Усаа зангидъя
Монгол улсад усны барилга байгууламжийн инженерийг анх
1963 онд түргэвчилсэн сургалт хэлбэрээр бэлдэж эхэлсэн түүхтэй. Харин мэргэжлийн тэнхимийг 1969 онд МУИС-ын
харъяа Политехникийн сургуулийн харъяанд байгуулсан байдаг. Мөн засгийн газраас
Монгол улсад эрэлттэй хорин мэргэжлийн жагсаалтанд Усны нөөц экологи,
Гидромеханик, Гидрогеологи зэрэг мэргэжлүүд багтсан нь усны мэргэжилтнүүд манай
оронд хэр чухал вэ гэдгийг тодорхой харуулж буй юм. Ялангуяа манайх шиг усны
нөөц бага гэсэн ангилалд багтдаг, жилийн хур тунадасны нийлбэр дунджаар ердөө 300 мм хүрэхтэй үгүйтэй байдаг
улсын хувьд шүү дээ. Харин бид тус мэргэжлийг хаана эзэмшиж байна вэ? Бусад
оронд усны мэргэжилтнийг хэрхэн бэлддэг вэ?
Water in right hands will be the right! |
Дэлхийн ихэнхи улс оронд УСНЫ ИХ СУРГУУЛЬ гэж бий.
Тэдгээр их сургуульд зөвхөн усны мэргэжилтнүүдийг бакалавр, магистр, докторын
түвшинд бэлдэж “Дэлхийн мэргэжилтэн” болгож төгсгөдөг. Харин манай улсын усны
мэргэжилтнүүд... Зүйрлэвэл айлын тавиул мал, эсвэл өргөмөл хүүхэдтэй жишиж
болно. Зөвхөн улсын их сургуулийн хувьд авж үзвэл ХААИС-ийн Агробиологи,
Инженерийн сургуульд Гидромеханик, Усалгаатай газар тариалангийн мэргэжлээр,
ШУТИС-д Усны нөөц экологи, Усны барилга байгууламжийн инженер, ус хангамж
ариутгах татуургын инженер, гидрогеологи мэргэжлээр, МУИС-ийн Хэрэглээний
шинжлэх ухаан, инженерийн сургуульд гадаргын ус судлалаар жижиг жижиг тэнхим
болон хуваагдсан байдаг. Мэргэжлийн чиглэлийн хувьд хоорондоо ялгаатай ч бүгд л
УСНЫ гэсэн нэрэн доор мэргэжилтнээ бэлддэг. Их сургуульд мэргэжилтэн бэлдэж буй
багш нар нь зөвхөн өөрийн чиглэлд анхаарч, хувийн үзлээ хамгаалан бусад ижил
мэргэжлийн өөр сургуулийн сургалтын системийг үгүйсгэх хандлага ч ажиглагддаг
нь нууц биш. Мэдээж тухайн их сургууль ахиу мэргэжлээр олон элсэгч авах нь
сургуулийн эдийн засагт сайн нөлөөтэй байх боловч бид чадварлаг мэргэжилтэн
бэлдэхийг хүсвэл арай том зургаар нь харж нэгдсэн зохион байгуулалтанд орох
шаардлага тулгарж байна. Бид нэг цул болох ёстой.
Усны инженер. Энэ бол ямар нэгэн сэтгүүлч юмуу, аль эсвэл
эдийн засагч гэсэн мэргэжил биш. Ард иргэдийн үндсэн хуулиар олгогдсон амьд
явах эрхийг хангах тэргүүн эгнээнд зогсох тусгай мэргэжилтнүүд. Ямар чухалгүй
байхдаа АНУ-ын усны хүрээлэн Батлан хамгаалах яамныхаа харъяанд тусгай
хамгаалалт хангамжинд үйл ажиллагаагаа явуулах билээ. Бидэнд хамгийн ойр
байдгаар нь БНСУ-ын жишээг авъя. Дэлхийн эрэмбээрээ 105-д, инженерийн
чиглэлээрээ 51-д, улсынхаа хэмжээнд 9-д жагсдаг SUNGKYUNKWAN их сургууль гэж
бий. Энэ сургуульд өөрийн мэдлийн төсөвтэй, удирдлагатай Graduate School of
Water Resources буюу усны ахисан түвшний мэргэжилтнүүдийг бэлтгэдэг төгсөлтийн
дараах сургууль гэж бий. Уг сургууль нь дотроо 5 тэнхимд хуваагдах бөгөөд
тэнхим бүр өөрийн мэргэжлээр оюутан сургадаг. Гидро инженер, зайны тандан
судлалын инженер, хүрээлэн буй орчны инженер, далайн эргийн инженер, усны
чанарын инженер гэх мэт. Тэнхимийг профессор зэрэгтэй багш удирдах бөгөөд
профессор бүр оюутны тооноос хамаарч лабораторийн системээр сургалтаа явуулдаг.
Лабораторийн систем гэдэг нь оюутан бүтэн цагаар /9-21 цаг/ сууж судалгааныхаа ажлыг
хийх бөгөөд ингэснээрээ сургуулиас цалинждаг. Сургууль оюутны сургалтын
төлбөрийг төлөхөөс гадна материаллаг баазаар бүрэн хангана. Мөн сар болгон
оюутны тэтгэлэг олгогдоно. Ийм үйлчилгээ үзүүлснийхээ хариуд таниас хоёрхон
зүйлийг шаарддаг. Олон улсын хянан магадалгаатай нөлөө бүхий (импакт фактортой) сэтгүүлд өөрийн нэг
өгүүллийг сургуулийн нэрийн өмнөөс хэвлүүлэх /мэдээж 1-р автор нь оюутан/,
хоёрт, олон улсын хуралд сургуулийн нэрийн өмнөөс оролцож илтгэл хэлэлцүүлэх. Манай улсаас
гадаад оронд доктор, магистрын түвшинд суралцахаар ирж буй оюутнуудад харагддаг
хамгийн дутагдалтай тал бол өгүүлэл хэвлүүлэх нь битгий хэл юу байдгийг нь сайн
мэдэхгүй, сууж сураагүй, бакалаврын сэтгэлгээнээсээ салаагүй нөхдүүд их ирдэг.
Муулж байна гэж битгий бодоорой, үнэн үг ер нь таатай сонсогддоггүй шүү дээ. Тэгэхээр
бид яах ёстой вэ?
Судлаач миний мөрөөдөл бол ханайсан арван давхар
сургалтын байр биш гэхэд ядаад таван давхар хөөрхөн байранд энэ илхаадын улс
шиг энд тэнд тарчихсан усны мэргэжлээр суралцдаг оюутнуудаа, сургадаг багш
нараа нэгтгээд УСНЫ ИХ СУРГУУЛЬ байгуулан, дор хаяж ганц ширхэг жишиг
лаборатори /туршилтын биш сургалтын/ ажиллуулах. Тавигдах шаардлага ердөө
энгийн. Та сайн сур. Таны төлбөрийг бид төлье. Харин таны дүн 3.2/4-оос доошоо
байвал эсвэл үсгэн үнээлгэгээр B -ээс доош байвал та төлбөрөө эргүүлж төлнө. Та
сурах хугацаандаа англи хэл дээр олон улсын сэтгүүлд нэг өгүүлэл хэвлүүлнэ. Гэхдээ
хэвлүүлэх өгүүллийн тоо суралцах түвшингээс хамаарч өөр өөр байна. Тухайлбал
докторын зэрэгт бол дор хаяж 2 өгүүллэл хэвлүүлэх ёстой. Та олон улсын хуралд
өөрийн судалгаагаа хэлэлцүүлнэ. Ямар хүн төлбөрөө төлүүлчихээд өрөнд орохыг
бодох вэ, бүгд л хичээнэ. Үүнийг хэрэгжүүлэхэд доор дурдсан хэд хэдэн шаардлага
тулгарах байх:
-
Багшлах
боловсон хүчний чадвар өндөр байх
-
Эрдмийн
зэрэг цолтой /нэр төдий биш шүү/ багш нарын баг бүрдүүлэх
-
Оюутны
болон багшийн гадаад хэлний чадвар маш өндөр байх
-
Сургалтын
материаллаг болон бааз сайн байх
-
Орчин
үеийн шинэ технологийг цаг алдалгүй нэвтрүүлж хэрэгжүүлдэг байх
-
Төрөөс
бодлогоор дэмждэг байх
Энэ бүхнийг дэс
дараалал, зохион байгуулалттайгаар бэлдэж чадвал дэлхийн усны боловсон хүчнийг
яг л Голландын НҮБ-ийн усны сургууль шиг бэлдэх цаг тун удахгүй ирнэ гэдэгт итгэлтэй
байна. Монгол улсад усны асуудал маш хурцаар тавигддаг, тэр хэрээрээ чадварлаг
усны инженер дутагдалтай байдаг. Усны инженер гэхээрээ л зураг хуулаад суухын нэр биш гэдгийг ойлгох
үе иржээ. Дэлхий өөрчлөгдөж байна, тэр хэрээрээ шинэ асуудлууд тулгарч биднээс
шинэ мэдлэг мэдээлэл шаардаж байна. Өдөр бүр шинэ чадварт суралцаж, түүнийгээ
улс орондоо хэрхэн нутагшуулах талаар ухаан бодлоо уралдуулмаар байна. Үүнийг
чадварлаг инженерүүд л хийж чадна. Түүнээс нүүрномын ямар нэгэн бурхны зураг
дээр эрхий хуруугаа гозойлгоод ширгэсэн гол дахиад урсахгүй билээ. Инженерийн
хийцтэй худгийг дэлхийд анх Хубилай хаан тэртээ олон жилийн өмнө дэлгэрүүлж
чадсан юм бол орчин үеийн оюун ухаант Монгол хүмүүн бид үргэлжлүүлж яагаад
болохгүй гэж.
УСНЫ БУЯН ИХ ЭЭ
Баранчулууны Амартайван,
докторант
Sungkyunkwan
University
Graduate School of
Water Resources
Hydro-Engineering
lab
Email; Amartaivan@skku.edu
No comments:
Post a Comment