Ус хэрэглээний томоохон салбар бол усалгаатай тариалан. Усны төлбөрийн асуудалтай холбоотой болохоор сав газруудад, ялангуяа менежмент хийхэд тустай болов уу.
Усны үнэ цэнэ
ТАРИАЛАНГИЙН УСАЛГААНД ХЭРЭГЛЭСЭН УСНЫ
ТӨЛБӨРИЙГ ТООЦОХ ЗАРЧИМ
Гидравлик, усны барилга
байгууламжийн профессорын
багийн тэргүүлэх профессор,
доктор М.Дугармаа
Хүнс, усны хэрэгцээ ихсэж, ус хомсдохын хирээр усны үнийг зөв тогтоох,
усыг үр өгөөжтэй ашиглах асуудал улам бүр чухал болсоор байгаа билээ.
Усыг үнэлж, төлбөртэй болгох
зорилгын үндэслэл нь хэрэглэгчийн үйл ажиллагааг хяналтад оруулж, хэрэглээний өрсөлдөөний
дунд хомсдож буй усны нөөц баялгийг жигд, хүртээмжтэй хуваарилах нөхцлийг бий
болгоход оршдог.
Усны үнийг бодит байдалд нийцүүлэн тогтоосноор усны байнга өсөн нэмэгдэж
буй хэрэгцээг тогтворжуулахад тус дөхөм болох боловч энэ нь усны нөөцийг зүй
зохистой ашиглах, хэмнэхэд чиглэгдсэн
хамгийн шалгарсан арга мөн эсэх нь мэргэжилтнүүдийн дунд маргаантай
хэвээр байна.
Дэлхий дахинд болон манай орны хувьд ус хэрэглээний хэмжээгээрээ газар
тариалангийн салбар тэргүүлэх байр сууринд байгаа бөгөөд хойшид ч хэвээр байх төлөв
ажиглагдаж байна. Иймээс усны үнэ, төлбөрийн
асуудал тариалан эрхлэгчдийн анхааралд байнга байдаг бөгөөд энэ нь зарим
улс оронд тариачдын ашиг орлогод нөлөөлөх
нэг хүчин зүйл болдог байна.
Усалгаатай тариаланд хөрөнгө оруулалт хийх, түүний үйл ажиллагааны болон засвар үйлчилгээний
зардлыг нөхөх асуудалд усны үнэ, төлбөр
нөлөөлдөг тул түүнийг зөв тогтоох тухайд
олон арван жил яригдаж байгаа
ярвигтай асуудал юм.
Дэлхийн бараг ихэнхи улс оронд тариалангийн усалгаанд хэрэглэсэн уснаас бага төлбөр авч байна гэж яригддагийн
зэрэгцээ тариаланчдын багахан хэсэг нь энэхүү төлбөрийг төлдөг гэсэн шүүмжлэл
байнга гардаг. Гэтэл эсрэгээрээ, усны төлбөрийг услалтын системийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлаас хавьгүй дээгүүр тогтоож байгаагаас үйлдвэрлэлийн ашигт
байдалд муугаар нөлөөлж байна гэсэн гомдол тариаланчдаас гардаг.
Энэ нь усны асуудал хариуцсан
болон татварын байгууллагууд, фермерүүдийн хооронд байнгын үл
ойлголцолыг үүсгэдэг байна.
Маргааныг саармагжуулах аргын нэг нь Засгийн газраас
усалгаатай тариалан эрхлэгчдэд татаас, дэмжлэг, бусад төрлийн хөнгөлөлтийг үзүүлэх
явдал юм. Засгийн газрын ийм шийдвэр нь
хоёр талын ашигтай байдаг.
Нэгдүгээрт, усалгаатай тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийн тоог нэмэгдүүлж,
тэдгээрийн үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангаж, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг
нэмэгдүүлж чаддаг. Санхүүгийн чадавхи сайтай болсон тариаланчид усны төлбөрөө
хугацаанд нь бүрэн төлж барагдуулдаг.
Хоёрдугаарт, фермерийн төлсөн усны төлбөр нь услалтын систем, усан сан, далан, суваг зэрэг гидротехникийн барилга
байгууламжийг шинээр барих, түүний
засвар үйлчилгээг хийхтэй холбогдуулан
Засгийн газраас гаргах хөрөнгө
оруулалтын эх үүсвэрийг бүрдүүлдэг
байна.
