Усан цахилгаан станц нь усны даралт, түүний энергийг цахилгаан энерги болгон хувиргах үйлдвэр юм. Өөрөөр хэлбэл усны энергийн их багаас шалтгаалж гаргах цахилгааны хэмжээ шууд хамааралтай байдаг. Иймд усны энергийг зохиомлоор нэмэгдүүлэхийн тулд боомт барьж ашигладаг. Боомтын хийц ба зохиомжийн шийдэл хүн төрөлхтөний хөгжил дэвшилтэй хамт хөгжин иржээ.
3.1 Боомтын төрөл ба ангилал
Боомтыг хийц зохиомж, ашиглах зориулалтаас нь хамааруулж олон ангилалд хуваадаг.
1. Ашиглах хүрээгээр нь
- Ус нөөцлөх боомт (storage).
Энэ нь нэг үгээр хэлбэл усны нөөцийг нэмэгдүүлэх зорилготой юм. Элбэг
устай үед буюу хур бороотой хугацаанд илүүдэл усыг хуримтлуулан голын
гачиг үед нөхөн урсгах зохицуулалттай боомт юм. Мөн усан санд нөөцөлсөн
усыг хэд хэдэн зорилгоор ашиглана. Үүнд: услалтын систем, хөдөө аж ахуйн
ус хангамж, хүн амын усан хангамж гэх мэт.
- Үерийн хамгаалалтын боомт (detention).
Энэ нь үерийн уснаас хүн ам, хот тосгоныг хамгаалах зориулалттай
баригдана. Үерийн хамгаалалтын боомтын дээд хашицад үерийн ус
хуримтлагдах ба доод хашицад урсгал тайван, тогтмол жигд урсацтай байна.
Боомтын хэлбэр ба хийцийн тооцоо нь тухайн нутгийн цаг уурын нөхцөлөөс
хамаарна. Үүнд гидрологи болон үерийн эрчим чухал нөлөөтэй.
- Чиглүүлэх боомт (diversion).
Энэ боомт нь ус авах барилгаруу голын усыг чиглүүлж өгөх зориулалттай
юм. Чиглүүлэх боомт нь ихэвчлэн бага өндөртэй байх ба дээд хашицдаа их
хэмжээний ус нөөцлөхгүй. Заримдаа энэ боомтыг ус халиах түвшин өргөх боомт гэж нэрлэнэ.
- Хагшаас барих боомт (debris). Хагшаас
барих боомт нь голын урсан орж ирэх хагшаас, элс шавар, хогыг дээд
хашицдаа бөөгнүүлэн авч үлдэх үүрэгтэй. Хотын үерийн хамгаалалтын болон
хот дундуур урсах голд ихэвчлэн баригдана. Хагшаас барих боомтоос
өнгөрсөний дараа ус цэвэршинэ.
- Түр боомт (coffer). Энэ нь байнга ашиглагдах боомт биш юм. Өөрөөр хэлбэл усны барилгыг барихад тухайн барилгын талбайг усгүй хуурай байлгаж голын усыг хаах зориулалттай боомт юм.
Зураг 3.1. Түр боомтын ашиглалт
- Усан толио үүсгэх боомт (water area). Энэ
нь хотын өнгө үзэмж сайжруулах, тухайн орчмын экологийн нөхцөлийг
сайжруулах зорилготой боомт юм. Манай улсад Сэлбэ голын дагуу хэд хэдэн
ийм төрлийн боомт байсан.
2. Гидравлик нөхцөлөөр нь
- Ус халиах боомт (overflow dam).
Энэ нь үерийн үеийн илүүдэл усыг боомт өөрийн их бие дээгүүр халиах
зориулалттай боомт юм. Боомтын тооцоо нь хялбар биш ба материалын
чанарыг өндөр байлгах хэрэгтэй.
- Ус халиадаггүй боомт (non-overflow dam).
Энэ боомт нь үерийн усны илүүдэл зарцуулгыг ус хаях барилгаар дамжуулан
доод хашицад хаях, өөр дээгүүрээ ус халиадгүй боомтууд юм. Энэ боомтын
нэг жишээ нь шороон боомтууд юм.
