Sunday, November 17, 2013

Усны инженер-50 жил

Усны инженер-50

Монгол улсад усны барилга байгууламжийн инженер бэлтгэж эхэлсэний 50 жилийн ойн баяр 2013 оны 12 сарын 06-нд болно. Таны сонорт Монгол улсад усны инженер техникийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэдэг ШУТИС - ийн Гидравлик Усны барилга байгууламжийн багын талаар товч танилцуулж байна.

ШУТИС-ийн БАС-ийн Усны инженерийн профессорын баг

Эрхэм зорилго


Улс орны хэрэгцээ шаардлагыг хангасан, өрсөлдөх чадвартай, мэргэжлийн өндөр мэдлэг, дадал чадавхитай, бүтээлч сэтгэлгээтэй, дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг инновацид суурилсан “судалгаа-үйлдвэрлэл-үйлчилгээ” - г үзүүлэхэд бидний эрхэм зорилго оршино.

Түүхэн хөгжил

Усны барилгын салбар анх 1963 онд МУИС—ийн бүрэлдэхүүнд Барилгын инженерийн факультетийн харъяанд Гидроинженерийн салбарнэртэйгээр байгуулагджээ. 1969 онд мэргэжлийн тэнхим байгуулагдаж гидроинженер, сантехникийн салбаруудыг хариуцах болов.
1970 оноос ЮНЕСКО болон Монголын усны аж ахуйн байгууллагын хүч хөрөнгөөр инженерийн ба ерөнхий гидравлик, насос, гидротехникийн барилгын лаборатори, мелиораци, гидрометрийн кабинетууд байгуулагдаж сургалтын материаллаг бааз бэхжиж эхлэв.
Тус тэнхимд гавьяат усжуулагч, проф, Ph.D Н.Должинжав, техникийн шинжлэх ухааны анхны доктор Ж.Чогдон, доктор Ц.Басанжав, ахмад багш Б.Жамбалдорж, Г.Нансалмаа, Г.Тэгшжаргал нар ажиллаж байсан бөгөөд 1994 оныг хүртэл гидромелиораци, гидроинженер гэсэн хоёр мэргэжлээр боловсон хүчин бэлтгэж ирэв.  Энэ их үйлсэд авьяас билэг мэдлэг чадвараа харамгүй зориулж ирсэн ахмад үеийн олон багш нарыг дурьдвал: Д.Дамдиндорж, профессор Ph.D Н.Должинжав, хүндэт профессор Г.Нансалмаа, Sc.D хүндэт профессор Ж.Чогдон, Ph.D Ц.Сосорбарам, мөн хуучнаар ЗХУ-аас уригдан ирж ажиллаж байсан Моис П.П, доктор профессор Животовский Б.А, кандидат Носков Б.Д,  кандидат Гурев.А.П, Назоренко К.Н, Ярославский З.Я нар юм.
Усны барилгын салбар өнгөрсөн түүхэн хугацаанд хөдөө аж ахуйн усан хангамж, бэлчээр усжуулалт, усны барилга байгууламж, усны нөөц экологи болон усан цахилгаан станцын барилга мэргэжлээр нийт 800 гаруй дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэсэн байна.

Өнөөгийн дүр төрх

2002 оноос ШУТИС шинэ зохион байгуулалтад орсноор тус тэнхим нь Барилгын инженер архитектурын сургуулийн «Гидравлик, усны барилга байгууламжийн баг» болон зохион байгуулагдаж, тэргүүлэх профессор, Ph.D М.Дугармаа, дэд профессор, Ph.D Ш.Даваажамц, Ph.D Я.Туул, ахлах багш П.Болд, ахлах багш Н.Насанбаяр, багш С.Баасансүрэн, багш Ц.Алтанцэцэг, сургалтын инженер Н.Болдбаатар, багш Б.Аюурзана, хичээлийн туслах ажилтан Л.Болдмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

Сургалтын материаллаг базын бэхжилтийн талаар 

2008 оноос Английн TQ болон Armfield үйлдвэрийн тоног төхөөрөмжөөр гидравликийн ба инженерийн гидравликийн лаборатори, Германы Grundfos фермийн тоног төхөөрөмжөөр насосны, мэргэжлийн байгууллагын тусламжтайгаар хөрсний ус-физикийн лабораторуудыг байгуулж сургалтанд ашиглаж байна. 