Ус
хэрэглэсний төлбөр нь хэрэглэсэн усны үнэ
ба хэмжээг зөв тогтоож чадсан эсэхтэй шууд хамааралтай байдаг, байнгын маргаан дагуулсан, шийдвэрлэхэд түвэгтэй
асуудлын нэг энэ юм.
Тариалангийн усалгаанд
хэрэглэсэн усны хэмжээг тооцох гурван арга байдаг юм. Үүнд, тоолуурын арга, тоолуурын бус залгай буюу тухайн талбайн хэмжээнд
ноогдуулан тооцох арга, зах зээлийн тооцооны арга зэрэг болно.
Тоолуурын арга гэдэг нь зориулалтын тоолуур
ашиглан усалгаанд хэрэглэсэн усны бодит хэмжээг гаргаж төлбөр ноогдуулах арга юм.
Тоолуурын бус задгай тооцоо
гэдэг нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд, түүнийг
үйлдвэрлэхэд зарцуулсан усны орцод, тариалангийн газрын үнэ цэнд ноогдуулан
хэрэглэсэн усны хэмжээг ойролцоогоор тогтоохыг хэлдэг. Тоолуурын бус арга нь
усны бодит хэрэглээний талаар хангалттай мэдээлэл авах боломжийг хязгаарладаг.
Зах зээлийн тооцооны арга
гэдэг нь усны эрэлт, нийлүүлэлт,
тариалангийн газрын эдийн засгийн ач холбогдолтой нь уялдуулан усны төлбөрийг
тогтоосныг хэлнэ. Энэ арга нь усалгааны ус хэрэглэх эрхийн төлөөх өрсөлдөөний
улмаас үүсч бий болсон зах зээлийн шахалт дарамтад дулдуйдсан арга юм.
Хэрэглэсэн усны бодит хэмжээг тоймлож гаргадаг.
Усалгааны усны менежмент хийх
явцдаа усаар хангахад зориулсан зардлыг нөхөх,
нэгж бүтээгдэхүүнд зарцуулах усны хэрэглээг бууруулах гэсэн үндсэн хоёр
зорилгод хүрэхийн тулд дараах хоёр асуудалд анхаарал хандуулах нь чухал.
Нэгд, орон нутгийн нөхцөл
байдалд тохирсон үнийн хамгийн үр ашигтай механизмыг бий болгох, хоёрт, ус
хэрэглэсний төлбөрийг хамгийн их
хэмжээгээр хураан төвлөрүүлэх стратегийг боловсруулах явдал юм.
Тариаланчдаас усалгааны усны төлбөр авах хоёр үндэслэл байдаг байна.
Нэг дэхь үндэслэл нь
услалтын системийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлын
санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх явдал юм. Түүнээс гадна услалтын
системийн гидротехникийн барилга
байгууламжийг барих санхүүжилтыг босгох зардлыг усны төлбөрт
шингээн тооцож болдог байна. Энэ
тохиолдолд Засгийн газар усалгааны усыг тариалангийн талбайн захад хүргэх бүх үүргийг
өөртөө хүлээх нь зохимжтой. Энэ хувилбарыг Америк, Канад зэрэг нилээд оронд
хэрэглэдэг байна.
Хоёр дахь үндэслэл нь нэгжээс авах ургацад аль болох бага ус
зарцуулах, эсвэл нэгж хэмжээний усаар
их бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд фермерүүдийг
шахахад чиглэгдсэн байдаг. Энэ нь
усалгаатай газар тариалангийн хэмжээ нэмэгдэж, усны хэрэглээ ихсэх тусам усны
зохистой хэрэглээний ач холбогдолыг өндөрсгөдөг
сайн талтай. Ялангуяа манай орон шиг тархай бутархай тариалантай газарт усны төлбөр тогтоох энэ үндэслэл илүү
тохиромжтой. Учир нь энэ үндэслэлийн мөн
чанар нь хувь фермерийн хүчин чармайлтыг дэмжихэд чиглэгдсэн байдгаараа онцлог
юм.
Усны зохистой хэрэглээний эдийн засгийн
агуулга нь техникийн болон бодит
боломжийн хязгаарт тулсан хамгийн их ашиг орлогыг олоход оршдог байна.