Зураг 3.2. Гидравлик нөхцөлөөр нь ангилсан боомтын төрөл
3. Барилгын материалаар нь
- Чулуу ба тоосгон өрлөгөн боомт
- Бетон боомт
- Шороон боомт
- Модон боомт
- Төмөр боомт
- Бетон ба шороон боомт
- Чулуун хаялган боомт
- Холимог хийцтэй боомт гэж ангилна.
Зураг 3.3. Чулуун өрлөгөн ба бетон боомт
4. Хөшүүн чанараар нь
- Хөшүүн ба хатуу боомт (rigid dam).
Энэ боомтууд нь хатуу бат бэх өндөртэй материалаар баригддаг. Шилжилт
болон материалын хэв гажилтанд ордоггүй боомтууд юм. Өөрөөр хэлбэл
боомтын их биед гадны ачааллаас үүсэх өөрчлөлт нь маш өчүүхэн байна. Ийм
боомтын материал нь бетон, тоосго, чулуу, ган ба тод байна.
- Хөшүүн биш боомтууд (non rigid dam). Энэ
нь харьцангуй хатуу хөшүүн биш материалаар баригдсан боомтууд орно.
Өөрөөр хэлбэл боомтын их бие харимхай болон наларай хэв гажилтанд орно
гэсэн үг юм. Ийм төрлийн боомтонд чулуун асгаасан болон шороон боомтууд
орно. Ийм боомтын тооцоог хийхдээ ашиглалтын явцад үүсэх хэв гажилтын
хэмжээг тодорхойлж барилтын үед нэмж зохицуулдаг.
5. Барилгын бүтэц болон бүтээцийн онцлогоор нь
- Гравитацын буюу хүндийн хүчний боомт (gravity dam)
- Шороон болон грунтэн боомт (earth dam)
- Чулуун боомт (rockfill dam)
- Аркан боомт (arch dam)
- Тулгуурт боомт (buttress dam)
- Төмөр боомт (steel dam)
- Модон боомт (timber dam)
Зураг 3.4. Боомтын төрлүүд
3.2 Боомтын боломжит хувилбарууд
3.2.1 Гравитацын боомт
Гравитацын
буюу хүндийн хүчний боомт нь усны болон байгалийн нөхцөлөөс ирэх
ачааллыг өөрийн жингээр эсэргүүцэн тогтворт байдлаа хангана. Өөрөөр
хэлбэл боомтын тогтвортой бат бэх байдал нь буурийн грунтын бат бэх,
боомтийн жингээс хамаарна. Гравитацын боомтыг ихэвчлэн бетон ба төмөр
бетоноор хийнэ. Өмнө нь бетоны хэрэглээ их биш байхад өөрөөр хэлбэл 19 –
р зуунаас өмнө чулуу ба тоосгоор барьдаг байсан. Ийм материалтай
боомтууд нь одоо бүр байдаг. Жишээ нь: Нагаржуна сахар боомт, Роосевелт
боомт, Жавай боомт гэх мэт юм. орчин үед энэ төрлийн материалтай боомт
нь баригдахаа больсон. Чулуу ба тоосгон өрөгт бүтээцтэй боомт нь өндөр баригдах боломжгүй байдаг.
Зураг 3.5. Роосевелт боомт (чулуун тоосгоор барьсан)
Гравитацын
боомт нь ихэнхдээ тэнхлэгийн хувьд шулуун баригдах ба үүнийг шулуун
гравитацын боомт гэнэ. Зарим боомт ний зориулалт болон хийцийн
өөрчлөлтөөс хамаарч тэнхлэгийн хувьд өөрчлөлт орж муруйх ба үүнийг муруй
гравитацын боомт гэнэ.
Зураг 3.6. Гранд коолий боомт. Тэнхлэг нь муруйлттай гравитацын боомт
Гравитацын
боомтын хөндлөн огтлолын хэлбэр нь ихэвчлэн гурвалжин хэлбэртэй байна.
