Tuesday, July 28, 2015

Нийгата мужийн Хаяадегава боомт, Үчинокүра боомт, Кажигавачисүи боомт, Агекава боомт, Каносе боомтуудын тухай /Hayadegawa, Uchinokura, Kajigawa, Agekawa, Kanose dams in Niigata prefecture in Japan/

Нийгата мужийн Хаяадегава боомт, Үчинокүра боомт, Кажигавачисүи боомт, Агекава боомт, Каносе боомтуудын тухай

2015 оны 7 сарын 11-нд Нийгата мужийн Агано гол болон түүний цутгал голууд дээрх зарим боомтуудыг үзэх боломжыг НТС-ийн Усны инженерийн магистр оюутан найзууд маань олгосон юм. Боомтууд өндөрлөг уулархаг газар байрладаг учир тусгай зорчих тээврийн хэрэгсэл, автобусны чиглэл гэж үгүй болхоор өөрийн машинаараа үйлчилж өгсөнд нь маш их талархаж байгаа юм. Ойр зуур орших боомтуудыг унадаг дугуйгаар явж үзэх бүрэн боломжтой боловч тэр бүр цаг зөв олдохгүй юм. Ингээд энэ өдөр доорх 5 боомтууд дээр очиж үзлээ.
Боомтын нэр
Япон нэр
Өргөрөг
Уртраг
Хаяадегава боомт
早出川ダ
N 37°381' 33''
E 139°17' 36''
Үчинокүра боомт
内の倉ダ
N 37°511' 01''
E 139°25' 29''
Кажигавачисүи боомт
加治川治水ダ
N 37°481' 53''
E 139°29' 34''
Агекава боомт
揚川ダ
N 37°411' 37''
E 139°23' 14''
Каносе боомт
鹿瀬ダ
N 37°421' 19''
E 139°28' 11''

Агоно голыг эрчим хүчний гол хэмээн нэрийддэг нь энэ гол дээр олон арван усан цахилгаан станц оршиж Нийгата муж, Төмөр замын хэрэглээг хангадагтай холбоотой юм. Бидний эхний очсон боомт бол Хаяадегава боомт байсан юм.

Figure 1. Нийгата муж дахь боомтуудын түгээмэл төрөл. Боомт нь бетон болон шороон боомт гэж ангилагдана.Бетон боомт нь хүндийн хүчний, тулгуурт (хөндий), аркан боомтууд гэж ангилагдах бол шороон боомтууд нь чулуун болон шороон боомтууд гэж ангилагдана.

Хаяадегава боомт

Энэ боомт нь хүндийн хүчний битон боомт бөгөөд боомтын өндөр нь 82.5м, Хярын урт нь 240м, бетоны нийт эзлэхүүн нь 357мянган м3 юм байна. 1969 онд барилгын ажил эхэлж 1979 онд ашиглалтанд оржээ. Энэхүү боомт нь усан цахилгаан станц, ус хангамж, үерийн хамгаалалтын зориулалтаар Агано голын цутгал болох Терасава гол дээр баригдсан ба ус хураах талбай нь 83.2км2, усан сангийн мандлын талбай 54га орчим юм байна.

Figure 2. Хаяадегава боомтын мэдээллийн самбар. Техникийн үзүүлэлтүүд.

Figure 3. Боомтын танилцуулга дээрх Хаяадегава боомтын ерөнхий план.

Figure 4. Боомтын танилцуулга дээрх Хаяадегава боомтын Доод хашицаас харсан дагуу

Figure 5. Боомтын танилцуулган дээрх Хаяадегава боомтын ёроолын ус гаргуур болон ус халиагуурыг харуулсан хөндлөн зүсэлт.
Биднийг очих үед боомтын усны түвшин хамгийн бага буюу EL 157м байсан ба намар 9-өөс 12 сард усан сангаа бүрэн дүүргэдэг гэж хэлж байв. Эдгээр боомтуудыг зөвшөөрсөн хэсгээр нь явж үзэхээс бус цахилгаан станц болон боомтын дотор галарейд орох боломж олдсонгүй.

Figure 6. Боомтын ус зүйн үзүүлэлтүүд.