Усыг зохистой, үр өгөөжтэй
ашиглаж чадвал тариалангийн техник, технологийн тусламжтайгаар уснаас нийгэм, эдийн
засагт үзүүлэх ашиг тусыг хамгийн өндөр
хэмжээнд байлгах боломжийг бүрдүүлж
чаддаг. Практик утгаар нь авч үзвэл, усны ашиглалтыг сайжруулсны үр дүн нь нэгж
усаар үйлдвэрлэх таримлын хэмжээ, түүний
үнэ цэнийг нэмэгдүүлснээр илэрдэг
гэж ойлгож болно.
Тариалангийн усалгааны үнийг хамгийн боломжтой
хэмжээнд тогтоох нь усыг зохистой ашиглах, хуваарилах зайлшгүй шаардлагатай
арга зам гэгддэг боловч энэ асуудлыг хэрхэн
шийдвэрлэх вэ гэдэг нь маргаантай хэвээр байна.
Усны эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх нэг арга зам нь түүний
хэрэглээнд тохирсон үнийг тогтоох явдал
юм. Үнэд суурилж төлбөрийн хэмжээг тогтоодог.
Усны төлбөр тогтоох арга, зарчим
нь эдийн засгийн, нийгмийн харилцаагаар хязгаарлагдахгүй улс төрийн талаасаа ч ихээхэн эмзэг асуудал байдаг юм. Иймээс
тариалангийн усжуулалтын үйл ажиллагаанд
зарцуулах зардал, үр ашгийн тооцоог хийхдээ
усны бодит үнэ, төлбөрийн хэмжээг
тогтоодог арга, зарчмыг зөв сонгох зайлшгүй шаардлага урган гардаг.
Байгаль цаг уур, санхүүгийн нөхцөл
байдлаас хамааран усны үнэ, төлбөрийн хэмжээг тодорхойлох хэд хэдэн зарчим байдаг. Тэдгээрийн эерэг ба сөрөг талыг авч үзье.
Зардлаа нөхөх зарчим
Зардал нөхөх зарчмыг сонгохдоо
усны аль өртөг, зардлыг нөхөх, ямар механизмаар энэ асуудлыг шийдвэрлэхээ
нарийвчлан тодорхойлох хэрэгтэй.
Усалгааны усны нийт өртөг,
зардлыг гурван ангилалд буюу үйл
ажиллагааны шууд зардал, байгаль орчны нөлөөллийн
зардал, ус ашиглагчдын төлж чадах боломжит зардал гэж ангилан үзэж
болно.
Шууд зардал нь
тогтмол болон хувьсах гэсэн 2 үзүүлэлттэй,
усалгааны усыг хуримтлуулах, түгээхтэй холбогдсон зардал юм.
Усан сан, суваг, насос, усны
тоолуурыг суурилуулах зэрэг усалгааны байгууламжийн хөрөнгө оруулалтын зардал,
элэгдэл хорогдол, хөрөнгө оруулалтад ноогдох хүүгийн төлбөр зэргийг тогтмол
зардал хэмээн тооцдог.
Усыг түгээхтэй шууд хамааралгүй
удирдлагын зардал, усыг түгээх үйл
ажиллагааны болон засвар үйлчилгээний зарим зардал нь түгээсэн усны нийт хэмжээний хувьд
хэлбэлздэггүй тул үүнийг тогтмол зардал гэж үздэг.
Хувьсах зардал нь ус түгээх үеийн
ашиглалтын болон засвар үйлчилгээний зардал, түр хугацааны ажиллах хүчний
зардал, ус дамжуулах, усыг шахуургаар өргөх зэрэг ус хангамжтай
холбогдох зардал болон усны алдагдлаас үүсэх бусад зардлууд багтана. Усалгааны байгууламжийн
байршил, ус түгээх арга, технологи, улирлын байдлаас шалтгаалан эдгээр зардал
нь хэлбэлзэж байдаг.
Байгаль орчны зардалд хөрсний элэгдэл, эвдрэлээс хамгаалах,
хөрс усанд угаагдах, давсжих, намагших
эрсдлийг тооцож оруулна. Гэвч
практик амьдрал дээр байгаль орчинд учирч болох хохирлыг бүрэн тооцож зардалд
шингээх явдал ховорхон тохиолддог.
Ус ашиглагчдын төлж чадах боломжит зардлын хэмжээг тогтоохдоо ямар
зардлуудыг усны төлбөр хураамжид
оруулж тооцохоо шийдсэний дараа фермерүүдэд ноогдуулах хувь хэмжээ ямар
байх вэ гэдгийг бодох хэрэгтэй.
