Sunday, December 14, 2025

Усны шинэ номуудын танилцуулга /Releases of New Water Books/

 Усны шинэ номнуудын нээлт боллоо

2025 оны 11 сарын 7-ны өдөр Усны шинжлэх ухаан ба инженерчлэл – 2025 эрдэм шинжилгээний хурлын үеэр 2023-2025 онуудад шинээр хэвлэгдэн гарсан усны шинэ номнуудын танилцуулга болж өнгөрлөө.

Энэхүү арга хэмжээ нь Монгол улсын усны салбарт шинээр гарсан оюуны бүтээлүүдийг нийтэд танилцуулах үйлсэд хувь нэмэр оруулах зорилготой байв. Эрдэм мэдлэг, шинэ ойлголт, шинэ технологи, шинэ үр дүн, баталгаат өгөгдлүүдийг шинэ ном, бүтээлээр олны хүртээл болгодог олон улсын жишгийн дагуу усны салбарын эрдэмтэн, судлаачид, инженерүүдийн гаргасан ном, бүтээлийг цаашид уламжлал болгон Усны шинжлэх ухаан ба инженерчлэл хурлын үеэр танилцуулна. 


Уг арга хэмжээнд дараах номнууд танилцуулагдав. Үүнд:

  • Г.Долгорсүрэн (PhD), Б.Оюунболд (MSc) нарын Дэлгэрмөрөн голын сав газар, төлөв байдлын үнэлгээний карт (2024 он)
  • Г.Долгорсүрэн (PhD), Б.Оюунболд (MSc) нарын Дэлгэрмөрөн голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн суурь судалгааны тайлан (2025 он)
  • Г.Долгорсүрэн (PhD), Б.Оюунболд (MSc) нарын Дэлгэрмөрөн голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө (2025 он)
  • Б.Аюурзана (PhD), Ш.Даваажамц (PhD), Ш.Баранчулуун (PhD) нарын Суваг, суваг дээрх усны барилгын гидравликийн тооцоо ба загварчлал (2025 он, хоёр дахь хэвлэл)
  • Harsha Ratnaweera, Zakhar Maletskyi, Martin Oldenburg, Katharina Pilar von Pilchau, Xiaodong Wang, Wei Chen, Ayurzana Badarch, Agnieszka Katarzyna Cuprys, S.B.Weerakoon, Katarzyna Glińska-Lewczuk, M.C.Riyas, A.C.A.Suja, Nasanbayar Narantsogt, Panduka Neluwala , Gemunu Herath, Janaka Gunarathna, Szymon Kobus, Paweł Burandt, Kumari Nadeeka, Gouri De Silva, K.D.W.Nandalal, Baasansuren Sandir нарын Graduate texts in Climate Change Adapted Water Management (2025 он)
  • Б.Аюурзана (PhD), Э.Ган-Эрдэнэ (MEng) нарын Сав газрын гадаргын усны гидрологийн ба гидравликийн загварчлал (2025 он)
  • ШУТИС, Барилга Архитектурын сургууль болон Монголын Ус хүрээлэх орчны инженерчлэл судалгааны холбооны Усны судалгаа, инженерчлэлийн эрдэм шинжилгээний сэтгүүл (2025 он)
  • Г.Нансалмаа, Манай эрдэмтэд №93: Улаанбаатар хот орчмын жижиг голуудын урсцыг ашиглах боломжийн судалгаа (2025) зэрэг бүтээлүүд танилцуулагдсан юм.

Дээрх номуудын танилцуулгыг дараах зургуудаас харна уу.

Дэлгэрмөрөн голын сав газар, төлөв байдлын үнэлгээний карт 2024
Дэлхийн байгаль хамгаалах сан, АНУ-ын Мариландын их сургуулийн Байгалийн шинжлэх ухааны төвөөс хамтран Тогтвортой хөгжлийн зорилт 6 “Ус ба эрүүл ахуй” зорилтыг дэмжих, хэрэгжилтийг хангах зорилгоор “HEALTHY RIVERS FOR ALL” санаачилга гаргаж, тус байгууллагуудын мэргэжилтнүүд хамтран боловсруулсан голын сав газрын төлөв байдлыг үнэлэх, үнэлгээний шалгуур үзүүлэлтийг тооцох аргачлалын дагуу Дэлхийн өнцөг булан бүрд олон олон голын сав газрын төлөв байдлын үнэлгээг хийсэн байдаг. 
Дээрх олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга, аргачлалын дагуу “Дэлгэрмөрөн голын сав газрын төлөв байдлын үнэлгээний карт”-ыг олон улсын байгаль хамгаалах Дэ Нэйче Консерванси (TNC) байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газрын санаачилгаар хэрэгжүүлж буй “Цэнгэг усны хамгаалал” төслийн хүрээнд, Дэлгэрмөрөн голын сав  газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөний суурь судалгааны ажлын үр дүнгээр анх удаагаа боловсруулан гаргав. 