энэ нь уснаас үзүүлэх гидростатикын даралтын урвуу хэлбэр юм. Барилгын
зориулалтаас хамааруулж оройг нь өөрчлөх ба авто зам, төмөр зам хийж
өгдөг. Гравитацын боомт нь шороон боомтыг бодвол өртөг өндөртэй байх ба
бат бэх өндөр ашиглалтын хугацаа өндөр байна. Гравитацын боомт нь эгц
налуутай хавцалд илүү тохиромжтой байдаг. Боомт жин ихтэй учир түүний
жинг хүлээн авах хатуу, эсэргүүцэл сайтай буурийг шаарддаг. Боомт барих
газрын буурь нь хадан буурь байвал илүү сайн байдаг.
Боомтын
буурийн хөрсний тогтоцонд хад ба чулуунаас өөр төрлийн үе давхарга
байвал боомтын өндөрийг 20.0 м – ээр хязгаарладаг. 20.0 м – ээс дээш
өндөртэй барихаар бол бууринд нэмэлт ажлийг хийж бат бэхийг нь
сайжруулна.
Гравитацын
боомтын их бие дотор шүүрүүлийн гларей байх ба өөр зориулалтын хоосон
орон зай байхгүй бол түүнийг цул гравитацын боомт гэж нэрлэх нь бий.
Эсрэгээр
бетоны орцыг багасгах, өөр ашиглалтын зориулалтаар шүүрүүлийн
гларейгаас тусдаа хөндий орон зай байвал түүнийг хөндийт гравитацын
боомт гэнэ. Ийм боомтод илүү бат бэх өндөртэй бетоныг хэрэглэнэ. Хөндийт
гравитацын боомтын шилжсэн хэлбэр нь тулгуурт боомт юм.
Давуу тал:
1. Бат бэх тогтвортой, гулсалт болон онхолдолтонд тэсвэртэй
2. Өргөн хөндлүүр болон эгц налуутай хавцал аль алинд нь шороон боомтоос илүү тогтвортой.
3. Буурийн шинж чанар сайн тохиолдолд гравитацын боомтын өндөр хязгааргүй.
4. Гравитацын боомт нь ус халиах боомттой сайн тохирдог.
5. Гадны ачаалалт тэсвэртэй. Ялангуяа ширүүн бороо болон үерийн усанд боомтын их бие угаагдахгүй
6. Гравитацын боомтын ашиглалтын болон засварын өртөг хямд.
7. Гравитацын боомт нь эвдрэл сүйрэлд тэсвэртэй. Өөрөөр хэлбэл гэнэтийн аюулд орох нь бага.
8. Гравитацын боомт нь цаг уурын ямарч нөхцөлд баригдах боломжтой.
9. Боомтын усан санд хуримтлагдсан хагшаасыг гүний ус гаргуураар гадагш хаяна.
Дутагдалтай тал:
1. Боомтын
буурийн бат бэх муу тохиолдолд боомтыг өндөрийг 20.0м – ээр
хязгаарлана. Өөрөөр хэлбэл хадан бус буурин дээр шороон боомт илүү
тохиромжтой байдаг.
2. Шороон боомтыг бодвол боомтын өртөг өндөр. Хөрөнгө оруулалт хязгаартай тохиолдолд шороон боомт барих нь ашигтай.
3. Гравитацын
боомтын барилгын ажил үргэлжлэх хугацаа шороон боомтыг бодвол урт
байна. Ялангуяа машин механизм дутагдалтай тохиолдолд барилгын ажил бүр
удааширна.
4. Шороон боомт барихаас илүү ажлын ур чадвар туршлага шаардана.
5. Боомтыг засварлан өндөрсгөх боломжгүй.
3.2.2 Аркан боомт
Аркан
боомт нь дээрээс харахад тодорхой хуулиар муруйсан хагас тойрог
хэлбэртэй байх ба дээд хашицдаа төвгөр хийцтэй байна. Аркан боомт нь ус
болон бусад ачааллыг тулгууртаа буюу боомтын завьж буурьтай нийлэх
хэсэгт дамжуулан өөрийн тогтворт байдлаа хангадаг. Ийм төрлийн боомт нь
бат бэх эрэгтэй, нарийн хавцалд илүү тохиромжтой байдаг.
