Saturday, January 18, 2014

УСАЛГААТАЙ ТАРИАЛАНГИЙН ХӨГЖЛИЙН ХАНДЛАГА

Улс орны тусгаар тогтнолын баталгаа цэргийн арми гэх мэт батлан хамгаалахтай холбогдсон асуудал гэж бодвол эндүүрэл юм шүү. Хүнсний аюулгүй байдал бол тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын ноймор нэг баталгаа. Энэ аюулгүй байдал газар тариалангийн үйлдвэрлэлээс эхлэлтэй. Усалгаатай тариалан бол манай улсын хувьд чухал салбар юм. 2004 оноос Монголын усалгаатай газар тариалан сэргэж эхэлсэн /багшийн маань ажлын үр дүн/ нь усны инженерүүдийн чадварыг улам бүр шаардаж байна. 


УСАЛГААТАЙ  ТАРИАЛАНГИЙН ХӨГЖЛИЙН  ХАНДЛАГА


Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам
доктор, дэд профессор   Ш.Баранчулуун,
магистрант  Х.Кенжегүл
ХААИС-ийн Инженерийн сургууль
магистрант Б.Амартайван

Хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн үндсэн тулгуур нь болсон газар тариалангийн үйлдвэрлэлд голлох байр суурь эзэлдэг усалгаатай тариалангийн үйлдвэрлэлийн мэргэжилтний хэрэгцээ хангамж ямар байгаа, цаашдын эрэлт хэрэгцээний төлвийн талаар нухацтай авч үзэх цаг болсон байна.
Монгол орны усалгаатай газар тариалангийн хөгжлийн тулгуур нь хүний хүчин зүйл байсан бөгөөд хойшид ч тийм байх болно.
Хөгжилд үзүүлэх хүний нөлөөлөл нь биеийн хүчний хөдөлмөр, ажлыг гүйцэтгэх ур чадвар, мэргэжил боловсролын түвшин гэсэн гурван хүчин зүйлээс бүрдэж байна.  
Хөгжингүй улс орнууд мэргэжилтнийхээ мэдлэг боловсрол, ур чадварыг дээшлүүлэхэд хөрөнгө оруулалт хийх замаар усалгаатай тариалангийн үйлдвэрлэлийн шинэ техник, технологийг зохион бүтээж бүтээгдэхүүний  хэмжээг нэмэгдүүлснээр эдийн засгийн өсөлтийг бий болгодог бол бага буурай хөгжилтэй орнуудын хувьд шийдэл нь өөр байдаг байна.

