Friday, August 24, 2018

Мияагасэ боомтын тухай /Miyagase dam/

Мияагасэ боомтын тухай

Miyagase dam


Мияагасэ боомт нь Японы Канагава аймгийн нутагт орших Сагами голын цутгал Накацү гол дээр баригдсан хүндийн хүчний бетон боомт юм. 
Японы засгийн газар 1930 оноос эхлэн Ёокохама-Канагава үйлдвэрийн бүсийн цахилгааны асуудлыг шийдэхийн тулд Сагами голын ашиглах ерөнхий төлөвлөгөө, УЦС, усан сан, боомт байгуулахаар хайгуул судалгааны ажлаа эхлүүлж 1938 онд жижиг боомтуудын барилгын ажлыг эхлүүлсэн байна. Харамсалтай нь Дэлхийн 2-р дайны улмаас санхүүжилт зогсож барилгын ажил зогссон байна. Дайны дараа хөрөнгө хүч бага байсан учир жижиг боомтуудаа удаан хугацааны турш барьж ашиглалтанд оруулан ажиллуулж хөрөнгө босгох замаар том боомт болох Мияагасэ боомтын төслийг 1969 онд эцэслэн шийдэж 1971 он хүртэл барьж дуусгаж ашиглалтанд оруулжээ. Ийнхүү Сагами голыг ашиглах ерөнхий төлөвлөгөө 39 жилийн дараа биелэлээ олсон байна. Хардаа .... төлөвлөлт, хэрэгжүүлэлт ийм л чухал. 


Мияагасэ боомтын доод хашиц талд хяр дээр, 2017 оны 8 сар


Боомтын тухай дэлгэрэнгүй: Боомтын төслийг Обаяаши болон Тода корпорациуд хамтран боловсруулсан байна. Боомт нь хөндийтэй хүндийн хүчний боомт бөгөөд 156 м өндөр, хярын өргөн нь 400 м байна. Мияагасэ боомт нь өндрөөрөө Японд 6-д ордог байна. Боомтын бетоны эзлэхүүн нь 2 сая.м3 байна. Боомтын ард 139 сая м3 устай, 213.9 км2 толин талбай бүхий Мияагасэ нуур үүссэн байна. Энэ усан сан нь цогцолбор байдлаар ашиглагдахаар төлөвлөгдөж байсан боловч Канагава аймаг, Ёокохома, Кавасаки, Ёокосука гэх мэт хотуудын ундны усны хэрэгцээг хангахаар болсоноор усан сангийн ашигтай эзлэхүүний усны 90 хувь нь усан хангамжид зориулагддаг болсон байна.  


Мияагасэ боомт дээд хашицаас

Мияагасэ боомтын усан сангийн хэт налууг бэхэлсэн байгаа байдал. Усан сан үүсгэх газраас барилгын материал гаргахын тулд ухдаг ба дараа нь хөрсний нуралт үүсэхээс хамгаалж бэхэлдэг байна. 

Мияагасэ боомтын хяр дээр байх Музей бүхий хүлээн авах барилга

Мияагасэ боомтын хяр, баруун жигүүр дээр

Мияагасэ боомтын хяр маш өргөн, олон жуулчин явахад зориулсан бололтой. кк


Мияагасэ боомтын түүхэн хөгжлийг харуулах DAM буюу БООМТ музейн хаалга

Бид танилцах аялалаар явж байсан учир Мияагасэ боомтын инженерүүд тусгайлан хурлын өрөөнд оруулж үүх түүх, болж буй асуудлууд, тэдгээрийн шийдлийн тухай танилцуулга хийсэн юм. 

Мияагасэ боомтын доод хашицад туслах боомт байх ба тэдгээрийн хоорон явдаг жуулчлалын зориулалттай галт тэргэн машин харагдаж байна. 

Мияагасэ боомтын түүхэн хөгжлийн тухай, барилтын үеийн зургууд

Накацугава гол дээрх Мияагасэ боомт, Хойт хэсгийн Дошигава голын Доши боомт, Алдарт Фүжий уулын хормойгоос урсах Сагами гол дээрх Сагами болон Широяама боомтуудаар бий болох усан сангуудыг нэгдсэн менемтенээр ажиллуулдаг байна. Өөрөөр хэлбэл Доши боомтын уснаас Мияагасэ боомтын усан санлуу ус дамжуулах ба Мияагасэ боомтоос гарсан усыг буцааж Доши голд өгдөг байна. Усан сангуудын эзлэхүүнийг дээрх зурагт харуулсан байна. 

Энд Сагами голын системийг дундаж урсацын хэмжээгээр харуулсан байна. Харин доод хэсгийн гидрограф дээр 100 жилд нэг удаа тохиолдох үерийн усыг Мияагасэ боомтоор зохицуулагдаж байгааг харуулж байна. Накацугава гол үерлэхдээ 24-28 цаг үргэлжлэх ба хамгийн их зарцуулга нь 1700 м3/с хүрдэг байна. 

