-р түвшний хяналт одоогоор манай улсад хэрэгжээгүй байна [20].

Гүйцэтгэлийн тогтолцоог боловсронгуй болгох асуудалд

Барилга угсралтын гүйцэтгэлийн тогтолцоонд Барилгын тухай хууль [2], Барилгын ажлын захиалагчийн дүрэм [16], Барилгын ажилд зураг төсөл зохиогчийн хяналт тавих дүрэм [17], Гүйцгэгчийн жишиг дүрэм [19], Барилгын үйлдвэрлэлийн зохион байгуулалт [15] эдгээр болон бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөх үүрэгтэй. Гэтэл гүйцэтгэлийн тогтолцооны одоогийн бодит байдал нь хүчин төгөлдөр буй эрх зүйн баримт бичгүүдийг гүйцэт тусгаагүй байгаа нь салбарын эрх зүйн баримт бичгийн мөрдөлтийг хянах тогтолцоо хангалтгүй байгааг илтгэнэ. Мөн хяналт байхгүй учир аж ахуйн нэгжүүд мөрддөггүй, мэддэггүй байдал их байна. Хуулийн хүрээнд усны барилга байгууламжийн угсралтын тогтолцооны ерөнхий дараалалд өөрчлөлт оруулалгүйгээр үе шатны ажил бүрд дотоод болон хөндлөнгийн хяналтыг сайжруулах боломжтой. Одоогийн чанарын хяналтад ашиглаж буй тохиромжгүй ил далд ажлын актуудын оронд хяналт, сорилт хийж бөглөх шалгалтын хуудсыг нэвтрүүлж уг хуудасны үнэлгээгээр дараагийн үе шатны ажлыг гүйцэтгэдэг байх олон улсын чанарын тогтолцоог нэвтрүүлэх боломжтой байна.

Усны барилга байгууламжийн угсралтын ажлын гүйцэтгэлийн тогтолцоонд мөрдөгдөж байгаа болон тогтолцоог сайжруулахад шаардагдах баримт бичгүүдийн тоог нэгтгэн Хүснэгт 1-д харуулав.

Одоогийн тогтолцоонд ашиглаж байгаа ил далд ажлын актууд нь усны барилгын ажилд ихэнхдээ тохирдоггүй бөгөөд орлуулах байдлаар ашиглаж байгаа нь зарим чухал мэдээллийн хяналт алдагдахад хүрдэг. Тухайлбал сувгийн ухалгын ажлын гүйцэтгэлийг суурийн нүх ухсан актаар баримтжуулахад уг сувгийн хөндлөн огтлолын хэмжээснүүд, хэвгий, ажлын тоо хэмжээ зэрэг чухал мэдээлэл шалгагдалгүй үлдэж байна. Хэвгий буюу төслийн төлөвлөсөн тэмдэгт шалгагдахгүй байснаар төлөвлөлтөөс зөрж ажлын тоо хэмжээнд өөрчлөлт орох, улмаар ашиглалтын үед тооцоот усны зарцуулгыг өнгөрүүлэх боломжгүй барилга байгууламж баригдана. Энэ мэт тохирохгүй байдал нь барилга угсралтын чанарт муугаар нөлөөлж байгаа нь гарцаагүй. Үүнээс гадна ил ба далд ажлуудын актуудыг тухайн цаг үед бөглөлгүй үлдээж барилга ашиглалтад орох үед зохион бөглөдөг нийтлэг зөрчил хэвээр үргэлжилсээр байна.

Усны барилга байгууламжийн зарим ажилд чанарыг шалгахын тулд тохирох сорилтыг лабораторид гүйцэтгэх шаардлагатай. Тухайлбал хөрсний нягтруулалт, тохирох хөрсөөр буцаан булах ажлуудад лабораторийн туршилт хийж, үр дүнгээр нь баталгаажуулдаг олон улсын практик нэвтрэх хэрэгтэй байна. Мөн усны барилга байгууламжийн ажилд мөрдөх техникийн хэм хэмжээ, арга аргачлалыг агуулсан стандарт, гарын авлага, техникийн баримт бичгүүд маш их дутагдалтай байгааг Хүснэгт 1-с харж болно. Шаардлагатай техник зохицуулалтын баримт бичгийг бүрдүүлэн дотоод болон хөндлөнгийн хяналтыг ажилбар бүрийн төгсгөлд сорилт, шалгалттай оруулж гүйцэтгэлийн тогтолцоог Зураг 4-д харуулснаар сайжруулах боломжтой.