Зураг 3.7. Аркан боомтын хөндлүүрээс хамаарах хэлбэр
Боомтын
хөндлөн огтлолын хэлбэр нь гравитацын боомттой адилхан гурвалжин
хэлбэртэй байх ба харьцангуй нарийхан байна. Аркан боомт нь босоо
түвшинд дан бай давхар муруйлттай байна. Энэ байгуулалтын онцлогоос нь
хамааруулж дан муруйлттай аркан боомт, давхар муруйлттай аркан боомт гэж
ангилна.
Ерөнхийдөө
давхар муруйлттай аркан боомт нь эдийн засгийн хувьд ашигтай, практикт
өргөн ашигладаг. Дэлхий дээр олон төрлийн аркан боомт байх ба ихэнхдээ
өндөр, нэгдүгээр зэрэглэлийн барилгад тооцогддог. Жишээ нь: Хоовер боомт
218м (АНУ), Жугури боомт 272м (ОХУ), Ваионт боомт 262м (Итали), Манвайсин боомт 237м (Швейцари), Идукки боомт 169м(Энэтхэг) гэх мэт.
Зураг 3.8. Хоовер ба Саяана-шушенскаяа боомт
Аркан боомтын муруйлтын төрөл нь түүний хөндлүүрээс мөн хамаардаг. U хэлбэрийн хөндлүүртэй тохиолдолд дан муруйлттай, гурвалжин огтлолтой байна. Харин нарийн хадан хавцал V хэлбэрийн
хөндлүүртэй үед давхар муруйлттай, хувьсах муруй хөндлөн огтлолтой
байна. Аркан боомт нь өндөр бат бэхтэй бетон шаарддаг ба гравитацын
боомтыг бодвол бетоны орц нь бага байна. Аркан боомтын тулгуурийн хийц
нь олон янз байх ба хүлээж авах ачаалал, их биед үүсэх хүчдэл, буурь
болон хажуу завьжны тооцооны эсэргүүцлээс хамаарна. Эдгээрээс хамаараад
өртөг зардал хэлбэлзэлд оршино.
Давуу тал:
1. Гравитацын боомттой харьцуулбал бетоны орц багатай байна.
2. Аркан боомт нь V хэлбэрийн хөндлүүрт илүү бат бэх тогтвортой байна.
3. Боомтын тогтворт шүүрэлтийн хүч бага нөлөөтэй байдаг.
4. Аркан
боомтын буурь нь заавал бат бэх өндөртэй хадан суурь байх албагүй. Учир
нь гравитацын боомттой адил буурьт бүх ачаалал ирэхгүй.
Дутагдалтай тал:
1. Аркан боомтын завьжийн тулах хэсэг нь бат бэх өндөртэй байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл шахалтанд сайн ажилладаг байх шаардлагатай.
2. Аркан боомт нь муруй шугаман хуулиар баригдах учир хариуцлага маш өндөр, ажлын туршлага сайтай байх хэрэгтэй
3. Маш
хүйтэн уур амьсгалтай бүс нутагт аркан боомт барихыг зөвшөөрөхгүй. Учир
нь температурын хэлбэлзэлээс хамаарч бетон бутармал шинж чанартай
болдог.
4. Барилгын ажлын хурд харьцангүй багатай.
Зураг 3.9. Аркан боомтын хийцийн өөрчлөлтүүд.
Дээрхи
зургийн эхний зураг нь боомтын дээд хэсэг арк хэлбэртэй байх ба суурийн
хэсгээрээ дан аркан хэлбэртэй байна. Ачааллыг зөвхөн хавцалын хажуу
хана, буурьт тулах хэсэг нь хүлээж авна.
3.2.3 Тулгуурт боомт
Тулгуурт боомтийг дээд налуугийн хийцээс нь хамааруулж үндсэн гурван төрөлд хуваана. Үүнд:
- Хавтгаалжан налуутай
- Олон аркт налуутай
- Мөөгөн толгойт
Тулгуурт боомтын тулгуурын хэлбэр нь гурвалжин байх ба дээд налуу хавтгай дээр ирэх ачааг бууринд дамжуулахад зориулагдана.