Ихэнх тохиолдолд ус нийлүүлэхтэй
холбогдсон шууд ба шууд бус зардлын хэмжээг Ус ашиглагчдын төлж чадах боломжит
төлбөр болгон тогтоодог. Гэхдээ ус хэрэглэгч фермер бүх төлбөрийг дангаараа
хариуцах ёстой эсэх нь тодорхой бус хэвээр байна. Учир нь услалтын системийг
барьж ашигласнаар тэр нутгийн хүн ам, мал аж ахуй болон үйлдвэрлэлийн
хэрэглээний усыг нийлүүлэх, үерийн
уснаас хамгаалах, эрчим хүч үйлдвэрлэх зэрэг олон асуудлыг хамтад нь шийдвэрлэдэг байна.
Ази тивийн хэмжээнд ашиглагдаж
буй услалтын системийн 90 хувь орчим нь
олон зориулалттай байдаг байна. Энэ
тохиолдолд ус хэрэглэгч бүр өөрсдийн авч буй үйлчилгээ, хэрэглээний
зориулалтаас шалтгаалан тодорхой хувь хэмжээгээр усны төлбөрийг хуваан хариуцдаг юм байна.
Усны төлбөр, зардлыг
хэрэглэгчдэд хуваарилан ноогдуулах нийтлэг гурван арга байдаг байна. Үүнд:
-усны барилга байгууламжийн
ашиглалтын,
- сонголттой өөрчлөгддөг
зардлын,
- салангид зардал, үлдэгдэл ашгийн арга зэрэг
болно.
Талбайд усны төлбөр ноогдуулах зарчим
Тариалангийн талбайд
ноогдуулсан усны төлбөрийн хэмжээ нь тогтмол байдаг ба энэ нь усалж буй эсвэл
услах ёстой талбайн хэмжээнд суурилсан байдаг. Нийт усалгаатай талбайн хэмжээг
дундаж үнийн зарчмыг мөрдөн усалгааны усаар хангахтай холбогдсон услалтын системийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд хуваан тооцоолдог.
Усаар хангагч аж ахуйн нэгжийн хувьд тухайн талбайг
эзэмшигч фермерүүдэд ноогдуулсан хураамжийг бууруулах хөшүүргэ болж болох
учраас услалтын системийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг зөв тооцох нь ихээхэн чухал юм.
Түүнчлэн усалгаатай талбайн ашиглалтын хэмжээ тухайн
жил, улирлаас шалтгаалан хэлбэлздэг. Жишээлбэл, бороо ихтэй улиралд усалж байгаа талбайн хэмжээ, хуурай
улирлынхаас ямагт бага байдаг учраас усжуулалтын асуудал хариуцсан этгээд
усалсан талбайн хэмжээг улирал тус бүрээр гаргах зайлшгүй шаардлагатай болдог.
Төлбөр тогтоох энэхүү зарчмын дутагдалтай тал нь услах талбайн хэмжээг талууд харилцан
тохиролцсон л бол усны төлбөр хураамжид фермерийн хэрэглэсэн усны хэмжээ нөлөөлөхгүй. Учир нь нэг га
талбайд ноогдох нэмэлт усалгааны усны төлбөр нь тэгтэй тэнцүү болдог байна.
Ингэснээр усны хэрэглээ өндөр
байхаас гадна усалгааны толгойн барилгын
ойролцоо, сувгийн эхэнд байрлалтай талбайтай
фермерүүд усыг хэтрүүлэх ашиглах нь их байдаг.
Энэ зарчын давуу тал нь усны
хэрэглээг тооцоолоход хялбар, фермерүүдийн хувьд ойлгоход амар байхаас гадна
усыг түгээх явцдаа хэмждэггүй тул үйл ажиллагааны зардал нь тоолуурын аргаас
хямдхан байдаг. Түүнчлэн шууд зардлын
дунджаар нэг га талбайд ноогдуулах хураамжийг тогтоон усны төлбөр хураамжийг
100 хувь хураасан гэж үзвэл шууд зардлыг бүрэн нөхөх боломжтой болно.
Энэ зарчим нь нэгж га талбайд зарцуулах усны хэмжээг
бууруулах ямар нэгэн хөшүүрэг болохгүй боловч хэрэгжүүлэхэд хялбар дөхөм
байдгаас дэлхий нийтээр түгээмэл ашигласан хэвээр байна.