 

Сайжруулсан гүйцэтгэлийн тогтолцооны нөлөө: Баруун уулын үерийн хамгаалалтын барилгын засвар шинэчлэлтийн ажлын жишээ (2015 он)

Судалгаанд 2013 онд зураг төсөл хийгдэж, 2014 онд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас тендер зарлаж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2015 онд гүйцэтгэсэн Баруун уулын үерийн хамгаалалтын системийн нэг хэсэг болох Амарсанаагийн гудамжнаас Төмөр замын сургууль хүртэл 750 м тэгш өнцөг төмөр бетонон доторлогоотой үерийн сувгийн шинэчлэлтийн ажлыг авч үзэв.

Гүйцэтгэгч тендерийн баримт бичиг боловсруулахдаа урьдчилан ажил гүйцэтгэх төлөвлөгөөг хугацааны хүснэгтээр гарган өгч, тендерт шалгарсан тохиолдолд захиалагчийн олгосон хугацаагаар ажил гүйцэтгэх гэрээг байгуулж ажилладаг. Тогтолцооны энэ хэсэгт ажил үргэлжлэх хугацааг ажлын багтаамж, хөдөлмөр зарцуулалтын нормоор бодсон ажил үргэлжлэх календарчилсан эсвэл сүлжээ графикт үндэслэн гүйцэтгэгч болон захиалагч талууд зөвшилцөж шийддэг байх хэрэгтэй. Энэ нь гүйцэтгэгчийн ажлаа чанартай гүйцэтгэхэд чухал нөлөө үзүүлнэ. Барилгын ажлын хэмжээ, бүтээцээс нь хамаарч ажил гүйцэтгэхдээ төлөвлөгөө боловсруулна [21]. Уг календарчилсан төлөвлөгөөг захиалагчаас ирүүлсэн буюу ажлын зурагт байгаа ажлын тоо хэмжээнд үндэслэж Усны барилга байгууламжийн ажлын төсвийн суурь норм БНбД 81-33-10 -д [22] болон бусад төсвийн нормуудад заасан хөдөлмөр зарцуулалтын нормоор тооцсоныг Зураг 5-д харуулав. Угсралтын ажил эхэлснээр Зураг 5-д төлөвлөсөн хугацааны графикаа мөрдөж ажилласан боловч бэлтгэл ажил, материал таталт, тээвэр, цаг уурын хүчин зүйл, хүний нөөцийн өөрчлөлт зэргээс шалтгаалан бодит байдал дээр гүйцэтгэсэн ажлын хугацааны төлөвлөгөө өөрчлөгдсөн бөгөөд түүнийг Зураг 6-д харуулав.

Усны барилга байгууламжийн ажлын зураг төсөл батлагдсаны дараа улсаас угсралтын ажлын хөрөнгө оруулалтыг шийдэх хүртэл нэлээд хугацаа зарцуулдаг. Энэ хугацаанд барилга угсралтын өртөг инфляц, бараа материалын үнийн өсөлт зэргээс болж зураг төслийн өртгөөс зөрүүтэй болсон байдаг. Мөн түүнчлэн салбарын төсвийн суурь нормын үнэлгээ хуучирсан буюу бага байгаа нь ажлыг чанартай гүйцэтгэх эсэхэд нөлөөлөх хүчин зүйл болдог. Иймд төсвийн зөрүү, үнийн эрсдэлээс сэргийлэхийн тулд хувийн аж ахуй нэгжүүд бусад гэрээлэгч нартай хэлцлийн үнэ бүрдлээр тохирч, зарим тохиолдолд зураг төсөлд зааснаас доогуур чанартай бараа материал ашиглах байдлаар ажлаа явуулж байдаг.


Зураг 6-д Усны барилга байгууламжийн төсвийн суурь нормоор [22] төлөвлөсөн газар шорооны ажил гүйцэтгэх хугацаа бодит байдал дээр нэлээд нэмэгдсэн байгаа нь төсвийн суурь норм харьцангуй бага байгааг харуулж байна. Мөн тухайн жил хур бороо ихтэй жил болж 4-н удаагийн их хэмжээний устай бороо орсны улмаас угсралтын ажил удааширч байсныг бодит гүйцэтгэлийн графикаас харах боломжтой. Үерийн хамгаалалтын барилга угсралтын ажил нь үерийн өндөр эрсдэлтэй газарт баригддаг учир төсөв болон ажил гүйцэтгэх төлөвлөлтөд эрсдэлүүдийг зайлшгүй тусгах шаардлагатайг аж ахуйн нэгжүүд байнга дурддаг.

