2014 оны 03 сарын 22, Дэлхийн усны өдрийн мэндийг нийт усны салбарынхандаа дэвшүүлж байна.
Ус бол амьдралыг тэтгэгч чандмань эрдэнэ, ус үгүй бол амьдрал үгүй, ус
хаана байна тэнд аз жаргал, хөгжил байна гэх усны үнэ цэнийг магтан дуулсан
сайхан үгс биднийг тэтгэдэг. Ус гэж гайхамшигт бодис, түүнийг судлан танин
мэдэх гэсэн шинжлэх ухааны үндсэнд салбарласан мэргэжил бүхэн сайхан.
Улс орны хөгжлийн нэг цэнзүүр нь бүтээн байгуулалт, технологи байдаг.
Энэхүү бүтээл баялагийг бүтээгч инженерүүд бий болгох ба усны чиглэлд бүтээгч
инженер нь зөвхөн усны барилгын инженер буюу хуучин нэрээр гидротехникч
инженерүүд юм. Тэгвэл усны барилга гэж чухам юу юм бэ? Үүний сонгодог
тодорхойлолтыг Монгол улсын Усны тухай хуульд дараах байдлаар тодорхойлжээ. “усны
барилга байгууламж” гэж усны түрэлт, урсацыг тохируулах, ус хуримтлуулах,
хадгалах, дамжуулах, хуваарилах, түгээх, ариутгах, цэвэрлэх, түүний чанарыг
сайжруулах, газрын доорх ус олборлох, усны үер, гамшгаас хамгаалах энгийн болон
инженерийн хийц бүхий барилга байгууламжийг хэлнэ. Хүн амьтанд
буян болъё гэвэл толгойд нь мэдлэг хий, байгаль дэлхийд буян болъё гэвэл
хэвлийд нь ус тогтоо!
гэсэн бурхан
багшийн сургаалийг биелүүлэгч бүтээгч инженерийн залгамж халаа болсон нь, ус
хэмээх эрдэнэтэй хувь заяагаар холбогдсон нь юутай завшаантай вэ.
Ногоон хөгжлийн эрин үед усны барилгын
шинэ чиг хандлага нь эко-усны барилгын (Eco-hydraulics) чиглэл юм. Энэ нь дээрх хуульд тодорхойлсон хүний
хэрэгцээнээс гадна байгаль, экосистемийн шаардлагыг биелүүлэхэд чиглэсэн байдаг.
Хүн төвтэй бүтээн байгуулалт ард хоцорч байгалийг бүрдүүлэгчид эрх тэгш тэнцвэртэй
байх ногоон хөгжлийн эрэлд эко-усны барилга чухал үүргийг гүйцэтгэнэ. Уул
уурхайд эвдэгдсэн голын голдиролыг нөхөн сэргээх, ширгэж багассан голын урсацыг
нэмэгдүүлэх, түүний чанарыг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан
зохицолыг бий болгох, усны нөөцийг бий болгон усны эргэлтийг нэмэгдүүлэх, голын
амьдрах орчныг сайжруулах, газрын доорхи усны хуримтлал, нөхөн сэргээлтийг бий
болгох цогц асуудлуудын бодит биелэл нь эко-усны барилга байх болно.
Барилгын салбартай харьцуулахад усны
барилгын салбар сүүл мушгин сэргэж байгаа нь хувь хүний амьдралд шууд
нөлөөлдөггүйгээс хамаарч байна. Гэвч усны томоохон барилгууд хувь хүн гэхээсээ
илүү улс орны хөгжилд нөлөөлөх бүтээн байгуулалт болдог. Монголын хөгжилд чухал
ач холбогдолтой Сэлэнгэ, Эг, Орхон, Хэрлэн, Туул голууд дээр барих томоохон
усан цогцолборуудыг бүтээх үүрэг усны мэргэжлийнхэн, улс төрчид, манай ард
түмний өмнө тулж ирээд байна.
Мэргэжлийн боловсон хүчний хувьд авч
үзвэл усны барилгын инженерүүдийн тоо цөөн, шинээр төгсөн гарах мэргэжилтны
чадвар дутмаг байгаа нь салбарын хөгжил бусад улс орнуудын хөгжлөөс доогуур
байх үндэс болж байна. Технологи, мэдээллийн эрчимтэй хөгжлийн үед ямар нэгэн
хоцрол, үл мэдэлт гэдэг нь суурь нимгэнтэй мэргэжилтны хувьд, ялангуяа салбарын
хувьд том уналт гэж хэлэхэд хэлстэхгүй. Суурь гэдэгт чухам технологийн хөгжлөөс
бусад мэдлэгийг оруулна. Энэ суурийг зузаан болгохын тулд боловсролын салбарт
хийх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөгжилтэй орнуудад туршлага хуримтлуулах ажлуудыг
тогтмол хийх хэрэгтэй. Усны салбарт чадварлаг боловсон хүчин ус агаар мэт
шаардлагатай байна.
Усны инженерийн бүхийл судалгаа, төсөл,
тооцоо гурван хэмжээст цахим орчинд загварчлагдан бидний харж, сонсож мэдэрч
чадахгүй физик хэмжигдэхүүнийг харах боломж аль хэдийн бий болж хөгжсөн байна.
Ахмад үеийнхээ залгамж халаа болсон залуус бид өдөр шөнө мэт солигдох энэ
технологийн дэвшлийг эзэмшиж салбарын хөгжлийг дэлхийн түвшинд хүргэх, улс орны
хөгжлийг бүтээн байгуулахад оролцох цаг нэгэнт болсон байна. Туршлага дутуу гэж
өөрсдийгөө бүү гол.
Ус өөрөө юм бүхнийг мэдэрдэг хэмээн
олон эрдэмтэд туршилт судалгаагаар баталсан байдагт би итгэдэг. Жинхэнэ усны
инженер хүн үнэнч шударга, зөөлөн сэтгэлтэй, төлөв даруу байдгийг би ахмад
үеийнхнээсээ үргэлж мэдэрдэг. Усанд итгэх тусам улам бүр татагдаж мэргэжилдээ
хайртай болох ба мэргэжлийн ажил хобби болох нь ч таатай.
Ногоон эрэл сэтгүүлд хэвлэгдсэн ярилцлагыг өөрийн бичсэнээр хүргэж байна.
No comments:
Post a Comment