Талбайн хэмжээнд суурилсан усны
төлбөр тогтоох зарчим нь нэг төрлийн
таримал тариалдаг, усны нөөц ихтэй, хангамж сайтай, тоолуур суурилуулахад
бэрхшээлтэй эсвэл, өртөг зардал өндөртэй газар нутгуудад хэрэглэхэд нэн
тохиромжтой. Гэсэн хэдий ч
тариалсан талбайн хэмжээнд төлбөр
ноогдуулах зарчмыг ашиглах нь багасч, үүний
оронд дизайндсан талбайд төлбөр ноогдуулах гэсэн шинэ зарчмыг нэвтрүүлж эхлээд
байна.
Талбайд төлбөр ноогдуулах
зарчим нь талбай-таримал (хамгийн их
ашиглагддаг хувилбар), талбай-усжуулалт, талбай-улирал болон талбай-технологид суурилсан
төлбөр тогтоох гэсэн хэд хэдэн төрөлтэй
байдаг.
Талбай-тарималд суурилсан төлбөрийн
зарчим нь таримлын төрлөөр усалгаатай
нэгж талбайд ялгавартай төлбөр тогтоох байдлаар хэрэгждэг.
Таримал ургамлын төрлөөс
шалтгаалан усны төлбөрийг ялгавартай тогтоодог нь бодлого боловсруулагчдын
тавьсан зорилттой холбоотой байдаг. Хэрэв тэд усны хэмнэлттэй хэрэглээг дэмжиж
байгаа бол ус ихээр зарцуулдаг таримал
тариалсан талбайд өндөр төлбөр ноогдуулах ёстой. Ийнхүү
тарималд ноогдуулж буй төлбөрийн хэмжээ нь хоорондоо ихээхэн зөрүүтэй
болсноос шалтгаалан фермерүүд ус бага
шаарддаг өөр төрлийн таримал тариалах сонирхолтой болдог.
Талбай-тарималд суурилсан төлбөрийн
зарчим нь ус бага зарцуулдаг таримал
тарих хүсэл эрмэлзлэл төрүүлдэг болохыг харуулж байна. Эсрэгээрээ хэрэв Засгийн газар зарим таримлын
бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хязгаарлах
бодлого барьж байгаа бол эдгээр тарималд ноогдуулах усны төлбөрийн хэмжээг
бусад таримлынхаас хамаагүй өндөр тогтоох боломжийг олгодог.
Талбай-усжуулалтад суурилсан төлбөрийн зарчмын хувьд усалгааны төрөл бүрийн арга технологи,
техникийн хангамжийн нөхцлийг харгалзан усны төлбөр ноогдуулдаг арга юм.
Жишээлбэл, гравитацийн /гадаргуугын өөрөө урсгалт/ услалтын системийн ашиглалт нь албадмал түрэлтэт услалтын системээс олон дахин бага хувьсах зардалтай байдаг. Далд услалтын
системийн давуу тал нь гадаргын усалгааны бусад аргуудтай харьцуулахад усалгааны усны хэмжээг
хэмжих, хянах боломж олгодог явдал юм.
Далд услалтын системийн анхны хөрөнгө
оруулалтын болон ашиглалтын үеийн өртөг
зардал, нэгж уснаас олох нийт ашгийн хэмжээ зэрэг нь өөрийн урсгалт, ил услалтын системийнхээс өндөр байдаг учраас
нэгж талбайд ноогдуулах төлбөрийн хэмжээ
нь нэгэн адил ямагт их байдаг.
Услалтын системийн нэгж талбайд ноогдуулах төлбөрийн хэмжээ харьцангуй тогтмол байдаг онцлогтой. Энэ шалтгааны улмаас хэрэглэсэн усны хэмжээгээр бус усалсан талбайн хэмжээнд төлбөр ноогдуулах
зарчим нь илүү түгээмэл ашиглагдаж
байна. Энэ зарчмын хамгийн дутагдалтай тал нь фермерүүд ус хэмнэх талаар санаа
тавьдаггүйд оршино.
Талбай-улиралд
суурилсан төлбөрийн зарчмыг зарим
улс орнууд хэрэглэдэг. Энэ зарчмын
онцлог нь ус хомс, хуурай улиралд, эсвэл ус хэрэглээний
оргил үед усны төлбөр өндөр, ус харьцангуй элбэг дэлбэг, борооны улиралд, эсвэл хэрэглээ багатай үед усны төлбөр бага байдагт оршино.
Усны төлбөрийн ийм уян хатан
зарчим нь хуурай гандуу улиралд тариалах талбайн хэмжээг хязгаарлах, ус
хэрэглээний оргил үеийн ачааллыг бууруулах, усыг хэмнэлттэй хэрэглэх хөшүүргэ
болдогоороо ач холбогдолтой.