Олон улсын жишигт барилгын чанар аюулгүй байдлыг хангана гэдэг нь боломжит бүх хяналтыг нэгдсэн байдлаар хэрэгжүүлэхийг хэлдэг [24]. Захиалагч болоод зураг төсөл зохиогчийн хяналтаас гадна усны барилга угсралтын компаниуд Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлд үндэслэн Барилга хот байгуулалтын сайдын баталсан дотоод хяналтын тухай жишиг дүрмийн [19] хүрээнд чанарын хяналт гүйцэтгэх ёстой. Гэтэл ихэнх гүйцэтгэгч нарт уг чанарын хяналтын хэрэгжилт дутмаг цаасан дээр үлдэж байна.

Барилгын ажлын хяналтын өнөөгийн боломж хэсэгт тайлбарласнаар судалгааны жишээний хувьд Зураг 4-д харуулсан тогтолцоогоор дотоод болон хөндлөнгийн хяналтыг гүйцэтгэж үл тохирох ажлыг дахин хийх, сайжруулах ажлуудыг сайжруулан хийх байдлаар ажил үргэлжлэх хугацаа, ажлын тоо хэмжээнд симуляци хийж үр дүнг Зураг 7-д харуулав. Чанаргүй ажил хийх түүнийгээ дахин засварлах нь хөдөлмөр зарцуулалт, материал, цаг хугацаа болоод төсвийн хувьд алдагдалтай зүйл. Төсөлд ийм алдагдал хүлээхгүйн тулд хугацаандаа шахагдаж ажлыг цааш үргэлжлүүлэн гүйцэтгэж ашиглалтад оруулдаг жишиг практикт байсаар байна. Энэ зүйл ч дээрх жишээний хувьд нэлээдгүй гарсан бөгөөд чанарын хяналттай үед дахин хийх, засварлахад гарах өөрчлөлтийг Зураг 7-с харж болно. Улсаас хөрөнгө зарцуулж гүйцэтгэгч байгууллагаар ажил хийлгэж байгаа тул чанарын баталгаатай олон жилийн насжилттай барилга байгууламж ашиглалтад хүлээн авах хэрэгтэй. Тиймээс угсралтын гүйцэтгэлийг үр ашигтай байлгах зорилгоор одоо байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийг мөрдүүлэхээр нэмэлт шаардлагатай техник зохицуулалтын баримт бичгийг боловсруулж нийтээр ашиглах нь зүйтэй.

Усны барилгын ажлын үе шат бүр хоорондоо уялдаа холбоотой, нэг ажлын гүйцэтгэлийн чанар дараагийн ажилд нөлөөлж байдаг тул ажилбар бүрд чанартай хийгдсэн эсэхэд хяналт хийж захиалагч, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч нар тухайн ажилбарт тохирсон шалгах хуудсыг боловсруулж хамтран баталгаажуулах шаардлагатай байна. 2021 оны 4 сард жишээ болгон авч үзэж байгаа Баруун уулын сувагт хийсэн хэмжилтээр сувгийн хана дотогшоо хэд хэдэн газарт хазайж хэв гажилтад орсон байна (Зураг 8). Энэ нь гүйцэтгэгч төмөр бетон сувгийн ажил гүйцэтгэх зургийн хийц төвөгтэй, цутгалтын технологи, арчилгааны талаар гарын авлага байхгүй байсан тул өөрийн дураар сувгийн суурь болон ханыг тусад нь цутгасан нь суурь хана хоорондын зааг үүсгэж хэв гажилтад орох үндэс болсон байна. Дээр нь үерийн сувгийн хойд хэсгийн хагас нь битүү барилгажсан талбайд машин механизм орох боломжгүй байсан учир сувгийг давуулж овоолго хийн гар нягтруулагчаар нягтруулсан нь хангалтгүйгээс болж сувгийн гадна хөрс устай нийлж ачаалал өгч сувгийн хана хазайх нөхцөл бүрдсэн байна. Мөн тэгш өнцөгт сувгийн хөрсний усыг шүүрүүлж даралт бууруулах нүхийг зургийн дагуу тусгаж өгөөгүй нь нэмэлт даралтаар хэв гажилтад орох нөхцөл болсон гэж үзэж байна. Иймд Зураг 7-д улбар шар өнгөөр ус шүүрүүлэх хоолой хийх ажлыг тэмдэглэж үл тохирох ажил буюу дахин хийх шаардлагатай байсан гэж үзсэн болно.