Харин хөгжиж буй манай улс шиг орнуудын хувьд  өндөр хөгжилтэй орнуудаас орчин үеийн үйлдвэрлэлийн боловсронгуй шинэ техник, технологийг  имïортлон оруулж, өөрийн орны нөхцөлд зохицуулан нутагшуулахын тулд үндэсний үйлдвэрлэлд  оролцогсодын ажлыг гүйцэтгэх ур чадварын болон мэргэжил боловсролын түвшинг  дээшлүүлэх шаардлага аяндаа тулгардаг юм байна.   Энэ үйл явц манай орны усалгаатай газар тариалангийн үйлдвэрлэлийн салбарт сүүлийн жилүүдэд ихээхэн хурдацтайгаар өрнөж эхэллээ.
Усалгаатай тариалан нь хэдийгээр эрчимжсэн үйлдвэрлэл мөн боловч түүний үр өгөөжийг улам нэмэгдүүлэхийн  тулд дахин эрчимжүүлдэг. Үүний тулд усалгаа ба бордооны үйлчлэлд маш мэдрэмтгий чанартай сорт, эрлийзийг тариалж, усалгааны арга технологи, техникийг байнга  шинэчилж байх шаардлагатай байдаг.
2000 оны үед 5.3 мянган га талбайтай болтлоо уналтад ороод байсан манай улсын усалгаатай газар тариаланг сэргээн хөгжүүлэхийн тулд  2006 оноос эхлэн услалтын системийг сэргээн засварлах, шинээр барихад зориулсан хөрөнгө оруулалтын хэмжээг эрс нэмэгдүүлсэн байна.
2006-2012 оны хоорондох 7 жилийн хугацаанд зөвхөн услалтын системийн барилга байгууламжийн засвар, шинэчлэл, шинэ байгуулалтадад зоиулан улсын төвлөрсөн төсвөөс 29.4 тэрбум төгрөгийн, хувийн хэвшлээс 38.1 тэрбум төгрөгийн, гадаадын төсөл хөтөлбөрөөс 343.7 сая төгрөгийн,  орон нутгийн төсвөөс 250 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн байна.
Үүний үр дүнд  хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшилтэй 307 услалтын системийг ашиглалтад оруулж,  усалгаатай тариалангийн хэмжээг 50.3  мянган га-д хүргээд байна.  Тэдгээрийн 197 услалтын системийн 14.9 мянган га талбайг бороожуулагч машин, бичил усалгааны  төхөөрөмж ашиглан услаж байна. Тодруулбал усалгааны ажлын механикжуулалтын түвшин  32.2 хувьд хүрээд байна. 
Дэлхийн хэмжээнд усалгаатай тариалангийн хөгжлийн түвшинг ямар байгааг авч үзвэл,   “Усалгаатай тариалан ба хатаалтын олон улсын чуулган” (ICID) байгууллагын гишүүн (манай улс гишүүн бус) 42 улсын хэмжээнд 207.3 сая га (2010 он)  талбайд усалгаатай тариалангийн үйлдвэрлэл  эрхэлж байна. Эдгээр орнуудаас Энэтхэг Улсад 60.85 сая га, БНХАУ-д 57.8 сая га (2009 он),  АНУ-д 22.4 сая га (2008 он)  усалгаатай талбай ашиглагдаж байна.
2011 онд хийсэн  “Хөдөө аж ахуйн улсын тооллого”-ын дүнгээс үзвэл  улсын хэмжээнд   27078 өрх айл, 906 аж ахуйн нэгж, байгууллага услалтын системийг ашиглаж газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж  байна. Нийлбэр дүнгээрээ 49641.4 га талбайг услах хүчин чадалтай 2450 инженерийн хийцтэй,  16706 энгийн усалгаатай талбай тоологдсон бөгөөд  8828  усалгаатай талбайн  ангилал нь тодорхой бус байна.  
            Усалгаатай тариалан эрхлэгчдийн 92.0 хувь нь талбайгаа энгийн аргаар, 7.1 хувь нь бороожуулагчаар услаж байна.  Усалгааны орчин үеийн дэвшилтэт техник, технологи болох мананжуулах усалгааны төхөөрөмжийг 285, дуслын усалгааны төхөөрөмжийг 400, хөрсөн дотроос нэвчүүлэн услах төхөөрөмжийг 648 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ашиглаж байна.
Уналтад ороод байсан усалгаатай тариалангийн үйлдвэрлэл богино хугацаанд сэргэж байгаа энэ үед  нэгж талбайгаас  хураан авах ургацын хэмжээг дэлхийн дундаж түвшинд хүргэхийн тулд   технологи шинэчлэлийн чиглэлээр   их  ажил хийх шаардлагатай болоод байна.
Энэ зорилтыг гагцхүү чадварлаг сайн инженер, мэргэжилтний удирдлага, оролцоотойгоор л гүйцэтгэж  чадна. Өөр хувилбар байхгүй.
Ийм учраас  усалгаатай тариалангийн үйлдвэрлэлийн уураг тархи болдог Усны барилга байгууламж, услалтын системийн ашиглалтын инженер, техникийн боловсон хүчний тоог нэмэгдүүлэх, тэдгээрийн мэдлэг чадварыг дээшлүүлэхэд  нь зөвхөн сургалтын байгууллагын хүлээх үүрэг хэмээн орхигдуулбал алдаанд хүрч болзошгүй юм. 
Бороожуулагч машин, усалгааны тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулж чадвал  усалгааны ажлын бүтээмж  нэмэгддэг. Энэ байдал  улс орон бүрт харилцан адилгүй байна. Тухайлбал АНУ-д нийт усалгаатай талбайнхаа 63.1 хувийг бороожуулагч  машин болон  бичил усалгааны төхөөрөмж ашиглан усалдаг бол энэ үзүүлэлт Хятадад 7.6 хувь, Энэтхэгт 8.1 хувьтай байдаг ажээ. Гэтэл Их Британи Улс 110.0 мянган га, Израйл 231.0 мянган га, Словак 313.0 мянган га, ХБНГУ 540.0 мянган га усалгаатай талбайнхаа 98.1-100.0 хувийг бүрэн ба хагас автомат ажиллагаатай системээр тоноглосон байх юм.