Хавтгаалж хэлбэрийн налуу нь төмөр бетон байх ба харьцангуй нимгэн, тулгуур хооронд ижил алслалд байрлана.
Зураг 3.10. Хавтгаалжан налуутай /хучилттай/ тулгуурт боомт
Олон аркт налуу нь нэг хэлбэрийн ижил радиустай байх ба мөн л тулгуур хооронд ижил алслалд байна.
Зураг 3.11. Олон аркт тулгуурт боомт
Мөөгөн
толгойт нь ихэвчлэн өндөр түрэлттэй боомтод төсөллөгдөх ба тулгуурийн
толгойн хэсэг нь массивны том мөөг хэлбэртай байна. Ийм хэлбэрийн
боомтонд хавтгаалж бага хэмжээтэй байх ба зарим тохиолдолд байдаггүй.
Зураг 3.12. Цул буюу мөөгөн толгойт тулгуурт боомт
Зураг 3.13. Тулгуурт боомтын элементүүд
Тулгуурт
боомтын тулгуур хоорондын зай боомтод ирэх ачааллаас хамаарна. Тулгуурт
боомт нь гравитацын боомтыг бодвол материалын орц бага байна. Гэхдээ
тулгуурт боомтын бетон ба төмөр бетон эдлэл, ган хийц, архитектурын
шийдэлийг гаргах гээд ажлын ур чадвар шаардсан зүйлүүд нь барилгын
төсөвт өртгийг нэмэгдүүлж гравитацын боомттой харьцуулбал үнэ хямд байж
чадахгүй.
Зураг 3.14. Олон аркт тулгуурт боомт. (доод хашиц харагдах байдал)
Давуу тал:
- Гравитацын боомтыг бодвол бетоны орц бага байна.
- Аркан боомттой адил шүүрэлтийн усны хүч боомтын тогтворт бага нөлөөлдөг.
- Тулгуурт боомтын буурийн хөрс хадан бус, бат бэх багатай байж болно.
- УЦС – ын байшин ба цэвэрлэх байгууламж эь тулгуур хооронд байж болно.
- Боомтын хувьд мөсний ачаалал харьцангуй бага байна. Учир нь налуу хавтгай дээр ирэх мөс гулсаж шахах хүч нь суларна.
- Хавтгаалж
дээр дарах усны босоо бүрдүүлэгч хүч нь боомтын тогтворт байдалд
нөлөөлнө. Өөрөөр хэлбэл тогтвортой байлгахыг эрмэлзэнэ.
- Тулгуурт
боомт нь буурийн хүлцэх шилжисхийлтэнд урьдчлан тооцоологдсон байна.
Өөрөөр хэлбэл буурийн бага шилжисхийлт нь онцын аюул учруулахгүй.
- Дулааны алдагдал тулгуурт боомтонд их байдаг учир барилгын ажил хурдан явагдана.
- Тулгуур нь ашиглалтын зардал байхгүй.
- Тулгуурт боомтыг барих болон өндөрсөгөхөд тохиромжтой байдаг.
Зураг 3.15. Боомтыг барих болон өндөрлөх алхам
Дутагдалтай тал:
- Тулгуурт
боомтын материалын зардал бага байх боловч ажлын ур чадвар ихээхэн
шаарддаг учир төсөвт өртөг нь гравитацын боомттой бараг ижил байна.
- Тулгуурт боомт нь аюулд амархан өртдөг.
- Тулгуурт боомт нь маш хүйтэн нөхцөлд баригдах боломжгүй. Ер нь хоногийн дундаж температур - аас бага тохиолдолд бетоны ажил хийхийг хориглодог.
- Хавтгаалж нь нимгэн байдаг учир олон жилийн тогтмол ачаалалд хэв гажилтанд орох магадлалтай.