Хэлэлцүүлэг

Гүйцэтгэлийн тогтолцоог сайруулахын тулд чанарын хяналтын тогтолцоог нэвтрүүлж мөрдүүлэх шаардлагатай. Үүний тулд барилгын ажлын үе шатны ажил бүрийн гүйцэтгэлийн чанарыг баталгаажуулах нэмэлт техник зохицуулалтын баримт бичгүүдийн бүрдлээр бий болж практикт аж ахуйн нэгжүүд хариуцлагатайгаар мөрдөх, түүнийг төрийн байгууллагууд хянаж байх тогтолцоо хэрэгтэй. Энэ тогтолцоо эрх зүйн хувьд [19] бүрэлдсэн боловч доод шатны дүрэм журам, төрийн байгууллагын хяналтын тогтолцоо гүйцэт боловсроогүй байна.

Гүйцэтгэлийн тогтолцоонд чанарын тогтолцоог нэвтрүүлж үе шатны ажил бүрийн чанарыг баталгаажуулснаар барилгын ажлын чанар нэмэгдэхээс гадна дараах өөрчлөлтүүд бий болно. Үүнд:

  •        Барилгын ажлын үргэлжлэх хугацаа өөрчлөгдөнө.
  •       Барилгын ажиллах хүч, хөдөлмөр зарцуулалт өөрчлөгдөнө.
  •       Барилгын материалын тоо хэмжээ өөрчлөгдөнө.
  •       Барилгын ажлын төсөвт өртөг өөрчлөгдөнө.
  •       Гүйцэтгэгч нарын хандлага өөрчлөгдөнө.

Судалгаанд барилгын ажлын үргэлжлэх хугацаа болон хөдөлмөр зарцуулалтын өөрчлөлтийг тооцоолж Зураг 9 болон Зураг 10-д тус тус харуулав.

Зураг 9-с харвал ухлагын ажлын бодит гүйцэтгэсэн хугацаа нь төлөвлөсөн хугацаанаас ойролцоогоор 30 хувиар их байна. Энэ нь усны барилгын ажлын төсвийн суурь нормын [27] ухлагын ажлын хөдөлмөр зарцуулалт бага, хуучирсан байгааг харуулах бөгөөд улмаар төсөвт ч бас нөлөөлөх нь ойлгомжтой байна. Мөн сувгийн хөндлөн огтлол хуучнаасаа багасаж овоолгын ажил нэмэгдэх үед шинээр хөрс тээвэрлэж асгах үнэ төсөвт суугаагүй байдаг. Төсөвт тусгагдаагүй зардлуудыг ихэнх тохиолдолд магадалшгүй ажлын зардлаас гаргадаг боловч төсөв нь хүрэхгүйн улмаас нягт авахгүй шороогоор буцаан булах явдал нэлээдгүй гардаг. Угсралтын сайжруулсан тогтолцоонд ухалгын ажилд хуучин бетон доторлогоог бутлан зөвшөөрөгдсөн хогийн цэгт хаях, сувгийн төлөвлөсөн түвшин хүртэл ухсан эсэхэд хяналт тавих учир ажил үргэлжлэх хугацаа нэмэгдсэн байна.

Барилга угсралтын ажил хотын зай багатай талбайд хийгддэг тул зуны хур бороо ороход үерийн усны чиглэлийг өөрчлөх боломжгүйгээс дутуу барьсан сувгаар өнгөрүүлдэг. Ингэснээр сувгийн ул хөрс хатахгүй ажил удаашрах цаашлаад бараа материалаар хохирох, ажлын чанарт нөлөөлөх зэрэг хүндрэлүүд үүсдэг. Тухайн ажил гүйцэтгэсэн жил 4-н удаагийн их хэмжээний устай бороо орж төлөвлөсөн хугацаанаас 5 хувиар хоцорсон болохыг Зураг 9-с харж болно. Иймд ажил гүйцэтгэх хугацааг нарийн төлөвлөж аль болох чухал ажлуудыг бороогүй үед төлөвлөж гүйцэтгэх нь чухал байна. Дотоод болон хөндлөнгийн хяналт сайжирснаар гүйцэтгэлийн хугацаа, зардал нэмэгдэх боловч тэр хэмжээгээр ажлын чанар баталгаажиж хөрөнгө үр ашигтай зарцуулагдана.