Энд Хэйсэйгийн 28-р он буюу 2016 онд бослон үерийн үед бий болох байсан нөхцөл байдал Усан сангийн усны түвшин үерийн усыг хуримтлуулсанаар 5.14 м нэмэгдсэн байгааг харуулж байна. Доод буланд байгаа зурагт хэрэв Мияагасэ боомт байхгүй байсан бол голын усны түвшин 4.76 м нэмэгдэж үерийн хамгаалалтын далан давах аюул бий болох байсан гэдгийг харуулж байна. Энэ мэтээр үерийн хамгаалалтын барилга, боомтын ач тусыг иргэдэд таниулж байх шаардлагатай байдаг байна.  

Мияагасэ боомт нь 15 хот 5 дүүргийн цэвэр усны нөөц болдог ба хоногт 1,300 гаруй сая м3 усыг нийлүүлдэг байна. 

Мияагасэ боомтын сүүлийн жилүүдийн усан сангийн эзлэхүүний хэлбэлзэл. Жил бүр адилгүй усан сангийн эзлэхүүн хэлбэлзэх нь тухайн жилийн хэрэглээ, уур амьсгалтай холбоотой байдаг байна. Ялангуяа зун 6 сараас эхлэн голын экосисемийг тэтгэхийн тулд асар их хэмжээний усыг боомтоор гаргадаг байна. 

Энд усан санруу 3-н гол цутгаж орох ба тэдгээрийн оролтын хэсэгт хагшаас хэр орж ирж байгааг үргэлж хянаж судалдаг байна. Усан санруу голын ус хагшаас багатай орж ирэл усан сангийн ашигтай эзлэхүүн багасахгүй үйл ажиллагааний жил уртасдаг учир хагшаас орохоос сэргийлсэн зарим арга хэмжээг авдаг байна. 

Энд мөн сүүлийн жилүүдэд боомтод зочилсон жуулчдын тоог харуулсан байна. Жуулчд 11 сард их хэмжээгээр ирдэг ба ажиглалтын тоогоор хамгийн ихдээ 14 мянган хүн энэ сард ирж байжээ. Аялагчдын тал хувь нь бага, дунд, ахлах сургуулийн оюутнууд байдаг ба үлдсэн нь гадаад дотоодын аялагчид байдаг гэнэ. 

Мияагасэ боомтын барилгын ажлын үеийн шөнийн зураг. Барилгыг бол гурван ээлжээр нүдэж өгч байгаа хэрэг.

Мияагасэ боомтын музей доторхи байдал. 

Мияагасэ боомтын музей үзмэр элбэгтэй бөгөөд нэг онцлог нь боомтод зориулсан хүмүүсийн гар урлал, бүтээлүүдийг дэлгэн тавьдаг байна. 

Энд Японы төв хэсгийн боомтууд тэдгээрийн боомтын картуудын зургийг харуулж байна. Японы боомтууд жуулчдад зориулан боомтын ерөнхий мэдээллийг өгөх зорилготой боомтын карт хэмээх картыг ашиглаад удаж байгаа юм. Саяхан Дөргөний УЦС-ын ойд зориуж MAHER -ээс Дөргөний УЦС-ын 20 м өндөртой шороон боомтын картыг зохиож дурсгасан байгаа. Дөргөнд аялал жуулчлал сайхан хөгжих байхаа. 

Мияагасэ боомтын музей дотор ...

Мияагасэ боомтын музейн үүдэнд байх гишгүүр.

Бид боомтын музейтэй танилцаж дуусаад боомттой танилцахаар явсан билээ. Боомтын баруун жигүүр дээр байгаа байдал. 

Боомтын хяр сайхан өргөн учир жуулчид адуу мал шиг л бэлчиж сайхан зургаа татуулна даа. 

Боомтын баруун жигүүрээр доод хашицруу буух лифтийг харуулж байна. 

Боомтын доод хашицруу буухаар боомтын их биед байх лифтрүү явж байнааа. 

Боомтын дээрээс доод хашицруу харсан зураг. Сайн харвал доод хашицад байх туслах боомт Ишигояа боомт харагдах болно. 

Боомтын баруун жигүүр, уул, ой мод, сайхан байгаль.

Тэнд харагдаж байгаа том том цамхагууд бол ус авах барилгын хяналт тохируулга хийдэг байрнууд болно. 

Боомтын доод хашицад буугаад доод налууруу харсан зураг байна. Бетоныг бол сайхан цутгасан байна лээ. Барилгын заадас, угсралтын үеийн заадсууд тод харагдана. 

Боомтын доод хашицаас боомтын баруун завьжруу харж байгаа байдал. Бетон боомтын чухал хэсэг бол энэ шүү дээ, боомт, буурь хоорондын холбоос. 

Би ба өндөр боомт. 