Figure 7. Хаяадегава боомтын хот суурингуудыг ус, эрчим хүчээр хангах схем

Figure 8. Хаяадегава боомтын доод хашиц дахь үерээс хамгаалах систем, дохиолол

Figure 9. Усны инженерийн магистр оюутан Такеши Отаке бол Япон боомтуудаар аялаж тэмдэглэл хөтөлж карт цуглуулах хоббитой залуу юм. Түүний найз болон Отаке нар боомт хамтдаа явж үзэх боломж олгосон юм. Энэ чулуу бол Хаяадегава боомтын шав юм.

Figure 10. Хаяадегава боомтын хяраас доод хашицруу, усан цахилгаан станцын барилгаруу харсан зураг.

Figure 11. Хаяадегава боомтын баруун жигүүрээс доод хашицаас дээд хашиц хүртэл сунгаж авсан зураг.

Figure 12. Хаяадегава боомтын ус халиагуурын гадаргуу, хаалтны тулгуур, нээж хаах төхөөрөмж, татах ролик

Figure 13. Хаалтын хоёр нугас тус бүр нээж хаах төхөөрөмжийг удирдах хонгилд сууж өгсөн.

Figure 14. Хаяадегава болон бусад боомтууд өдөр бүр зочид ихтэй байдаг нь харагдаж байв. энэ боомтын орчим зэрлэг ховор амьтад элбэгтэй учир мэргэжлийн зураглаачид ирж өнждөг юм байна. Энэ зураглаач бол хаалтын тулгуурын доод ирмэгт үүрээ зассан Шорхор шиг шувууны зургыг авч ажиглалт хийж байгаа юм. Боомтын бие орчимд үргэлж амьдардаг учир тэр шувуундаа Хаяаде гэдэг нэрийг өгсөн байв.

Figure 15. Боомтын хяр дээрээс баруун жигүүр, оффисийн барилгын зүг авсан зураг. Энэ оффист ирсэн аялагчидад танилцуулга материал, боомтын жижиг макет, боомтын карт зэрэг материалуудыг өгдөг юм байна.

Figure 16. Хаяадегава боомтын доод налуу. Наана ил гарсан босоо хонгил бол дээш доод буух зориулалттай лифтны хонгил юм. 28 давхар барилга дотор өөд уруу шатаар өгсөж ажиглалт явуулна гэж бүтэхгүй учир өндөр боомт бүр лифтний хонгилоор тоноглогдсон байдаг.

Figure 17. Хаяадегава боомт доод хашиц талаас

Figure 18. Нарийн хавцалд баригдсан Хаяадегава боомтод очихын тулд энэхүү гүүрээр гарсан юм. Энэ гүүр боомтын зүүн жигүүрээс холгүй оршдог.
Хаяадегава боомт бидний анхны очсон өндөр боомт байлаа. Боомтон дээрээс доош харж зураг авах үедээ утсаа унагаачихмаар мэдрэмж төрөөд их хичээнгүйлэн базаж видео бичлэг хийсэнийг эмхэтгэн ЧиГуурс-ад тавьсан. Хаяадегава боомт нь хоёр ус халиагуур дээр хоёр ширхэг сегмэнтэн хаалт суурилуулсан, нэг хагшаас угаах ус гаргууртай ба энэ нь барилтын үед ус зайлуулах тунеллийн үүргийг гүйцэтгэж байсан, боомт дотуур нэг ус гаргууртай, нэг турбин бүхий УЦС-ын барилгатай, нэг түрэлтийн хоолоотой юм байна. Ус халиагуурын усны энергийг унтраах 8м – ийн өндөртэй нэг ус цохилгын ханатай, гидравлик үсрэлт болох сувгийн ёроолын бетоны зузаан 3-3.2м орчим, боомт дотуур шүүрүүлийн болон үзлэгийн 3н түвшний галарейтай, галарейд орох 2 түвшний гарц орц баруун ба зүүн жигүүрт оршсон ийм л боомт байваа. Ингээд дараагийн боомт болох Агекава боомтруу явсан юм. Уулын зам мушигиа ихтэй, нэг урсгалтай бэрх зам байв.