Тухайлбал Франц Улсад усны оргил
болон хамгийн бага хэрэглээний үед төлбөрийг ялгавартай ноогдуулдаг төлбөрийн зарчмыг хэрэглэдэг.
Усны оргил хэрэглээний улирал нь зуны таван сар үргэлжилдэг бөгөөд энэ хугацаанд усыг тасралтгүй, хүртээмжтэй нийлүүлэхэд хүрэлцэхүйц хамгийн боломжит зардлын хэмжээнд тулгуурлан усны төлбөрийг тогтоодог байна. Усны үнэ ба төлбөрийн зөрүүнээс бий болсон
хуримтлал нь ирээдүйд хэрэгжүүлэх
томоохон төслийн зардлыг санхүүжүүлэх эх
үүсвэрийг бүрдүүлдэг байна.
Усны хэрэглээ хамгийн бага байдаг улиралд зөвхөн үйл ажиллагааны зардлыг нөхөх
хэмжээний төлбөрийг авдаг байна.
Талбай-технологид суурилсан төлбөрийн зарчим нь хосолмол
шинж чанартай байдаг. Онолын хувьд
сонгосон усалгааны технологийг үйлдвэрлэлд
нэвтрүүлэхэд чиглэгдсэн шинэ зарчим бөгөөд одоогоор төдий л их өргөн дэлгэрээгүй байна.
Зарчмын үндсэн гол санаа нь талбай-тарималд суурилсан төлбөрийн зарчимтай ойролцоо боловч усалгааны усанд хэмнэлттэй дэвшилтэт арга
технологийг нэвтрүүлсэн нэгж
талбайд ноогдох усны төлбөрийг багаар тогтоодогоороо онцлог ялгаатай.
Жишээлбэл, дуслын болон хөрсөн дотроос нэвчүүлэх усалгааны аргыг
хэрэглэж байгаа талбайд зарцуулсан нэгж
усны төлбөр нь гадаргуугийн усалгаатай талбайнхаас хэд дахин багаар
тогтоогддог байна.
Төлбөрийн энэ зарчмыг хэрэгжүүлснээр усны нэгж зарцуулалтад ноогдох бүтээгдэхүүний
хэмжээ нэмэгдэхийн зэрэгцээ усалгааны усны зарцуулалтыг удирдах, хянах боломж
олгодгоороо давуу талтай.
Ийнхүү усалгааны дэвшилтэт аргыг нэвтрүүлээгүй фермерүүдийн
нэгж талбайд илүү их төлбөр
ноогдуулснаар тэднийг өөрчлөлт шинэчлэлт
хийх аргагүй байдалд шахаж оруулдаг байна.
Хураасан ургацын хувь хэмжээгээр усны төлбөрийг ноогдуулах зарчим
Төлбөрийн энэ арга нь нэг төрлийн таримал
тариалдаг газар нутгуудад түгээмэл хэрэглэгддэг. Төлбөрийн хувь хэмжээг тогтоох
2 үндсэн арга байдаг.
Нэгд, тогтмол хэмжээний төлбөр ноогдуулах. Тодруулбал, тухайн жилд хураасан ургацын хэмжээнээс үл хамааран нэгж талбай тутмаас тогтмол хэмжээний ургацыг усны төлбөрт авдаг байна. Жишээлбэл, 1 га
талбай тутмаас 10 кг лууванг усны
төлбөрт авна.
Хоёрт,
хураан авсан ургацын тодорхой хувийг усны төлбөрт авах. Жишээлбэл, нийт хураан авсан луувангийн
5 хувьтай тэнцэх хэмжээний ургацыг усны төлбөр болгоно.
Эхний
зарчим нь нэгж талбайд ноогдуулдаг усны төлбөртэй төстэй боловч төлбөрийг бэлэн
мөнгөөр бус бүтээгдэхүүнээр төлөх боломж
олгодгоороо ялгаатай, үнийн инфляцид
бага өртдөг сайн талтай.
Хоёрдахь зарчим нь үнийн инфляцид өртөх
эрсдлийг бууруулахын зэрэгцээ фермерийн үйлдвэрлэлийн хэмжээтэй уялдсан нилээд
шударга шийдвэр юм. Ялангуяа үйлдвэрлэсэн
бүтээгдэхүүний хэмжээ бага байхад төлбөр бага гардаг давуу талтай.