Барилга угсралт, тохижилтын ажлын төлөвлөлт, бодит гүйцэтгэлийн нийт хугацааны зөрүү бага байгаа боловч Зураг 5, 6-аас харвал бодит гүйцэтгэлийн ажил төлөвлөсөн хугацаанаас цаг уур, бэлтгэл ажил, ухалгын ажил, материал, ажиллах хүч зэрэг олон хүчин зүйлээс хамаарч 2 сар хойшилж ашиглалтад өгсөн байна. Энэ нь хөдөлмөр зарцуулалтын нормоор бодож ажиллах хоногоо гаргасан ч захиалагчийн өгсөн хугацаанд багтааж шахуу төлөвлөгөө боловсруулдаг нь харагдаж байна.

Зураг 10-д мөн л Зураг 9-тэй адил ухлагын ажлын бодит гүйцэтгэлийн нийт хөдөлмөр зарцуулалт нь төлөвлөсөн нийт хөдөлмөр зарцуулалтаас 20  хувиар их байна. Үүгээр төсвийн суурь нормыг чанарын хяналттай уялдуулан шинэчлэх шаардлагатай байгаа нь дахин харагдаж байна. Мөн мэдээж хяналт сайжирч ажлын орон тоо нэмэгдэх тул дагаад хөдөлмөр зарцуулалт бага хувиар өснө.

Барилга угсралтын ажлыг харвал ажил гүйцэтгэсэн бодит хөдөлмөр зарцуулалтын нийлбэр нь төлөвлөсөн нийт хөдөлмөр зарцуулалтаас 3 хувиар их байна. Харин ажил дуусах хугацаа шахагдах тусам гүйцэтгэгч ажиллах хүчний тоог нэмэх, баригдмал хугацаанд яарч дутуу чанар муу ажил хийх гэх мэт байдал гарна. Үүнээс сэргийлж гологдол гаргахгүй чанартай ажил гүйцэтгэхээр чанарын хяналтын тогтолцоог ашиглаж сайжруулалт хийн үе шат бүрд хяналт хийх дотоодын хяналтын ажилтан ажиллуулж, дараагийн ажлаас өмнө сайжруулах зүйл байвал тухай бүрд засуулах ёстой. Жишээлбэл бодит гүйцэтгэлээс сайжруулсан тогтолцоо нь 18 хувиар их хөдөлмөр зарцуулахаар байна. Энэ хөдөлмөр зарцуулалт нь заавал ийм хэмжээгээр их байна гэсэн үг биш бөгөөд ажлын чанартай шууд хамааралтай. Учир нь одоо байгаа нөхцөл байдалд үндэслэн дээрх жишээнд шалгах шаардлагатай байсан болон дахин хийх байсан ажлууд дээр сайжруулалт хийсэн болно. Тухайлбал арматурчлал, бетоны ажил гүйцэтгэхэд заавал өмнө нь шалгасан байх, шаардлагатай бол дахин сайжруулж засуулах, ус шүүрүүлэх хоолойн байрлал зургийн дагуу бус байсныг дахин шинээр хийлгэх гэх мэтээр хийгдсэн ажлыг давтан хийх нь хугацаа алдах, зардал нэмэгдэх нөхцөл болно.

Дээрх судалгааны объектод хийсэн шинжилгээг үзвэл гүйцэтгэлийн тогтолцоог боловсронгуй болгоход нэн тэргүүнд чанарын хяналтыг сайжруулах хэрэгтэй. Ингэхийн тулд

  •       Төсвийн суурь нормыг тодорхой жилийн давтамжтайгаар угсралтын гүйцэтгэлийн тогтолцоо болон чанарын хяналтын тогтолцоог шингээн шинэчилдэг байх;
  •       Барилгын ажлын чанарын гологдлыг арилгах, барилгын ажлыг бодитой төлөвлөхийн тулд мэргэжилтэй боловсон хүчний мэдлэг чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах, технологийн дарааллаар ажил гүйцэтгэх заавар журам боловсруулж ашиглах;
  •       Барилга угсралтын ажилд мөрдөх норм, норматив, техник зохицуулалтын баримт бичгүүдийг боловсруулж ашиглах;
  •     Барилгын материалын чанар, тээвэрлэлт хадгалалтад хяналт тавих, хугацаа дууссан эсвэл чанар хангалтгүй гэж үзвэл нийлүүлэгчид буцаах, нийлүүлэгчээс чанарын гэрчилгээ шаарддаг байх;