Манай орны усалгаатай тариалангийн талбайд Герман, Канад, АНУ, Франц зэрэг өндөр хөгжилтэй орнуудын дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүнд бүхий фирмүүдийн  үйлдвэрлэсэн  усалгааны бороожуулагч машин, тоног төхөөрөмж, шахуурга, хөрс боловсруулах, таримал арчлах техникүүд хэдэн зуугаараа  ажиллаж байна.  Эдгээр машин, техникийн жолоодлого нь ихэнхидээ автоматчилагдсан, зарим нь алсын зайн удирдлагатай, гүйцэтгэж байгаа үйлдлээ комïьютерийн тусламжтайгаар хянаж,  алдааг засах ïрограмм хангамжтай байна.
Газар тариалан, барилгын үйлдвэрлэлд ашиглагдаж байгаа шинэ техникийн хөдөлмөрийн бүтээмж нь 1980-1990-ээд оны үед бидний ашиглаж байсан техникээс хэд дахин их мөртлөө нэгж үйлдлийг гүйцэтгэхэд зарцуулах хугацаа олон дахин багасч,  эрчим хүчний зарцуулалт нь ойролцоо хэмжээтэй буюу заримдаа  бага байдаг болжээ.
Тариалангийн талбайн хөрсний чийгийн агуулалт, таримлын шим тэжээлийн бодисын хангамж зэргийг байнга хянаж, усалгааны горимыг автоматаар тохируулдаг бороожуулагч машинууд ажиллаж байна.  Усалгааны сүлжээнд усны хуваарилалтыг хийдэг программчлагдсан удирдлагатай төрөл бүрийн  хаалт үйлдвэрлэлд нэвтэрч байна. 
Услалтын системийн барилга, байгууламжийн ажлын зураг зурах,  инженерийн тооцоог хийхэд ашигладаг олон янзын программууд зохион бүтээгдэж, ердийн хэрэглээ болоод байна.
Барилгын цоо шинэ материалууд бүтээгдэж, үйлдвэрлэлд шууд нэвтэрч байна.
Ийнхүү манай орны усалгаатай тариалангийн үйлдвэрлэлд дэлхий дахины шинжлэх ухаан, техник, технологийн  хөгжлийн дэвшил түргэн шуурхай нэвтэрч байгаагаараа их онцлогтой  байна.  Усалгаатай тариалангийн үйлдвэрлэл дэхь  дотоод, гадаадын хөрөнгө оруулалт тасралтгүй нэмэгдэж байна.
            Үүний үрээр  усалгаатай газар тариалангийн үйлдвэрлэл дэхь биеийн хүчний хөдөлмөрийн багтаамж улам бүр багасч, техникийн хүчээр  бүх ажлаа хийх боломж  жилээс жилд нэмэгдэж  байна. Гэтэл шинэ техникийг бүрэн хэмжээнд эзэмшсэн мэргэжил мэдлэгтэй, тэдгээрийг технологийн горимын дагуу ажиллуулж чаддаг инженер-техникийн  үндэсний боловсон хүчний хурц дутагдалд ороод байна.    
Техник, технологийн дорой хөгжилтэй цаг үед үйлдвэрлэлийн өсөлтөд биеийн хүчний хөдөлмөрийн үзүүлэх нөлөө их байдаг байсан бол өндөр технологийн  эрин үед  ажиллагсдын  мэдлэг чадварын түвшингээс аж ахуйн үйл ажиллагааны ашгийн хэмжээ шууд хамаардаг юм байна гэдгийг  усалгаатай тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид нэгэн дуугаар хүлээн зөвшөөрч байна.  
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн  “Атрын III аян - тариалангийн хөгжлийн үндэсний хөтөлбөр”-ийн  үр дүнд газар тариалангийн үйлдвэрлэл, тэр дундаа усалгаатай тариалан  нэн хурдацтайгаар сэргэлээ. Богино хугацаанд хөгжил дэвшилд хүрч чадсаны гол зангилаа нь техник, технологийн шинэчлэлийг  эрчимтэй хийсэнд  оршиж байсан билээ.
Гэтэл манай оронд  усалгаатай газар тариалан, усны барилга байгууламжийн  үйлдвэрлэлийн салбарт шинжлэх ухаан, сургалт, үйлдвэрлэлийн холбоо үндсэндээ тасарлаа.
Услалтын системийн үйлдвэрлэлийг ихэвчлэн мэргэжлийн бус хүмүүс эрхлэн хөтлөж байна. Олон зуун сая төгрөгийн өртгөөр барьж байгуулсан услалтын системээсээ их ургац авах чин хүсэл тэдэнд байгаа боловч юу хийх ёстойгоо мэдэхгүй байна. Хөрөнгө оруулалт, техник хангамж, мэргэжлийн боловсролын багтаамж өндөртэй, технологийн нарийн горимоор ажиллуулдаг услалтын системийн үйлдвэрлэлийг удирдан зохион байгуулах  чадвартай инженерийн эрэлт хэрэгцээ их байна. 
2011 онд хийсэн судалгааны мэдээгээр манай  улсын хэмжээнд услалтын системд 6,  усны барилгын байгууллагад  18, зураг төслийн байгууллагад  16 инженер ажиллаж байна. Инженерүүдийн 80 орчим хувь нь тавиас дээш насныхан байна.
            Одоогийн байдлаар манай улсад  инженерийн хийцтэй  307 услалтын системийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллага   ашиглаж байгаа бөгөөд тэдгээрт 50-60 орчим услалтын системийн ашиглалтын инженер шаардлагатай байна. Түүнээс гадна услалтын системийн гидротехникийн барилга, байгууламжийн ажил гүйцэтгэдэг 35  компани, зураг төслийн 13 компанид  усны барилга байгууламжийн инженер-гидротехникч нар  дутагдалтай байна.