3.2.4 Төмөр боомт
Боомтын
каркас нь төмөр хийцтэй байх ба дээд хашицын налуу зэврэлтэнд тэсвэртэй
металлаар хучигдсан боомтыг төмөр боомт гэнэ. Төмөр боомт нь хоёр
үндсэн хэлбэртэй байна. Үүнд:
- Шууд тулаастай төмөр боомт
- Баганан тулаастай (кантилевер) төмөр боомт
Шууд тулаастай төмөр боомт нь усны ачааллыг налуу тулаасаар дамжуулан буурьт шилжүүлнэ.
Баганан тулаастай боомт нь дээд налуугын оройн хэсэг буюу ачаалал багатай хэсгийг баганаар буурьтай холбож өгнө.
Зураг 3.16. Төмөр боомтын төрөл
Төмөр
боомтын дээд налууд усны ачааллын улмаас ёроол, ул хэсэг нь суналтанд
орно. Иймд боомтын буурьтай нийлэх хэсэгт бэхэлгээ, анкер хийж өгнө.
Хүчний
улмаас үүсэх олон төрлийн хэв гажилтыг тогтоох олон арга хэмжээг авна.
Иймд хэв гажилтын улмаас бэхжүүлэх ажил нэмэгдэн дагаад өртөг нь өснө.
Хийц элемент нь зэврэлтэнд амархан орох учир арчилгаа байнга шаардана. Иймд ашиглалтын зардал мөн өндөр байна.
Төмөр
боомт нь практикт төдийлөн нэвтрээгүй боловч түр боомтоор ихээхэн
баригддаг. Өөрөөр хэлбэл барьж буулгахад хялбар учир усны барилгын ажлын
явцал голын усыг хаах түр боомтод илүү тохиромжтой.
Давуу тал:
- Төмөр боомт нь орчин үеийн технологитой маш хурдан баригддаг, угсармал бүтээцүүдтэй.
- Боомтын хөндлөн огтлолын хэлбэр хэмжээг багасгаж илүү оновчтой, бат бэх байхаар тооцоолох боломжтой.
- Төмөр боомтын тооцоог ихэвчлэн статик ачаатай үед хийнэ.
- Төмөр боомт нь гравитацын боомтоос өртөг багатай боловч өндөрийн хязгаарлалттай байна.
- Барилгын чанараас хамаарч шүүрэх усны хэмжээ өөр өөр байна. Чанартай барьвал ус бараг шүүрэхгүй.
- Төмөр боомт нь ачааллыг сайн эсэргүүцнэ. Учир нь металлын шахалтын бат бэх маш өндөр байдаг.
Дутагдалтай тал:
- Төмөр боомт нь ус халиахгүй. Иймд өөр төрлийн ус халиах, илүүдэс ус хаях барилга төсөллөнө.
- Буурийн хөрсөнд бат бэх анкерийн сайн хийх хэрэгтэй.
- Төмөр боомт нь ашиглалтын зардал их байнгын арчилгаа шаардана.
- Төмөр боомтын эдэлгээний хугацаа богино байна.
3.2.5 Модон боомт
Боомтын
их бие болон дээд налуу модон хийцтэй боомтыг модон боомт гэнэ. Модон
боомт нь дээд налуу ба тулаас, татаас, дамнуураас бүрдэнэ. Хийцийн
хэлбэр нь татанги хэлбэртэй байна.
Модон боомтыг доорхи 3 – н төрөлд хуваана.
- А каркастай
- Чулуун дүүргэлттэй
- Минж төрлийн
А
каркастай боомт нь модон элементүүдийг А үсгэн хэлбэртэйгээр татанга
маягаар зангидаж хийсэн хийцтэй байна. Тогтвортой байдал нь буурьт
хийсэн анкер бэхэлгээ, дээд хашицаас дарах усны даралтаас хамаарна.
Боомтын буурьтай үрэлтэнд орших хэсгийг хүрээ гэх ба энэ нь маш олон анкераар буурьтай холбогдоно.
Харин тулгуур гэдэг нь дээд хашицыг хүрээтэй барьж бэхэлсэн ташуу тулаасыг хэлнэ. Татаас гэдэг нь тулгуур хооронд бэхлэгдэнэ.