Боомт нь гурван төрлийн ус хаях барилгатай. Хамгийн дээр аваарийн ус хаях гурван алслалтай барилга байх ба энэ нь автомат ус хаяр байна. Хаалтаар тоноглох боломжгүй. Учир нь усан сангийн усны түвшний нэмэгдэх эрчим хаалтыг нээх эрчимээс хамгаагүй хурдан байдаг гэнэ. Гуравдах ус хаях барилга нь миний зүүн талд байгаа жижиг цонхнуудтай цагаан байрны доор байгаа нүх юм. Үүгээр усан сангийн бага түвшнийг зохицуулдаг байна. 

Харин хоёр дахь ус хаях барилга нь аваарын ус хаях барилгын түргэн урсгуурын зам дээр байгаа хоёр нүх юм. Энэ ус хаях барилга үерийн үеийн усыг шаардлагатай бол доод хашицруу гаргах үүрэгтэй.  

Энэ бол Мияагасэ болон Ишигояа боомт, Мияагасэ фаркын хооронд жуулчин тээвэрлэдэг алдартай машин болно. Энд суух цаг зав байсангүй. Харамсалтай байлаа. 

Мияагасэ боомт доод хашицдаа хөөрсөн гүүртэй. 

Манай багийнхан Үзэж харах зүйлээ дуусаад халуунд усан оргилуурын усаар сэрүүцэж байна. 

Боомтын зүүн жигүүрийн завьж харагдаж байна. 

Боомт доод хашицаас


Их түвшин тохируулах 2-р ус хаях барилгын хаалтын ажилагааны зарчмыг харуулж байна. Энд өндөр түрэлтийн сегментэн хаалт ажилладаг байна. 

Энэ зурагт боомтын ус гаргах барилгуудыг бүгдийг нь харуулсан байна. 3-н ус хаях барилга, ус авах барилга гэх мэт. 

Ус хаях барилгын өндөр түрэлтийн хаалтны схемийг харуулж байна. 

Боомтын үндсэн хэмжээс, ус гаргах барилгууд, ашиглалтын зам, лифтний зургийн схем. 

Мияагасэ боомтын үндсэн хэмжээс

Боомтын дотор галарейн тааз, хананд бөнжигнөсөн шүүрэлтийн ус, цан

Боомтын ус хаях барилгын түргэн урсгуур.

Боомтын хяраас доод хашицруу. 

Зураг дараад л баймаар сайхан боомт. 



Мияагасэ усан сангийн харагдах байдал. 


Ишигояа боомтын харагдах байдал.

Боомтын шав чулуун хөшөө. 

Бас чулуун хөшөө.

Боомтын сонголттой ус авах барилгыг харж байна. Усан сангийн дуртай гүнээсээ ус авах боломжийг энэ барилга хангаж өгнө. Жинхэнэ инноваци шүү дээ. 


Зуны улиралд Накацугава гол гүехэн урсахдаа ус нь халж загас олноор өвчилж үхдэг байж л дээ. Харин боомт барьсаны дараагаар зуны энэ эмзэг үед боомтоос хүйтэн ус гаргаж голын усыг хөргөсөнөөр загас үхэх, өвчлөх асуудал байхгүй болсон байна. Иймд Мияагасэ боомт экологийг тэтгэдэг хамгийн том буян болж хувирчээ. 
Мияагасэ боомтын 4-н чухал үйлдэл нь:

  • Хамгаалах
  • Хадгалах
  • Урьдчилан сэргийлэх
  • Үйлдвэрлэх

гэнэ. Үерээс урьдчилан сэргийлж ард иргэдийг болон голын экологийг хамгаалж, ус хуримтлуулан баяжуулж түүгээрээ цахилгаан болон цэвэр ус үйлдвэрлэдэг цогцолбор ажээ. Мияагасэ боомтын доор байх усан цахилгаан станцыг Аикава-1 гэх бөгөөд 24.2 МВт хүчин чадалтай юм байна. Харин түүний доор байх Ишигояа боомтын хажууд байх Аикава 2 УЦС-ын хүчин чадал нь 1.2МВт бөгөөд ойр орчны аялал жуулчлалын обьектууд тосгодуудыг найдвартай тогоор хангадаг байна. Мөн усан сангаас хотуудруу ус өөрийн урсгалаар очдог нь ямар ч эрчим хүч зарлагдахгүй шаардлагагүй байна. 
Ишигояа боомтын мэдээллийг цухас дурьдвал:

  • Боомтын өндөр 34.5 м
  • Хярын урт 87 м
  • Бетоны эзлэхүүн 45 мян м3
  • Төрөл: Хүндийн хүчний бетон боомт
  • Усан сангийн хэмжээ 386000 м3  байна. 

За Мияагасэ боомт болон бусад зүйлийн тухай боомт дээр хийсэн бичлэгүүдээс илүү тодорхой үзээрэй. 

No comments:

Post a Comment