            “Усны тухай” хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2 дах хэсэгт “хоногт 50 шоо метрээс их ус ашиглагч нь дотоод хяналтын цэг, техник хэрэгсэлтэй байх ба усны хэрэглээ хариуцсан ус ашиглалтын менежер ажиллуулах,” гэж хуульчилсан байдаг бөгөөд энэ нь 10 га–гаас том талбайтай  услалтын систем бүрт  усны хэрэглээ, усалгааны тоног төхөөрөмж, барилга байгууламжийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцсан мэргэжилтэн ажиллуулахыг шаардаж буй хэрэг юм.
            Цаашид усалгаатай газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд төр, засгаас  онцгойлон  анхаарч,  2013-2016 онд усалгаатай тариалангийн хэмжээг 30.0 мянган га-гаар нэмэгдүүлж   80.0 мянган га-д хүргэхээр  төлөвлөж байгаа тул   усны барилга байгууламжийн инженер-гидротехникч мэргэжлийн ажлын байрны орон тоо улам бүр нэмэгдэх болно. 
            Түүнээс гадна шинээр баригдах хүнд үйлдвэрүүд, усан цахилгаан станц, голын урсац тохируулах ба хуваарилах гидротехникийн барилга байгууламжууд,  хот суурин газрын усан хангамж, үерийн хамгаалалтын барилга байгууламж зэргийн зураг төслийг зохиох, барьж байгуулах,  ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан зохион байгуулах олон арван инженер-гидротехникчид шаардлагатай болно.
            Усалгаатай газар тариалангийн салбарын мэргэжилтэн бэлтгэхэд зөвхөн онолын сургалтыг танхимд явуулах нь хангалтгүй, оюутнуудыг үйлдвэрлэлд ажиллуулж дадлага туршлага эзэмшүүлэх, хөдөлмөрийн хүмүүжил олгох нь чухал гэдгийг багш, суралцагч хоёулаа мэддэг атлаа хэрэгжүүлж  чадахгүй  байна. Сургалтын материаллаг баазыг бүрдүүлэх, ашиглахад хөрөнгө мөнгөний дутагдал их байгаа нь үнэн боловч хамгийн гол нь багш нар, оюутнуудын сэтгэлгээний хоцрогдол, идэвхигүй назгайрал, санаачлагагүй байдал саад болж байна.
2009-2012 онуудад Үйлдвэр, хөдөө аж ахуй сайдын багцаас 1.1 тэрбум гаран төгрөгийн хөрөнгө оруулалт хийж Ховд, Дорнод, Увс, Дархан-Уул, Хэнтий аймагт усалгаатай тариалангийн технологийн чиглэлээр судалгаа хийх, сургалт явуулахад зориулан 5 услалтын системийг шинээр байгуулж, ШУТИС-ийн БИАСургуулийн сургалтын орчныг сайжруулахад  эд хөрөнгийн дэмжлэг үзүүлээд байна. Гэвч эдгээр услалтын системийн ашиглалт хангалтгүй, оюутны үйлдвэрлэлийн дадлага, үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан сургалт  зохих түвшинд  хийгдэхгүй байна.
Услалтын системийн ашиглалт, усны барилга байгууламж дээр оюутнуудыг урт хугацаагаар дадлага хийлгэдэг байсан  тогтсон уламжлал тасраад хориод жил болсныг  ШУТИС, ҮХААЯ ба бизнесийн байгууллагын хамтын ажиллагааны үр дүнд 2013 оноос  дахин сэргээлээ.
Усны барилга байгууламжийн инженер гэсэн ижил мэргэжлээр сургалт явуулж байгаа ШУТИС, ХААИС-ийн хооронд хамтын ажиллагааг хөгжүүлснээр  төгсөгчдийн мэдлэг чадвар,  сургалтын орчин, багшлах боловсон хүчний чадавхийг адил түвшинд хүргэх эхлэл тавигджээ. 
Манай орны аль ч их, дээд сургуулийг  төгсөн гарсан мэргэжилтнүүдийн мэдлэг, чадвар нь үйлдвэрлэлд шинээр нэвтэрч байгаа техник, технологийн дэвшлийг гүйцэхгүй хоцрогдож байгаад  төр, захиргаа, боловсролын байгууллагын аль аль нь дүгнэлт хийж, сургалтын чанарыг сайжруулахад чиглэгдсэн шинэ системийг боловсруулж хэрэгжүүлэхийг шаардаж буй хэрэг юм. 
Үйлдвэрлэгчид ажилд орж  байгаа  шинэ мэргэжилтнүүдээс илүү өндөр ур чадвар, ажлын хариуцлагатай байдал,  идэвхи санаачлагыг шаарддаг боллоо. Тухайлбал, усны барилга байгууламжийн инженерээс дараах  мэдлэг, чадварыг  хүсч, шаардаж байна.
-          Аливаад хариуцлагатай хандах,
-          Ажлын ачаалал даах,
-          Үйлдвэрлэлийг удирдан зохион байгуулах,
-          Албан бичиг хэрэг хөтлөх,
-          Англи хэлний ярих, бичих,
-          Барилга байгууламжийн төсөл зохиох, ажлын  зураг зурах,
-          Геодезийн хэмжилт, тооцоо  хийх,
-          Барилгын болон усалгааны техникийг ажиллуулах,
-          Хоёрдогч гадаад хэлтэй байх,
-          Хөрвөж ажиллах боломжтой байх зэрэг болно.

