Thursday, April 25, 2024

Усны шинжлэх ухаан ба инженерчлэл - 2024 эрдэм шинжилгээний хурал /Hydroscience and Engineering - 2024/

 Усны шинжлэх ухаан ба инженерчлэл – 2024 (Hydroscience and Engineering - 2024) эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдав.

 ШУТИС-ийн Барилга Архитектурын сургуулийн Инженерийн байгууламжийн салбар, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн болон ЮНЕСКО-гийн газрын доорх усны тогтвортой менежментийн тэнхим хамтран Усны шинжлэх ухаан ба инженерчлэл – 2024 эрдэм шинжилгээний хурлыг 2024 оны 4 сарын 25-ны өдөр ШУТИС -ийн 8-р байрны 12 давхрын Олон улсын хурлын танхимд зохион байгуулав. Хурлын зохион байгуулалтыг салбарын мэргэжлийн холбоод “Монголын ус хүрээлэх орчны инженерчлэлийн холбоо”, “Цэнхэр Алт Ногоон Хэрэм усны үндэсний ассоциаци”, “Монголын усжуулагчдын холбоо”, “Монголын Барилгын инженерүүдийн холбоо” гүйцэтгэж, НҮБ-ийн Хабитат хөтөлбөрийн Гэр хорооллын иргэдийн үерийн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төсөл ивээн тэтгэж ажиллав. Хурлын үйл ажиллагааг дэмжин Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Усны газар” ажиллав.


“Усны шинжлэх ухаан ба инженерчлэл” эрдэм шинжилгээний хурлын гол зорилго нь Монгол орны усны нөөцтэй холбоотой эрдэм шинжилгээний үр дүн, усны инженерчлэлтэй холбоотой шинэ, дэвшилтэт аргачлал, технологийг нэгэн цэгт төвлөрүүлэн солилцох, хэлэлцэх, түгээн дэлгэрүүлэх юм. Усны шинжлэх ухаан ба инженерчлэл-2024 эрдэм шинжилгээний хуралд нийт 10 гаруй байгууллагын 60 гаруй судлаачдын 26 эрдэм шинжилгээний бүтээл ирсэн ба бүтээлийн хуулбарлалт, хянан магадалгаа хийгдсэн 23 бүтээлийг ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэлийн №24(04)328 тусгай дугаарт хэвлэв.

Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь Ус ба Хүрээлэн буй орчны инженерчлэлийн чиглэлээр судалгаа, шинжилгээний ажлыг хийж гүйцэтгэдэг байгууллага, эрдэмтэн судлаачдын ололт, амжилт, туршлагаасаа хуваалцсан, мэдлэгээ харилцан солилцсон үйл ажиллагаа болсон бөгөөд Монгол улсын хөгжилд усны шинжлэх ухаан ба усны инженерчлэлийн бүтээн байгуулалтын оруулах хувь нэмэр, чиг хандлагыг тодорхойлов.

Эрдэм шинжилгээний хурлын нээлтэд засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дарга “Ус, усны нөөц ба ирээдүй” сэдвээр илтгэл хэлэлцүүлж хурлын үйл ажиллагаанд амжилт хүсэв.

З.Батбаяр, МУ-ын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дарга - Усны газрын хэрэгжүүлж буй усны нөөцийн нэгдсэн бодлого, стратеги төлөвлөгөө

Усны шинжлэх ухаан ба инженерчлэл – 2024 эрдэм шинжилгээний хуралд 8 аман илтгэл, 11 ханын илтгэл хэлэлцүүлэгдсэн бөгөөд илтгэлийн сэдвүүд усны нөөцийн чанар, түүнийг бохирдлоос хамгаалах, сав газрын хэмжээнд хагшаасны урсцыг тодорхойлох, говийн түйрэн багасгах, цөлжилтийг бууруулах, усан цахилгаан станцын урсцад үзүүлэх нөлөөлөл, үерийн аюул, эрсдэл, загварчлал зэрэг өргөн хүрээг хамарсан байв.

П.Өлзийсайхан, ШУТИС, Механик тээврийн сургууль - Хөвсгөл нуурт живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааны инженерийн тооцоо, технологи


Ш.Ганзориг, Престиж Инженеринг ХХК-ийн захирал - Туул голын хагшаасны урсац, хагшаасны урсцын модулийг тодорхойлох боломж


Т.Энхжаргал, ШУА, Газарзүй геоэкологийн хүрээлэн - Сэлэнгэ аймгийн төв суурин газрын ундны усны чанарын асуудалд


Н.Болдбаатар, ШУТИС, Барилга Архитектурын сургууль - Бохир усны бохирдлын өөрчлөлтийн динамик загварчлал


Н.Насанбаяр, ШУТИС, Барилга архитектурын сургууль - Говийн түйрэн, түүнийг багасгах боломжийн судалгаа


Б.Хишигбат, Эгийн голын УЦС ТӨХХК - Эгийн голын усан цахилгаан станцаас урсцад үзүүлэх нөлөөлөл, түүнийг бууруулах асуудалд


Э.Ган-эрдэнэ, ШУА, Газарзүй геоэкологийн хүрээлэн - Үерийн загварчлал (ганц худгийн амны хуурай сайрын жишээн дээр) 


Эрдэм шинжилгээний хуралд бүтээлээ илгээсэн, бүтээлээ хэлэлцүүлсэн бүх судлаачид, инженерүүд, мэргэжилтнүүддээ эрдэм судлалын өндөр амжилт хүсье.

Хурлын үйл ажиллагааг ивээн тэтгэн ажилласан НҮБ-ын Хүн амын нутагшил суурьшлын хөтөлбөрийн Гэр хорооллын иргэдийн үерийн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төслийн хамт олон, ШУТИС-ийн Барилга Архитектурын сургуулийн захиргаанд, дэмжин ажилласан Усны газар, Барилгын инженерүүдийн холбоо, Монголын усжуулагчдын холбоо, Цэвэр ус ногоон хэрэм Усны үндэсний холбоо, Монголын ус хүрээлэх орчны инженерчлэл, судалгааны холбоо, үйл ажиллагааг талархал илэрхийлье.

Хуралд оролцогчид

Ирээдүйн усны инженерүүд

Хурлын бичлэгийг бүрэн эхээр нь

Ханан илтгэлийн зургууд

Б.Мөнхтөр,ШУА, Газарзүй, геоэкологийн хүрээлэнСэлбэ голын Дарь-эх, Ганц худгийн амны хуурай сайруудын үерийн сувгийн тооцоо үр дүнгээс

 





No comments:

Post a Comment