·       Ил далд ажлын актын оронд ажлын үе шатуудад дараагийн ажил хийх шаардлага хангах эсэхэд шалгах хуудас бэлтгэж захиалагч, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч 3-н тал баталгаажуулан фото зураг, лабораторийн сорилтын үр дүнг хавсарган гүйцэтгэлийн баримт бичигт оруулах нь илүү үр дүнтэй гэж үзэж байна.

Дүгнэлт

Усны барилга байгууламжийн цөөн тооны зураг төслийн байгууллага, гүйцэтгэгч байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг боловч тэдэнд тодорхой нэгдсэн нэг тогтолцоо дутагдаж байна. Тэд Барилгын тухай хууль [2] түүний холбогдох дүрэм журамыг мөрдөж ил далд ажлын актуудаас нь гүйцэтгэлд ашигладаг. Гэвч усны барилга байгууламж нь устай харьцаж байдаг, барилга үйлдвэрлэлийн тодорхой онцлогтой учир бусад барилга байгууламжийн баримт бичгүүдийг орлуулан ашиглах нь инженерчлэлийн хувьд тохирохгүй байна. Мөн мэргэжлийн техникийн заавар, баримт бичиг хомс байгаа нь судалгааны үр дүнд болон жишээ объектын гүйцэтгэлд харагдаж байна. Усны мэргэжлийн компаниудын нэгдсэн уулзалт зохион байгуулж практик туршлага солилцож, угсралтын гүйцэтгэлийн тогтолцоонд тулгамдаж буй болон шилдэг туршлагуудаа хуваалцаж байх хэрэгтэй байна. Мөн хамтран угсралтын ажлын гүйцэтгэлийн техникийн заавар, стандарт боловсруулах, Барилгын ажил гүйцэтгэгч байгууллагын техникийн дотоод хяналт [19]-д тусгасан ажлын хяналтуудыг ашиглан мэргэжлийн шаардлагатай зарим зүйлүүдийг нэмж шалгах хуудас боловсруулах хэрэгцээ шаардлага маш их байна.

 

Ном зүй:

 

      I.          Монгол хэлээр хэвлэгдсэн зохиол бүтээл

1.      УИХ, “Монгол улсын хууль. Усны тухай,” Улсын их хурал, Улаанбаатар, 2012.

2.      УИХ, “Монгол улсын хууль: Барилгын тухай,” Улсын их хурал, Улаанбаатар, 2016.

3.      Л.Жанчивдорж, Усны барилга байгууламж, услалтын системийн хайгуул хийх, зураг төсөл боловсруулахад баримтлах норм нормативын суурь мэдээлэлийн эмхэтгэл, Улаанбаатар: Геоэкологийн хүрээлэн, 2011.

4.      БХБСайд, “Барилга хот байгуулалтын сайдын 2006 оны 105-р тушаалын хавсралт: Ил далд ажлын актын маягтууд,” Барилга, хот байгуулалтын яам, Улаанбаатар, 2006.

5.      НЗДТГ, “Улаанбаатар хотын үеийн эрсдэлийн үнэлгээ хийх, эрсдэлийн менежментийн стратеги боловсруулах төсөл,” МТЭСТ ТББ, ЖЭМР ХХК, Усны эрчим ХХК, Улаанбаатар, 2015.

6.      ХОТ, “Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн одоогийн байдлын суурь судалгааны тайлан,” Усны эрчим ХХК, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газар, Улаанбаатар, 2020.

7.      Т. Энхжаргал, Л. Жанчивдорж, Б. Сэнжим ба Б. Мөнхтөр, “Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын байгууламж: зохистой ашиглалт, усны чанар, бохирдлын асуудалд,” Монгол орны гидрогеологи, инженер геологи, геоэкологийн асуудлууд, б. 24, №1,       х. 152-162, 2016.

8.      ЗТХС, “ЗТХСайдын 2018 оны 228-р тушаал: Авто зам, замын байгууламжийн барилгын ажилд техник, технологийн хяналтыг хэрэгжүүлэх журам,” Зам, тээврийн хөгжлийн яам, Улаанбаатар, 2018.