Агекава боомт


Figure 19. Агекава боомт зүүн жигүүрээс баруун жигүүр лүү.
Агекава боомт нь Агано гол дээр баригдсан нам түрэлтийн боомт бөгөөд эрчим хүч үйлдвэрлэх зориулалттайгаар 1961-1963 оны хооронд баригджээ. Боомт нь хавтгай хаалтаар тоноглогдсон 15 алгасал бүхий ус халиагуур зонхилсон боомт юм. Боомтын тооцоот түрэлт нь 13,57м ба боомтын өндөр нь 19м, хярын ут нь 316м юм байна. Боомтын бетоны эзлэхүүн нь 90мянган м3 ба боомтын ард 13748мянган м3 ус, 207га талбайг хамарч тогтоно.

Figure 20. Агекава боомтын  хяр дээрээс баруун жигүүрлүү дарсан зураг. Боомтын доод хашиц дахь ус халиагуурын гаралтын хэсэг, энерги унтраах шуднүүд харагдаж байна.

Figure 21. Агекава боомтын доод хашицруу авсан зураг. 15 ус халиагуурын дундуур нэг чиглүүлэх хана байх ба энэ хана дуустал доод хэсгийн голиролыг бэхэлсэн бетон хавтан үргэлжлэнэ. Чиглүүлэх хананы үзүүр хэсэгт блокуудыг хаясан байх ба энэ хэсэгт ёроолын угаагдал үүсэхээс хамгаалсан хэрэг юм.

Figure 22. Боомтын хяр дээр. Боомт нь нам түрэлтийнх ба миний цаана харагдаж байгаа уулын цаана нэвт усан цахилгаан станц орших ба зүүн жигүүрт тулж байгаа уулыг нүхэлж түрэлтийн хоолойг тунелдэж барьсан байна. Ингэснээр боомтын өөрийн түрэлт дээр хэвгийн уналтыг нэмж ашиглах боломж бүрэлджээ.


Figure 23. Боомтын хөндлүүрийн зүүн хэсэг нь уулын хошуу тулсан байх ба энэ нь нэмэлт түрэлтийг бий болгох тохиромжтой хөндлүүр болж байгаа юм. Анх оччихоод Усан цахилгаан станцын барилга олж харахгүй гайхаж билээ.
Энэхүү Агекава боомт усан цахилгаан станц, оффисоосоо хол /уулын наана цаана/ байсан учир очиж боомтын картыг авах боломж байсангүй. Усан сангийн ус хураах талбай нь 6728км2 ба дээд хашицад хогүй Акасакияама боомт оршино. Агано гол дээр баригдсан каскад боомтуудын тухай Агоно голын сав газар гэсэн нийтлэлээс харж болно. Ингээд Агекава боомтын хяр дээр өдрийн хоолоо идэж аваад цааш Каносэ боомтын зүг жолоо заллаа. Агекава боомтоос цааш бараг 3 км шахуу туннелээр зорчив.

Figure 24. Япон уулс өндөр, хавчиг хавцал ихтэй учир ил зам барих нь туннелдэхээс бараг илүү зардалтай, ашиглалтын явцад цасан болон газрын нуралт энэ тэр гээд асуудал ихтэй. Тиймээс уулнуудыг бараг л бүгдийг нь нүхлээд нүхлээд гарчихсан геотехникийн салбар өндөр хөгжсөн орон юм. Урт туннельд хоёр урсгалтай болон гаралт оролын агаарын даралтын нөлөөнөөс хамаарч салхины урсгалын байнгын байдаг. Иймд үүнийг ашиглаж 500м орчимд хоёр тийш эргэх боломжтой салхин сэнснүүдийг байрлуулж жижиг хэмжээний цахилгаан гаргаж авдаг юм байна.

