Wednesday, December 17, 2014

Агано голын сав газрын захиргаа /River office/

Агано голын сав газрын захиргаа

Миний бие багшийн хамт Японы Газар, Дэд бүтэц, Тээвэр ба Аялал жуулчлалын яамны Хокүрикү бүс нутгийн хөгжлийн газрын харъяа Агано голын сав газрын захиргааны үйл ажиллагаатай 2014 оны 12 сарын 09-нд танилцсан юм. Ингээд Агано голын сав газрын захиргааны үйл ажиллагааны талаар товч мэдээлэл хүргье.
Биднийг хүлээж авч уулзсан Инженерийн болон Харилцааны хэлтсийн ажилчид

Агано голын тухай

Агано гол нь Фүкүшима болон Гунма мужын  /аймаг/ нутаг дэвсгэрээс эх аван урсаж Нийгата мужаар дамжин Япон тэнгисруу цутгадаг, уртаараа Японы 10-р бичигддэг А ангилалын /Голуудын ач холбогдлоор ангилсан ангилал/ томоохон гол бөгөөд нутгийн иргэд “эрчим хүчний” гол хэмээн нэрлэдэг байна. Хамгийн тогтвортой ус судлалын харуул нь Маориши бөгөөд 1951 оноос 2002 оны хоорондох ажиглалтын мэдээнээс жилийн дундаж урсац нь харуул орчимд 451м3/с байдаг юм байна. Агано болон Шинано голын ойр очимд хамгийн анх 1645 онд гадарзүйн зураглал үйлдэж байсан байна.

1645 оны Агано ба Шинано голын орчим хийгдсэн зураглал
Тус гол нь борооны улиралд байнгийн үертэй байдаг ба хагшаасны зөөгдөл ихтэй байдаг учир голын голдиролын морфологийн өөрчлөлт бусад голуудтай харьцуулахад түргэн юм байна. Одоогоос 280 жилийн өмнөөс голын голдирол эрс өөрчлөгдөж садарга, огцом меандарууд ихээр болж мөн урсацын горим нь өөр болсоныг түүхэн сурвалжид тэмдэглэн үлдээжээ. 

1713 оны Агано голын голдирол
Тухайн гол үерийн үед ардын аж ахуйд ихээхэн аюул учруулдаг, голын тахирсан хэсэгт угаагдал ихээр үүсдэг гэх мэт үзэгдлээс хамгаалах зорилгоор хэд хэдэн удаа голын голиролыг шулуутгах, шилжүүлэх ажлуудыг 1730 оноос эхлэн хийжээ.
 
Голын голдиролын өөрчлөлтүүд сүүлчинх нь одоогийн голын голирол
Хур тунадас их унадаг учир үерийн аюул байнга учирч байдаг учир 1850 оноос эхлэн үерийн хамгаалалтын даланг тухай бүр босгож барьж байжээ.

Агано голын сав газрын хур тунадасны хэмжээ
Түүхэнд тэмдэглээгүй үлдсэн олон үер байх боловч гарз бага учирсан учир баларч мартагддаг байж. Харин 1913, 1956, 1958, 2002, 2004 онуудад болсон үерүүд их хэмжээний гарз хохирол, үерийн далангийн задрал, үерийн далан дээгүүр халих гэх мэтээр бий болж байжээ. 2004 оны үер нь 1 хоногт 421мм хур тунадас унасанаас бий болж үерийн татмын тарайн талбай бүхэлд усанд автаж байжээ.

2004 оны үерийн өмнөх ба дараах үе
1921 оноос үерээс хамгаалах, усанд автах газар нутгийн талбайг багасгах зорилгоор зарим тарисан гадруудыг шулуутгах ажлуудыг хийсэн байна.

1921 оны үед хийгдсэн голын голиролын шулуутгал
Хур тунадас их ордог ялангуяа өдлийн улиралд их хэмжээний цас унадаг, мөн байгалийн тогтоц онцлог, хагшаасны зөөгдөлтийг хэрхэн багасгах зэрэг олон шалтгаанаар Агано голыг эрчим хүчнүйлдвэрлэхэд ашиглахаар 1899 онд Намаками нэртэй анхны станцыг барьж 300кВт эрчим хүчийг ойролцоох тосгодод нийлүүлж эхэлжээ. Дэлхийн 2-р дайны үед их хохирол амссан Япон орон эрчим хүчний үүсвэрээ баталгаажуулах, эх орноо сэргээн босгохын тулд Агоно голыг үргэлжлүүлэн загас ба эрчим хүчний эх үүсвэрээр ашиглахаар шийдэж хэд хэдэн төсөл хөтөлбөрийн олон жилийн хугацаатайгаар гүйцэтгэж амжилтанд хүрчээ. Өнөөдрийг хүртэл ус хангамж, амралт, эрчим хүч үйлдвэрлэлт, загасны аж ахуйн чиглэлээр нийт том жижиг 39 боомт барьж байгуулсан ба хамгийн өндөр боомт нь 157м Окутадами боомт ба одоогоор судалгааны ажил хийгдэж байгаа 1, барилгын ажил явагдаж байгаа 1 боомт тус тус байна.  

Агано голын каскад станцын схем

Сав газрын захиргааны тухай /River office/

web: Agano river office
Агано голын сав газарт менежментийг хэрэгжүүлэх, голын байгаль орчны хяналт тавих зорилгоор сав газар байгуулагдан ажиллаж 20-иод /буруу сонссон байж магадгүй гээд интернэтээс хайгаад эс олов/  жил болж байгаа юм байна.  Агано голын цутгал болох Агагава голын сав газрын захиргаатай нягт холбоотой ажилладаг юм байна. Агано голын сав газар дараах бүтэц бүрэлдэхүүнтэй. Үүнд:
- Захиргааны хэлтэс /зөвшөөрөл олгох, дотоод асуудал хариуцах, дотроо барилгын хяналт, зөвлөх үйлчилгээний албатай/
- Инженерийн судалгааны хэлтэс /Инженер, байгаль орчны судалгаа, шинжилгээ/
- Менежментийн хэлтэс /Байгаль орчин, инженерийн судалгааны үр дүнд менежментийн төлөвлөгөө боловсруулах/
- Харилцаа хамтын ажиллагааны хэлтэс /тендер зарлах, хэрэгжүүлэх, гэрээ хэлэлцээр байгуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, бусдад сурталчлах/
- Манганжи салбар оффис
- Күрүмияама салбар оффис
Тухайн сав газар нь голын эх бүрэлдэх сав, голын дагуух үерийн хамгаалалтгүй газарт голын эргээс 300м-т, үерийн далантай хэсэгт үерийн далангийн гадна ирмэгээс хоёр тийш 9м – ийн зурваст газар эрх мэдлээ хэрэгжүүлж хамгаалдаг байна. Хамгаалалтын бүсэд амьжиргааны зориулалттай тариалан эрхлэх гэх мэт зарим үйл ажиллагаан зөвшөөрөл өгч ашиглуулдаг байна. Харин үерийн улмаас учирсан хохиролыг эзэн нь хариуцах ба газар ашигласаны төлбөр хураамж байдаггүй гэв /учир нь ахуйн хэрэгцээний хүнс тариалдаг ашиг олдоггүй өрхүүдэд татвар ноогддоггүй/. Сав газар инженер, байгаль орчны судалгаанд үндэслэн хийх ажлын менежментийн төлөвлөгөөг 3 жил тутуамд /нийт 5 жил гэвч 3 жилийн дараах 2 жилд нь баримжаалсан төлөвлөлт гаргадаг юм байна/ гаргаж барилгатай холбоотой ажлуудад тендер зарлаж хэрэгжүүлдэг байна. Инженерийн судалгааны хэлтэл нь усны болон барилгын инженер, ус зүйч, загас судлаач, газар зүйн мэргэжилтэнгүүдээс бүрдэх ба зарим судалгааны ажлыг Их дээд сургуулийн судалгааны баг, хувийн компаниудтай гэрээ байгуулан гүйцэтгэж байхыг улсаас шаарддаг байна. 

Судалгааны хэсгийн зураглал /Raster болон DEM/
Зарим нарийн мэргэжлийн /тухайн чиглэлийн мэргэжилтэн сав газарт байнга ажиллах хэрэгцээ байхгүй/ судалгаа жишээлбэл, геологи, ургамал судлал гэх мэт шаардлага гарахад тухай чиглэлийн байгууллагатай хамтран ажилладаг байна. Мөн хийж буй ажлын тайланг жил бүр 10 жил, их сургуулт, оршин суугчдийн дунд тайлагнаж, ажлаа дүгнүүлж, санал хүсэлт авч ажилладаг байна.
Ингээд энэ жил хэрэгжүүлж буй төсөл ажлуудаа Манай сургуулийн багш оюутанд танилцуулах ээлж ирж би багшийн хамт айлчилсан билээ. 
Энэ жил Агано голын сав газрын захиргаа дараах төслүүдийг хэрэгжүүлж байна. Үүнд:
- Голдиролын шулуутгалын ажил /голын тахирсан голдиролыг тэгшитгэж шинж сууршлын газар бий болгох/
- Үерийн хамгаалалтын далан доторх үерийн татмын тохижуулалтын төсөл /амралт, чөлөөт цагаа өнгөрөөх цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбай хийх/
- Голын эргийн угаагдал ихтэй, турбулентлэг урсгалтай хэсэгт урсгал чиглүүлэх далбан хийх
- Үерийн далангийн нам хэсгийг өндөрсгөх, төмөр замын далантай огтлолцох хэсэгт төмөр замыг өндөрлөх
- Үерийн татмын хэсэгт байх хуучин голдиролд загасны түрс шахах цөөрөм хийх, харгиа бүхий жалга байгуулах, экологийн нөхөн сэргээлт хийх
- Нийгата хотын үерийн болон шүүрүүлэх системийн насос станц, барилга байгууламжийн шинэчлэл өргөтгөлийг хийх
- Агано голын далайд цутгах хэсэгт далайн давалгаанаас үүдэлтэй элсний зөөгдөлтийг багасгах, эргийн бэхэлгээний барилга байгууламжийг сайжруулах
- Уулархаг бүс нутагт газрын нуралтаас хамгаалах шүүрүүлийн туннел системийг барьж байгуулах
- Үерийн хамгаалалтын далангүй шинэ суурьшлын бүсэд хурдны зам бүхий үерийн даланг барих
- Уулын голуудад хагшаас хуримтлуулах онгорхой халиагуур барьж байгуулах
Эдгээр төслийн биелэлт 20% - тай явж байгаа ба үерийн татмыг тохижуулах ажлаас бусад ажлууд нь удаан хугацааны төлөвлөгөөтэй юм байна. Хамгийн удаан хугацаанд хэрэгжиж байгаа төсөл нь газрын гулсалт нуралтаас хамгаалах зорилгоор газрын бэхэлгээ, гүний усны шүүрүүлийн системийг барьж байгуулах ажил юм гэж инженерийн албаны ахлагч дурьдаж байв. 

Гүний усны шүүрүүлийн систем
Уулын эгц налуу барилгажилтын нөлөөгөөр ачаалал авах, газар хөдлөлтөөр сийрэгжилт хагаралт үүссэний дараа гүний усаар ханасан тохиолдолд хөрсний гулгалт нуралт тухайн сав газрын уулархаг бүс нутагт ихээхэн тохиолддог юм байна. Үүнээс үүдэлтэй голын голдиролд хагшаасны урсгал ихээр бий болох, ургамалжилт, орчны доройтол гэх мэт сөрөг дагавар бий болдог учир зөвшөөрөгдөх хэмжээнээс илүү налуутай хэсгүүдэд зохиомол шүүрүүлийн систем барьж өөрийн даралтаар нь шүүрүүлж голруу хаядаг байна. 
Их хэмжээний хур тунадас орсон үед уулын хуурай жалганд үер бууж улмаар хөрсний угаагдал бий болдог учир нээлттэй халиагууруудыг уулын аман хуурай жалган дээр барих төслүүд хийгдэж байна. 

Хуурай жалганд угаагдал бий болох үйл явц, сэргийлэх арга хэмжээ
Угааглаас их хэмжээний умбуур болон хөвмөл хагшаас бий болж тэр нь тээвэрлэгдэн далайд цутгах хэсэгт хуримтлагдан далайн зүгээс давалгааны нөлөөллөөр гол өөд зөөгдөх элсэн хуримтлалтай нэгдэж голын хөндлөн огтолоын гүнг багасган усан онгоц нэвтрэхэд төвөг учруулахаас гадна усны түвшний өрөгдөлтийг бий болгодог нь үерийн үед эрсдэл бий болоход нөлөөлдөг байна. Далайн цутгалын орчим дахь элс болон хагшаас ухаж байлуулах тусгай зориулалтын онгоцнууд өдөр бүр хэдэн арван тонн элс хагшаасыг зөөж зайлуулж байгаа нь асар их үргүй зардалыг бий болгодог тухай ярьж байлаа. Усан онгоцны буудлын оффистой хамтран далайн түрлэгийн элсний зөөгдлийг багасгах талын судалгааны ажлыг хийж байгаа гэнэ. 

Голын амьдрах орчны сайжруулалт
Голын уртын дагууд загас, усны амьтадын дээжний судалгааг 1970 оноос хойш тасралтгүй явуулж байгаагын үндсэнд зарим төрлийн загасны үржих байрлалыг тогтоож тэр хэсэгт загас үржих орчин бүхий тогтонги цөөрөм, зарим хэсэгт харгиа бүхий урсгалыг бий болгосон салаа голдиролыг хийж байна. 

Загасны түрс шахах оромж буюу асгааснууд
Үерийн хамгаалалтын далангийн зарим хэсэгт дотуур шүүрэлт бий болж байгааг 2004 оны үерийн үед иргэд ажиглаж байжээ. Иймд нарийвчилсэн судалгааг бүх үерийн далангуудад хийх шүүрэлт үүсэх боломжтой буюу хосбоосгүй хөрс бүхий нил үетэй далангуудыг завсарлаж дренаж бүхий шүүрүүлийн системийг хийхээр болж өнгөрсөн хавраас барилгын ажил эхэлж байгаа юм байна.

Барилгын талбай дээрх төслийн танилцуулга самбар
Далангийн хормойн тогтворшилт муудсан хэсгийг зайлуулан дахин барьж байгаа байдал, мөн хайрган дренаж бүхий шүүрүүлэх лоток.
Сав газрын ажиллагааны нэг чухал хэсэг нь ард ирэд сургуулийн насны хүүхдүүдэд таниулах сургалт, уралдаан тэмцээн зохион байгуулж тэдгээрээр өөрсдийн ажлыг үнэлүүлж байдаг нь тогтвортой санхүүжиж ажил нь амжилттай урагшилдагын түлхүүр нь байж болох юм. Нийт иргэд эерэг саналтай байх тохиолдолд төсөл хөтөлбөр дэмжигдэж байдаг нь нийтийн аж ахуйн салбарын гол зүйл юм. 

Цэцэрлэгийн хүүхдүүдийн уран бүтээл. Агано гол
2-р дайны үед Агано голын орчимд Америкчууд 2 бөмбөг хаясан ба тэдгээрийг олж илрүүлэх ажил өнгөрсөн 1940-1960 онд хийгджээ. Үр дүнд нь нэг бөмбөгийг нь олж нөгөөхийг нь олохоос өмнө барилгын ажил хийгдэж байхад дэлбэрч байжээ. Гэхдээ энэ асуудал эргийн бүсийн түшиц хана болон далангийн хамгаалалтын төсөлд ямар ач холбогдолтой байсаныг ойлгоогүй.
Хэд хэдэн удаагын газар хөдлөлт, цунамигаас болж даланд хагарал үүсэх, бетон түшиц хана цуурах, онхолдох гэх мэт олон хохирол учирч байсан ба ихэнх хэсгийг нь нөхөн сэргээж дуусаж байна. Агано голын далайд цутгах хэсэгт эргийн бэхэлгээний түшиц ханын суурийг бэхжүүлэх шинэ технологийг туршиж байгаа юм байна. Энэ нь усан дотор хөрсөнд цементаци хийх, түшиц ханын ероол болон ар хэсэгт шонт тулгуур хийх  зэрэг газар дээрээс далд ажлыг гүйцэтгэх технологи юм байна. 

Түшиц ханыг бэхжүүлэх төслийн талбай
Маш их олон зүйл үзэж харсанч тэр бүрчлэн бичих зав байсангүй, бас заримаас нь мартсан байна. Тогтвортой төрийн болон байгууллагын бодлого, тогтвортой хөрөнгө оруулалт, нийтийн нэгдсэн ашиг сонирхол, хүрээлэн буй орчны шаардлага зэрэг бүрэлдсэн бол ажил амжилттай хэрэгждэг юм байна. Судалгааны ажлыг сайн хийж заавал авах шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй хийдэг, ирээдүйд болох магадлалд найдаж төсөл хөтөлбөрөө боловсруулдаг юм байна. Гэхдээ төсөл хийхдээ цаасан дээр ч тэр газар дээр ч тэр нэг удаагын оролдлогоор нэг мөсөн л хийдэг нь Япончуудын нэг давуу чанар байх. 

Оффисийн барилгын өгсөх шат. Шатны хажуугаар хэрэгжүүлсэн болон хэрэгжижи байгаа төслийн посторуудыг өлгөсөн байв.

Агано голын сав газрын төв байр. Үүнээс тусдаа салбар 2 оффис бий. Энэ барилга 5 давхар.

Далайн эргийн далан, түшиц хана бэхжүүлэх төслийн нэгжийн танилцуулах байранд

Тайлбар хийх ширээ


Төсөл хэрэгжиж буй барилгын талбайн танилцуулах самбар, төслийн тухай товч

Голын амьдрах орчны сайжруулалтын зураг төсөл, талбайн инженер гидравлик загварчлалын үр дүнг ашиглан тайлбар хийж байна.

Хиймэл цөөрөм бүхий загас үржих голын салааны барилгын ажлын талбай, ажлын гүйцэтгэл

Үерийн далангийн шүүрэлтийн эсрэг дренаж хийж буй төслийн талбайд

Талбайн инженер зураг төслийн дагуу баригдаж байгааг харьцуулан тайлбарлаж байна.

Харгиа үүсгэх, хагшаас барих, унагах зориулалттай халиагуур. Энэ халиагуурын үндсэн материал нь бетон блокууд юм. 



Шинээр барьж буй хурдны зам бүхий үерийн хамгаалалтын зураг төсөл, суурийн ажил

Агано гол дахь амьтад

Хөрсний гулсалт нуралтаас хамгаалсан туннелийн систем бүхий шүүрүүлийн байгууламж


No comments:

Post a Comment