Мэргэжлийн тодорхойлолт

Усны барилга байгууламж: Усны түрэлт болон урсацыг тохируулах, дамжуулах, хуваарилах, түгээх, ариутгах, цэвэрлэх, түүний чанарыг сайжруулах, газрын доорхи ус олборлох, усны эрчим хүч ашиглах, усны гамшигаас хамгаалах зэрэг усны барилга байгууламжийг барих, ашиглах, чиглэлээр барилгын, ашиглалтын, хяналтын инженерээр ажиллах бакалавр, усны барилга байгууламжийн зураг төсөл зохиох, эрмдэм шинжилгээ, сургалт, судалгааны ажил явуулах магистр зэрэгтэй мэргэжилтэнг тус тус бэлтгэж байна.
Усны барилга байгууламжийн бакалаврын зэрэгтэй мэргэжилтэн нь барилгын инженерт тавигдах нийтлэг шаардлагыг хангахын зэрэгцээ усны барилга байгууламжийн бакалаврын түвшний онол, практикийн мэдлэгийг бүрэн эзэмшсэн, гадаад хэл, эдийн засаг, хууль зүй, бизнесийн зохих мэдлэгтэй, ёс суртахууны өндөр соёлтой, зохион байгуулах чадвартай, мэдлэг мэргэжлээ байнга дээшлүүлж байдаг инженерийн боловсролтой байх бөгөөд суурь ухаан, мэргэжлийн суурь, мэргэшүүлэх хичээлүүдийг сургалтын төлөвлөгөөний дагуу тодорхой дарааллаар бүрэн судалж, усны барилга байгууламжийн гидравлик, гидрологи, статик, динамик тооцоог хийх, зураг төсөл зохиох, барих, ашиглах, засварлах мэдлэг чадварыг эзэмшсэн байна.
Усны барилга байгууламжийн магистрын зэрэгтэй төгсөгч нь мэргэжлээ онол практикийн өндөр түвшинд эзэмшсэн ёс суртахууны соёлтой, зохион байгуулах чадвартай, нэгээс хоёр гадаад хэлийг чөлөөтэй эзэмшсэн, мэдлэг мэргэжлээ байнга дээшлүүлж байдаг мэргэжилтэн байх бөгөөд усны барилга байгууламжийн зураг төсөл зохиох, төсөл боловсруулах, багшлах, сургалт, судлагаа шинжилгээний ажил явуулах мэдлэг чадварыг эзэмшсэн байна.
Усны нөөц экологийн инженер: Газрын болон гадаргын усны нөөц, ашиглалтын горим тогтоох инженерийн болон экологийн үндсэн мэдлэг эзэмшиж, төсөл хөтөлбөр боловсруулах, хяналт шинжилгээний, менежментийн хөтөлбөр боловсруулах, усны нөөцийг нэгдмэлээр ашиглах хамгаалах загвар боловсруулах чадвартай болж төгсөнө.
Усны менежмент: Усны нөөцийг төлөвлөх, менежмент хийх, усны нөөцийн ашиглалт хамгаалалтад мэргэжлийн хяналт тавих, аудит үнэлгээ хийх, дүгнэлт гаргах, сав газрын менежментийн хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, судалгаа шинжилгээний ажил хийх чадвартай мэргэжилтэн болж төгсөнө.
Усны менежмент, усны нөөц экологийн инженерээр төгсөгч нь мэргэжлийн байгууллагуудад ашиглалтын болон хяналтын инженер, улсын байцаагч, усны сав газрын зөвлөл, эрдэм шинжилгээ, хяналтын байгууллагын ажилтанаар ажиллана.

Сургалтын орчин ба төгсөгчдийн чадавхийг сайжруулах, усны салбарын хөгжлийг тэргүүлэгч байх үүднээс шинжлэх ухааны судалгааны дараах төсөл, ажлуудыг тогтмол хийж байна.
Үүнд:
  • Байгалийн усны чанарыг сайжруулах дэвшилтэт технологийн судалгаа 
  • Ус хангамжийн систем болон усны  барилга байгууламжийн хийц, технологийг боловсронгуй болгох
  • Монгол орны усны эрчим хүчний судалгаа, барилга байгууламжийн хийц, тоноглолын судалгаа
  • Усалгаатай газар тариалан, хөрсний ус-физикийн судалгаа, усалгааны горим нормыг шинэчлэн тогтоох  
  • Усны барилга байгууламж, ус хангамжийн стандарт норм дүрмийг боловсруулах, шинэчлэх
  • Гидравлик болон гидрологийн загварчлал, шингэний динамикийн тооцон бодох 1–3D  аргачлалыг нэвтрүүлэх, зүгшрүүлэх 

Манай хамт олон гадаад, дотоодын мэргэжилтнүүдтэй хамтарч мэргэшүүлэх сургалтуудыг тогтмол зохион байгуулж. хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.


P.E Dr Scott J Kenner багштай

HEC-RAS загварчлалын сургалт

Гадаад харилцаа:

Þ БНХАУ Бээжингийн Барилгын инженер, архитектурын сургууль

Þ БНХАУ Хөх хотын Тариалангийн их сургууль

Þ ОХУ Эрхүүгийн Техникийн их сургууль

Þ ОХУ Москвагийн  Барилгын инженерийн их сургууль

Þ ХБНГУ Карлсруегийн технологийн их сургууль

Þ  АНУ Өмнөд Дакотагийн Уул уурхай ба технологийн сургууль

Þ АНУ Инженерийн корпус, Номхон далайн командлалын хэлтэс

Þ Япон Нага-Ока технологийн сургууль

Þ Олон улсын ЖАЙКА  байгууллага



 
Оюутны бие даан ажиллах орчин, нөхцлийг сайжруулах зорилгоор Е-11 тоот өрөөг интернет сүлжээнд холбож, мэргэжлийн ном, сурах бичиг, судалгааны материалыг уншиж судлах боломжтой болгов.

Сургалт-үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх, оюутны танхимд олж авсан мэдлэг чадварыг бататгаж тодорхой хэмжээний дадалтай болгох зорилгоор сургалтын дадлагыг Хэрлэн дэх өөрийн сургалтын полигон дээр, үйлдвэрлэлийн болон зураг төслийн дадлагуудыг усны салбарын барилгын ба зураг төслийн компаниудтай гэрээ байгуулах замаар гүйцэтгэдэг. боллоо.






Утас : 976-11-323519, 99061800, 99743963, 98888944

Факс : 976-11-323519


Mongolian Hydraulic Structure group

50 жилийн ойн танилцуулга


No comments:

Post a Comment