Каносэ боомт

Каносэ боомт нь өндөр настай боомт гэж хэлж болохоор бөгөөд 1927 онд барилгын ажил эхэлж 1928 онд баригдаж дууссан эрчим хүч үйлдвэрлэх зорилготой боомт юм. Боомтын өндөр нь 32.6м, хярын урт нь 304.2м, практик гадаргуутай ус халиагуур бүхий хүндийн хүчний бетон боомт юм. Боомтын бетоны эзлэхүүн нь 132мянган м3 бөгөөд 20 ширхэг алгасалтай, сэгмэнтэн хаалтаар тоноглогдсон ус халиагуурын секцээс тогтоно. Боомт анх ашиглалтад орохдоо зүүн жигүүртээ усан цахилгаан станцтай байсан бол өдгөөр хоёр жигүүртээ хоёуланд нь усан цахилгаан станц баригдсан байна. Биднийг очиход дэд станцын засварын ажилтай байсан учир боомтын дээд хашиц тал, хяр дээр гарах боломж байсангүй. Усан цахилгаан станцын өргөтгөл 1973 онд хийгдсэн ба тухайн үед мөн турбины ажлын дугуйг сольж хуучин ажлын дугуйг хөшөө болгон боомтын зүүн жигүүрийн талбай дээр байрлуулсан байв. Боомтын доод хашиц дахь голдирол боомтоос гарангуутаа зүүн тийш мушгирч /боомтруу харж байгаа тохиолдолд баруун гар тийш/ урсах ба тухайн тохойрсон хэсгийн гадна эргийг бетон бэхэлгээгээр сайтар бэхэлж өгсөн байв. Боомтын ус хураах талбай 6264км2, усан сангийн мандлын талбай 163 га, усан сангийн дундаж эзлэхүүн 16525мян м3, ашигтай эзлэхүүний хэмжээ 2270мянган м3 юм байна. Агано гол ус ихтэй учир боомтуудын ерөнхий төрөл нь ус халиах хүндийн хүчний бетон боомтууд байна.

Figure 25. Каносэ боомт доод хашицаас ус халиагуурын зүг харсан зураг. Биднийг очиход нэг ус халиагуур хаалт хагас нээлттэй ажиллаж байв. Ус халиагуурын наад талын суваг нь хуучин усан цахилгаан станцын ус зайлуулах суваг юм.

Figure 26. Каносэ боомтын сунамал зураг. Зүүнэ гэж хэлээд байгаа жигүүрээс доод хашиц дахь голдиролын одох хүртэл баруун жигүүрлүү харсан зураг.
Каносэ боомтод дөхөж очиж хүрч чадаагүй болхоор зураг бас цөөн дарагдсан байв. Бичлэг дээр хуучин турбины ажлын дугуй гэх мэт зүйл гарна байхаа. Ингээд эндээс хөдөлж дараагийн боомт болох Кажигава чисүй боомтруу явлаа.

Кажигава боомт

Энэ бол энэ аялалын хамгийн үзэсгэлэнтэй гэж хэлж болох боомт байлаа. Кажи хэмээх гол дээр баригдсан учир ийнхүү нэрлэжээ. 加治川治水ダ нэрэнд байх Чисүи буюу 4 ба 5 дахь ханз нь үерийн хамгаалалт гэсэн утгатай учир ихэнхдээ Кажигава үерийн хамгаалалтын боомт гэж нэрлэдэг байна. Боомт нь доод хашиц дахь оршин суугчдийг үерээс хамгаалахын тулд 1967 онд эхэлж  1974 онд барьж дуусгажээ. Боомтын өндөр нь 106.5м, хярын урт нь 285.5м, боомтын биеийн эзлэхүүн 428мянган м3 бас л том боомт юм. Боомт нь зөвхөн үерээс хамгаалах гэж баригдсан боловч эрчим хүчээр тоноглоход бэлэн хүчитгээгүй боомтын жагсаалтанд ордог. Боомтын ус хураар талбай нь 88км2 ба усан автах талбай нь 65га, усан сангийн тооцоот багтаамж нь 22500мянган м3 ба одоогийн эзлэхүүн нь 18000мянган м3 орчимд байгаа юм байна. боомтын өндрөөр эзлэхүүнийг тооцвол дээрхээс илүү ус багтаахаар харагдаж байв.

Figure 27. Кажигава боомтын хярын харалдаа зүүн жигүүрт орших танилцуулга шав.