Зураг 3.17. Модон боомт. (а – хүрээ, b – тулгуур, c – дээд хүрээ, e – дээд налуу, d – дай мод)
Эхний зураг нь А каркастай модон боомт, дараагын хэсэг нь минж хэлбэрийн модон боомт юм.
Чулуун дүүргэлттэй гэдэг нь боомтын жинг нэмэх зорилгоор боомтийн каркасан дотор чулуу хийж өгнө.
Модон эдэлгээний хугацаа богино боловч байнгын тогтмол түвшинтэй тохиолдолд шүүрэлт байхгүй болно.
Давуу тал:
- Модон материал элбэг байх учир хөрөнгө оруулалт бага
- Модон боомт нь ямарч грунтэнд дээр барьж болно.
- Модон боомтыг богино хугацаанд барьж байгуулна.
- Тооцоо болон барилгын ажил хялбар, машин механизм бага шаардана.
Дутагдалтай тал:
- Боомтын эдэлгээний хугацаа богино.
- Боомтын засварын өртөг өндөр.
- Хэт өндөр барих боломжгүй.
Дээрхий боомтуудаас төмөр ба модон боомтыг ихэвчлэн түр боомтоор барьж ашигладаг. Харин
бусад төрлийн боомтоос аль нь тухайн сонгосон хөндлүүрт ашигтай байхыг
нь тооцоо хийж техник эдийн засгийн үндэслэл дээр тулгуурлан сонгоно.
3.3 Боомтын төрлийг сонгох үндсэн үзүүлэлт
Боомтын
төрлийг сонгохдоо инженер геологи, гидрологи, урсац тохируулгын
судалгаа тооцооны материалыг үндэслэнэ. Инженер геологи, геодезийн
хайгуулаар тухайн боомт барих газрын топографийн зураглал, хөрс буурийн
шинж чанарын үнэлгээг гарган ирнэ.
Боомт барих хөндлүүрийг дараах байдлаар ангилна.
Хөндлүүрийн ангилал
|
Хөндлүүрийн коэффициент
, L/H
|
|
Хавцал (V хэлбэрийн)
|
3
|
|
Нарийн хөндлүүр (Uхэлбэрийн)
|
3 – 6
|
|
Өргөн хөндлүүр
|
6
|
Боомтын төрлийг сонгох үндсэн хүчин зүйл
Боомтын төрөл
|
Хөндлүүрийн төрөл
|
Гравитацын боомт
|
Өргөн ба нарийн хөндлүүр. L/H 5 8
|
Тулгуурт боомт
|
Өргөн ба нарийн хөндлүүр. L/H 5
|
Аркан боомт
|
U ба V хэлбэрийн хөндлүүр. L/H 5
|
Шороон боомт
|
Өргөн хөндлүүр. L/H 6
|
Үүнээс гадна боомтын төрлийг буурийн хөрсний шинж чанараас хамааруулан сонгоно.
Хөндлүүрийн төрөлийг бодож үзвэл L/H = 1361.5/90=15.13 байна.
Иймд хөндлүүрийн төрөл нь өргөн байна. Өргөн хөндүүрт гравитацын ба
тулгуурт боомтууд илүү тохиромжтой байна. Дээрх хүснэгтээс өргөн
хөндлүүртэй тохиолдолд аркан боомт барьж болохгүй гэсэн үг биш юм.
Өөрөөр хэлбэл тухайн хөндлүүрт хамгийн тохиромжтой нь ямар боомт байх вэ
гэдгийг дээрхи хүснэгтээс харна.
Хөндлүүрийн
инженер геологийн нөхцөлөөс үзвэл буурийн бат бэх сайтай хөрс нь галт
уулын шаарганаас үүсэлтэй сайн бэхжсэн, холбоослог бага зэргийн
элэгдэлтэй хадан хөрс юм. Энэ хөрс нь дунджаар 20.0м – ийн гүнд оршино.
Буурийн хөрсний шинж чанар сайн тул ямарч боомт төсөллөж болох ба
гагцхүү буурийн тооцоонд үндэслэн буурьт хийгдвэл зохих ажлуудыг сайтар
хийх хэрэгтэй.
No comments:
Post a Comment