Дэлгэрмөрөн голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн суурь судалгааны тайлан, 2025 он 
Дэ Нэйче Консервансигийн (TNC) байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газраас Дэлгэрмөрөн голын сав газарт цэнгэг усны хамгаалал, менежментийг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй төслийн хүрээнд “Ус хөгжил ирээдүй төв” НҮТББ-ийн зөвлөх баг “Дэлгэрмөрөн голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн суурь судалгааг 2024 – 2025 онд хийж, суурь судалгааны дэлгэрэнгүй тайланг боловсруулсан.  
Дэлгэрмөрөн голын сав газрын усны менежментийн суурь судалгааны дэлгэрэнгүй тайланг БОАЖ-ын Сайдын 2023 оны А/626 дугаар тушаалаар батлагдсан “Сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөний аргачлал”-д заасан суурь судалгааны арга зүй, ерөнхий агуулгын хүрээнд боловсруулсан. Үүнд: 
Нэгдүгээр бүлэг. Сав газрын байршил, байгалийн нөхцөл (байршил, талбай, газарзүйн нөхцөл, газар ашиглалт);
Хоёрдугаар бүлэг. Сав газрын уур амьсгалын өөрчлөлт, ирээдүйн төлөв (сав газрын уур амьсгалын онцлог, уур амьсгалын өнөөгийн өөрчлөлт, ирээдүйн хандлага, төсөөллийн үнэлгээ);
Гуравдугаар бүлэг. Сав газрын усны нөөц горим, чанар (гадаргын болон газрын доорх ус, усны тоо бүртгэл, усны чанар);
Дөрөвдүгээр бүлэг. Сав газрын цэвдэг, хүлэрт намгийн судалгаа (цэвдгийн тархалт, өөрчлөлт, хяналт шинжилгээ, хүлэрт намгийн тархал, цэвдгийн мониторингийг өргөтгөх шаардлага гэх мэт);
Тавдугаар бүлэг. Сав газрын биологийн олон янз байдлын судалгаа (хөрс, ургамалжилт, ой, загас, шувуу, сав газрын байгаль хамгаалал, ус намгархаг газрын экосистемийн үйлчилгээ, биологийн олон янз байдлын олон улсын конвенц, уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагааны нөлөөлөл гэх мэт);
Зургаадугаар бүлэг. Сав газрын нийгэм, эдийн засгийн байдал (засаг захиргааны нэгж, сав газрын нийгэм, эдийн засгийн ач холбогдол, төв суурины болон хөдөөгийн хүн ам, хүн амын нягтшил, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, боловсрол, дэд бүтэц, мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал гэх мэт).
Суурь судалгааны дэлгэрэнгүй тайланд сав газарт өмнө нь хийгдсэн холбогдох судалгааны үр дүн, мэдээ мэдээллийг эшлэл болгон оруулсны зэрэгцээ энэхүү зөвлөх үйлчилгээний хүрээнд дээр дурдсан судалгааны чиглэлүүдээр шаардлагатай нэмэлт судалгаа, үнэлгээ, тооцоолол хийж шинэ мэдээ мэдээллээр баяжуулан, бүлэг тус бүрийн төгсгөлд дүгнэлт өгч, сав газрын УННМ-ийн төлөвлөгөөнд тусгах санал зөвлөмжийг оруулсан ба суурь судалгааны үр дүн нь сав газрын УННМ-ийн төлөвлөгөө боловсруулахад үндсэн мэдээ мэдээлэл болон ашиглагддаг.

Дэлгэрмөрөн голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө, 2025 он 
Дэ Нэйче Консервансигийн (TNC) байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газраас Дэлгэрмөрөн голын сав газарт цэнгэг усны хамгаалал, менежментийг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй төслийн хүрээнд “Ус хөгжил ирээдүй төв” НҮТББ-ийн зөвлөх баг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/626 дугаар тушаалаар баталсан “Сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөний аргачлал”-ын дагуу Дэлгэрмөрөн голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг боловсруулсан.
Дэлгэрмөрөн голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө нь товч танилцуулгаас гадна 9 бүлэг, 63 дэд бүлэг, 57 дэд сэдэв, хавсралтууд, ашигласан хэвлэл, мэдээ мэдээллийн эх сурвалжийн жагсаалтаас бүрдэнэ. Тус төлөвлөгөөг “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, Хөвсгөл аймгийн хөгжлийн хөтөлбөртэй уялдуулан боловсруулсан ба 2030 он хүртэл буюу нийт 6 жилийн хугацаанд, 2025-2027, 2028-2030 он гэсэн 2 үе шаттайгаар хэрэгжинэ. 
Дэлгэрмөрөн голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөний ерөнхий агуулга: 
Сав газрын усны менежментийн төлөвлөгөөний хураангуй;
Нэгдүгээр бүлэг. Төлөвлөгөөний аргачлал, мэдээ мэдээллийн эх сурвалж;
Хоёрдугаар бүлэг. Сав газрын байршил, байгалийн нөхцөл;
Гуравдугаар бүлэг. Сав газрын усны нөөц, горим ба чанар;
Дөрөвдүгээр бүлэг. Сав газрын нийгэм, эдийн засгийн хөгжил, ирээдүйн төлөв;
Тавдугаар бүлэг. Салбаруудын ус ашиглалт, цаашдын төлөв, усны барилга байгууламж;
Зургаадугаар бүлэг. Сав газрын ус ашиглалтын баланс;
Долоодугаар бүлэг. Экосистемд үзүүлэх сөрөг нөлөөлөл, тулгамдаж буй асуудлууд;
Наймдугаар бүлэг. Усны менежментийн оролцогч талууд ба эрх зүйн орчин;
Есдүгээр бүлэг. Сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөлт гэх мэт.



Энэхүү ном нь CCWater төслийн хүрээнд боловсруулагдсан ахисан түвшний сурах бичиг бөгөөд ШУТИС-ийн номын санд хэвлэмлээр, электрон сангаас цахимаар унших боломжтой. 

Энэхүү гарын авлага нь усны барилга байгууламжийн инженерийн лавлахын цуврал бөгөөд TNC Mongolia Байгууллагаас санхүүжүүлэн гүйцэтгэсэн төслийн хүрээнд боловсруулагдсан болно. Уг гарын авлага нь усны сав газрын гадаргын усны урсцын гидрологийн загварыг HEC-HMS программ хангамжаар тооцох, голуудын усны урсцыг HEC-RAS программ хангамжаар загварчлах тухай агуулсан жишээ бүхий гарын авлага болно. 

Монгол улсад усны чиглэлээр хийгдэж буй эрдэм шинжилгээний бүтээлүүдийг хэвлэх, усны мэдлэг, өгөгдлийн нэгдсэн санг баяжуулах үүднээс Монголын ус хүрээлэх орчны инженерчлэл судалгааны холбоо ШУТИС Барилга Архитектурын сургууль хамтран Усны судалгаа, инженерчлэл эрдэм шинжилгээний сэтгүүлийн эхний дугаарыг эрхлэн гаргасан юм. 

ШУТИС-д ажиллаж байсан, ШУТИС-ээс төрөн гарсан нэрт эрдэмтэддээ зориулан гаргадаг Манай эрдэмтэд цувралын 93-р дугаарт Монголын анхны усны эмэгтэй инженер, эмэгтэй багш, ШУТИС-ийн хүндэт профессор Г.Нансалмаа багшийн судалгаа, инженерчлэлийн бүтээлүүдээс эшлэсэн ном хэвлэгдэн гарсан болно. 

Манай эрдэмтэд бүтээлийг ШУТИС-ийн номын сангаас хэвлэмлээр, электрон каталогиос цахимаар болон дээрх QR кодоор цахимаар унших боломжтой. 

Номын танилцуулгын үеэрх гэрэл зургийг толилуулж байна. 

Усны шинэ ном, бүтээл танилцуулах арга хэмжээг ШУТИС, БАС-ийн Инженерийн байгууламжийн салбарын эрхлэгч Доктор Н.Болдбаатар нээв.

Зохиогч Г.Долгорсүрэн Дэлгэрмөрөн голын сав газрын бүтээлүүдээ танилцуулж байна. 

Зохиогч Б.Аюурзана Суваг, суваг дээрх усны барилгын гидравликийн тооцоо ба загварчлал номоо танилцуулж байна. 

Зохиогч Б.Аюурзана Climate change adapted water management номоо танилцуулж байна. 

ШУТИС, БАС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Доктор Г.Адъяажав Манай эрдэмтэд номыг танилцуулж байна.


No comments:

Post a Comment