Figure 28. Боомтын баруун жигүүрээс зүүн жигүүрлүү харсан зураг. Боомтын доод налууг харуулсан. Зүүн жигүүрт боомтын ашиглалтын оффис байх ба тэндээр боомтын картыг бусад танилцуулгын хамт авч болно.

Figure 29. Боомтын хяр дээр, ус халиагуурын хэсэгт. Боомтын голд босго нилээн дор ганц том сегмэнтэн хаалт байх ба түүний замын төмрийг, хаалтын улаан хэсгийн цухуйлттай харагдаж байна. Хоёр аялагчийн цаад талд улаан кран байх ба уг краны учрыг олохгүй байсан чинь усан санд усан завь буулгах өргөх, зорчих боломж олгох кран байжээ. Үүнийг бичлэгний тайлбарт худал өгүүлсэн байна.

Figure 30. Боомтын баруун жигүүрээс зүүн жигүүрлүү харсан зураг. Жигүүр бүрийн мөргөцөгийг сайтар бетондон анкарлаж бэхэлсэн байсаныг бичлэгэнд багтаасан байгаа.

Figure 31. Кажигава боомтын дээд налуу. Боомтын дээд хашиц ихээхэн сонирхолтой юм. Энэ хэсэгт амралт зугаалгын жижиг хэмжээний цэцэрлэг орших ба хүмүүс машинаар, нисдэг тэргээр ирж мах шарж салхилах бүрэн боломжтой юм.

Figure 32. Усны барилга бүр өөрийн гэсэн паспорттой буюу төрсний гэрчилгээтэй байх ёстой. Энэ бол хаалтны техникийн үзүүлэлтийг харуулсан самбар байв. Гөрдвөл хаалтны хэмжээ нь 11мх14.461м харьцаатай, 108тонн жинтэй 0.3м/минутын хурдтайгаар нээгдэж хаагдах хаалт юм байна. Энэ хүнд хаалтыг сап хийтэл хаах гидро шахуурга байхад хэцүү байх.

Figure 33. Нийгата мжийн хариуцдаг боомтуудын картны жагсаалтыг эндээс харж болно. Боомтын картны ач холбогдол нь боомтод ирсэний баталгаа, цуглуулга болох боломжтой, боомтыг бусдад таниулж мэдлэг олгох гэх мэт юм. Манай япон найз одоогоор 50 гаруй боомтын зарт цуглуулаад байгаа юм.

Figure 34. Япон боомт кари нэртэй хоолоороо алдартай ба янз бүрийн төрлийн боомтуудаар олон төрлийн хоолны чимэглэл гаргажээ. Энэ жил энэхүү боомт кари гэх хоолыг заасан газраас идэх боломжтой гэнэ. Энэ карины онцлог нь ус халиагууртай ба түүнийг авбал шөл нь яг ус хаяж байгаа мэт доод хашицад урсаж орж ирэх юм гэнэ. Энэ хоолыг идэх нь энэ аялалын бас нэг зорилго юм.

Figure 35. Кажигава боомтын дээд хашицад байх цэцэрлэгийн чулуун хөшөө. Боомтын дээд хашицад зүүн тохойн дээр амралтын зориулалтын мах шарах, суух, сархад хүртэх ширээ сандалнуудтай, тунгалаг усны хиймэл нууртай цэцэрлэгт хүрээлэн байгуулсан байна. Хэрэв үер ирж боомт үүргээ гүйцэтгэвэл энэхүү цэцэрлэг усанд автаж будаа болох юм байна. Гэхдээ бух сандал, ус уух тавцан энэ тэр нь бүгд мод шиг харагдацтай бетоноор хийсэн учир усанд автсаны дараа хөвөөд гарч ирнэ гэж байхгүй, эвдрэхгүй ийм л юм. Үерийн усыг сулласаны дараа эргээд цэцэрлэг усан дороос гарч ирнэ. Яг энэ шиг шийдлийг голын эргийн орчим үерийн татамд хийх сандал ширээнд тусгаж өгөх  хэрэгтэй юм байна. Сэлбэ, Туулын хажуу хэсгээр модон сандал элдэв зүйл суурилуулах бол үерийн усанд төвөггүй урсаад алга болж өгнө. Түүний оронд усанд урсахгүй байрлалаар чулуун, бетонон сандал ширээг интерьер нь дажгүй харагдахаар урлаж болох нь. Энэ боомтын орчим утасны ямарч сүлжээгүй сайхан газар учир хүмүүс их амрах гэж гэр бүлээрээ ирдэг байна.


Figure 36. Усан сангийн дээд хашиц талруу харсан зураг. Япон мод гэж хог шиг их юм. Замгүй газар явна гэдэг бүтэшгүй.

Figure 37. Боомтын дээд хашиц дахь цэцэрлэгийн тунгалаг устай нуурын эх болох уулын горхины жижиг хүрхрээ. Усны чимээ гэж гайхалтай. Усний молекулуудын мөргөлдөөн, эвдрэлийн үр дүнд сайхан чимээ гарч байна. Усны гаргах чимээг тооцон бодож үзэх юмсан гэж үргэлж бодогддог юм. Одоогоор хүн төрөлхтөн  шингэний механик-физикийн шинж чанар болох хурд, хурдатгал, зунгааралт, температур, даралт, хүчдэл гэх мэтийг л тооцон бодоод байгаа болхоос цаана нь судлах олон зүйл байна.

Figure 38. Кажигава боомт нилээд бартаат газар орших учраас томчуул, яарсан гийчид албаныхан нисдэг тэргээр зочилдог болтой юм. Нийсдэг тэрэгний буудлын тэмдэглэгээ том Н (Helicopter гэдгийн эхний үсэг) үсэг юм байна. Зураг төсөлд тусгахдаа ингэж тэмдэглэх нь байна. Боомтын доод хашиц талд энэхүү буудал байх ба нилээд зузаан бетон цутгалттай эд байв.
Ихэнх хүн юм уншихдаа залхуу байдаг учир бичлэг хийхэд ихэнхдээ чиглээд чухал зураг авахаа мартсан байна. Кажигава боомтын тухай бичлэг дээр нарийн тусгаж өгсөн байгаа. Эндээс бид хөдлөөд дараагийн боомт болох Үчинокүра боомтруу чиглэлээ.

Үчинокүра боомт

Энэ их онцлогтой гоё боомтын нэг байсан юм. Учир нь боомтын хийц нь хөндий, тулгуурт маягийн боомт байв. УБ ангийг төгсөхдөө миний төсөллөж байсан боомт бол яг энэ боомт шиг дотроо хөндий орон зайтай тургуурт маягийн боомт байсан юм.

Figure 39. Боомтын техникийн үзүүлэлт, товч мэдээллийг агуулсан самбар. Уг Үчинокүра боомтын усан сан загас элбэгтэй ба загасчид бол өдөр бүр ирээстэй.
Заримдаа боомтын уг хөндий хэсэгт концерт тоглодог гэнэ. Дууны дугаралт гэж ванлий юм байхаа.

Figure 40. Акира Нишимару хэмээх хийлчийн номер. Жил болгон л жуулчидад зориулж тоглолт хийдэг юм шиг байна.

Үчинокүра боомтын барилгын үеийн түүхэн зургуудыг эндээс  харж болно.

Figure 41. Үчинокүра боомтын тулгуур шилбэний загвар хөшөө. энд гурван түвшний шилбийг харуулсан байгаа. Бидний харж байгаа хамгийн наад талын том хэсэг бол толгойн хэсэг нь юм. Тулгуурт боомтын тухай ерөнхий мэдээллийн эндээс авна уу.

Figure 42. Тулгуурын шилбэнүүд хажуу талаас.

Figure 43. Боомт бол гэх мэт тургуурын шилбээр дээш цутгагдан хярдаа хүрмэгц хоорондоо нийлж битүүрэх болно. энэ төрлийн боомтын гол мөн чанар нь боомтын их биед байх үүрэггүй бетон хэсгийг үгүй болгох материалын хэмнэлт гаргахад чиглэсэн байдаг.

Figure 44. Үчинокүра боомтын тэнхлэгийн дагуух зүсэлт. Боомт нь массивны тулгуурт боомтын төрөлд орох ба нийт 6 ширхэг хөндий боомтын дотор оршино. Голын дөрвөн хөндий нилээн том ба хөндий тус бүр хоорондоо галарей нүхээр холбогдоно.



Figure 45. Боомтын доторхи хөндийн хэсгийг харуулж байна. Галарейн хэд хэдэн түвшин байх тэдгээрт лифтээр эсвэл тур дугуйрсан улаан шатаар хүрэх боломжтой. Энэ том хөндий зайнд жуулчдад зориулсан тоглолт, музейн арга хэмжээг зохион байгуулдаг байна. Мэдээж боомты хөлрөлт ихтэй чийгшилт бараг 90-98 хувийг цохиж байдаг байх.
Үчинокүра боомтын ёроолын ус гаргуур ажиллаж байхтай таарсан нь үнэхээр азтай. Ус гаргуурын хаалт нь бөмбөлөг маягын байх шиг санагдсан. Яагаад гэвэл өндөр түрэлттэй усыг хоолойд барихын тулд хавтгай хаалт хүчрэхгүй, иймд бөмбөлөг хаалт ашиглах ёстой. Дээрээс нь гарч байгаа усны урсгалын шугам бутралтай байгаа учир гаралтын хэсгийг алгуур нарийсгасан конфузор хийцтэй гэж тааж байна. Өндөр түрэлтийн хоолойн гаралтын хэсгийг алгуур нарийссан хийх нь гарахдаа урсгал хоорондоо мөргөлдөж энергээ алдаж бага энергитэйгээр голдиролд буух боломжийг олгоно.

Figure 46. Энэ бол бөмбөлөг хаалтаар тоноглогдсон байж болзошгүй ус гаргуурын гаралтын хэсэг юм. Урсгалын гаралтын хэсэг бол бүрэн төлөвшсөн турбулент байх ба Махын тоо бол 2-оос илүү харагдаж байв. Наана байгаа жижиг хоолойн учрыг эс тунгаасан ба засварын үед ус хаях зориулалттай байж болзошгүй юм.
Үчинокүра боомт нь 1959 онд баригдаж эхлээд 1973 онд ашиглалтанд орсон үер, эрчим хүч, ус хангамж, усалгаатай тариалангийн зориулалтаар баригдсан усан цогцолбор юм. Боомтын өндөр нь 82.5м, хярын урт нь 166м, боомтын бетоны эзлэхүүн нь 216мян м3 бөгөөд хоёр ус халиагууртай. Боомтын усан сангийн ус хураах талбай нь 47.5км2, усан сангийн мандлын талбай 100га бөгөөд усан сангийн нийт эзлэхүүн 24800мян м3, үүнээс ашигтай эзлэхүүн нь 22200мян м3 юм байна.

Figure 47. Боомт баруун жигүүрээс зүүн жигүүрлүү харсан зураг. Боомтын доод хашицад усан манан үүссэн байгаа ба энэ нь ус гурагуурын барилгаас гарсан усны энерги унтрах явцаж бий болж байгаа юм. Боомт тухайн орчны агаарыг чийглэг болгож өгдөгийн нэг жишээ бол энэ юм. Боомтын доод хэсгээс уг мананг харвал хачин гоё солонгийг олж харах боломжтой. Энэ манан үргэлжилсээр доод тосгон хүрдэг юм байна. Доод хашицад харагдах гүүрийн доогуурх хоолойгоор хотын ус хангамжийн ус дамжиж байгаа юм. Японы хотуудын ус хангамжийн эх үүсвэр нь гадаргын ус бөгөөд усны чанарыг сайжруулах тал дээр сайтар мэргэшсэн.

Figure 48. Үчинокүра боомтын хяр дээр. Ус халиагуурын сегмэнтэн хаалтны удирдлагын өрөө болох тэр хоёр барилга хүнд харагдахаар цонхтой байсан учир дотрохыг нь бичлэг дээр буулгасан байгаа. Хоол идэх цаг болчихоод энэ боомт дээр удаж чадалгүй буцлаа. Гэхдээ хангалттай үзсээн.