Өнөөгийн манай нийгэмд нэгэнт буй болсон гажиг үзэгдэл болох ажлын байр байсаар байтал мэргэжилтэн олдохгүй, дипломтой мэргэжилтэнд ажил олдохгүй байна гэдэг бол   сургууль, үйлдвэрлэгч, суралцагчийн хоорондын холбоо тасарсны  сөрөг үр дагаварын илрэл хэмээн дүгнэж байна.  

2 comments:

  1. Сайн байна уу? Танд Халх голын орчмоор газар тариалан эрхэлж байгаа иргэд,аж ахуй нэгжүүд усалгааны системээ яаж шийддэг талаар мэдээлэл байвал оруулж өгч тус болооч.

    ReplyDelete
    Replies
    1. Сайн байна уу. Янз бүрийн аргаар л шийддэг байх. Нэг явж үзэхдээ иргэд аж ахуйн газраар орж үзээгүй юм байна. Усны эх үүсвэрээсээ хамаараад янз бүр байх боломжтой. Халх голын хажуу талбайнууд бол гадаргуугаар услахаас гадна бороожуулж усалж байгаа байх. Аж ахуйн нэгжүүд бороожуулах машинаар (center pivot) усалдаг байх. Одоогоор энэ талаар нарийн мэдээлэл алга байна. Уучлаарай.

      Delete