9.      МУЗГ, “Монгол улсын засгийн газрын 2019 оны 70-р тогтоол: Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого батлах тухай,” Монгол улсын засгийн газар, Улаанбаатар, 2019.

10.   УИХ, “Монгол улсын хууль: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай,” Улсын их хурал, Улаанбаатар, 2005.

11.   БХБСайд, “Барилгын ажилд зураг төсөл зохиогчийн хяналт тавих дүрэм,” Барилга, хот байгуулалтын яам, Улаанбаатар, 2016.

12.   Б.Жүгдэр, Барилгын чанар, аюулгүй байдал ажлын гүйцэтгэлийн явцын хяналтаас шууд хамаарна. [Ярилцлага]. 28 10 2020.

13.   БХБЯ, “Барилга угсралтын үе шатны ажлын чанар, хяналтын тогтолцоо сэдэвт зөвлөгөөн үргэлжилж байна.,” Барилга хот байгуулалтын яам, 2020. Холбоос: https://mcud.gov.mn/a/657.

14.   О. Өлзиймаа ба Б. Аюурзана, “Усны барилга байгууламжийн гүйцэтгэлийн тогтолцооны өнөөгийн байдал: Баруун уулын үерийн хамгаалалтын барилга угсралтын жишээн дээр,” ШУТИС-ийн эрдэм шинжилгээний бичиг, 2021.

15.   БНбД12-01-09, “Барилгын үйлдвэрлэлийн зохион байгуулалт,” Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Улаанбаатар, 2010.

16.   МУЗГ, “Монгол улсын засгийн газрын 2017 оны 170-р тогтоол: Барилгын ажлын захиалагчийн дүрэм,” Монгол улсын засгийн газар, Улаанбаатар, 2017.

17.   БНбД11-04-16, “Барилгын ажилд зураг төсөл зохиогчийн хяналт тавих дүрэм,” Барилга, хот байгуулалтын яам, Улаанбаатар, 2016.

18.   УИХ, “Төрийн хяналт шалгалтын тухай хууль,” Засгийн газар, Улаанбаатар, 2003.

19.   БХБСайд, Барилгын үйл ажиллагаанд оролцогч байгууллагуудын дотоод хяналтын жишиг дүрэм, Улаанбаатар: Барилга, хот байгуулалтын яам, 2019.

20.   Ц.Ганбат, “"Барилгын ажлын чанарын хяналт" сургалтын материал, Монголын барилгын инженерүүдийн холбоо, Улаанбаатар, 2021.

21.   ЗТБХБСайд, “Барилгын үйлдэрлэлийн технологи зохион байгуулалтын баримт бичиг боловсруулах заавар,” ЗТБХБ-н яам, Улаанбаатар, 2011.

22.   БНбД81-33-10, “Усны барилга байгууламжийн ажлын төсвийн суурь норм,” Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Улаанбаатар, 2010.

23.   ЗТБХБСайд, “Усны барилга байгууламжийн ажлын төсвийн суурь норм БНбД81-33-10,” Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Улаанбаатар, 2010.

        II.        Гадаад хэлээр хэвлэгдсэн зохиол бүтээл

24.   A. P. Chan, D. Scott ба A. P. Chan, “Factors affecting the success of a construction project,” Journal of construction engineering and management, v. 130, №1, p. 153-155, 2004.

25.   Z. Skutnik, M. Bajda ба M. Lech, “The selection of sealing technologies of the subsoil and hydrotechnical structures and quality assurance,” Open Engineering, v. 9, №1, p. 420-427, 2019.

26.   L. R. Lahti, K. S. King, D. W. Reades ба A. Bacopoulos, “Quality assurance monitoring of a large clay liner,” in Geotechnical practice for waste disposal'87, ASCE, p. 640-654, 1987.

27.   J. P. Giroud ба J. E. F. Jr, “Quality assurance of geosynthetic lining systems,” Geotextiles and Geomembranes, v. 4, №1(3),  p. 249-287, 1986.


 



[1]Очийн Өлзиймаа, ШУТИС, БАС-ийн магистр оюутан, усны барилга байгууламжийн төслийн гүйцэтгэлийн тогтолцоог боловсронгуй болгох чиглэлд судалгаа хийдэг.

[2]Бадарчийн Аюурзана, ШУТИС, БАС-ийн ахлах багш, инженерийн ухааны доктор (PhD), гидравликийн загварчлал чиглэлд судалгаа хийдэг.

1 comment: