Усны барилга байгууламж гэхээр зөвхөн голоос болон гүний уснаас ус авах зориулалттай барилга байгууламж гэж ойлгож болохгүй юм. Усны барилга байгууламж нь уул уурхайн нөлөөгөөр унаган төрхөө алдсан, голын амьтадын амьдрах орчин муудсан үед голыг эргээд хэвийн нөхцөлд оруулж нөхөн сэргээлт хийх, амьдрах орчныг сайжруулах арга хэмжээг төлөвлөхөд чухал үүрэгтэй юм. Зарим оронд голын амьдрах орчныг сайжруулах үүрэгтэй усны барилга байгууламжийг eco-hydraulics /эко-усны барилга/ чиглэлээр судалдаг байна.
Чулуун хаялагат ус халиагуурыг тойруулан барьсан загас өнгөрөөх суваг.
Ялангуяа хот орчмын гол горхины бохирдол их, ууссан хүчил төрөгч нь амьтадын /загас ба бентос/ хэрэгцээг хангаж чадахгүй байх нь энгийн үзэгдэл болсон голуудад ус халиагуур, харгиа боргио үүсгэх чулуун хаялага хийж өгч орчны нөхцөл байдлыг сайжруулдаг. Ус халиагуур хийж өгсөнөөр усны хагшаас, элдэв янзын механик бохирдлууд багасах ба харгиа боргиог үүсгэснээр ус хүчил төрөгчөөр баян болдог. Гэхдээ ус халиагуур болон харгиа боргиог хэрхэн үүсгэх нь гидравлик горимоос хамаарна. Харгиа боргио нь зөвхөн хүчил төрөгчийг ихэсгэхээс гадна усны амьтадын орогнох, үржих нөхцөл болж өгдөг байна. Гадны улс орны хот орчмын голууд халиагуур, харгиа, загас өнгөрөөх сувгаар баялаг байдаг бол манай голуудад ийм ажил хийгдэж байгаагүй нь тэдгээр голуудад амьдарч буй амьтадын хувьд хэцүүхэн л орчинтой байна гэсэн үг. Сэлбийн тохижилтын ажил хийгдсэн боловч загас жараахайнд зориулсан суваг, нүүдэллэх зам, түрсээ шахаж үржих хөв цөөрөм гэж алга.
Харгиа боргио үүсгэх нөхцөл нь урсгалын хурд байх ба материал нь чулуу, мод гэх мэт байж болох юм. Харгиа үүсгэх схемийг дээрх зургаас харж болно.
Словак улсад сурч байгаа манай оюутан Ариунтуяа энэ чиглэлээр магистрын ажил хийж байгаа юм байна. Хот орчмын жижиг голуудын амьдрах орчныг нилээд чухал асуудал болгож, тэнд амьдарч байгаа амьтадын амьдрах орчныг сайжруулах үүднээс усны барилга байгууламжийг төлөвлөх судалгааны ажлыг Чех улсын Зубри хотын нэгэн жижиг гол дээр хийж байгаа юм байна. Түүний ажилд амжилт хүсээд эх орондоо ирж энэ чиглэлээр ажиллахыг хүсье.
Ингээд түүний илгээсэн пресентацыг толилуулж байна.
Словак хэлээр байгаа лекц шүү.
Эхний дээрх слайдуудад загасны тухай, загасны нүүдэл шилжилтэнд зориулсан суваг, цөөрөм хийх тухай, ерөнхий шаардлагуудын тухай байна.
No comments:
Post a Comment