Figure 49. Боомтын доод хашицруу харлаа. Ус гаргуур болон ус халиагуурын гаралтын хэсэг нэг сувагтай ба сувгийн шулуутгасан хэсэгт энерги унтраах доороо нүхтэй хана буй.

Figure 50. Үчинокүра боомтын усан санд сэлж буй том загас. Хэмжээгээр тул загаснаас үл ялиг том.
Ингээд аялалын маршрут дуусаж нөгөө боомт кари нэртэй хоолоо идэхээр хотын зүг явлаа. Гэвч биднийг очиход хаалттай байлаа.

Figure 51. Муу хүн идсэнээ, сайн хүн явсанаа.

Figure 52. Нийт 5 боомтод очиж гурван боомтын карт цуглуулав. энэ цуглуулга өшөө олон болно гэдэгт итгэлтэй байна. Боомт явж үзэх нь нүд тайлахаас гадна туршлага хуримтлуулах ач холбогдолтой. Япончууд хийж чаддаг хийсэн зүйлээ бусдад таниулж чаддаг улс юм.
Нийтдээ японы жижиг том 7 боомтыг үзчихээд байна. Сайхан зав байдаг бол дугуйгаа жийгээд алга болмоор л байна. Дээрх боомтуудын тухай бичлэгийг таалан соёрхоно уу.


 Хаяадегава боомт

Агекава боомт
Кажигава боомт
Каносэ боомт
Үчинокура боомт.

5 comments:

  1. Маш сонирхолтой. ОХУ олон тооны УЦС-тай хэрнээ манай орныг УЦС барих гэхээр эрс эсэргүүцээд манах цахилгаанаар хангая, Байгаль болон Хөвсгөл нуурийн экосистемд сөргөөр нөлөөлнө гээд байх юм. Бүхий л талаас нь тооцож байж ТЭЗҮ хийгдсэн баймаар. Энэ талаар найз ямар бодолтой явдаг вэ?

    ReplyDelete
    Replies
    1. This comment has been removed by the author.

      Delete
    2. Хийгдсэн ТЭЗҮ болон түүний Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд сөрөг ажиллаагүй л бол байгаль нуурт нөлөөлөх байдал бага гарах ёстой. Тийм ч гарсан гэж сонссон. Ашиглалт байхгүй Хөвсгөл нуурын усны түвшин жилээс жилд өөрчлөгдөж багасаж байхад ашиглалт ихтэй Байгаль нуурын усны түвшин өөрчлөгдөх нь ойлгомжтой. Байгаль нуурын усны түвшин ойрын хэдэн жил их өөрчлөгдсөн нь өөрсдийнх нь усны алдаатай хэрэглээнээс үүдэлтэй.

      Delete
    3. Усны тоо хэмжээний хувьд өөрчлөлт байхгүй гагцхүү жилийн доторхи хуваарилалт л өөрчлөгдөнө. Азаар Хөвсгөл нуурт цутгах ямар нэгэн том ашиглахаар гол байхгүй болхоор хог хаягдал, сууршилт эсвэл дэлхийн дулаарал гэх мэт хүний буруутай үйл ажиллагаа л Хөвсгөл нуурт муугаар нөлөөлнө. Эг Сэлэнгэ дээр барих УЦС-уудын хувьд Хөвгөл нуурт муугаар нөлөөлөхгүй ч голын сав газартаа муугаас илүү сайн нөлөө их бий. Гол асуудал нь яаж загасыг чөлөөтэй визгүй дээш доош нь нүүлгэх вэ гэдэг л асуудал. Шийдэе гэвэл энэ бүтэх асуудал.

      Delete
    4. Манай улсыг эрчим хүчний хараат байлгах гэж Орос мах маяагаа зулгааж ганц найдвартай чангалах арга нь Байгаль нуурын экосистем гэж сэтгэсэн хэрэг. Үнэндээ Байгаль нуурын буруутан нь Оросууд өөрсдөө. Яваандаа Байгаль нуур хэнийх вэ гэдэг асуудал ч гарч ирж болзошгүй. Ийм л бодолтой байна байна ш дээ хо. Том дуугарлаа гэхэд миний яриа надаас цааш гарахгүй болохоор одоохондоо хараад л суужийяаа.

      Delete