Friday, January 26, 2024

Хүндэт гидротехникч /Honorary hydraulicians/

Хүндэт гидротехникч

Honorary hydraulicians

Монгол улсад усны дээд боловсролтой инженер бэлтгэсний түүхт 60 жилийн ой 2023 онд болж өнгөрсөн билээ. 1963 оноос өмнө усны дээд боловсролтой инженерүүдийг (үүнд: гидротехникч буюу усны барилга байгууламжийн инженер, гидрологич буюу ус судлаач, гидрогеологич буюу газрын доорх усны мэргэжилтэн, усны химич, ус хангамж ариутгах татуургын инженерүүд, геофизикч г.м) хуучнаар Зөвлөлт холбоот улс, Европын зарим орнуудад бэлддэг байсан бөгөөд 1961 оны сайд нарын зөвлөлийн тогтоолоор Монгол улсын их сургуулийн Инженерийн факултетэд 1963 оноос усны дээд боловсролтой инженер гидротехникчдийг бэлдэж эхэлсэн түүхтэй. 

1963 оноос хойш Монгол улс дотооддоо 1000 гаруй, гадаадад 300 гаруй усны барилга байгууламжийн инженер буюу инженер-гидротехникчдийг бэлдсэн байна. 2023 онд Усны барилгын инженер-60 жилийн ойг зохион байгуулах ажлын хэсэг олон арван ажил төлөвлөж амжилттай зохион байгуулсан бөгөөд ойн хүрээнд үе үеийн инженерүүд дундаас салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж хүндэт гидротехникч хэмээх өргөмжлөлийг бий болгосон юм. 


Хүндэт гидротехникч өргөмжлөлийг

  • усны инженерийн салбарын хөгжилд оруулсан хувь нэмэр
  • усны залуу инженерүүдийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр
гэсэн үндсэн хоёр шалгуур дээр үндэслэн дараах хоёр эрхэмийг нийт усны инженерүүдийг өмнөөс өргөмжилсөн юм. 

Хүндэт гидротехникч - Монгол улсын гавьяат барилгачин, зөвлөх инженер, доктор Ц.Батдорж

Тэрээр усны барилга байгууламжийн норм ба дүрэм, ном, сурах бичиг, гарын авлагуудыг боловсруулж, усны инженерчлэлийн олон улсын болон дотоодын олон төсөл хөтөлбөрт залуу инженерүүдийг сурган дадлагажуулж усны инженерийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан хүн юм. 

Хүндэт гидротехникч Ц.Батдорж

Хүндэт гидротехникч - Монгол улсын зөвлөх инженер Ш.Ганзориг

Тэрээр усны инженерчлэлийн олон улсын болон дотоодын олон төсөл хөтөлбөрт залуу инженерүүдийг сурган дадлагажуулж, усны салбарын мэргэшсэн, зөвлөх зэрэгтэй инженерүүдийг бэлтгэх, усны барилга байгууламжтай холбоотой хууль, дүрэм, журам, стандарт, эрх зүйн баримт бичгүүдийг боловсронгуй болгоход оролцож усны инженерийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан  оруулсан хүн юм. 
Хүндэт гидротехникч Ш.Ганзориг

Эдгээр хоёр эрхэм усны барилга байгууламжийн инженерчлэлийн хөгжил дэвшилд үргэлж санаа тавьж, залуу инженерүүдийг чадавхжүүлэхэд анхаарал хандуулж үйл ажиллагаа бүрдээ тусган ажилладаг тул нийт инженерүүдийн өмнөөс ийнхүү өргөмжилсөн болно. 

Хүндэт гидротехникч өргөмжлөл (Өргөмжлөлийн ард хүндэт гидротехникчдийн ажлын гараагаа эхэлсэн Усны хайгуул судалгаа эрдэм шинжилгээний хүрээлэнгийн логог байршуулсан болно.)

Ингээд усны салбар хоёр хүндэт гидротехникчтэй болж байна. Хүндэт гидротехникчид олон болох болтугай гэсэн ерөөл дэвшүүлье.
Усны барилгын инженер - 60 жилийн ойн ажлын хэсэг
2023 оны 12 сарын 24

No comments:

Post a Comment