Харин
жил бүр фермерийн ургацын хэмжээг тогтоох шаардлагатай болдог нь энэ
зарчмын дутагдалтай тал юм. Тогтоосон ургацын хэмжээтэй фермерүүд ямагт
санал нийлдэггүй тул энэ ихээхэн ярвигтай байдаг. Түүнчлэн энэ аргыг буруугаар
ашиглах магадлал өндөр байдаг.
Тоолуурын заалтыг баримтлан усны төлбөр ноогдуулах зарчим
Усны тоолуурын заалтыг
баримтлан төлбөр ноогдуулахдаа усалгааны сүлжээгээр дамжуулсан усны бодит хэмжээнд суурилдаг.
Төлбөрийн энэ зарчмын
давуу тал нь фермерүүдэд усны хэрэглээгээ хязгаарлах эрмэлзлийг бий
болгохоос гадна талбайг усалсан усны
хэмжэээгээр төлбөрийг авч байгаа гэдэг утгаараа ойлгоход хялбар байдаг.
Энэ
зарчмын дутагдалтай тал нь усны тоолуур алдаатай ажилласан тохиолдолд төлбөрийн
хэмжээ буруу тогтоогддог. Иймээс
хэрэглэсэн усны хэмжээг энгийн төхөөрөмж
ашиглан хянах, онолын тооцоогоор давхар шалгаж байх шаардлагатай.
Блок үнээр усны төлбөр ноогдуулах зарчим
Блок үнэ гэдэг нь тооцоот
хугацаанд таримлын төрөл тус бүрийн услалтын нормын хэмжээгээр нь багцлан үнэлсэн төлбөрийн хэмжээг
хэлдэг. Тодруулбал, буудайн услалтын нормыг 3500 м3/га/улирал, байцааны
услалтын нормыг 6000 м3/га/улирал гэх мэтчилэн тогтоож усны төлбөр ноогдуулахыг хэлнэ.
Усны блок үнэ нь тогтмол суурь, нэмэгдсэн гэсэн хоёр хэмжээтэй байдаг.
Усны хүрэлцээ хомс, хэрэглээ
их байгаа тохиолдолд нэмэгдсэн блок үнээр
төлбөр тогтоодог. Мөн тариалан эрхлэгчдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх,
услалтын системийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг нөхөх, усны зохисгүй
хэрэглээг хязгаарлах зорилгоор нэмэгдсэн
блок үнээр усны төлбөр ноогдуулж болдог байна.
Израиль, Бостван çýðýã улсад төлбөрийн энэ зарчмыг мөрддөг.
Тухайлбал, газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж эхэлж байгаа фермерт дэмжлэг үзүүлэх зорилгоор
усны суурь блок үнийг багаар
тогтоож төлбөр ноогдуулдаг байна.
Ингэхдээ хэрэглэх усны хэмжээ нь
таримлын ус хэрэглээний хамгийн бага нормоор тогтоогддог бөгөөд услалтын
системийн ашиглалт, засвар үйлчилгээний
бодит зардлаас бага төлбөр авч болдог байна. Энэ тохиолдолд фермер зөвхөн зөвшөөрөгдсөн
хэмжээний усыг хэрэглэж, маш бага хэмжээний
усны төлбөр төлөх хатуу болзлыг хүлээдэг. Хэрэв зөвшөөрөгдсөн хэмжээнээс их ус хэрэглэсэн
байвал хэрэглээнээс хэтэрсэн усанд нэмэгдсэн блок үнээр төлбөр ноогдуулдаг
байна.
Фермерийн
үйл ажиллагаа тогтворжиж, ашиг орлого нь дээшилсэн үед, эсвэл ус ашиглалтын зөрчил гаргасан тохиолдолд
нэмэгдсэн блок үнээр төлбөр ноогдуулна.
Энэ төлбөрийн хэмжээ нь услалтын системийн ашиглалт, засвар үйлчилгээний бодит зардлаас өндөр
байна. Жишээ нь, Бостван Улсад нэмэгдсэн
блок үнэ нь суурь үнээс 2 дахин илүү тогтоогддог байна.
Блок
үнээр усны төлбөр ноогдуулах зарчим нь
хуваарилалтын квотын зарчимтай ойролцоо тул Ботсван, Хятад çýðýã
îðîíä тогтмол суурь блокыг “квот” гэж
нэрийддэг бөгөөд квотоос хэтэрсэн усандаа хоёр дахин илүү үнэ төлөх ёстой гэдэг
дүрмийг мөрддөг ажээ.
Суурь блок ба нэмэгдсэн блок үнийн хоорондын зөрүү их байгаа үед фермерүүд усныхаа
хэрэглээг тогтоосон нормоос хэтрүүлэхгүй байхыг хичээдэг сайн талтай.
Блок үнийн зарчмын дутагдалтай тал нь блок тус
бүрт мөрдөх төлбөрийн хэмжээг тогтооход төвөгтэй байдаг. Үүнээс гадна
суурь блок үнийн хязгаарт хамаарах усны хэрэглээ ихсэхэд усны төлбөр нь услалтын системийн
ашиглалт, засвар үйлчилгээний
зардлыг нөхөхөд хүрэлцэхгүй байх
магадлалтай. Ийм нөхцөл заримдаа бороо хур ихтэй улиралд бий болдог.
Усалгааны ус хомс, фермийн аж
ахуйгаас олдог орлого доогуур, тариалангийн үйлдвэрлэлийн цэвэр ашгийн
хэмжээнд ноогдох усны төлбөр харьцангуй өндөр
байгаа тохиолдолд энэхүү аргыг хэрэглэх нь
илүү зохимжтой.
Ялгаварт хэмжилтээр төлбөр ноогдуулах зарчим
Дээр дурьдсан блок үнэд
суурилсан төлбөрийн зарчмыг мөрдөх үед
услалтын системийн ашиглалт,
засвар үйлчилгээний зардлыг бүрэн нөхөх, усны хэрэглээг багасгах гэсэн
хоёр зорилт нь байнга зөрчилддөг дутагдалтай талтай. Ялгаварт
хэмжилтээр төлбөр тооцохын давуу
тал нь энэ зөрчилдөөнийг зохицуулж чаддагт оршдог.
Хэрэглэсэн усны зарцуулгыг
тоолуураар болон тогтмол нормоор
тооцохыг ялгаварт хэмжилт гэдэг.
Усны тоолуурын заалтад
суурилан хэрэглэсэн усны хэмжээг гаргаж
төлбөр авдаг зарчим нь хэрэглээг
багасгахад чиглэдэг бол
тогтмол нормоор тооцох зарчим
нь зөвхөн усны төлбөрөөс тодорхой хэмжээний орлого олох баталгааг
хангахад чиглэгддэг.
Усны төлбөр ноогдуулах дан болон давхар үнийн зарчим
Усны дан үнэ гэж
усны эх булгаас авсан усыг хэрэглэгчид хүргэх үйл ажиллагаанд зарцуулсан
шууд зардлыг хэлдэг. Ихэнхи
тохиолдолд дан үнэд суурилсан усны төлбөрийн
нийлбэр хэмжээ нь услалтын системийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлын
хэмжээтэй тэнцүү байдаг.
Нэг ус хэрэглэгчийн ыйштөлөх төлбөрийн хэмжээг гаргахдаа
түүний эзэмшиж буй талбайн хэмжээ, эсвэл хураасан ургацын хэмжээнд дүйцүүлэн ноогдуулдаг.
Давхар үнэд
суурилсан усны төлбөр нь
тогтмол ба хувьсах гэсэн 2
хэсгээс бүрддэг.
Тогтмол төлбөр
гэдэг нь услалтын системийг
барихад оруулсан хөрөнгө оруулалтын
зардлын зарим хэсгийг, эсвэл бүгдийг нь нөхөх зорилгоор жил бүр төлөхөөр
тогтоосон квот юм.
Хөрөнгө оруулалт нөхөн төлөгдсөн үед квотын хэмжээг
бууруулж зөвхөн услалтын системийн элэгдэл хорогдлын сан байгуулахад хүрэлцэхүйц хэмжээний төлбөрийг ноогдуулдаг.
Хувьсах төлбөр
гэдэг нь услалтын системийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг
санхүүжүүлэх зориулалттай байдаг тул жил бүр өөрчлөгддөг.
Давхар төлбөрийн зарчим нь техник аргачлалын хувьд төлбөрийн хэмжээг илүү
нарийвчлан тогтоосон, эрсдлээс хамгаалсан найдвартай ажиллагааг бий болгох
зорилгыг агуулсан байдаг боловч тариаланчид энэ зарчмын мөн чанарыг ойлгох хүсэл сонирхол байдаггүй.
Зохиогчийн тухай.
No comments:
Post a Comment